| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0031/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/34 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,
Улсын яллагч С.Цэрэндалай,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-ны өдөр 12 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овгийн *******ын *******д холбогдох эрүүгийн 2107000000006 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******ийн*******анд төрсөн, *******тай, эмэгтэй, яс үндэс *******, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 6, бага хүүгийн 5 ач нарын хамт Налайх дүүргийн , Наран 26 дугаар гудамжны 598в тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, *******овгийн *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн , тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.тай маргалдаж түүний хүзүү, хоолой хэсэгт гараараа шахах, маажих, духны орчимд хутгаар цохих зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би бага хүү гийн 7-16 насны 4 охин 1 хүүгийн хамт амьдардаг эх нь байдаггүй. Би 2 хүүтэй. Энэ хүүхдүүдийн аж амьдралыг би бохир, нүүрсний хог түүж амьдралыг нь залгуулдаг. Хүүхдийнх нь мөнгөөр хувцас, хоол ундыг нь авч өгч өчнөөн жил амьдарч байна. Хамгийн том хүүхдийг нь 5 настайгаас нь өөр дээрээ аваад өдийг хүртэл өсгөж эрийн цээнд хүргэж байна. Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвд 2 хүүхдийг нь оруулсан. Одоо бага хүү нь 2 дугаар ангид сурдаг. Манай бага хүү маань 2017 онд Налайх дүүргийн шүүхээс 13 жил 6 сарын хорих ял аваад Багануурын хорих ангид ял эдэлж байгаа.
Би ынд энэ хэрэг гардаг орой шинэ жилийн бууз хийгээд сууж байсан. намайг эгчээ та орж ирээд ганц пиво уучих шинэ хашаа барьсан юм чинь би юу ч өгч чадаагүй хоёулаа ганцхан пиво уучихъя гэсэн. Тэгээд пиво ууж байгаад бид хоёр яасныг мэдэхгүй байна. миний мөрнөөс барих шиг болсон. Тэгээд би ийм хэрэг үйлдсэн юм шиг байна. Миний буруу. Би ухаан алдтал аа пиво уугаад хүнийг тийм болгосон нь миний буруу байна. Өдий 70 хүрэх гэж байж ийм хэрэг хийсэндээ маш их харамсаж байна. Та хэдийн нүүрийг харахаас ч ичиж байна. Энэ хэрэг гарсан өдрөөс хойш би 5 хүүхдээ бодоод нойртой, нойргүй, хоолтой, хоолгүй өчнөөн хонож олон зүйл бодлоо.. Хэлэхээс нааш хүн настай гэж бодохгүй юмыг ойлгодоггүй юм байна. Одоо би маш их харамсаж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтад гэрчээр О.*******гийн 2020 оны 12 дугаар сарын 24-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ хүүхдүүдтэй бууз хийгээд байж байтал манай урд талын айлын гаднаас орж ирээд хоёулаа ганц пиво хуваагаад ууя, шинэ он гарах гэж байгаа юм чинь би сая нэг пиво өөрөө уучхаад сууж байна гэхээр нь би за тэгье гээд уусан. ын том хүү нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг бөгөөд сдепент гээд мөнгө нь орж ирсэн юм. Тэгэхээр нь хүүхдийн чинь мөнгө орж ирэхээр чи ингээд уугаад байгаа юм уу, өөрт нь зарцуулахгүй гээд хэлсэн чинь та яагаад манай амьдралд оролцоод байгаа юм бэ гээд маргалдсан. Оролцоод байх юм байхгүй гээд маргалдаж байсан чинь миний нүүрийг маажаад хацрыг маажсан. Тэгэхээр нь би руу дайраад хойш нь дарж унагаад хоолойг нь багалзуурдаад гарт нэг юм баригдахаар нь дух руу нь цохисон байна лээ. Тухайн үед би нэлээн согтуу тасарчихсан байсан учраас зарим зүйлсийг санахгүй байна. ын 9 настай хүүхэд нь хутганы ишээр толгой руу нь цохисон гэж сүүлд хэлж байна лээ. Би нэлээн согтуу байсан. Нэг мэдсэн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байрны өрөөнд байж байсан бөгөөд тэгээд л ухаан орсон. Миний хацар шалбарсан. Уруул дотор зулгарсан байж магадгүй байна. бид хоёрын хооронд урд нь ямар ч асуудал байгаагүй. Бид хоёр 13 жил хамт айл хөрш болж байгаа хүмүүс. Би ер нь их муухай зан гаргачихлаа гэж бодож байна.” гэх мэдүүлэг
