Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар   2022/ШЦТ/485

 

  2022         05         31                                  2022/ШЦТ/485

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, Ерөнхий шүүгч Б.Халиун, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай, улсын яллагч Б.Баярчимэг, иргэдийн төлөөлөгч Г.Эрдэнэтуяа, шүүгдэгч О.Э, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж, хохирогч А.Ариунбуян /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  О.Эд холбогдох эрүүгийн “2211 00387 0897” дугаартай, 186/2022/0437/Э индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 28 дугаар гудамжны 4286 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч одоогоор Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, О.Э,

        Холбогдсон хэргийн талаар;

         Шүүгдэгч О.Э нь 2021 оны 10 дугаар сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 8 дугаар гудамжны 111 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Ариунбуянг “хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүд орчимд гараараа хоёр удаа цохиж зодоэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас биед нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн сорви, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимыг авах мэс ажилбар, мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.             

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

           1.2.  Хохирогч А.Ариунбуян нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…Тухайн үед гэр бүлийн хүрээнд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэр үед Эрдэнэболд бид 2 муудалцаад намайг гараараа нүд рүү цохисон. Тэгээд нүднээс юм гараад байхаар нь Эрдэнэболдын эгчид үзүүлтэл нүднээс чинь цус гараад байна түргэн тусламж дуудъя гэж хэлсэн. Тухайн үед бүгдээрээ согтуу байсан тул би хэрэггүй гээд болиулсан. Хэд хоногоос нүдээ хартал хүүхэн хараа нь дээрээ гарсан байсан. Тухайн үед Эрдэнэболд эмнэлэгт үзүүлье гэхэд нь би хэрэггүй гээд дахиад болиулсан гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

         2.1. мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Ариунбуяны:...2021 оны 10 дугаар сард  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 8-111 тоот Отгонцэцэгийн хашаанд байх илүү зуны байшинд Эрдэнэболд бид хоёр амьдардаг байсан. 2021 оны 10 дугаар сарын хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна нэг орой Отгонцэцэг, Эрдэнэболд бид хэд нэлээн уусан байсан Эрдэнэболд бид хоёр байшиндаа ороод байж байгаад өмнөх өдөр нь Эрдэнэболд хонуудаар алга болсон байсан. Тэгээд би Эрдэнэболдод чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гээд уурлаад бид хоёрын хооронд маргаан эхэлсэн. Эрдэнэболд намайг гичий минь гээд гараа атгаж байгаад миний зүүн нүд, нүүрлүү хоёр удаа цохих шиг болсон тэгээд миний нүүрнээс цус гарсан Эрдэнэболд гараад явчихсан би араас нь гартал урагшаа Отгонцэцэгийн гэрт орчихсон байсан. Би араас нь ороод миний нүдрүү цохиод миний нүднээс цус гараад байна гэтэл Отгонцэцэг түргэн дуудаж үзүүл нүд амнаас нь цус гараад байна гэсэн түргэн  ирж үзээд, цагдаа дуудаад  гэнэ, цагдаа ирээд бид нар  бүгд согтуу байгаа юм чинь бөөн юм болно гээд би түргэн дуудуулаагүй. Тухайн үед миний нүднээс цус шиг юм гараад байсан би гар нүүрийн алчуур бариад арчаад яваад байсан хавдартай нүд тагларчихсан байсан болохоор би хавдар нь буугаад гайгүй болчих байх гэж бодоод яваад байсан. Миний нүднээс юу гарсныг би сайн мэдэхгүй байна юм гараад байсан нулимс гарч байгаа юм шиг гараад байсан. 2021 оны 10 сард цохисны дараа маргааш, нөгөөдөр нь байх Эрдэнэболдыг эрүүл байхад нь би өөрөө толинд нүдээ гараараа сөхөж хартал миний зүүн нүдний хүүхэн хараа нүднийхээ дээд талд гарчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

         2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Бямбацэндийн:...2021 оны 10 сарын орчим надруу Ариунбуян эгч утсаар залгаж “би сохорчих шиг боллоо нүд юм харахгүй байна” гэхээр нь хэнд зодуулсан талаар асуухад Эрдэнэболд гэх хамт амьдарч байсан залуу нь зодож нүдийг нь гэмтээсэн талаар өөрөөс нь мэдэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,

          2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч шинжээч  Б.Сэргэлэнгийн:...хохирогч А.Ариунбуяны нүдэнд үүссэн гэмтэл нь яаралтай тусламж болон эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ч нүдний цөцгий гоожиж эхэлсэн байх боломжтой тул нүд болон нүдний хараа эргэж хэвийн болох боломжгүй. Ариунбуянгийн биед үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зүүн нүдэнд гэмтэл учруулж шарх үүсгэж, цөцгий гоожиж хараагүй болох гэмтлийн шалтгаан болсон байна гэх мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар тал/,

           2.4.Мөрдөн шалгах ажиллгааны явцад иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн:..Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8 дугаар гудамж 111 тоотод 2021 оны 11 дүгээр сард иргэн А.Ариунбуяны нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд А.Ариунбуян  нь 2022 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 3.000.506 төгргийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч О.Эоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк сан дахь 10090002008 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэх мэдүүлэг. /хх-ийн 76-77 дугаар тал/,  

         2.5.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 14ий өдрийн 4060 дугаартай дүгнэлтэд:

          1.2. А.Ариунбуяны биед зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн сорви, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимыг авах мэс ажилбар мэс заслын дараах байдал бүхий гэмтэл тогтоогдлоо.

          3.4.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх  боломжтой.  

          5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 

          6. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.6.31.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 25-26 дугаар тал/,

           Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1. Хавтаст хэргийн 18 дугаар тал “гэрч А.Бямбацэндийн А.Ариунбуян эгч нэг залуутай хамтран амьдраад удаагүй байхдаа 2021 оны 7 дугаар сард утсаар ярихдаа Эрдэнэболд гэх залуу зоддог гэж утсаар хэлсэн. Би тухайн үед наад залуугаасаа сал гэж хэлсэн боловч миний үгийг авахгүй чимээгүй болсон. Тухайн үед надтай царайгаа харуулан видеогоор ярьж байх үед уруул нь хамраасаа доошоо сэтэрсэн байдалтай харагдаж байсан ба би  “Сонгдо” эмнэлэг рүү эгч А.Ариунбуянгийн хамт явж эмчилгээ үйлчилгээ авч  уруулых нь бугалсан  эдийг эмчлүүлж байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 85-92 дугаар тал “шүүгдэгчийн хувийн байдлыг шалгасан цагдаагийн асуух сангийн лавлагаа, тус лавлагаанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр цагдаагийн байгууллагад “манай 2 дүү согтуу, зодолдоод байна” гэх дуудлага, 2021 оны 8 сард “дүү Эрдэнэболд согтуу эхнэртэйгээ зодолдоод байна” гэх дуудлага, 2020 оны 10 сарын 21-нд “нөхөр намайг зодоод байна” гэх дуудлага оршин суудаг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 8-111 тоотоос ирж байсан” зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хавтаст хэргийн 39 дүгээр тал О.Эын “ял шалгах хуудас”, хавтаст хэргийн  82 дугаар тал “хохирогч А.Ариунбуян нь шүүгдэгч О.Эоос нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлт   зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч О.Э нь 2021 оны 10 дугаар сард архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 8 дугаар гудамжны 111 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.Ариунбуянг “хардлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний зүүн нүд орчимд гараараа хоёр удаа цохиж зодоэ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас биед нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн сорви, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимыг авах мэс ажилбар, мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

        - хохирогч А.Ариунбуяны:...2021 оны 10 дугаар сард  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, яргайтын 8-111 тоот Отгонцэцэгийн хашаанд байх илүү зуны байшинд Эрдэнэболд бид хоёр амьдардаг байсан. 2021 оны 10 дугаар сарын хэдэнд гэдгийг нь сайн санахгүй байна нэг орой Отгонцэцэг, Эрдэнэболд бид хэд нэлээн уусан байсан Эрдэнэболд бид хоёр байшиндаа ороод байж байгаад өмнөх өдөр нь Эрдэнэболд хонуудаар алга болсон байсан. Тэгээд би Эрдэнэболдод чи хаагуур явж байгаад ирж байгаа юм бэ гээд уурлаад бид хоёрын хооронд маргаан эхэлсэн. Эрдэнэболд намайг гичий минь гээд гараа атгаж байгаад миний зүүн нүд, нүүрлүү хоёр удаа цохих шиг болсон тэгээд миний нүүрнээс цус гарсан…миний нүднээс юу гарсныг би сайн мэдэхгүй байна юм гараад байсан нулимс гарч байгаа юм шиг гараад байсан. 2021 оны 10 сард цохисны дараа маргааш, нөгөөдөр нь байх Эрдэнэболдыг эрүүл байхад нь би өөрөө толинд нүдээ гараараа сөхөж хартал миний зүүн нүдний хүүхэн хараа нүднийхээ дээд талд гарчихсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 13-14 дүгээр тал/,

           - гэрч А.Бямбацэндийн:...2021 оны 10 сарын орчим надруу Ариунбуян эгч утсаар залгаж “би сохорчих шиг боллоо нүд юм харахгүй байна” гэхээр нь хэнд зодуулсан талаар асуухад Эрдэнэболд гэх хамт амьдарч байсан залуу нь зодож нүдийг нь гэмтээсэн талаар өөрөөс нь мэдэж байсан гэх мэдүүлэг.         /хх-ийн 18 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 14ий өдрийн 4060 дугаартай дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл юунаас болж маргалдсан,  шүүгдэгч нь хохирогчийн нүдрүү гараараа цохиж биед гэмтэл учруулсаныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  хохирогчийг  “чи хаагуур явж байгаад ирж байгаа юм вэ” гэж хэлснийх нь төлөө өөрөөр хэлбэл  “намайг хардлаа” гэх шалтгаанаар  хохирогчийн нүдрүү  гараараа цохиж  биед нь зүүн нүдний алимны нэвт гэмтэл, зүүн нүдний эвэрлэгийн сорви, зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний алимыг авах мэс ажилбар мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул О.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан       “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч О.Эыг “ гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас хохирогчийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд 2022 оны 01 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.000.506 төгрөгний  төлбөр гаргасныг  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр  сарын 26-ны өдрийн 04/232 дугаартай  албан бичиг,  иргэний нэхэмжлэгч  Б.Байгалмаагийн  мөрдөн  шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр  нотлогдож байх тул  шүүгдэгч О.Эоос 3.000.506 төгрөгийг гаргуулж  Эрүүл мэндийн  даатгалын ерөнхий  газрын  төрийн санд оруулах нь зүйтэй  гэж  шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч А.Ариунбуяны хувьд шүүгдэгчид ямар нэгэн гомдол санал, цаашид  нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар, мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж  байх тул  шүүгдэгчийг хохирогч А.Ариунбуянд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтэндээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  зааснаар 6 жилийн  хугацаагаар хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал  дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн  тал дээр ямар нэг маргаан байхгүй учраас О.Эод  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Энэ  гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн төдийгүй, өөрөө түрүүлж хэрүүл өдсөн зэрэг зүй бус  үйлдэл гаргасан талаараа  шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос мэдүүлж  байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзлээ. 

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг  мөн хохирогчийн гаргасан зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах нь  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ариунбуянд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч О.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар  шүүх  шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч О.Э-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд  хохирол  санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  хохирогч А.Ариунбуянд  төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эоос 3.000.506 /гурван сая таван зуун зургаан мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банкны  “100900020080” дугаар дансанд  оруулсугай.

6. Шүүгдэгч О.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН

 

                                               ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