Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2015/0238

 

2015 оны 6 сарын 04 өдөр

 

Дугаар 221/МА2015/1238

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Сум дундын *-р шүүхийн ерөнхий шүүгч Б.М ,

 

шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй

 

болгож, шүүгч Г.Г-О сахилгын шийтгэл ногдуулсан

 

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалын тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, ТЕГ-ын гомдолтой, Сум дундын 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.М , шүүгч П.Б , шүүгч Г.Г-О нарт холбогдох, Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг шүүгч Г.Г-О-ын давж заалдах гомдлоор, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч ТЕХ  Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: 9 дүгээр тойргийн ТА-ы шүүх хуралдааны журам сахиулах хуяг, туслах тахар Э.Б 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 7, Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүх дээр 24 цагийн хугацаанд хяналт, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр томилогдон ажилласан. 2014 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цаг 01 минутад гадна үүдний хонх дуугарсан, ...хаалга онгойлгоход ерөнхий шүүгч Б.М , шүүгч П.Б , Г.Г-О , урд нь ерөнхий шүүгчээр ажиллаж байсан н.Р  нар орж ирсэн. Эрхэм шүүгч нараа ажлын цаг дууссан, танай ажилчдаас нэг ч хүн байхгүй, та нар орох хэрэггүй гэж хэлэхэд шүүгч Манлайбаатар ах нь өрөөнөөсөө юм авчихаад удахгүй гарлаа гэсэн. Энэ үед шүүгч нар болон н.Р  бүгд согтуу, архи их хэмжээгээр үнэртэж байсан. Шүүгч Б.М , П.Б нар бага зэргийн согтолттой, шүүгч Г.Г-О , н.Р  нар нилээд согтсон харагдаж байсан. Би хаалгаа хаагаад шүүгч нараа та нар орох шаардлага байгаа юм уу гэхэд н.Р  чи намайг таних уу, би ерөнхий шүүгч н.Р  байна, та нар ажлаа хийдэггүй юм уу, шүүгч нарыг хамгаалалтдаа авч машин гаргаж, гэр гэрт нь хүргэж өг, алив хурдан тэр дарга руугаа ярь гэж хэлэхэд би уучлаарай шүүгчээ манайх тэгэх боломжгүй ээ гэсэн. Гэтэл н.Р  пизда минь чи яахаараа ажлаа мэддэггүй юм бэ, даргынхаа утсыг өг гэж хэлэхэд хажууд нь байсан шүүгч Г.Г-О над руу дүү яагаад байна, энэ хүнийг танина биз дээ манай ахад томроод байна уу пизда минь, чамайг ална шүү, аятайхан байгаарай гэж хэлсэн. Энэ үед шүүгч П.Б та нар яагаад байгаа юм бэ, наад хүн чинь ажлаа хийж байгаа, ажлыг нь зүгээр хийлгэ, Б.М ын өрөөнд оръё гэж хэлээд орцгоосон. 01 цаг 47 минутад бууж ирсэн бөгөөд н.Р  надаас чи яасан дарга руугаа ярьж машин дуудсан уу, шүүгч нарыг гэр гэрт нь хүргэж өг гэхэд нь шүүхийн байрыг орхиж явах эрхгүй, би чадахгүй гэж хэлсэн. Гэтэл шүүгч Г.Г-О чи одоо яагаад чаддаггүй юм бэ, хоёулаа гараад зодолдох уу, хоёулаа халз зодолдъё гэж хэлээд намайг заамдахад би гарыг нь түлхэж тавиулаад хойш алхаж шатны доор зогсож байтал шүүгч Б.М  Г.Г-О оо чи одоо яагаад байгаа юм бэ, наад хүн чинь ажлаа хийж байна шүү дээ, яалаа гэж шүүхийн байрыг орхиж болдог юм бэ, солиотой юм уу хаашаа юм бэ, зүгээр байгаа ч гэхэд шүүгч Г.Г-О би тоглож байна, юундаа уурлаад байгаа юм, би ингэж тоглодог юм гэсэн. Шүүгч Б.М  чамайг хэн ч харсан тоглож байна гэж хэн хэлэх юм бэ, тоглоод байгаа юм уу, жинхэнээсээ юм уу гэдгийг наад хүн чинь ойлгохгүй шүү дээ, алив зүгээр таксинд суугаад харья гэж хэлээд Г.Г-О шүүгчийг татаж буулгаад гарч таксинд суугаад явцгаасан гэжээ.