/хх-ийн 14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.*******гийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны орой Налайх дүүргийн ны д тоотод Ж.тай пиво ууж байхдаа маргалдаж түүнийг хутгаар духны хэсэгт нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь үнэн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 53 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Ж.ын 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дэлгүүрээс Нийслэл нэртэй 2,5 литрийн хэмжээтэй пиво аваад хойд талын айлын эгчийг дуудаад бид хоёр хувааж уусан. Тэгсэн чинь эгч бас нэг том пиво аваад мөн хоёулаа хуваагаад уусан юм. Тэгээд сууж байгаад манай хүүхэд Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг бөгөөд сургуулиас 200,000 сдепэнт авдаг бөгөөд энэ талаар яриад сууж байсан чинь эгч чи яахаараа хүүхдийн мөнгийг авч үрж байдаг юм бэ гэж хэлэхээр нь та яахаараа манай амьдралд оролцоод байдаг юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгснээ би шоронд сууж байсан шүү, би шорон санаа гаргаж чадна шүү гэхээр нь тэр нь надад ямар хамаатай юм бэ гэтэл намайг үсдээд боож байгаад дээр гараад нүүр лүү намайг цохиод байсан. Тэгэхээр нь би эгчээ та болиоч гээд нүүр лүү нь түлхсэн чинь хацар дээр нь маажчих шиг болсон. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь миний толгой хагарсан байсан бөгөөд эмнэлэгт очоод толгойдоо оёдол тавиулсан. Би гайгүй согтолттой байсан. Бид хоёроос гадна 9 настай манай хүү Нармандах байсан бөгөөд манай хүү надад хэлэхдээ эгч та хоёр хэрэлдээд хутганы ишээр толгой руу чинь цохисон чинь таны толгойноос цус гарсан гэж хэлсэн. Миний зулайны зүүн хэсэгт язарч 4 оёо тавиулсан. Мөн хүзүү маажсан, хөндүүртэй, толгой өвдөж байна. Бид хоёрын хооронд урд нь ямар ч асуудал байгаагүй.
/хх-ийн 13 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогчоор Ж.ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ ганцаараа пиво ууж байгаад хойд хашааны хөрш ******* эгчийг дуудаад цуг пиво уусан. Нэлээд ууж байгаад би манай хүү д Налайхын -д сурдаг. Сар бүр степент мөнгө авдаг гэхэд эгч чи тэгээд хүүхдийнхээ мөнгөөр уугаад байдаг юм уу гэхээр нь та ч бас арай ч ингэж болохгүй шдээ би хүүхдийнхээ мөнгөөр уудаг хүн биш гээд маргалдтал эгч босож ирээд намайг багалзуурдаад дарж унагаад толгой руу юмаар цохисон. Босоод ирэхэд духны дээд хавиас цус гарч байсан. Босоод ирэхэд бор иштэй хутга барьчихсан байсан түүгээр цохисон юм шиг байна лээ. Би эхлээд хутга барьсан эсэхийг нь анзаараач үгүй. Бор иштэй хутга нь муудалцахаас өмнө гэрийн зүүн урд талд тогооны савны дээр нь байсан хутга юм. Бид 2 тогооны савны хажууд муудалцахад эгч авчихсан юм билээ. Намайг багалзуурдаад дараа унагахаар нь эсэргүүцэхдээ хацарт нь маажсан, нэг удаа нүүрэнд нь цохисон. Бид 2 шал дэмий юмнаас болж муудалцах болсон. Хэн хэн нь жаахан халамцуу байсан болохоор бие биеийнхээ үгийг даалгүй муудалцсан. Хүүгийнхээ мөнгөөр уугаад гэхээр нь миний уур хөдөлсөн юм. Бид хоёр “Нийслэл” нэртэй 2.5 литрийн том пиво хувааж уусан. Тухайн үед эгч бид хоёрын хажууд манай 8 настай хүү Нармандах байсан. Өөр ямар нэг хүн байгаагүй. Манай хүү Нармандах эгчийн гэр рүү очоод ээж эмээ хоёр муудаад байна гэж хэлсэн юм шиг байна лээ. Тэгшзаяа гэдэг ач охин нь гүйж орж ирээд цагдаа дуудсан байх. Урьд өмнө нь эгчтэй маргаж муудалцаж байгаагүй. Анх Налайхад 2003 онд нүүж ирээд танилцаж айл хөрш олон жил болж байна. Байгаа зүйлээ хувааж хэрэглээд бид 2 ээж охин 2 шиг сайхан байдаг. Одоо миний биеийн байдал зүгээр, духны дээдэх оёдол тавьсан шарх зүгээр болсон. Ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй болохоор гаргаж өгөх баримт байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шинжээчийн 22, 23, 240 дугаартай дүгнэлтүүдтэй танилцсан. С анал, хүсэлт алга байна. Миний болон эгчийн биед учирсан гэмтэлтэй тохирч байна. Би *******н амьдралыг сайн мэднэ. Ам бүл зургуулаа, нөхөргүй, 2 хүүгийнхээ хүүхдүүдийг хараад гэрт суудаг. Ажил төрөл эрхэлдэггүй. Амьдрал ахуй нь тааруухан, хүүхдийнхээ мөнгөөр амьдардаг.” гэх мэдүүлэг,
/хх 11-12 дугаар тал/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Д.Тэгшзаяагийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “2020 оны 12 дугаар сарын 23-ны орой манай эмээ гэртээ хоолоо хийж байхад эгч утсаар залгаад дуудсан. Эмээ тэднийх рүү ороод нэлээд удсан. Тэгээд манай гэрт эгчийн хүү Нармандах орж ирээд эмээгээ аваарай манай ээжийг зодоод байна гэж хэлчхээд гарч явсан. Би Нармандахыг тоглож байна гээд итгээгүй. Тэгтэл удалгүй манай эмээ хацар нь урагдсан цус гарчихсан орж ирээд намайг аллаа гээд байсан. Тэгэхээр нь би айгаад цагдаагийн 102 руу залгаад манай эмээг хүн зодсон байна ирээрэй гээд цагдаа дуудсан. Манай эмээ жоохон уусан байсан. Би эгчийн гэрт ороогүй. Нармандах өмнө нь худлаа яриад байдаг болохоор нь би итгээгүй байсан юм. Манай эмээ хааяадаа л пиво уудаг. Уугаад яадаг ч үгүй. Манай эмээ их сайн хүн. Би эмээ, 2 эгч, 2 дүүгийн хамт амьдардаг.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 17 дугаар тал/
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрчээр Б.Нармандахын 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: “Нэг орой манай хойд хашааны эмээ манай ээж 2 манай гэрт пиво ууж байгаад чанга чанга дуугараад хэрэлдсэн. Эхлээд эмээ манай ээжийг сууж байхад нь түлхэж унагаагаад хоолой дээр нь дараад ээж боль тавь гээд хашхираад гараараа самардаад байсан. Тэгээд эмээ шүүгээн дээрээс хутга аваад манай ээжийн толгой дээр нь хутгаараа цохисон чинь ээжийн духнаас цус гоожсон. Тэгэхээр нь би хойд хашаа руу эмээгийнд ороод эмээгээ ав манай ээжийг зодоод байна гэж хэлсэн. Манай ээж доор нь байхдаа эмээгийн нүүрийг нь маажчихсан, эмээгийн хацрыг нь урчихсан байсан. Манай ээж, эмээ 2 пиво уугаад байсан. Манайд би л байсан. Манай аав, ах самарт явчихсан. Манай ээж архи уудаггүй. Би аав, ээж, ах нартайгаа амьдардаг.” гэх мэдүүлэг
/хх-ийн 18 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/22 дугаар:
“1. О.*******н биед зүүн хацарт зулгаралт, доод уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,
/хх-ийн 23 дугаар тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/23 дугаар:
“Ж.ын биед духанд шарх, нүүр,хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,
/хх-ийн 25 дугаар тал/
Яаралтай тусламжийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуудас,
/хх-ийн 46-47 дугаар тал/
О.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 61 дүгээр тал/,
Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа,
/хх-ийн 62 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 41 дүгээр тал/,
О.*******г асран хамгаалагчаар тогтоох тухай Засаг даргын захирамж
/хх-ийн 54 дүгээр тал/
О.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50-63 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагчийн “...амьдрал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналтай байна. Холбогдогч О.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон иштэй 21 см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх,
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.******* нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Налайх дүүргийн , тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.ыг “чи хүүхдийнхээ сар бүрийн тэтгэлгийн мөнгөөр уугаад байгаа юм уу” гэж хэлсний улмаас маргалдаж түүний хүзүү, хоолой хэсэгт гараараа шахах, маажих, духны орчимд хутгаар цохих зэргээр хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь духанд шарх, нүүр, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүгдэгч О.*******гийн “... миний мөрнөөс барих шиг болсон. Тэгээд би ийм хэрэг үйлдсэн юм шиг байна. Миний буруу.” гэх,
Хохирогч Ж. “... эгч босож ирээд намайг багалзуурдаад дарж унагаад толгой руу юмаар цохисон. Босоод ирэхэд духны дээд хавиас цус гарч байсан. Босоод ирэхэд бор иштэй хутга барьчихсан байсан түүгээр цохисон юм шиг байна лээ.” гэх,
Насанд хүрээгүй гэрчээр Д.Тэгшзаяагийн Тэгтэл удалгүй манай эмээ хацар нь урагдсан цус гарчихсан орж ирээд намайг аллаа гээд байсан...” гэх,
Насанд хүрээгүй гэрчээр Б.Нармандахын “... эмээ манай ээжийг сууж байхад нь түлхэж унагаагаад хоолой дээр нь дараад ээж боль тавь гээд хашхираад гараараа самардаад байсан. Тэгээд эмээ шүүгээн дээрээс хутга аваад манай ээжийн толгой дээр нь хутгаараа цохисон чинь ээжийн духнаас цус гоожсон...” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/23 дугаар: “Ж.ын биед духанд шарх, нүүр,хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.ын бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирлоо нөхөн төлсөн, хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж, бага хүү гийн 5 хүүхдийг асран халамжилж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Иймд О.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 27 см урттай, 3.5 см өргөнтэй хутга 1 ширхгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 9 /ес/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урттай, 3.5 см өргөнтэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