Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2015/0230

 

 

2015 оны 6 сарын 03 өдөр

 

Дугаар 221/МА2015/0230

 

 

 

Д.О ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У , түүний өмгөөлөгч П.А  , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын гаргасан давж заалдах гомдлоор, Д.О ын нэхэмжлэлтэй, СХДЗД холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: СХДЗД-ын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар тус дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ар талын 236 дугаар байрны хойд талд орших 800 м.кв газрыг эзэмшүүлэхээр болсон. Уг захирамжийг үндэслэн дүүргийн Газрын албанаас 2005 оны 06 дугаар сарын 24-ний өдөр надтай газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 2006 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 053207 тоот гэрчилгээг олгосон... СХДЗД-ын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: ...СХДЗД-ын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжаар Э.Э-т олгосон 2300 м.кв газрын 800 м.кв газарт холбогдох хэсэг, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч СХДЗД М.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...Д.О  нь газар эзэмших эрх үүссэнээс хойш маргаан бүхий газарт ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг ноцтой зөрчиж байсныг тогтоож, дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар захирамжаар хүчингүйд тооцсон. Дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 213 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хойд талд иргэн Э.Э-т 2300 м.кв газрыг орон сууцны зориулалтаар баталгаажуулж, Газрын тухай хуулийн дагуу олгосон, газар эзэмшигч иргэн нь шударга эзэмшигч юм. Иймд Д.О ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.Э ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: ...Э.Э  2012 онд СХДЗД-ын Тамгын газрын Газрын алба-д газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж, хууль журмын дагуу бичиг баримтыг бүрдүүлж, 2012 оны 06 дугаар сарын 29-нд СХДЗД-ын захирамж гарч, тус дүүргийн 29 дүгээр хороонд 2300 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Д.О  нь тус дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард 23Б байрны хойд талд орших 800 м.кв газрын талаар нэхэмжлэлийг гаргах эрх бүхий бус этгээд юм... Шүүхийн шийдвэр, магадлалд Хадан Ус ХХК нь иргэн Д.О аас 800 м.кв талбай бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан нь Хадан Ус ХХК-ийн тайлбараар нотлогддог... Маргаан бүхий акт, газрын эзэмшлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул Д.О ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, СХДЗД-ын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжийн Д.О т холбогдох буюу давхцал 800 м.кв газарт холбогдох хэсгийг, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар захирамжийн Д.О т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А давж заалдах гомдолдоо: ...Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх ба хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэж, хянан хэлэлцэх зарчмыг гажуудуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрх хүчин төгөлдөр эсэх талаар хянаж үзэлгүй шийдвэрлэсэн нь шүүхийн алдаатай үйл ажиллагаа гэж үзэж, давж заалдах гомдлыг гаргаж байна.

 

Учир нь, нэхэмжлэгч Д.О  нь Э.Э ийн СХДЗД-ын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, тус дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн ард байрлах 2300 м.кв талбай бүхий газрын 800 м.кв талбайг Д.О ын эзэмшлийн гэх газраас давхцуулан олгосон ба тус давхцуулан олгосон гэх 800 м.кв талбайн эзэмшлийн зөвшөөрлийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.О ын нэхэмжлэлд дурдсан газрын эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээгээр Хадан Ус ХХК-д иргэн Д.О  2008 онд худалдсаныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хадан Ус ХХК-ийн захирал Ц.Э  тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснийг шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хэтрүүлээгүй гэж үзэх үндэстэй гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл 6.1, 6.2, 6.3, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг хэрэглэсэнгүй. Д.О ын гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй талаар Сонгинохайрхан дүүргийн Өмчийн харилцааны газраас гаргасан тайлбар болон нотлох баримтыг үнэлж үзэлгүйгээр шударга эзэмшигч Э.Э т олгосон дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжаар 2300 м.кв газрын 800 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг хүчин төгөлдөр бусад тооцсон нь шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдсэн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А-ын анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар уг захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүх маргааны үйл баримт болон, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байхад хэтрүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, дүүргийн Өмчийн харилцааны газрын тайлбар болон нотлох баримтыг үнэлж үзээгүй гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гарган маргаж байна.

 

1.    СХДЗД-ын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн хуучнаар 18 дугаар хороо, одоогийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 23Б байрны ард 800 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг Б.С-аас Д.О т гэрээний үндсэн дээр шилжүүлснээр нэхэмжлэгч дээрх газрыг эзэмших эрхтэй болжээ.

Хариуцагч дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн дээрх газартай давхцуулан гуравдагч этгээд Э.Э т 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар захирамжаар 2300 м.кв талбай бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 , 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан газрыг эзэмшүүлэхэд газрын давхцал бий эсэх, бусдын эрх зөрчигдөж болзошгүй байдлыг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүйгээс мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим зөрчигдсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хуулийн дагуу газрын төлбөрөө төлсөн, дүүргийн Газрын албанаас газар ашиглаж, эзэмших гэрээг дүгнэж байсан зэрэг нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д заасан үүргээ зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Э.Э т 2300 м.кв газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгчийн газартай давхацуулан олгож хууль зөрчсөн учраас тус дүүргийн Засаг даргын 2012 оны 213 дугаар захирамжийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй.

 

2.    СХДЗД маргаан бүхий 213 дугаар актаа зөвтгөхийн тулд 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 252 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.О ын эзэмшиж буй 800 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу юм.

Тухайлбал, энэхүү захирамжид нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ямар үндэслэлээр хүчингүй болгосон, Газрын тухай хуулийн аль заалтыг нэхэмжлэгч Д.О  хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

3.    Нэхэмжлэгч Д.О аас маргаан бүхий газрыг Хадан ус ХХК-д эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, тухайлбал, эрх шилжүүлсэн дүүргийн Засаг даргын захирамж гараагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрх хүчин төгөлдөр эсэхийг шүүх хянаж үзэлгүй шийдвэр гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

4.    Нэхэмжлэгчийн Маргаан бүхий 800 м.кв газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон дүүргийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 252 дугаар захирамжийг 2013 оны 12 дугаар сард олж мэдснээс хойш цагдаагийн байгууллагад хандсан, улмаар гуравдагч этгээд 2014 онд иргэний хэргийн шүүхэд хандсан учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.

Иймээс нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, СХДЗД-ын 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 213 дугаар, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 252 дугаар захирамжуудыг Газрын тухай хуульд нийцүүлэн, үндэслэлтэй зөв гаргасан шийдвэр гэж үзэхгүй тул эдгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч Д.О ын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР