Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0738

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

             128/ШШ2020/0738

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Г

Хариуцагч: Нийслэлийн Дотоод аудитын газар.

Гуравдагч этгээд: Д.Ү

Нэхэмжлэлийн шаардлага: “.... Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгэр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс түүнтэй адилтгах олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, гуравдагч этгээд А.Ү, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “ ... 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Нийслэлийн дотоод аудитын албаны Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад орж шалгалт өгч тэнцсэн, 2019 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академийн зохион байгуулсан “Ахлах түшмэл”-ийн багц сургалтад хамрагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоолоор Нийслэлийн Дотоод аудитын алба Нийслэлийн Дотоод аудитын газар болон өөрчлөгдсөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төрийн сангийн дарга Ганхүү түр орлон гүйцэтгэгчээр ирж бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Энэ үед чөлөөтэй байсан захиргааны хэлтсийн дарга Я.С ажилдаа орж дараа нь даргын үүргийг түр орлох болсон.

Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийж Санхүүгийн аудитын хэлтэс, Гүйцэтгэл нийцлийн аудитын хэлтсийг нэгтгэн Аудит, хяналт шалгалтын хэлтэс болгож, 2 хэлтсийн албан хаагчдыг ажлаас халж, буцаан томилсон.

Миний хувьд захиргааны хэлтэст ашиг сонирхлын мэдүүлгээ хэлтсийн даргаар өгсөн боловч Авлигатай тэмцэх газарт явуулаагүй ба Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т: “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, ...” гэж заасан заалт болон дотоод аудитын дүрмийг баталсан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны “Дүрэм батлах тухай” 483 дугаар тогтоолд өөрчлөлт ороогүй, хүчин төгөлдөр үйлчилж байхад “чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан" гэж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Энэ үед нэгдэж байгаа хоёр хэлтсээс Гүйцэтгэл нийцлийн аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ш 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдсөн, уг хэлтэс албан ёсны даргагүй, Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар миний бие ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байгаа хэлтсийн дарга 2 биш 1 буюу 1 орон тоон дээр 2 биш 1 хүн байхад орон тоо хасагдсан хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн ... хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасан байна. Нэгдэж буй хоёр хэлтсээс нэг нь хэлтсийн даргатай буюу уг албан тушаалыг эрхэлж байсан ганцхан миний бие хэлтсийн даргаар ажиллаж байсан тул орон тоо цөөрсөн гэдэгт хамаарагдахгүй гэж үзэж байна.

Чиг үүрэг хэвээр байхад дарга өөрчлөгдсөнөөр ажлаас чөлөөлж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т: “... төрийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч болон шууд захирагч өөрчлөгдөх нь төрийн албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй байх”, 62.1.3-т “ ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалтан тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байна гэж үзэж байна

Санхүүгийн хяналт шалгалтын төлөвлөгөө, үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан төлөвлөгөөг байгууллага ч батлуулдаг. Санхүүгийн аудитын хэлтэс нь санхүүгийн хяналт шалгалтыг хууль дүрмийн дагуу хэрэгжүүлсэн. Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтэс нь аудитынхаа чиглэлийн ажлыг хийж байсан. Дотоод аудитын туршлага байгаа. Сангийн яамны, Жайка, дэлхийн банк нартай хамтарсан олон сургалтад суусан. Жайка -с дотоод аудитын сургалтад хамгийн сайн оролцсон гэж дурсгалын зүйлс гардуулж байсан. Ү даргын хувьд 2014-2016 онуудад дотоод аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ү болон намайг даргаар ажиллаж байх хугацаанд гүйцэтгэл, нийцлийн гэсэн тусдаа хэлтэс байсан. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйл нь тушаал бууруулах, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нь тэтгэмж өгөх асуудал, төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл нь байгууллагын даргын эрх үүрэг. Эдгээр 3 зүйл заалтыг баримталж уг тушаал гарсан байна. Эдгээр заалтуудыг баримталж намайг ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн дотоод аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаар Захиргааны хэлтэс, Аудит, хяналт шалгалтын хэлтэс, Эрсдэл, дотоод хяналтын хэлтэс гэсэн 3 нэгж, 30 орон тоотойгоор байгууллагын бүтэц, орон тоог шинэчилж 2020 оноос мөрдөж ажиллахаар баталсан. Иймээс газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ******* дүгээр тушаалаар байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталж мөрдөн ажиллаж байна.

... Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаар захирамжаар тус газрын Санхүүгийн аудитын хэлтэс, Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсүүдийг нэгтгэн Аудит, хяналт шалгалтын хэлтэс болгож нийслэлийн Дотоод аудитын газрын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн.

Иймд өмнөх бүтцийн нэгжийн албан хаагчдыг чөлөөлж, шинэ бүтцийн нэгжид шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар Ч.Г Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

Байгууллагын даргын бүрэн эрхийн хүрээнд шинээр зохион байгуулагдсан Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Г томилохоос татгалзаж, тус хэлтэст Ахлах мэргэжилтэн /Ахлах аудитор/-оор ажиллах санал тавьж, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахыг хүссэн боловч уг саналыг хүлээн аваагүй ба Ахлах мэргэжилтэн /Ахлах аудитор/-ын албан тушаалд нэр дэвших хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг эрх бүхий албан тушаалтанд гаргаж өгөөгүй, байгууллагын удирдлагын зүгээс Ч.Г Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилохоос дараах шалтгаанаар татгалзсан. Үүнд:

 • Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм” -ийн 4.4-т “Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байна гэх заалт болон түүнд нийцүүлэн боловсруулж баталсан Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангаагүй. Үүнийг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл анзаарч хянаагүй.

• Нийслэлийн Дотоод аудитын газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх гол хэлтэс болох Аудит, хяналт шалгалтын хэлтсийн эрсдэлд суурилсан дотоод аудитыг “Дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын хүрээ” буюу дотоод аудитын олон улсын стандартын дагуу гүйцэтгэн хэлтэс болон аудитын багийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж удирдах аудиторын туршлага, ур чадваргүй гэж үзсэн.

Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаандаа 2017-2019 оны хэлтсийн төлөвлөгөөнд санхүүгийн аудит биш санхүүгийн хяналт шалгалт гүйцэтгэхээр, мөн тус газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалаар хэлтсийн чиг үүргийг санхүүгийн аудит биш санхүүгийн хяналт шалгалт гүйцэтгэхээр зориуд тусган удирдлагуудаар батлуулсан байдаг.

 Нийслэлийн Дотоод аудитын газрын 2019 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөө, Нийслэлийн Дотоод Аудитын хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан 34, 35, 36 дугаар удирдамжаар нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын нөөц сангийн үйл ажиллагаа, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны санхүүгийн үйл ажиллагаанд Ч.Г ахалсан санхүүгийн аудитын хэлтсийн баг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс ажлын 22 хоногт багтаан хийх хяналт шалгалтыг хугацаандаа дуусгаагүй. Хяналт шалгалтын хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл сунгасан боловч мөн хугацаанд дуусгаагүй. Удирдамжийн хугацааг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 2 сар хэтрүүлсэн ноцтой зөрчлийг гаргасан. Үүний үр дагавар нь нийслэлийн Дотоод аудитын хороогоор газрын 2019 оны тайланг хэлэлцүүлэн, 2020 оны төлөвлөгөөг батлуулах, аудит хяналт шалгалтын ажлыг эхлүүлэх хугацааг хойшлуулж, төлөвлөгөөт ажил хугацаандаа дуусахгүй байх эрсдэлийг үүсгэсэн. Энэ нь тус хэлтсийн дарга Ч.Г хэлтсийн ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, удирдах арга барил хангалтгүй, ажлын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж байгууллагын удирдлага үзсэн.

Ч.Г Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан 2017-2019 онд тус хэлтсийн санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчдын тогтоосон актын барагдаагүй нийт үлдэгдэл 71,754.4 мянган төгрөг бөгөөд үүний 64 хувь буюу 46,051.6 мянган төгрөг нь Ч.Г тогтоосон акт байгаа нь түүний ажлын үр дүн, ур чадвар хангалтгүй байгааг харуулж байна. Ч.Г нь мэргэжлийн хяналтын байгууллагын санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоол гарсан цагаас эхлэн энэ тогтоолыг хууль бус гэж эсэргүүцэн Үндсэн хуулийн цэц хүртэл гомдол гаргасан байдаг. Монгол Улсад Дотоод аудитын салбар олон улсын чиг хандлагаар хөгжиж, улмаар түүний дагуу гаргасан Засгийн газрын шийдвэрийг буруушаан, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэгдэх бүрд санхүүгийн хяналт шалгалтын чиг үүргийг Мэргэжлийн хяналтын байгууллагад буцаан шилжүүлэх тухай асуудлыг гарган тавьдаг.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 39.1.7-д “... төрийн албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох” заалтыг зөрчиж, төрийн албаны захирах, захирагдах ёсыг зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хувьд ажилд анх орсон цагаасаа эхлээд Дотоод аудитын газрын дүрэм журмыг эсэргүүцсэн байр суурьтай байсан. Санхүүгийн хяналт шалгалтыг дэмждэг. Дотоод аудитын газрын нэгж гэж байх шаардлагагүй, санхүүгийн хяналт шалгалт юм гэсэн байнгын тайлбар гаргадаг. Төсвийн ерөнхийлөн захирагчид болон манайд чиглэл өгдөг байгууллагуудад энэ шүүмжийг байнга явуулдаг. Ийм учраас байгууллагын удирдлага итгэл үнэмшилтэй ажиллах боломжгүй байна гэж үзэж байна. Маргаан бүхий тушаалд Ч.Г өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гэсэн нь Ч.Г бусад албан тушаалын орон тоо хасагдсан, 2 хэлтэс нэгдсэн гэсэн шалтгаантай. Гэхдээ энэ тушаал нь халах үндэслэл биш юм. Өөрөөр хэлбэл тухайн ажил орон тоо цөөрснөөс үүсээд тухайн төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулах буюу өөр албан тушаалд ажиллах санал тавьсан. Шийдвэр гаргахаас өмнө энэ санал болгох үйл ажиллагааг зохион байгуулсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар бид сонсох ажиллагааг хийсэн. Би Дотоод аудитын газрын ахлан аудитороор буюу албан тушаал буурч ажиллахгүй даргаар ажиллана гэсэн. Манай байгууллагын зүгээс даргаар ажиллуулах тохиолдолд дараагийн нэр дэвшигчтэй харьцуулна. Ийм учраас Ч.Г Засгийн газрын 483 дугаар тогтоолыг баримталсан. Дотоод аудитын дүрмээр тухайн албан тушаалд ажиллах эрх бүхий ажилтан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх ёстой гэж заасан. Ч.Г ерөнхий шалгуурыг хангахгүй байгаа талаар олон удаа хэлсэн. Засгийн газрын 483 дугаар тогтоолоо баримтлах талаар хэлсэн. Ч.Г нь Авлигатай тэмцэх газарт хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ мэдүүлээгүй. Ч.Г нь Санхүүгийн хяналт шалгалтын газрын даргаар ажиллахыг хүсэж байсан бол ХАСУМ мэдүүлэх ёстой байсан. Төрийн албанд олон жил ажилласан хүний хувьд үүнийг маш сайн мэдэж байх ёстой. ХАСУМ мэдүүлээгүй учраас ямар ч албан тушаалд томилох боломжгүй болсон. Манай байгууллага тухайн тушаалаа гаргаад тэтгэмжийг олголгүйгээр 5 сар хүлээсэн. Ирээгүй учраас тушаалаа гаргасан

Нэхэмжлэгчээс Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан намайг ажлаас халж болохгүй гэдэгт ач холбогдол өгч байгаа. Ч.Г нь Төсвийн тухай хууль буруу ойлгосон байна. Өөрөөр хэлбэл Төсвийн тухай хуулиас гадна 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын тушаалд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр байгууллагын орон тоо, бүтэц, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэж тайлбарласан. Эрх бүхий албан тушаалтан гэдэг нь Нийслэлийн Засаг дарга юм. 2019 оны 9 сард болсон хурлаар бүтэц орон тоо өөрчлөгдөж байсныг Ч.Г мэдэж байсан. Мэдсээр байж нэхэмжлэлийн шаардлага дээр зориудаар тушаалын утгыг гуйвуулсан. Нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй атлаа тухайн албан тушаалд томилогдохоос татгалзаж байна гэж үзэж байгаа. Чөлөөлөгдсөн учраас Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн дагуу тэтгэмж олгосон. Халагдсан бол олгохгүй. Мөн Ч.Г ахлах дотоод аудитороор ажиллахад цалин хөлс урамшуулал өөрчлөгдөхгүй. Ганцхан дарга гэдэг нэр л байхгүй болж байгаа юм. Тухайн албан тушаалын шаардлагыг мэдэж байна. Өөртөө тавигдах шаардлагаа бүрэн мэдэж байгаа. Гэтэл би энэ албан тушаалд тохирох байсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Я.С шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Бүх албан хаагчдыг дотоод аудитын алба нь газар болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажлаас нь чөлөөлөөд томилсон. 2020 оны 01 дүгээр сард гарсан тушаалаар дотоод бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөн. 4 хэлтэс нь 3 болж өөрчлөгдсөн. Халсан үйлдэл байхгүй. Ажил үүргийн дагуу ажилчдыг эргээд томилсон. Ингэхдээ ажилчдаас ХАСУМ бөглүүлж Авлигатай тэмцэх газар луу явуулсан. Ч.Г нь ХАСУМ мэдүүлээгүй учраас үлдээгээд бусад ажилчдын мэдүүлгийг хүргүүлж байсан. Би Ч.Г хэлтсийн даргаар томилох боломжгүй. Ахлах аудитороор томилно. Даргаар ажиллаж байх үеийн цалин нэмэгдэл урамшууллыг бууруулахгүй, эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр албан тушаалыг бууруулж ажиллуулна гэж хэлсэн. Даргын зөвлөлийн хурал, сонсох ажиллагаа, хамт олны хурлаар ч гэсэн хэлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тушаал гарснаас хойш Ч.Г нь ажилдаа ирээгүй. Цагийн бүртгэлээс харахад бүртгэлийн мэдээлэл байгаа боловч надад огт харагдаагүй. Өглөө ажил цуглахаас өмнө болон ажил тарсны дараа цагаа бүртгүүлээд явж байсан нь бүртгэлээс харагдаж байгаа юм.

... 2020 оны төлөвлөгөө батлах хэрэгтэй байна тайлан мэдээгээ өг гэхэд өгөөгүй, алга болсон. Хүний нөөцийн мэргэжилтнээс Ч.Г ажилдаа ирсэн үү? ХАСУМ өгсөн үү? гэж асуухад ажилдаа ирээгүй, мэдүүлгээ өгөөгүй гэж хэлсэн. Холбогдох арга хэмжээ ав гэхэд холбоо барьж чадаагүй талаар надад хэлдэг байсан. Тиймээс ямар нэгэн албан тушаалд Ч.Г томилж чадаагүй. Засгийн газрын тогтоолоор баталсан дотоод аудитын дүрэмд заасан энгийн шаардлага болох магистрын зэрэгтэй байх гэсэн шаардлагыг Ч.Г хангахгүй байсан. Аудиторууд ч хүртэл магистрын зэрэгтэй байна гэсэн шаардлага тавигдсан. Ч.Г нь төрийн албанд санхүүгийн хяналт шалгалтын байгууллагад 20 гаруй жил ажилласан ч гэсэн дотоод аудитороор ажиллаж байсан туршлага хангалтгүй. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах гэж заасан байдаг. Нийлж байгаа 2 хэлтсээс Ч.Г нь хэлтсийн даргаар үлдэж байгаа нь үнэн. Гэхдээ мэргэжил мэдлэг ур чадварын шаардлага хангахгүй гэж үзсэн. Өмнө нь яг энэ албан тушаалыг эрхэлж байсан Д.Ү гэдэг хүнийг томилсон. Дотоод аудиторын туршлагатай, ур чадвартай Ч.Г илүү гэж үзсэн учраас Д.Ү томилсон. Д.Ү нь ХАСУМ мэдүүлсэн. Ч.Г ажилд эгүүлэн томиллоо гэхэд Нийслэлийн дотоод аудиторын газрын үндсэн чиг үүрэг болох аудит хяналт шалгалтын ажил унана. Ч.Г хэлтсийн даргаар байх хугацаанд жишээ нь 2018 оны ажил нь дуусахгүй үргэлжлээд захирагчийн ажлын албанд хяналт шалгалт орсон. 2019 оны 3 ажил он дамнасан байдаг. Ч.Г дуусгаагүй эдгээр ажлуудыг Д.Ү гүйцээсэн. Ажлын хэсгийг ахлаад тайланг нь бичүүлж дуусгаад байгууллагууд руу нь хүргүүлсэн. 2017-2019 онд санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажилласан. Хэлтсийн төлөвлөгөөнд санхүүгийн аудит тусгаагүй, санхүүгийн хяналт шалгалт хийхээр тусгаад дандаа санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн. Яагаад гэхээр Ч.Г санхүүгийн аудит хийх ур чадвар байхгүй. Өмнө нь 20 гаруй жил хийсэн ажлаа хийгээд л байх сонирхолтой. Төсвийн тухай хуулиар санхүүгийн хяналт хийх нь чухал гэж ярьдаг. Санхүүгийн аудит, дотоод аудит дотор санхүүгийн хяналт шалгалтын чиг үүрэг багтдаг. Дотоод аудит гэдэг бол өмнөх санхүүгийн хяналт шалгалт гэдгээс арай өргөн хүрээний ойлголт юм. Ч.Г үүнийг ойлгодоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг. 2019 оныг дуусталх хугацаанд би Ч.Г хамтарч ажилласан. Даргын зөвлөлөөр асуудлыг хэлэлцэхэд хэрэлдэж муудалцахгүй ч гэсэн байнга эсэргүүцдэг. Дотоод аудитын тухай хууль гэж хууль байхгүй ч гэсэн энэ хуулийг орлох Засгийн газрын баталсан дотоод аудитын дүрэм гэж байгаа. Сангийн яамаар энэ дүрмийг баримтал гэж мэргэжил арга зүйгээр хангадаг. Энэ болгоныг Ч.Г нь эсэргүүцдэг. Ийм итгэл үнэмшилтэй, байр суурьтай хүнийг энэ хэлтсийн даргаар томилоход хэцүү.

Хурлын тэмдэглэл, Сангийн яамнаас дотоод аудитын хууль гаргах гээд санал авсан. Дотоод аудитын дунд хугацааны хөтөлбөрийн төсөл санал авч байсан. Тэр болгон дээр санал өгөхөд саналыг эсэргүүцээд дотоод аудитын хууль байх шаардлагагүй, төрийн хяналт шалгалтын тухай хууль байхад хангалттай гэсэн тайлбар бичээд өгсөн байдаг. Шадар сайдын яамд руу явуулсан албан бичиг байгаа. Нийслэлийн 100 дугаар тогтоолыг эсэргүүцэж дотоод аудитын газар гэдгийг хассугай гэсэн төсөл өгсөн байдаг.

Төрийн албан хаагч ёс суртахуунтай байх ёстой. 2016 онд Д.Ү даргыг хэлтсийн дарга байхад нь ажлаас нь чөлөөлж ахлах аудитороор томилсон. Тухайн үед ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гээд шүүхэд хандаж болох байсан. Засаг төр солигдсон, шинэ дарга ирж хамтран ажиллахгүй гэж байхад заавал дарга байх ёстой биш ахлах аудитороор ажиллая гэсэн байдаг. Ч.Г нь аудитор байсан.Ахлах аудиторын албан тушаалыг алгасаад хэлтсийн дарга болсон. Өрх толгойлсон эмэгтэй гэх мэт хувийн учир байдлаа хэлээд хэсэг хүлээхийг гуйсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн үед би захиргааны хэлтсийн даргын хувьд Д.Ү хувийн нөхцөл байдлыг танилцуулж, ур чадвартай хүн албан тушаалын шаардлагыг бүрэн хангаж байгаа, Ч.Г нь магистрын зэрэггүй ур чадварын хувьд Д.Ү даргыг гүйцэхгүй гэж өөрийн чиг үүргийн дагуу хэлсэн боловч надтай хамтарч ажиллая гэвэл Ч.Г хэлтсийн дарга болго, үгүй бол чи бас ажлаа өг гэж шинээр томилогдон ирсэн дарга хэлж байсан. Төрийн албаны зөвлөл рүү удирдах ажилтны сонгон шалгаруулах материал явуулахад албан тушаалын шаардлагад тавигдсан магистрын зэрэгтэй байх гэсэн шаардлагыг Ч.Г хангахгүй байна гэхэд магистрын зэрэг гэдгийг бакалаврын зэрэг болгоод соль гэж хэлсэн. Би арга буюу өөрчлөөд явуулж байсан. Салбар зөвлөлийг Засгийн газрын 483 дугаар тогтоол албан тушаалтны тодорхойлолт зөрж байна гэж буцаах болов уу гэж бодсон. Тэгтэл Ч.Г шалгаруулалтад оруулсан. Ч.Г удирдах ажилтны сонгон шалгаруулалтад эхний удаа тэнцээгүй. Дараагийн удаа тэнцсэн. Д.Ү дарга ахлах аудитороор 3 сар ажиллаад ажлаасаа гарсан. Өөрийнх нь удирдлага дор ажиллаж байсан, удирдах ур чадваргүй хүнээр удирдуулах нь зохимжгүй гэж үзэн өндөр цалинтай хувийн компанид ажиллахаар болсон. Би 2014 оноос хойш энэ байгууллагад ажиллаж хуулийн хүрээнд хэнийг томилж, хэнийг чөлөөлөх вэ гэдэг албан тушаалтны хувьд Ч.Г албан тушаал бууруулж, Д.Ү ирж ажиллахыг урьсан. Би санал тавьж хамтарч ажиллахыг ятгасаар байгаад ирүүлсэн. Ч.Г цаашид ажиллахад хэцүү байгаа учир албан тушаалаас нь бууруулсан. Хэцүү биш байсан бол хамтарч ажиллаад явахад татгалзах зүйлгүй. Би дарга л байх ёстой гэж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.Ү шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2014 онд Нийслэлийн Дотоод аудитын алба анх үүсэн байгуулагдахад уригдан ирж байгууллагын дүрэм, дотоод журам, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, аудитын дунд хугацааны болон жилийн төлөвлөгөө зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулан, тус албаны Санхүүгийн аудитын хэлтсийг удирдаж аудит хийн, Нийслэл шилэн дансны хуулийн хэрэгжилтээр манлайлагч байх зорилго тавин, хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж, шинэ албыг үүсгэн байгуулалцсан. Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн

Иргэн Ч.Г нь анх 2015 оны 11 дүгээр сарын 23-нд Санхүүгийн аудитын хэлтэст дотоод аудитороор томилогдон ирж миний удирдлагад ажиллах болсон. Уг албан хаагч нь компьютерийн хэрэглээний анхан шатны программ дээр ажиллах чадвар хангалтгүй, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалт муу, дотоод аудитын талаар ямар ч ойлголтгүй, аудитын туршлагагүй байсан ба миний бие Ч.Г ажлын арга зүй өгч зааж, сурган өөрөөс шалтгаалах бүхий л хэлбэрээр тусалж, дэмжиж ирсэн байдаг.

Тухайн үед Дотоод аудитын албаны даргаар шинээр томилогдож ирсэн Б.Ж нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* дугаар тушаалаар миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулан ахлах аудитор болгож, хэлтсийн даргын албан тушаалын тавигдах шаардлагыг хангахгүй, өмнө нь удирдах албан тушаал хашиж байгаагүй, дотоод аудитын мэдлэг, туршлагагүй, аудитор Ч.Г ахлах аудиторыг алгасуулан 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Дотоод аудитын албаны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлага  1. Ажлын байранд тавигдах шаардлага ... Боловсрол ... чухал шаардлагатай “Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх заалтыг хангаж чадахгүй болонгуут ажлын байрны тодорхойлолтын боловсролын тавигдах шаардлагыг Бакалавр болгон Ч.Г тохируулан өөрчилж, илтэд хууль бус үйлдэл хийж томилогдсон. Энэ нь дотоод аудитын эрх зүйн үндсийг тодорхойлдог гол захиргааны акт болох Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн 4.4. “Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” гэх заалтыг зөрчсөн бөгөөд Ч.Г нь дээрх шаардлагын нэгийг нь ч хангахгүй этгээд юм.

Түүнчлэн миний бие Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтын сонгон шалгаруулалтад орж тэнцээд томилогдсон байхад шалгалтад ороогүй, шаардлага хангахгүй Ч.Г томилсон нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 38. “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилохгүй” заалтыг мөн ноцтой зөрчсөн. Уг журмын 14. “Энэ журмын 11-д зааснаас бусад төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан /цаашид “удирдах албан тушаалтан” гэх/-ы сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь: a/Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, төрийн жинхэнэ албан тушаалд бэлтгэгдсэн байдал, мэргэшлийн түвшингээр нь 2-оос доошгүй хүнийг сонгон шалгаруулж, Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн албан тушаал дэвшүүлэх замаар уг орон тоог нөхөж болно” заалтуудыг тус тус хэрэгжүүлээгүй.

Тухайн үед миний хууль ёсны эрх ашиг маш ихээр хөндөгдөж хохирч байсан юм. Миний гэр бүлийн хүн 2011 онд зуурдаар нас барж, би насанд хүрээгүй 2 өнчин охины хамт амьдардаг байсан. Оюутан охиноо их сургууль төгстөл буюу 2017 оны 6 сар хүртэл ажиллуулж өгөхийг гуйсан боловч зөвшөөрөөгүй, миний албан тушаалыг үндэслэлгүйгээр бууруулж хэлтсийн даргын ажлыг булаан авсан. Нэг хүний цалингаар амьдарч, насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ төлөө зүтгэн ажиллаж байгаа өрх толгойлсон эмэгтэйг “...тань шиг мундаг хүн хаана ч ажиллана, та ажлаасаа гарчих л даа, танаас гуйж байна, та ажлаа өгчих л дөө ...”  гэж байнгын сэтгэл санааны дарамтад оруулж, албан тушаалыг үндэслэлгүйгээр булаан авсан явдалд маш их гомдолтой байсан. Тухайн үед ганцаараа тул дэмжин туслах хүнгүйгээс болон цаашид дараагийн ажлаа хийн өрхийн орлогоо таслахгүй байх нь үр хүүхдийн ирээдүйд чухал байсан, нөгөө талаас  Б.Ж, Ч.Г нарын хууль бус, бусармаг үйлдлийг мэдэж байсан ч төрийн ажлыг хүндэтгэж тухайн үед би шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгээгүй.

Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилогдсон талаар Миний бие нийслэлийн Дотоод аудитын газарт Аудит, хяналт шалгалтын хэлтэс шинээр байгуулагдсантай холбоотойгоор ажиллах саналыг хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалаар томилогдон ажиллаж байна. Тус газрын дарга Я.С баталсан энэхүү ******* дугаар тушаал нь хууль зүйн алдаагүй үндэслэл бүхий тушаал юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ийн “Дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түүний зөвшөөрлөөр албан ёсоор зохион байгуулсан сургалтад хамрагдсан байна” заалтууд болон Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан албан тушаалын тодорхойлолт боловсруулах журмын дагуу боловсруулан “Төрийн албаны зөвлөлөөс албан ёсоор баталсан албан тушаалын тодорхойлолтод” заасан шаардлага, шалгуурыг бүрэн хангасан тул бүтцийн өөрчлөлтөөр бий болсон Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон юм.

Намайг томилогдох үед хуучин Санхүүгийн аудитын хэлтсийн 2019 оны ажлын тайлан бичигдээгүй, 2020 оны Аудит, хяналт шалгалтын төлөвлөгөөг боловсруулаагүй, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тайлангууд гэх мэт ажлууд хийгдээгүй бүх ажил сул задгай орхигдсон байсан. Миний бие 2017 онд ажлаа Ч.Г хүлээлгэн өгөхдөө ажил хүлээлцэх журмын дагуу цахим болон цаасан бүх баримтуудыг төрийн албаны хууль тогтоомжид заасны дагуу хүлээлгэн өгч байсан.

Гэтэл сая Ч.Г ажиллаж байсан компьютер дээр ямар ч цахим файлгүй байсан ба миний боловсруулсан загваруудын дагуу аудит хийн нэмж ямар ч өөрчлөлт оруулаагүй, шинээр  нэг ч зүйл хийгээгүй байсан. Энэ нь Ч.Г дотоод аудит хийх мэдлэг чадваргүй, сэтгэлгүйг харуулж байгаа юм.

Ч.Г нь миний удирдлага дор аудитороор ажиллаж байсан. 2016 онд хотын даргаар н.Б болоход Ч.Г хэлтсийн даргын ажлыг авсан байдаг. Төр засаг 4, 4 жилийн зайтай солигддог учраас тухайн үед би шүүхэд хандаагүй. Тухайн үед би шүүхэд хандсан бол ажилдаа орох л байсан.

Төрийн албанд удирдах албан тушаалтны сул орон тоо гарсан тохиолдолд шалгаруулж томилдог. 2016 онд би сонгон шалгаруулалтад тэнцээд /сул орон тоо гараагүй/ ажлаа хийж байхад Ч.Г миний ажлыг авсан энэ үйлдэл нь шударга бус. Сул орон тоо гараад санхүүгийн хэлтсийн дарга болоогүй. Чи 2016 онд яаж дарга болсноо бодоод өөртөө анализ хий. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад ороогүй бөгөөд түр томилогдсон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Гуравдагч этгээдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг шууд ноцтойгоор зөрчиж байна. Д.Ү нь өмнө нь энэ хүнийг удирдан ажиллаж байсан. Ч.Г нь тухайн үед ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолтыг дотоод аудитын эрх зүйг тодорхойлдог гол бичиг баримт болох Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын 4.4-т заасан шаардлагыг зөрчсөн.

Ү нь Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалаар томилогдсон. Өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйл, 26 дугаар зүйл, 63 дугаар зүйлд заасан үндэслэлээр тухай албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангасан гэж үзсэн. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, хянуулсны үндсэн дээр томилогдсон.

Д.Ү эрх ашгийг 2 дахь удаагаа зөрчиж байна гэж үзэж байна. Засгийн газрын 483 дугаар тогтоолын аудиторт тавигдах шаардлагыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, мөн хуулийн 7 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргах зүйл заалтуудыг харгалзан үзнэ үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г тус шүүхэд хандан “Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулан, Аудит хяналт шалгалтын хэлтсийн даргаар эгүүлэн тогтоолгох, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй адилтгах олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдөөгүй болно.

Нэхэмжлэгчийн зүгээс “чиг үүрэг өөрчлөгдсөн гэж ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус, нэгдэж байгаа хоёр хэлтэс болох Гүйцэтгэл нийцлийн аудитын хэлтсийн дарга ажлаасаа чөлөөлөгдсөн, уг хэлтэс албан ёсны даргагүй байсан, Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар миний бие ажиллаж байсан, хэлтсийн даргын орон тоон дээр 2 биш 1 хүн байхад орон тоо хасагдсан хэмээн ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй, орон тоо цөөрсөн гэдэгт хамаарагдахгүй, ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2, 62.1.3-т заасныг зөрчиж байна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргасан бол, хариуцагчийн зүгээс “.. Дотоод аудитын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсноор шинэчлэн байгуулагдсан хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг албан тушаалын тодорхойлолтын дагуу нэхэмжлэгч нь хангахгүй байгаа, хяналт шалгалтыг хугацаанд нь дуусгаагүй, үүрэгт ажилдаа хайнга хандсан, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийсэн, хууль зөрчөөгүй” зэргээр тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн зүгээс “маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь Дотоод аудитын газрын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын дагуу тавигдах шаардлагыг хангахгүй, түүнчлэн Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн заалтад нийцэхгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж, маргаан бүхий Нийслэлийн дотоод аудитын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” ******* дүгээр захирамжийн хавсралтаар Дотоод аудитын газрыг Захиргааны хэлтэс бүхий 4 хэлтэстэй, нийт 22 орон тоотой байхаар баталсан байх ба уг захирамжид мөн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай” ******* дугаар захирамжаар Дотоод аудитын газар нь Захиргааны хэлтэс бүхий 3 хэлтэстэй, нийт 30 хүртэл орон тоотой байхаар баталж өөрчлөлт оруулснаар Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай” ******* дүгээр тушаал гарч хамгийн сүүлийн байдлаар уг газар нь Захиргааны хэлтэс /5/, Аудит, хяналт шалгалтын хэлтэс /19/, Эрсдэл, дотоод хяналтын хэлтэс /5/, дарга /1/ бүхий нийт 30 орон тоотой байхаар байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалтыг батлагдсан байна. Үүний зэрэгцээ тус байгууллагын зохион байгуулалтын нэгж, түүний чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Байгууллагын зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг, индекс батлах тухай” ******* дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор нэгжийн чиг үүргийг, хоёрдугаар хавсралт ёсоор зохион байгуулалтын нэгжийн индексийг тус тус баталж мөрдүүлжээ.

Нэхэмжлэгч Ч.Г нь Нийслэлийн Дотоод аудитын албаны даргын 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дүгээр тушаалаар тус газрын Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан ба дээр дурдсанаар Санхүүгийн аудитын болон Гүйцэтгэлийн нийцлийн аудитын хэлтсийг “Аудит, хяналт шалгалтын хэлтэс” болгон нэгтгэж, “нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хамрах хүрээний байгууллагуудын засаглал, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын үйл явцад эрсдэлд суурилсан дотоод аудитыг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх” зэргээр чиг үүргийн хүрээ нэмэгдсэн гэх тайлбартай.

Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ч.Г өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэж, мэргэжил, мэргэшлийн дагуу Аудит, хяналт шалгалтын хэлтэст ахлах мэргэжилтний орон тоог захиргааны зүгээс санал болгож, сонсох ажиллагаа хийн, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахыг хүссэн боловч тухайн албан тушаалд томилогдохоос татгалзаж, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг өгөөгүй тул түүнд 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг нэг удаа олгож, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөр тасалбар болгон Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Маргаан бүхий ******* дугаар тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.5: “... эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3: “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох”, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2-д “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, 45.1.3-д “хуульд заасан бусад үндэслэл”, 45 дугаар зүйлийн 45.1.2: “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон”, 45.1.3: “хуульд заасан бусад үндэслэл”, 62 дугаар зүйлийн 62.1.4: “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг тухайн байгууллагаас олгох” гэж заасныг үндэслэсэн, уг тушаалыг гаргахтай холбоотойгоор сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлж, сонсох ажиллагааг хийсэн байна.

Маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэхэд учир дутагдалтай байна. Тушаалын үндэслэлд байгаа Төрийн албан тухай хуулийн заалтаар зохицуулсан харилцааны агуулгаас, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх эсхүл түүнийг албан тушаал бууруулах ямар үндэслэл байгааг нарийвчилж үзээгүй, тушаал нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан эсэхэд шүүх шууд дүгнэлт өгөх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс “би ахлах мэргэжилтний албан тушаалд томилогдохоос татгалзсан, албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь үүрэгт ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан, хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг дүрмээр болон албан тушаалын тодорхойлолтоор хангахгүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчийг мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоож мөн хуулийн 45.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан талаар дүгнэж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлгийг олгож төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, захирах, захирагдах ёсны, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна гэж дүгнэж, маргаан бүхий тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ байдлыг буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн талаар өөр өөр агуулгаар авч үзсэн хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэл гаргагчийн “албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад үргэлжлүүлэн ажиллах боломжтой” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхэд учир дутагдалтай, захиргааны байгууллага маргаан бүхий асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг хариуцагчаас хэрхэн хангасан нь тодорхой бус, уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 62.1.4-д заасныг захиргаа авч хэрэгжүүлэх байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т: “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т: “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагчаар албан тушаал бууруулсан, эсхүл орон тоо хасагдсаны улмаас тэтгэлэг олгосон маргаан бүхий актыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй байх тул хариуцагчаас хууль, журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн дотоод аудитын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б