Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 00582

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2018/00582

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 5 дугаар хороо, Яармагийн 21-579 тоотод оршин суух, С.К /РД: ЦВ77031261/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоотод оршин суух, Тайжууд овогт Пүрэвсүрэнгийн П.О /РД: ЧБ74051803/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоотод оршин суух, Боржигин овогт Сосорын С.Г /РД: ЗЮ83050476/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоотод оршин суух, Боржигин овогт С.Гын Г.Э /РД: УК96091924/ нарт холбогдох,

 

Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч П.П.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.О, Ц.Б, гуравдагч этгээд С.С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Нэхэмжлэгч С.С.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2011 оны 9 дүгээр сард С.С.Гтай тохиролцож, түүний өмчлөлийн Сонгинохайрха дүүрэг, 14 дүгээр хороо, Москвагийн гудамж, 42 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн караоке, баарны зориулалттай хэсгийг 100 хувь өөрийн хөрөнгийг байршуулан үйл ажиллагааг явуулсан ба тохижилтыг өөрийн өмч болох 2 өрөө орон сууцаа зарж, мөнгөөр нь байрыг тохижуулсан. Үүнтэй холбоотой маргааныг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1407 дугаар захирамжаар С.Гүлдариас 121 000 000 төгрөг гаргуулж надад олгох, С.С.Г мөнгийг бүрэн төлсөн тохиолдолд би байрыг чөлөөлж өгөхөөр эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл С.С.Г төлбөрийг төлөөгүй тул 2013 оны 11- дүгээр сард шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Энэ үед С.С.Г нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 40 дүгээр байр,  10 тоот орон сууцыг Ц.П.Од зарах гэж байгаа, зөрүүнд нь Ц.Оюунбямбын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг авч байгаа болохоор намайг 121 000 000 төгрөгнийхөө оронд түүний байрыг авах саналыг 9 дүгээр сард тавьсан. Би саналыг нь хүлээн зөвшөөрч, тухайн үед байрыг очиж үзсэн. Улмаар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дээрх орон сууцны өмчлөгчөөр миний бие бүртгүүлсэн. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж, миний бие “Өөрийн авах ёстой 121 000 000 төгрөгийн оронд орон сууц авсан тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоож өгнө үү” гэсэн хүсэлт гаргаснаар Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 1407 дугаар захирамжийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. С.С.Г над руу утасдаад “Ц.П.О уг байранд түр амьдрах хэрэгтэй байна” гэхээр нь уг байрыг Ц.Оюунбямбыг сарын 500 000 төгрөгөөр түрээслүүлсэн. Үүнээс хойш С.С.Г нь 12 сараас 5 cap хүртэл cap болгон миний данс руу 500 000 төгрөг шилжүүлдэг болсон. Улмаар түрээсийн төлбөрийг 6 сараас хойш төлөөгүй бөгөөд С.С.Г нь “Ер нь энэ байрыг буцаадаг юм бил үү. Би том төсөлд хамрагдсан, мөнгө орж ирэхээр нь чамд мөнгийг чинь өгөх ч юм бил үү” гэж байсан. Тэгэхээр нь би “Тэгвэл сайн байна. Мөнгөө өг л дөө” гэж зөвшөөрсөн. Би мөнгөнийхөө оронд энэ байрыг авч байна гэж ойлгож байсан. Иймд миний бие Ц.П.О, С.С.Г, Г.Г.Э нартай 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн өмчлөлд бүртгүүлж авсан ба 2015 оны 6 дугаар сараас өөрийн дээрх байранд орох гэтэл хариуцагч нар байрнаас гарахгүй байх тул тус орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагч С.С.Г, Г.Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.С.К нь П.П.О бид нараас Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг худалдаж аваагүй, мөн 118 000 000 төгрөгийг төлөөгүй. Харин С.С.К нь өөрийн эгч С.С.Гтай хамтран “С.Гүлдарийн С.С.Кд төлөх төлбөрийг хааснаар 1 тэрбум төгрөгийн төслийн зээл авч, улмаар байрны чинь үнийг төлнө” гэж хууран мэхэлж, орон сууц худалдах- худалдан авах гэрээ байгуулсан ба дүр үзүүлж хийсэн. Ийм ч учраас орон сууцыг аливаа хэлбэрээр шаардалгүй 6 сар гаруй болсон. Миний бие Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 40 дүгээр байр, 10 тоот орон сууцыг худалдаж аваагүй. С.С.Г нь “1 000 000 000 төгрөгийн төслийн зээлийг гарган өгөхөөр хөөцөлдөж байгаа, төслийн зээл авах гэхээр 2 том зээл саад болоод байна. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 40 дүгээр байр, 10 тоот орон сууц нь Худалдаа хөгжлийн банкинд 105 000 000 төгрөгийн барьцаанд, мөн С.С.Кд шүүхийн шийдвэрийн дагуу 121 000 000 төгрөгийн өр байна. Энэ зээлийг хаах хэрэгтэй байна, туслаач” гэсэн. “2 зээл хаахад ордер ашиглуулсны хариуд 10 000 000 төгрөг өгнө, мөн төслийн зээлээсээ 150 000 000 төгрөгийг авсан нөхцөлөөрөө надад зээлдүүлнэ” гэж итгэл үнэмшил төрүүлэн ярьж надтай тохиролцсон. Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 40 дүгээр байр, 10 тоот орон сууцыг 200 000 000 төгрөгөөр авсан, өгсөн болж зээл авсан. 2014 оны 10 дугаар сарын 08-ний өдөр байр худалдан авах гэхээр урьдчилгаа 30 хувь хэрэг болоход н.Гангэрэл, С.Гүльдарь нар  23 000 000 төгрөгийн хуурамч гэрээ байгуулан 30 хувийг төлсөн мэт гэрээ хийсэн. Дундын дансанд 3 700 000 төгрөгийг хийж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өгсөн. С.С.К, П.П.О бид нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан маргаан бүхий байрыг худалдах-худалдан авсан 2 төрлийн гэрээ байдаг. Энэ нь бодит гэрээ байгаагүй гэдгийг С.С.К мэдэж байгаа. Энэ хоёр гэрээний нэг нь 118 000 000 төгрөг, нөгөө нь 50 000 000 төгрөгийн гэрээ байгаа. С.С.К энэ байрыг худалдаж авсан гэх боловч надад нэг ч төгрөг төлөөгүй. С.С.К анх хуучин байр авахгүй гэж байсан боловч надтай 6 cap юу ч ярилгүй явж байгаад С.Гүлдарийн зээл бүтэхгүй болохоор нь гэнэт ирээд байраа авъя гэсэн. Тухайн үед эгч, дүү 2 түрээсийн төлбөр 500 000 төгрөг өгч байсан гэдгийг би мэдэхгүй. Энэ нь бодит худалдан авалт биш байсан. Зөвхөн С.Гүлдарийг шийдвэр гүйцэтгэлд өргүй харагдуулах гэж хийсэн тул хүсэл зоригоо бүрэн илэрхийлж байгуулсан гэрээ биш. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч буюу хариуцагч С.С.Г, Г.Г.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээг 260 дугаартай нотариатч дээр очиж, 118 000 000 төгрөгийн үнэтэй орон сууц худалдах- худалдах авах гэрээ байгуулсан. Мөн дахин 50 000 000 төгрөгийн үнэтэй гэрээ байгуулсан. С.С.К үнэхээр надаас орон сууцыг худалдаж авсан бол янз бүрийн гэрээ байгуулахгүй. Учир нь 118 000 000 төгрөгийн гэрээ дүр эсгэсэн гэрээ байсан. Зөвхөн С.Гүлдарийг шийдвэр гүйцэтгэлд өр зээлтэй харагдахгүй гэсэн дүр эсгэсэн гэрээ байдаг. Хоёр гэрээ байдаг боловч 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ улсын бүртгэлд бүртгэлтэй байдаг. Бидний 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С.С.