 

Ерөнхий шүүгч Б.М  Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой н.Р  гуай биднийг шөл уугаарай гэхээр нь шүүгч П.Б , Г.Г-О нарыг дагуулан тэднийд очиход н.Р  гуай нэг шил архи гаргасан. Шүүгч П.Б бид 2 шалтгаан хэлээд уугаагүй амссан. Г.Г-О 2 л уусан байх, биднийг гарахад тал шил архи үлдсэн. Би ажил дээрээ эргэж орж юм хийнэ гэсэн бодолтой байсан учраас гадуур хувцасаа орхиод гарсан юм. Ингээд ажил руугаа ороход үүдэнд Г.Г-О тахарын ажилтанд шүүгч нарыг хүргэж өгөх машин хаана байна, чи ганцаараа байгаа юм уу гэсэн юм ярихад нь чи юу яриад байгаа юм бэ, чиний наад тоглоом шоглоомыг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна, гар явъя гэж хэлээд дагуулаад гарсан гэжээ.

 

Шүүгч П.Б Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: ...Б.М  шүүгч хувцасаа авья гээд дотогш ороход бид нар хамт орсон. Энэ үед н.Р  гуай Болдсайханд хандаж Р  гэдэг хүн байна, намайг таних уу гэхэд таны ерөнхий шүүгч байсан чинь одоо ямар хамаатай юм бэ, оруулахгүй гээд хэдэн үг хэлж харилцааны дутагдал гаргасан. Би тэдэнд хандаж та нар бие биенээ зөв ойлго, наад хүн чинь ажлаа хийж байгаа, ажлыг хүндэтгэх хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд Б.М  шүүгчийн өрөөнд орж, ажил хэргийн талаар ярьж суусан. Э.Б бид нарыг та нар одоо явцгаа гэсэн шаардлага тавьсны дагуу гарсан. н.Р  гуай тахарт хандаж машин дуудсан уу гэхэд шүүгч Г.Г-О хажуугаас нь чи настай хүнийг хүндэтгэхгүй байна гэж хэлсэн... гэжээ.

 

Шүүгч Г.Г-О Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа: ...н.Р  гуай хаалгаа тайлахгүй яасан уддаг юм бэ, дарга руугаа ярьж унаа дуудаж шүүгчдийг хүргэж өг гэхэд туслах тахар Э.Б ажлын байр орхиж явж болохгүй гэсэн ба хэн хэнийгээ үл ойлголцсон байдлаар харьцахад нь настай хүнийг хүндлэх хэрэгтэй гэж хэлсэн. Шүүгч Б.М ын өрөөнд орсон, Э.Б оройтож байгаа талаар сануулж хэлэхэд нь гарцгаасан. н.Р  гуай тахарт хандаж чи машин дуудсан уу гэж асуугаад дахин маргах шинжтэй болохоор нь Э.Б чи яагаад байгаа юм бэ, наад хүнтэйгээ жаахан эвтэйхэн харьц гэхэд эвтэйхэн харьцаж байна гэхээр нь юу гэнээ гээд том хартал Б.М  шүүгч хажуугаас наад хүн чинь тоглоом ойлгохгүй байна явцгаая гэхээр нь юм хэлэлгүй бүгд гарцгаасан. н.Р  гуай биднийг очиход бага зэрэг уусан байсан ба шөл уусны дараа шил архи гаргаж ирсэн. Уг архийг 4-лээ хувааж уусан. Бид нар ажлын цагт, ажлын байранд архи дарс уусан асуудал огтхон ч байхгүй гэжээ.

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар тогтоолоор: Сум дундын 7-р шүүхийн шүүгч Г.Г-О архи хэрэглэсэн үедээ шүүхийн байранд ирж, бусдаас туслах тахарт тавьсан зүй бус шаардлагыг таслан зогсоохын оронд түүнийг дэмжсэн үг хэлж, биелүүлэхийг шаардсан нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 3, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байх тул шүүгч Г.Г-О сануулах сахилгын шийтгэл ногдуулж, тус шүүхийн ерөнхий шүүгч Б.М , шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгч Г.Г-О давж заалдах гомдолдоо: ...2014 оны 10-р сарын 27-ны өдөр 01 цагийн үед хамт явсан хүмүүс маань өрөөндөө хувцсаа орхисон учраас авах зорилгоор миний бие Сум дундын 7-р шүүхийн байр руу орсон. Ороод хувцсаа авах үед тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан ТА-ы ажилтан С.Б надтай хамт явж байсан н.Р  нарын хооронд маргаан үүсч, би түүнийг зохицуулах зорилгоор дундуур нь орж бидний дунд үл ойлголцол үүссэн. Тухайн өдөр болсон асуудлын талаар тахар С.Б илтгэх хуудас бичсэнийг 9-р тойргийн ТА-ы дарга Тахарын ерөнхий газарт хүргүүлэн, ТЕГ-аас Шүүхийн ёс зүйн хороонд хүргүүлсэн болохыг уг хэрэг явдал болсноос нэг сар орчмын дараа мэдсэн. Уг илтгэх хуудсанд дурдагдсан асуудлыг 2015 оны 01-р сарын 23-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцээд 03 тоот тогтоолоор илтгэх хуудсанд нэр дурдагдсан шүүгч нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн. Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн 2015 оны 03-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар Г.Г-О нь Шүүхийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд Шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ, 3.3-р зүйлийн 3-д Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, эсхүл ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т ...ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан ба уг заалтаас үзвэл 2015 оны 01-р сарын 23-ны өдөр сахилгын хэрэг үүсгэсэн өдрийг ёс зүйн зөрчлийг илрүүлсэн өдөр гэж тооцвол түүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй байхаар заасан. Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17-д Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан боловч Шүүхийн ёс зүйн хороо нь шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах эсэх асуудлыг шалгаж шийдвэрлэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг баримтлах ёстой. Гэтэл Шүүхийн ёс зүйн хороо нь зөрчил гаргасан гэх өдрөөс хойш 5 сарын дараа, сахилгын хэрэг үүсгэснээс хойш 2 сарын дараа хуралдаж сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03-р сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 22 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

Тахарын ерөнхий газраас Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдол болон Сум дундын 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.М , шүүгч Г.Г-О , П.Б нарын тайлбар зэргээр шүүгч Г.Г-О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүхийн байранд ирсэн, тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байсан туслах тахартай маргалдаж, Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүгч ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэхдээ согтуурах, мансуурах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх, ийм байдалтай ажилдаа ирэхийг хориглоно, мөн дүрмийн 2.3 дугаар зүйлд Шүүгч зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ гэж заасныг тус тус зөрчсөн болох нь Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар тогтоогджээ.

 

Зөрчлийг гаргасан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс /шөнийн 00 цаг өнгөрсөн тул 28-ны өдөр зөрчлийг гаргасан гэж тооцов/ эхлэн хугацааг тоолоход тухайн сануулах шийтгэл ногдуулсан 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 4 сар 17 хоног байх тул зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн гэж дүгнэж, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

Шүүгч Г.Г-О давж заалдах гомдлынхоо үндэслэлийг зөрчлийг илрүүлсэнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн тул сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй хэмээн тодорхойлжээ.

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалаас үзэхэд уг магадлалаар шүүгч Г.Г-О сануулах сахилгын шийтгэл ногдуулж, Сум дундын 7 дугаар шүүхийн ерөнхий шүүгч Б.М , шүүгч П.Б нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Иймд, шүүгч Г.Г-О-ын гомдлоор магадлалыг хүчингүй болгож, дээрх шүүгч нарт холбогдох зөрчлийг дахин шалгах, эсхүл Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны хуралдаанаас дээрх нэр бүхий шүүгч нарт холбогдох гомдлыг хэлэлцэхдээ хөнгөрүүлж үзэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэсэн байх тул гомдол гаргагчийн гомдолд заасан үндэслэлээр Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.     Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгч Г.Г-О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж маргааны оролцогч, тэдгээрийн төлөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

 

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР