| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0066/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/68 |
| Огноо | 2022-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/68
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-,
Шүүгдэгч Ч.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ч-ы Х-т холбогдох эрүүгийн 2213000000082 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1987 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, И овогт Ч-ы Х-, регистрийн дугаар ПБ.............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.К-ийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1.1. Улсын яллагч Х.Ө-ээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.
1.2. Шүүгдэгч Ч.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, Надаас нэхэмжилсэн 300000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэв.
1.3. Хохирогч Х.К- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Надад учирсан хохирол болох 300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
2.1. Хохирогч Х.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 23 дахь тал/,
2.2. Гэрч Т.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
2.3. Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
2.4. Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/,
2.5. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
2.6. Шүүгдэгч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ч.Х-, хохирогч Х.К- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Х-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч Ч.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Х.К-ийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
3.1.1. Хохирогч Х.К-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Өлгий сумын 10 дугаар багт ганцаараа амьдарч, хүмүүсийн хар бор ажлыг хөлсөөр хийдэг. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 20 цагийн үед Цагааннуур явах замд байрладаг “Арман” гэдэг дэлгүүрийн хажуу талд гадаа гудамжинд Ч.Х- гэдэг залуугийн хамт архи уусан. Эхлээд Ч.Х- над руу утсаар залгаж намайг “Арман” дэлгүүрийн хажууд хүрээд ир гэж хэлсэн. Би тус дэлгүүрээс тамхи авах гэж дэлгүүрийн дотор байсан. Би Ч.Х-т “Арман” дэлгүүрт байгаа талаар хэлсэн. Ч.Х- бид хоёр уулзаад “Танжарых” гэдэг дэлгүүрээс очиж Ч.Х- 1 шил “Хийморь” нэртэй 0,75 литрийн нэг шил архи авсан. Ч.Х- бид хоёр уг архийг гадаа гудамжинд суугаад ууж байхад Д- гэдэг залуу хажуудаа хоёр залуугийн хамт ирсэн. Авсан нэг шил архийг бид бүгдээрээ хувааж уугаад дуусгасан. Тэгээд Д- болон түүний хажууд байсан хоёр залуу яваад өгсөн. Ч.Х- бид хоёр үлдсэн ба Ч.Х- надад “чи нэг шил архи авчих” гэж хэлсэн. Надад тухай үед мөнгө байгаагүй бөгөөд Ч.Х-т би “надад мөнгө байхгүй” гэж хэлсэн. Ч.Х- надад “тэгвэл чи гар утсаа ломбардад тавьчих” гэж хэлсэн. Би Ч.Х-т “надад гар утас хэрэгтэй, ломбардад тавихын тулд гүүрний цаана гарах хэрэгтэй” гэж хэлэхэд Ч.Х- “зүгээрээ утсаа зарчих, маргааш гар утас олж өгнө, гар утас олдоно” гэж хэлсэн. Тэгээд би тэр хавьд байдаг нэрийг нь сайн санахгүй байна нэг дугуй засварт очиж гар утас авах уу гэж хэлээд өөрийн “HUAWEI маркийн гар утсаа 50,000 төгрөгөөр зарсан. Тэгээд Ч.Х- бид хоёр Арман дэлгүүрт очоод Хараа нэртэй 0.75 литрийн нэг шил архи авсан. Миний авсан архийг Ч.Х- бид хоёр хувааж уугаад сууж байсан. Ч.Х- бид хоёр ч нэлээн согтсон байсан. Архины талд ирэхэд би Ч.Х- “нэлээн согтчихлоо явъя” гэж хэлсэн. Тэгэхэд Ч.Х- надад “явахгүй чи дахиад нэг шилийг ав” гэж хэлсэн. Түүнээс болж Ч.Х- бид хоёрын дунд хэрүүл маргаан үүсч Ч.Х- миний цээж рүү нэг удаа гараа атгаж байгаад цохиж авсан. Би Ч.Х-ыг бариад авсан ба бид хоёр тэнд ноцолдсон. Ноцолдож байгаад больж дахиад хоорондоо эвлэрээд архи ууж байсан газраасаа дээшлээд бид хоёр нэг нэгнийгээ сугадаж бариад алхаж явж байгаад Ж- гэдэг хүний гэрийн хажууд очиход овоолсон шороонд бүдэрч Ч.Х- бид хоёр хамт газар унасан. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. Ч.Х- надаас түрүүлж боссон ба би араас нь босоод ирэхэд Ч.Х- гартаа чулуу барьж байгаад миний зүүн талын хөмсөг рүү чулуугаар цохисон. Тэгээд Ч.Х- бид хоёр дахин барьцалдаж авахад Ж- гэдэг хүний хүү гарч ирээд Ч.Х-ыг дагуулаад хашаандаа орчихсон. Миний зүүн талын хөмсөгнөөс их хэмжээний цус гарчихсан байсан. Би тэр хавьд Лаура гэдэг дэлгүүрт очоод худалдагчид нь “утас байна уу, намайг нэг хүн зодчихлоо, эмнэлэг рүү юм уу, цагдаа руу ч юм уу залгаад өгөөч” гэж хэлсэн. Лаура дэлгүүрийн худалдагч “бид нарт утас байхгүй, ийшээ тийшээ залгахгүй” гэж хэлсэн. Тэгээд би шууд миний гэрийн хажууд байдаг хүргэн ах болох Хумарбекийн гэрт очоод болсон явдлаа тайлбарлаж өгч цагдаа дуудаж өг гэсэн. Хумарбек цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Цагдаа нар ирж намайг дагуулж аваад Ч.Х-ын гэрт очоод бид хоёрыг цагдаагийн газарт авч ирсэн. Би эмнэлэг рүү явсан. Ч.Х- цагдаад үлдсэн байсан. Ч.Х- намайг чулуугаар цохих үед бидний хажууд өөр хүн байгаагүй. Намайг цохиод түүнээс болж Ч.Х- бид хоёр ноцолдож байхад Ч.Х-ыг Ж-н хүү гарч ирээд дагуулаад хашаа руугаа оруулчихсан. Цагдаа нар ирээд Ч.Х-ыг хайгаад Ж-н гэрт очиход “манайд Ч.Х- байхгүй, сая гэрт нь хүргэж өгчихсөн” гэж хэлсэн. Ч.Х- намайг чулуугаар зүүн талын хөмсөг рүү цохисноос болж миний зүүн талын хөмсөг шалбарч цус гарч хавдсан. Ч.Х- намайг баруун талын хөлийн гуя руу өшиглөсөн юм шиг байна, баруун талын гуя хөхөрсөн байна. Одоо толгой эргэж өвдөөд байгаа. Би Ч.Х-ыг урьд өмнө таньдаг байсан. Хааяа хамт архи уудаг байсан. Төрөл садангийн харилцаа болон өш хонзонгийн асуудал байхгүй. Ч.Х- надад дахиад архи авч өгсөнгүй гээд түүнээс болж хэрүүл маргаан үүсч намайг зодсон. Би Ч.Х-т гар хүргэж зодоогүй. Ч.Х- түрүүлээд намайг чулуугаар цохиж зодохоор би өөрийгөө хамгаалах гэж түүнийг барьж аваад бид хоёр ноцолдсон. Тухайн үед Ч.Х- бид хоёр нэлээд согтуу байсан. Би өөрийн гар утсыг 2022 оны 02 дугаар сарын дунд үеэр захаас 100,000 төгрөгөөр худалдан авч байсан. Хар өнгийн гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай гар утас байсан. Надад учирсан хохирол болох гар утасны үнэ 50,000 өөр бусад эмчилгээ таксины зардал гээд 300,000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19, 23 дахь тал/,
3.1.2. Гэрч Т.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Ч.Х-, Х.К- нар нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн үед байх тэгж санаад байна. Хоёулаа архи уучихсан, гэхдээ нэг их согтуу биш байсан ба Х.К- нь өөрийнхөө гар утсыг зарна, чи авах уу гэхээр нь хэдээр зарах юм бэ гэхэд тэрээр 50,000 төгрөг гэхээр нь би өөрийнхөө орлогоос 50,000 төгрөг түүнд бэлнээр өгч уг гар утсыг авсан. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. ...Уржигдар Х.К- ирээд уг гар утсаа буцаад авмаар байна гэхээр нь түүнд гар утсыг нь өгөөд явуулсан. Тэрээр надад 50,000 төгрөгөө бэлнээр өгч, би утсыг нь буцаагаад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
3.1.3. Гэрч Ж.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тус өдөр орой 19 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах манай хашааны гадна талд хүн орилох дуу гарахад хашааны баруун талд засмал замын зүүн талын далан байдаг хэсэгт хоёр хүн хоорондоо ноцолдож байхаар нь очиход Ч.Х- газарт уначихсан, дээр нь нэг залуу суугаад заамдсан байдалтай байхаар нь би тэр хоёрыг салгахад бие бие рүүгээ дайраад согтчихсон байсан. Тэгээд би Ч.Х-ыг хашаа руу оруулаад тэр залууг харь гэхэд тэрээр өөрөө ганцаараа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