Ктэй байгуулсан Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул хуульд заасан шаардлагыг зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар тус гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн бидний хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч С.С.Ктэй байгуулсан дээрх орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнээс Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч гэрээний дагуу надад нэг ч төгрөг төлөөгүй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.С.Кийн өмчлөлөөс хариуцагч нарын өмчлөлд буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч С.С.К болон түүний өмгөөлөгч Д.Б нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Анх 118 000 000 төгрөгийн гэрээ гэж байснаа сүүлд 50 000 000 төгрөгийн гэрээний талаар ярьж байна. Гэрээг байгуулах үед надад худалдагч тал “үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд их мөнгө төлдөг тул бага үнээр бичүүлье, эхлээд 50 000 000 төгрөгийн гэрээ байгуулъя, дараа нь 118 000 000 төгрөгийн гэрээ байгуулъя” гээд намайг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл рүү дагуулж очсон. Дээрх орон сууц С.С.Кийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаар бүртгэгдсэн буюу захиргааны акт хүчин төгөлдөр байгаа. Захиргааны хэргийн шүүх хүчингүй болгоогүй байгаа. Улсын бүртгэлийн гэрчилгээ мөн хүчин төгөлдөр байгаа. С.С.К өмчлөгч нь мөн гэж нотлогдсон улсын бүртгэлийн гэрчилгээ байгаа. Үүнийг Иргэний хэргийн шүүх хүчингүй болгох эрхгүй. Үүнийг захиргааны хэргийн шүүх хүчингүй болгоогүй, хүчин төгөлдөр байгаа тул С.С.Кийн өмчлөлийн байр мөн. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. Үүнийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл байхгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.С.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ асуудал дээр 2 гэрээний талаар яригдаж байна. Бодит, хуурамч, дүр эсгэж хийсэн гэрээ гэх зэргээр хэлэх нь үндэслэлгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд төлбөр төлөгдсөн эсэх тухай яригдах ёстой. Байрыг буцаах шалтгаан нь Ц.П.О хадам эхийнхээ зөвшөөрөлгүйгээр энэ орон сууцыг худалдсан гэдгийг мэдсэн. Би өөрийн 2014 онд байгуулсан Хан-Уул дүүрэг дэх орон сууцыг худалдсан гэрээг цуцлах саналыг тавьсан ба миний гэрээг цуцалсан. Гэрээний хүчин төгөлдөр эсэхийг тогтоох ёстой болохоос биш, залилан хийсэн гэсэн зүйл яригдахгүй. Гэрээ хийгддэгээр хийгдсэн. Цаана нь өмчлөгч байсан учир олон жил үргэлжилсэн. Энэ шалтгаанаар би өөрийн байраа энэ хүнээс буцааж авсан. Иймээс С.С.К, П.П.О нарын хооронд төлбөр төлөгдсөн эсэх тухай асуудал гарч байна. 118 000 000 төгрөгийн асуудал үүнд явагдах ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.С.К нь хариуцагч П.П.О, С.С.Г, Г.Г.Э нарт холбогдуулан “улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх”, хариуцагч П.П.О, С.С.Г, Г.Г.Э нар нь нэхэмжлэгч С.С.Кд холбогдуулан “нэхэмжлэгч болон хариуцагчийн нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, 118 000 000 төгрөгөөр улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, уг орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг нэхэмжлэгч С.С.Кийн өмчлөлөөс хариуцагч нарын өмчлөлд буцаан шилжүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн гаргасан ба талууд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргажээ.

 

Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэг болон үндсэн нэхэмжлэлийн бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, түүнчлэн, хэргийн хариуцагч С.С.Гт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.С.Гын гаргасан хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1. Улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.С.Г нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 40 дүгээр байр,  10 тоот орон сууцыг Ц.П.Од зарах гэж байгаа, зөрүүнд нь Ц.О өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг авч байгаа болохоор намайг 121 000 000 төгрөгнийхөө оронд түүний байрыг авах санал гаргасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч нартай Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот орон сууцыг 118 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон, ...уг орон сууц улсын бүртгэлд миний нэр дээр бүртгэсэн байгаа” гэж тодорхойлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1407 дугаар захирамжаар нэхэмжлэгч С.Гүлдарийн хариуцагч С.С.Кд холбогдох, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Москвагийн гудамж-42 тоотод байрлалтай, караоке, пабны зориулалттай байрнаас албадан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, уг байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч С.С.Г 121 000 000 төгрөгийг хариуцагч С.С.Кд төлөх, уг төлбөрийг төлсөний дараа хариуцагч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхөөр талууд эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /1 хх-22 дугаар тал/.

 

Улмаар С.С.Г болон С.С.К нар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан хэлцэлээр шүүхийн дээрх шийдвэрт заасан төлбөрийг хэрхэн барагдуулах талаар тохиролцсон байна. Уг хэлцэлээр С.С.Г нь шүүхийн шийдвэрийн дагуу С.С.Кд төлөх төлбөр болох нийт 121 000 000 төгрөгийн 3 000 000 төгрөгийг С.С.Кд бэлнээр төлж, үлдэх 118 000 000 төгрөгт Улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг тооцон С.С.Кийн өмчлөлд шилжүүлэхээр заасан байх бөгөөд уг хэлцэлийг байгуулах үед орон сууц нь 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар хариуцагч нарын өмчлөлд бүртгэлтэй байсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000329940 дугаар гэрчилгээгээр нотлогдож байна /1 хх-23, 205 дугаар тал/.

 

Үүний дараа дээрх хэлцэлийн дагуу нэхэмжлэгч нь уг орон сууцыг 118 000 000 төгрөгөөр худалдан авах, хариуцагч нар нь нэхэмжлэгчид худалдах гэрээг 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, мөн өдөр тухайн орон сууцыг 50 000 000 төгрөгөөр нэхэмжлэгч нь худалдан авах, хариуцагч нар нь нэхэмжлэгчид худалдах гэрээг тус тус байгуулсан байна /1 хх-3, 203 дугаар тал/. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний зүйл болох нэг орон сууцыг нэг цаг хугацаанд, 2 өөр үнийн дүнгээр буюу 118 000 000 төгрөг, мөн 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах тухай хоёр гэрээ хэрэгт авагдсан байгаагаас 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ нь улсын бүртгэлд болон Монголын нотариачдын танхимын архивд бүртгэлтэй байна. Ийнхүү талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 50 000 000 төгрөгийн үнэтэй, худалдах-худалдан авах гэрээний дагуу Улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 46 дугаар байр, 60 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууц хариуцагч нарын өмчлөлөөс нэхэмжлэгч С.С.Кийн өмчлөлд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шилжиж, улсын бүртгэлд бүртгэсэн байна. Түүнчлэн, уг бүртгэлтэй холбоотой Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1407 дугаар захирамжийг албадан биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шийдвэр гүйцэтгэх байгууллага нь С.С.Кийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15/48 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ /2 хх-131-135 дугаар тал/.      

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Гэвч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг маргааны зүйл болж орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нь шаардлага гаргаж буй этгээд нь тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх, мөн хариуцагч этгээд нь тухайн хөрөнгийн хууль бус эзэмшигч байхаас гадна эзэмшиж байхыг шаардана. 

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болдог. Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ улсын бүртгэлд болон нотариатад бүртгэлтэй байх тул уг гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ. Харин мөн өдрийн 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүртгэлгүй байх тул 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний дагуу өмчлөх эрх шилжсэн гэж үзэх боломжгүй.

 

Нөгөөтэйтүүр, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь С.С.Г болон С.С.К нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хэлцэл дээр үндэслэгдсэн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд хариуцагч нар нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг С.Гүлдарийн төлөх төлбөрт тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна. Иймд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар С.С.Г болон С.С.К нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар байгуулагдсан үеэс хүчин төгөлдөр бус байх тул түүнийн үндсэн дээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.    

 

Түүнчлэн, талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, уг гэрээгээр талууд орог сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцоогүй буюу Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлээгүй нь нэхэмжлэгчийн “...С.Гүлдариас төлбөрт авах 121 000 000 төгрөгийн 118 000 000 төгрөгт тооцож Ц.Оюунбямбын орон сууцыг авсан” гэх тайлбар, хариуцагчийн “...улсын бүртгэлд бүртгүүлэхэд бага татвар төлөх” гэх тайлбараар нотлогдож байна. Иймд дээрх хэлцэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар мөн хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ. Талууд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр орон сууцыг 50 000 000 төгрөг, мөн 118 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь С.С.Г болон С.С.К нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан хэлцэлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй.

 

Иймд нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар тухайн орон сууцны шудрага өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Шүүх талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй, орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар орон сууцыг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй байна.

 

Харин талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан гэх 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь анхнаасаа байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч нар нь Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд зааснаар уг гэрээнээс татгалзах болон улмаар мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар буцаан шаардах эрхийн тухай ойлголт байхгүй.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь гуравдагч этгээд С.С.Гт холбогдуулан шаардлага гаргаагүй, гуравдагч этгээд С.С.Г нь нэхэмжлэгч болон хариуцагч нарт холбогдуулан бие даасан шаардлага гаргаагүй. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.П.О болон гуравдагч этгээд С.С.Г нарын хооронд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 40 дүгээр байр, 10 тоот орон сууцыг 205 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан дээрх гэрээтэй харилцан хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон тохиолдолд төлөөлөх дуусгавар болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч С.С.Г нас барсан нь нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байхаас гадна түүний эрх, үүрэг эрх залгамжлан авагчид шилжсэн эсэх нь тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч С.С.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тул түүний сөрөг нэхэмжлэлийг мөн хүлээн авахаас татгалзав.

 

Дээр үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй орон сууц худалдах-худалдан авах тухай талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, өмчлөх эрхийг нэхэмжлэгчээс хариуцагч нарт буцаан шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон, хариуцагч С.С.Гт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас түүний шаардлагыг тус тус хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Хариуцагч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 118 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагад улсын тэмдэгтийн хураамжинд 747 650 төгрөг төлсөн боловч 50 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнээс татгалзаж, буцаан шилжүүлэх шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 407 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч нараас төлсөн 747 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 747 650 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгов.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч С.С.Г, Г.Г.Э, П.П.О нарт холбогдох, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.С.Кийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.С.К болон хариуцагч С.С.Г, Г.Г.Э, П.П.О нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 118 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг нэхэмжлэгч С.С.Кийн өмчлөлөөс хариуцагч С.С.Г, Г.Г.Э, П.П.О нарын өмчлөлд шилжүүлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “С.С.Г, Г.Г.Э, П.П.О болон С.С.Кийн нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, улсын бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, өмчлөлд буцаан шилжүүлэх” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хариуцагч С.С.Гт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасныг баримтлан улсын эрхийн бүртгэлийн Ү-2205007995 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 хороо, 4 дүгээр хороолол, 46 дугаар байр, 60 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны өмчлөгчөөр С.К бүртгэснийг өмчлөгчөөр П.О, Боржигин овогт С.Г, Боржигин овогт С.Гын Г.Э болгон өөрчилж бүртгэн, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч нараас төлсөн 747 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 407 950 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс 747 650 төгрөг гаргуулан хариуцагч нарт олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН