Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 151

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунчимэг даргалж шүүгч Г.Мөнхзул, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Иргэдийн төлөөлөгч П.Бум-Аюуш,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч  Б.Гантулга,

Хохирогч Д.Галбадрах, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ,

Иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва,

Шүүгдэгч П.Болдбаатар, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Бадраа

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч

 

            Монгол Улсын иргэн, 1965 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 31-07 тоотод оршин суух, 2001 оны 12 дугаар сарын 11-ний  өдөр Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж, уг ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2-р зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл ухаан бүрэн, ЧБ65111915 дугаарын регистртэй, Өрнөх овгийн Пагамдоржийн Болдбаатарт холбогдох эрүүгийн 201626011050 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгч П.Болдбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” худалдааны төвийн дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, нийгмийн хэвийн журмыг ноцтой зөрчиж, дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийг үл ойшоон бүдүүлэг авирлан, аяга, хутга, хүнсний ногоо, ууттай зүйлсийг зэвсгийн чанартай ашиглаж шидэн танхайрч иргэн Д.Галбадрахын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Болдбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Айраг төвд орж ирсэн. Би 2 дугаар сард зодуулсан байсан бөгөөд хагалгааны болон эмчилгээний зардал хэрэгтэй талаар эхнэртэйгээ ярьж мөнгө байна уу гэхэд эхнэр байхгүй гэхээр нь би бухимдаад архи авч уусан. Энэ үед дагавар хүү Баяржаргал орж ирэхээр нь би хоёулаа уулзая гэхэд “хуц пизда минь” гэж өөдөөс хэлэхээр нь би “чи над шиг пизда үзсэн үү” гээд бостол Баяржаргал зугтсан, би түүн рүү 2-3 төмс болон нохойн хоол шидээд араас нь хөөтөл Галбадрах хүрч ирээд миний хоолойг боосон. Хоолой бооход нь би биеэсээ холдуулах гээд түлхсэн, тэр үед нүүрийг нь самардсан байсан. Би Галбадрахын нүүрийг нь зориуд ураагүй, надад хутга барьсан асуудал байхгүй, танхайрсан нь миний буруу, энэ байдлаа ойлгож байна гэв.

 

Хохирогч Д.Галбадрах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр орой 22 цагийн үед эгчдээ туслаад Айраг төвд байдаг дэлгүүрт нь худалдагч хийгээд байж байхад гаднаас ах Болдбаатар орж ирсэн. Болдбаатар архи аваад задалж уусан. Дүү Баяржаргал орж ирэхэд нь Болдбаатар өндөр дуугаар дуудсан, Баяржаргал тантай ярих зүйл алга гэж хэлэхэд нь төмс ногоо шидсэн. Баяржаргал дэлгүүрээс гарах гэхэд нь араас нь хутга бариад босохоор нь би лангууны араас гарч иртэл бидний өөдөөс хутгаа мөн ногоо, нохойны хоол, ууттай зүйл шидлээд эхлэхээр нь би болиулах гээд очоод бариад автал Болдбаатар миний нүүрийг самардаад байсан. Биднийг салсаны дараа Болдбаатар дахин архи авч задлаад аяганд хийж архиа миний нүүр рүү цацсан, намайг нулимсан, мөн архитай аягаараа нүүрэнд цохьсон. Надад нэхэмжлэх зүйл алга, Болдбаатар буруугаа ойлгож ухамсарлавал гомдолгүй гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2016 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Болдбаатар дэлгүүрт орж ирээд хэрүүл маргаан, зодоон үүсгэхдээ шилтэй архиараа дэлгүүрийн эд хөрөнгө болох тооны машин 3 ширхэг, 2 электрон жин цохиж эвдэлсэн, 1 шилэн лангууг цохиж хагалсан. Нийтдээ 240.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.  

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5034 тоот акт:

1. Г.Галбадрахын биед нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-61/,

 

Хохирогч Д.Галбадрах мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Гаднаас хүргэн ах Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай дэлгүүрийн ногооны тасгийн лангууны ар хэсэгт орж ирж зогссон...Болдбаатар ах архины тасаг дээр ирж лангуун дээрээс 0.5-ийн литрийн шар Чингис архийг авч ногооны тасаг дээр очиж лангууны араар орж архиа задалж улаан өнгийн шилэн аяганд хийж уусан. Энэ үед Цэрэнлхагва эгч хажууд нь зогсож байсан бөгөөд хоорондоо юм яриад байсан. Би юу ярьсан болохыг мэдэхгүй. Тэгтэл гаднаас миний үеэл Баяржаргал нь орж ирсэн. Баяржаргалыг хүргэн ах Болдбаатар ах өндөр дуугаар захирангуй нааш ир гэж дуудсан. Баяржаргал тантай яриад байх зүйл алга, яах гээд байгаа тухай асуусан чинь хүргэн ах Болдбаатар чамайг нааш ир гэж байна гэж хэлтэл Баяржаргал очоогүй. Болдбаатар чамайг хүн дуудаж байхад пизда минь хүрээд ир гэж хэлсэн. Болдбаатар лангуун дээр байсан төмснөөс авч Баянжаргал руу хэд хэдэн удаа шидсэн. Баяржаргал өөдөөс нь та яагаад байгаа юм бэ? гэж хэлээд очих гэтэл хүргэн ах Болдбаатар нь лангууны ард байсан ногоо цэвэрлэдэг хар иштэй хутга баруун гартаа барьж лангууны араас гарч ирсэн. Би Болдбаатар ахыг согтуу байгаа янз бүрийн юм болоод хэн нэгнийгээ гэмтээчих болов уу гээд лангууны араас гарч ирсэн...Болдбаатар ах хөргөгчнөөс хөлдүү нохойн хоол авч, мөн барьж байсан хутгаа дүү Баяржаргал бид 2-ын өөдөөс шидсэн...Би Болдбаатар ах дээр очиж боль гэсэн шаардлага тавьсан чинь миний өмсөж явсан малгайтай цамцны захнаас заамдахаар нь би зөрүүлээд Болдбаатарыг заамдсан. Болдбаатар маш муухайгаар хашгиран та нар ах дүүгээрээ намайг дээрэлхлээ гэж хэлж миний нүүр хэсгээс самардсан. Мөн нүүрэн тус газар руу уурандаа 2-3 удаа цохисон. Мөн гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...миний ам, хамар, самардуулсан хэсгээс цус гарсан. Би лангууныхаа ард орж гараар болон цаасан алчуураар цусаа арчиж цэвэрлэсэн. Харин Болдбаатар ногооны тасгийн лангууны араар орж ууж байсан архинаасаа аягалан уусан. Болдбаатар лангууны ар хэсгээр явж байгаад миний хажууд ирж пизда минь би чамайг ална шүү гэж хэлж нүүр хэсэг рүү 2 удаа шүлсээ нулимсан. Мөн гартаа барьж явсан аягатай архиа нүүр хэсэг рүү цацаж, аягаар нь зүүн шанаа руу нэг удаа цохисон. Болдбаатар нь мөн гартаа ууж байсан архиа барьсан байсан бөгөөд түүгээрээ дэлгүүрийн чихэр ундааны 2 тасгийн жижиг шилэн лангуу, тооны машин зэрэг эд зүйлийг хагалсан бөгөөд архи нь хагарсан...гэжээ. /хх-43-44/,

 

Гэрч Д.Цэрэнлхагва мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...нөхөр Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой архи үнэртүүлчихсэн орж ирсэн...архины лангуун дээрээс 0.5 литрийн шар Чингис архийг авч ногооны тасгийн лангууны ард  задлаад аяганд хийж уусан...Гаднаас миний төрсөн хүү Баяржаргал орж ирээд дэлгүүрийн ногооны лангууны ард зогссон. Болдбаатар Баяржаргалыг хүрээд ир чи гэж хэлсэн чинь Баяржаргал та яах гэж байгаа тухай асуусан чинь Болдбааатар дуугай хүрээд ир гөлөг минь гэж хэлсэн. Баяржаргал  тантай ярих зүйл надад байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Болдбаатар ногооны лангууны дээр сагстай байсан төмс, манжин, сонгино нэг нэгээр нь авч Баяржаргал руу шидсэн...Болдбаатар лангууны араас би чамайг ална гэж хэлж ногооны лангуун доор байрладаг хиам зүсдэг жижиг хар бариултай хутгыг авч лангууны араас гарч ирж Баяржаргал руу дайрсан чинь Баяржаргал дэлгүүрийн ногооны тасгийн лангууны урд хэсэгт байрлах 2 хэвтээ хөргөгчийг тойрон зугтсан. Баяржаргал нь зайрмагны хөргөгчний дээд талын шилэн тагыг авч өөрийгөө хамгаалсан. Энэ үед дэлгүүрийн ногооны лангууны залгаа хүнс жигнэдэг жин тавьсан лангууг даван Галбадрах гарч ирсэн. Болдбаатар нь Галбадрах, Баяржаргал нарыг 2-ланг нь ална хэмээн хутгаа барьсан чигээрээ хөргөгч тойруулан хөөсөн. Болдбаатар нохойн хоол, жижиглэн хийдэг хөргөгчнөөс хөлдүү гялгар уутанд савласан нохойн хоолыг авч шидсэн. Баяржаргал, Галбадрах нар нь хөргөгчний шилэн тагаар өөрсдийгөө хамгаалсан. Тэгтэл гарт барьсан хутгаа Баяржаргал, Галбадрах нар луу шидэхээр нь би лангууны араас гарч Болдбаатарыг хөргөгчнөөс холдуулсан. Би хүү Баяржаргалыг дэлгүүрээс гар гэсэн шаардлага тавьж гаргасан. Энэ үед Болдбаатар нь Баяржаргалыг ална гээд дайраад байхаар нь Галбадрах ирээд та боль гэж хэлэхэд Болдбаатар нь Галбадрахыг өмсөж байсан саарал өнгийн малгайтай цамцны захаас заамдан нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон. Галбадрах нь мөн Болдбаатарын өмсөж явсан куртикнийх нь захаас зөрүүлэн заамдсан. Би Галбадрахыг Болдбаатарт битгий гар хүрээрэй гэж хэлсэн. Би дундуур нь орж болиулсан. Галбадрах, Болдбаатар нар нь бие биенийгээ заамдсан байсан гараа тавьцгаасан...Болдбаатарыг харсан чинь дэлгүүрийн баруун талын лангууны хойно Галбадрахын хажууд очоод зогсчихсон аягатай архиа гартаа барьсан байснаа Галбадрахын нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Мөн нүүр хэсэг рүү нь нулимсан. Болдбаатар зүүн гартаа барьсан шилтэй архиараа дэлгүүрийн баруун хойд хэсэгт байрлах жижиг шилэн лангуун дээр байсан цахилгаан жин, тооны машин зэргийг эвдсэн. Мөн ногооны лангуун дээр байсан цахилгаан жин, 2 ширхэг тооны машин зэргийг эвдсэн...Болдбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ манай хүү Баяржаргалыг дуудахад ирээгүй гэдэг шалтгаанаар агсам согтуу тавьж эд зүйл эвдээд байхаар нь таслан зогсоох гэж байсан Галбадрахын эрх чөлөөнд халдсан. Болдбаатар нь Галбадрахын нүүр хэсэг рүү  гараараа 2 удаа мөн архитай хуванцар аягаар нүүр хэсэг рүү нэг удаа тус тус цохисон...Үйлчлүүлэгч 3-4 хүн байсан...гэжээ. /хх-45-47/,

 

Гэрч С.Баяржаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 04 дүгээр сарын 09-ний орой 22 цагийн орчимд би гэрээсээ ээж Цэрэнлхагвын ажиллуулдаг Айраг худалдааны төвийн дэлгүүр рүү нь гэртээ хэрэглэх хүнсний зүйл авахаар очсон. Дэлгүүрт Галбадрах лангууны ард, харин ээж Цэрэнлхагва нь ногооны лангууны ард, баруун гар талд нь хойд  аав Болдбаатар сууж байсан. Би ээж Цэрэнлхагвын урд очоод зогссон. Тэгтэл Болдбаатар ямар сонин хүн явж байна гэж хэлж инээсэн. Би дэлгүүрийн баруун талд байрлах жимсний лангууны ойролцоо очсон. Болдбаатар намайг нааш хүрээд ир гэж хэлсэн. Би тантай ярих зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл Болдбаатар ногооны лангуун дээр байсан төмс, сонгино зэрэг зүйл авч шидэхээр нь яах гээд байгаа пизда вэ? гэж хэлсэн. Болдбаатар миний нэг удаа чамд зодуулсан одоо тийм зүйл байхгүй ална гэж хэлэхээр нь би чи зүгээр байхад яах гээд байгаа юм бэ? гэж хэлж Болдбаатарын өөдөөс очсон. Болдбаатар сууж байсан сандал дээрээс босон лангууны араар юм хайгаад байсан. Гэнэт лангууны доороос Болдбаатар хар иштэй дэлгүүрт хиам зүсдэг хутга гаргаж ирээд чамайг ална гээд дайрсан. Би хойш ухарч дэлгүүрийн заалны дунд хэсэгт байрлах нохойн хоол хийдэг хөргөгчний ар хэсэгт зогссон. Болдбаатар намайг ална гээд хөргөгч тойруулан хөөсөн. Энэ үед лангууны араас ах Галбадрах гарч ирээд миний хажууд зогссон. Бид 2-ыг хөргөгч тойруулан Болдбаатар хөөсөн. Гүйцэхгүй болохоороо хөргөгчинд байсанд гялгар ууттай нохойн хоол авч шидэхээр нь би хөргөгчний шилэн тагыг авч ах Галбадрах болон өөрийгөө хамгаалсан. Тэгтэл ээж Цэрэнлхагва лангууны араас гарч ирж Болдбаатарыг барьж авахад ээжид дийлдэхгүй над руу дайраад байсан. Ээж намайг дэлгүүрээс гар гэж хөөсөн...Би тухайн үед Болдбаатарт огт гар хүрээгүй...Үйлчлүүлэгч танихгүй 3-4 хүн байсан...гэжээ. / хх-48-49/,

 

Гэрч Ц.Тайванжаргал мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би дүү Баяржаргал руу эгчийн дүү дэлгүүрээс хүнс аваад хоол хийчих гэж хэлсэн. Гэнэт дэлгүүрийн зааланд их шуугиан гарахаар нь би дэлгүүрийн заал руу орсон чинь аав Болдбаатар нь дэлгүүрийн ногооны лангууны араас хутга гартаа барьчихсан гарч ирж байсан. Харин Баяржаргал дэлгүүрийн заалны дунд хэсэгт байрлах хөргөгчний цаад талд зогсчихсон хөргөгчний таг урдаа барьсан байсан. Болдбаатар нь гарт байгаа хутгаа хөргөгчнөөс авсан гялгар ууттай нохойн хоолны хамт Баяржаргал руу шидсэн. Нохойн хоол нь үйлчлүүлж байсан эмэгтэйн толгой хэсэг рүү онож газар унасан. Харин хутга нь дэлгүүрийн голын лангууны урд хэсэгт унасан. Лангууны араас ах Галбадрах гарч ирсэн...Ээж Цэрэнлхагва лангууны араас гарч ирсэн, Болдбаатарыг боль гэж хориод дийлэхгүй  байсан бөгөөд Баяржаргалыг дэлгүүрээс гар гэж хэлж гаргасан. Харин Галбадрах нь Болдбаатарыг хорих гэсэн чинь заамдаж авсан чинь Галбадрах ах зөрүүлэн заамдаж авснаас сүүлдээ бие биенийхээ гарыг барьсан. Галбадрахын гэдсэнд Болдбаатар өшиглөсөн. Мөн нүүр хэсэг рүү нь чам шиг банди ийм зан гаргахгүй шүү гэж хэлээд нүүрэн тус газар руу нь нулиман, самардаад гараараа цохиод байсан. Харин Галбадрах ах цохисон асуудал байхгүй. Ээж Цэрэнлхагва салгасан. Галбадрах ах лангууныхаа ар хэсэг рүү орсон. Араас нь Болдбаатар лангуун араар очоод архины тасгаас архи авч задлаад аяганд хийж нэг уучихаад Галбадрах ахын хажууд очиж аягатай архиа нүүр рүү цацсан. Тэгээд барьж явсан шилтэй архиараа шилэн жижиг лангуу эвдэн, түүний дээр байсан цахилгаан жин, тооны машин зэрэг эд зүйлийг эвдээд байхаар нь би ааваа одоо боль гээд агуулах руу авч орсон, үүний дараа цагдаа нар ирээд авч явсан...Болдбаатар нь гараараа нүүрийг нь маажсан. Мөн гэдэс хэсэг рүү өшиглөөд байсан гэжээ. /хх-50-51/,

 

Гэрч Б.Батцэнгэл мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд гэрийнхээ ойролцоо байрлах Айраг худалдааны төвийн хүнсний дэлгүүр рүү ундаа авахаар орсон. Тэгтэл дэлгүүрт 40-50 орчим насны согтуу эрэгтэй нэг дэлгүүрийн лангууны ард, нэг урдуур нь гарч ороод...0.5 литрийн шар Чингис архийг задлаад лангуун дээр тавьчихсан байсан...Лангууны ард худалдаа хийж байсан залууг заамдан аваад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Харин худалдагч залуу та боль гээд гарыг нь тавиулах гээд байсан. Худалдагч залуугийн нүүрний хамар, хацар хэсэг нь шалбараад цус гарч байсан. Би ундаа авчихаад гарсан...Намайг харахад Болдбаатар нь Галбадрахыг заамдаж аваад нүүр хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиж ална гээд заналхийлээд байсан. Намайг орж ирэхээс өмнө Галбадрахыг их зодсон юм шиг байсан. Учир нь Галбадрахын нүүр хэсэг шалбараад цус болсон байсан...гэжээ. /хх-52-53/,

 

Гэрч Б.Ангарагхүү мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...үүрэг гйүцэтгэх хугацаанд оройн 22 цаг өнгөрч байхад Ачит 10-аас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Айраг худалдааны төв дотор хэрүүл маргаан болж байна гэсэн дуудлагын дагуу очсон... хүнсний 8 нэрийн дэлгүүрт ороход газраар өндөг, хөргөгчний шилэн таг хагарсан эмх замбараагүй байдалтай байсан...Эхнэр нь гэх эмэгтэй манай дүүг нүүр рүү нь цохиж гэмтээсэн, наад хүнээ аваад яв гэж хэлсэн. Би лангууны ард байсан худалдагч залуугын нүүр рүү харахад уйлчихсан, нүүр хэсгийг нь маажсан байдалтай байж байсан...гэжээ. /хх-55/,

 

Шүүгчдэгч П.Болдбаатар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би Галбадрахыг цохиж зодсон асуудал байхгүй. Галбадрах нь намайг боогоод байхаар нь  би өөрөөсөө холдуулж гараараа түлхээд байсан юм гэжээ. /хх-72-73/,   

           

Шүүгдэгч П.Болдбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-75/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-42/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-33/, бусад бичгийн  болон эд мөрийн баримт зэрэг болно.

Шүүгдэгч П.Болдбаатар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айраг” худалдааны төвийн дэлгүүр дотор үл ялих зүйлээр шалтаглан бусадтай маргалдаж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, нийгмийн хэвийн журмыг ноцтой зөрчиж, дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийг үл ойшоон бүдүүлэг авирлан, бусад руу хутга, хүнсний ногоо, ууттай зүйлсийг шидэж, хохирогч Д.Галбадрахын эрх чөлөөнд халдан бие махбодид нь нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл хөнгөн гэмтэл учруулж, улмаар түүнийг хэл амаар доромжлон нүүр рүү нулимах, ууж байсан архиа цацах, архитай аягаараа нүүрэнд нь цохих зэргээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Д.Галбадрахын “...Болдбаатар ах нохойн хоолны хөргөгчнөөс хөлдүү хоол авч, мөн барьж байсан хутгаа дүү Баяржаргал бид 2-ын өөдөөс шидсэн...Мөн нүүрэн тус газар руу уурандаа 2-3 удаа цохисон...гэдэс хэсэг рүү 2 удаа өшиглөсөн...миний ам, хамар, самардуулсан хэсгээс цус гарсан...пизда минь би чамайг ална шүү гэж хэлж нүүр хэсэг рүү 2 удаа шүлсээ нулимсан. Мөн гартаа барьж явсан аягатай архиа нүүр хэсэг рүү цацаж, аягаар нь зүүн шанаа руу нэг удаа цохисон...” гэх /хх-44/, гэрч Д.Цэрэнлхагвын “...Болдбаатар нь Галбадрах, Баяржаргал нарыг 2-ланг нь ална хэмээн хутгаа барьсан чигээрээ хөргөгч тойруулан хөөсөн. Болдбаатар нохойн хоол, жижиглэн хийдэг хөргөгчнөөс хөлдүү гялгар уутанд савласан нохойн хоолыг авч шидсэн. Баяржаргал, Галбадрах нар нь хөргөгчний шилэн тагаар өөрсдийгөө хамгаалсан. Тэгтэл гарт барьсан хутгаа Баяржаргал, Галбадрах нар луу шидэхээр нь би лангууны араас гарч Болдбаатарыг хөргөгчнөөс холдуулсан. Би хүү Баяржаргалыг дэлгүүрээс гар гэсэн шаардлага тавьж гаргасан. Энэ үед Болдбаатар нь Баяржаргалыг ална гээд дайраад байхаар нь Галбадрах ирээд та боль гэж хэлэхэд Болдбаатар нь Галбадрахыг өмсөж байсан саарал өнгийн малгайтай цамцны захаас заамдан нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохисон...” гэх /хх-45-47/, гэрч С.Баяржаргалын “...Гэнэт лангууны доороос Болдбаатар хар иштэй дэлгүүрт хиам зүсдэг хутга гаргаж ирээд чамайг ална гээд дайрсан. Би хойш ухарч дэлгүүрийн заалны дунд хэсэгт байрлах нохойн хоол хийдэг хөргөгчний ар хэсэгт зогссон. Болдбаатар намайг ална гээд хөргөгч тойруулан хөөсөн. Энэ үед лангууны араас ах Галбадрах гарч ирээд миний хажууд зогссон. Бид 2-ыг хөргөгч тойруулан Болдбаатар хөөсөн. Гүйцэхгүй болохоороо хөргөгчинд байсанд гялгар ууттай нохойн хоол авч шидэхээр нь би хөргөгчний шилэн тагыг авч ах Галбадрах болон өөрийгөө хамгаалсан. Тэгтэл ээж Цэрэнлхагва лангууны араас гарч ирэн Болдбаатарыг барьж авахад ээжид дийлдэхгүй над руу дайраад байсан. Ээж намайг дэлгүүрээс гар гэж хөөсөн...” гэх /хх-49/, гэрч Ц.Тайванжаргалын “...Гэнэт дэлгүүрийн зааланд их шуугиан гарахаар нь би дэлгүүрийн заал руу орсон чинь аав Болдбаатар нь дэлгүүрийн ногооны лангууны араас хутга гартаа барьчихсан гарч ирж байсан. Харин Баяржаргал дэлгүүрийн заалны дунд хэсэгт байрлах хөргөгчний цаад талд зогсчихсон хөргөгчний таг урдаа барьсан байсан. Болдбаатар нь гарт байгаа хутгаа хөргөгчнөөс авсан гялгар ууттай нохойн хоолны хамт Баяржаргал руу шидсэн. Нохойн хоол нь үйлчлүүлж байсан эмэгтэйн толгой хэсэг рүү онож газар унасан. Харин хутга нь дэлгүүрийн голын лангууны урд хэсэгт унасан. Лангууны араас ах Галбадрах гарч ирсэн...Галбадрах нь Болдбаатарыг хорих гэсэн чинь заамдаж авсан чинь Галбадрах ах зөрүүлэн заамдаж авснаа сүүлдээ бие биенийхээ гарыг барьсан. Галбадрахын гэдсэнд Болдбаатар өшиглөсөн. Мөн нүүр хэсэг рүү нь чинь чам шиг банди ийм зан гаргахгүй шүү гэж хэлээд нүүрэн тус газар луу нь нулиман, самардаад гараараа цохиод байсан. Харин Галбадрах ах цохисон асуудал байхгүй...” гэх /хх-51/, гэрч Б.Батцэнгэлийн “...дэлгүүрт 40-50 орчим насны согтуу эрэгтэй...лангууны ард худалдаа хийж байсан залууг заамдан аваад нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Харин худалдагч залуу та боль гээд гарыг нь тавиулах гээд байсан. Худалдагч залуугийн нүүрний хамар, хацар хэсэг нь шалбараад цус гарч байсан.Би ундаа авчихаад гарсан...” гэх /хх-53/ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-35-42/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 5034 тоот акт, бусад бичгийн болон эд мөрийн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд П.Болдбаатарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Болдбаатарын өмгөөлөгч шүүгдэгчийн үйлдэлд танхайн гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг байх тул шүүгдэгчид сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж ял шийтгэл оногдуулах талаар онолын тайлбар гаргалаа.

 

Хохирогч Д.Галбадрах ажлаа хийгээд зогсож байхад нь шүүгдэгч П.Болдбаатар гаднаас согтуу орж ирээд дэлгүүрт үйлчлүүлж байсан иргэдийн дэргэд буюу илээр нийгмийн хэв журмыг зөрчиж бусадтай маргаан, зодоон үүсгэж эрээ цээргүй авирлан хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, дэлгүүрийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, дэлгүүрийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд халдан эвдэн сүйтгэсэн, бусад руу эд зүйл авч шидэх, архи хийж ууж байсан аягаараа бусдыг цохих, бусдын бие махбодид халдан хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь догшин авирлан танхайрах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй бөгөөд шүүгдэгч П.Болдбаатарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэж үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгээр ял сонсгон ирүүлсэн нь тохирсон, түүнд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва нь дэлгүүрийн эд хөрөнгөнд учирсан хохирол болох 240.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар П.Болдбаатараас гаргуулах үндэслэлгүй, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар гэр бүлийн гишүүд бөгөөд тэдний дундын өмч гэсэн тайлбар гаргасныг мөн хүлээн авах боломжгүй байна. Иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагва нь өөрийн хөрөнгийг барьцаалан банкнаас зээл авч “Айраг” худалдааны төвд түрээсээр дэлгүүр нээн ажиллуулж эхэлсэн, энэ үйл ажиллагаанд болон банкны зээл төлөлтөд шүүгдэгч П.Болдбаатар огт оролцдоггүй талаар мэдүүлсэн, дундын өмч юм чинь яасан ч яахав гээд эд хөрөнгө эвдэж сүйтгэх эрх П.Болдбаатарт байхгүй, бусдын өмчийн бүрэн бүтэн байдалд халдсанаараа шүүгдэгч П.Болдбаатар учирсан хохирлыг хариуцах ёстой тул түүнээс иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагвын нэхэмжилж буй 240.000 төгрөгийг нөхөн гаргуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.   

 

Шүүгдэгч П.Болдбаатарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 -т зааснаар хүндрүүлэх нөхцөлд байдалд тооцож, П.Болдбаатарын үйлдсэн гэмт хэргийн аюулын шинж чанар, түүний хувийнболон эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжтой байна.

g

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  “Айраг” худалдааны төв гэсэн бичигтэй СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, “энэ бол ухаалаг сонголт” гэсэн бичиг бүхий улаан өнгийн аяга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, П.Болдбаатар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298-р зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Өрнөх овгийн Пагамдоржийн Болдбаатарыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар П.Болдбаатарыг 5 жил 1 хоног хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар П.Болдбаатарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар П.Болдбаатараас 240.000 гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Цэрэнлхагвад  олгосугай.

 

5. П.Болдбаатар цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Галбадрах нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, “энэ бол ухаалаг сонголт” гэсэн бичиг бүхий улаан өнгийн аяга 1 ширхэг, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. П.Болдбаатарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Болдбаатарыг цагдан хорьсныг хэвээр байлгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.ОЮУНЧИМЭГ

 

                ШҮҮГЧИД                                                Г.МӨНХЗУЛ

 

                                                                                     Г.ГАНБААТАР