3.1.4. Эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсанд “...2022.03.20, 22:55, Амьсгал цус эргэлт тогтвортой, шархны цэгцлэлт хийж өгч, 2 ширхэг оёдол тавьсан” гэх хуудас /хавтаст хэргийн 31 дэх тал/,
3.1.5. Баян-Өлгий аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн дэслэгч Х.Е-ын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 277 дугаартай “Х.К-ийн биед тархины доргилт, зүүн хөмсөгний зүүн хэсэгт оёдолтой шарх, духны зүүн талд шарх гэмтлүүд тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
3.1.6. Шүүгдэгч Ч.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Х.К-тэй Өлгий сумын 10 дугаар багт байрлах дугуй засварын хажууд тааралдаад өчигдөр уучихсан дотор муу байна, нэг шил архи ууя гэхээр нь би түүнд шил архи авч өгөөд хамт хувааж уусан. Тэгээд би гадуур ажилтай байсан учраас зах орчихоод буцаад явж байхад дугуй засварын хажууд Х.К- согтчихсон байсан ба дахиад архи ууя гээд Х.К- гар утсаа дугуй засварчин С- гэх залууд 50,000 төгрөгөөр зараад нэг шил архи аваад уг архийг хувааж уугаад гэр лүүгээ харья гээд Ж- гэх хүний гэрийн ойролцоо явж байхад Х.К- бид хоёр согтчихсон байсан учраас тэнд шороон дээр хамт унаад Х.К- босож ирээд надтай зууралдаад, надад агсам тавиад чи намайг зодчихлоо гээд надтай зууралдсан. Бид хоёр зууралдаж байхад Ж-н хүүхэд гарч ирээд бид хоёрыг салгаж авсан. ...Х.К- намайг зодоогүй зүгээр бид хоёр зууралдаад байхад бид хоёрыг салгасан. Х.К- надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Нэхэмжлэх юм бол төлж өгөх болно.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
4.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
4.3. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
Шүүгдэгч Ч.Х- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, санаатай хууль бус үйлдлийн улмаас буюу цохиж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
4.4. Шүүгдэгч Ч.Х-ын үйлдлийн улмаас хохирогч Х.К-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.
4.5. Шүүгдэгч Ч.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.
4.6. Шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
4.7. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.
4.8. Шүүгдэгч Ч.Х- нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
5.1. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
5.2. Шүүгдэгч Ч.Х-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.К-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Х.К-ийн нэхэмжилсэн 300.000 төгрөгийг шүүгдэгчээс төлж барагдуулахаа илэрхийлсэн байх тул түүнээс 300.000 төгрөг гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгч Ч.Х- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирогчийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэтгэлцсэн болно.
2.4. Шүүгдэгч Ч.Х- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.6. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
2.7. Шүүгдэгч Ч.Х- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/-аар тогтоогдож байна.
2.8. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Х-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
2.9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450.000 төгрөгтэй тэнцэх юм.
2.10. Шүүгдэгч Ч.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
2.11. Шүүгдэгч Ч.Х- нь шүүхээс тогтоосон хугацаанд буюу 4 сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.
2.12. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч Ч.Х- нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
2.13. Шүүгдэгч Ч.Х-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Ч-ы Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Х-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-аас 300.000 /гурван зуун маянга/ төгрөг гаргуулан хохирогч Х.К-т олгосугай.
6. Шүүгдэгч Ч.Х- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Ч.Х-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК