Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/120

 

 

НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,  

хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,                                                                

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат

шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б*******, Ц.А******* нарт холбогдох эрүүгийн 2115000140145 дугаартай, 163/2022/0084/Э индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ш******* овогт Б******* Б*******, Булган аймгийн Г******* суманд ... оны 05 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймгийн .... сумын ...дугаар баг ..... тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ .....ажилтай байсан, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ..../,

Монгол Улсын иргэн, Ха******* овогт Ц*******н А*******, Булган аймгийн .... суманд 1.... оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймгийн ...н сумын ... дугаар баг, ... тоот хаягт оршин суух бүртгэлтэй, хэрэгт холбогдох үед .....ажилтай байсан, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, /РД: ...../,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б******* нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Ц.А*******тай бүлэглэн Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 2 давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Л Э*******д “Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух Д.М бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд халдаж цахилгаан бороохойгоор цохиулж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Шүүгдэгч Ц.А******* нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Б.Б*******тай бүлэглэн Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 2 давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Л Э*******д “Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух Д.М бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд халдаж цахилгаан бороохойгоор цохиулж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2115000140145 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар Б.Б*******, Ц.А******* нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 2 давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд Л.Э*******д “Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух бага насны Д.М бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд халдаж цахилгаан бороохойгоор хоёр гарын бугалга, гуя, нуруу, бэлэг эрхтэнг цохиулж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*******ын өгсөн: Би 1998 оноос хойш Цагдаагийн байгууллагад тасралтгүй 22 жил ажиллаж байгаад 2022 оны 04 сарын 18-ны өдөр цэргийн тэтгэвэрт гарсан. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан Ганбаатарын өгсөн үүрэг даалгаврын дагуу Сэлэнгэ суманд бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон Э олохгүй байсан юм. Одоо Орхон аймагт байна гэнэ, чи явж авч ир гэсний дагуу явсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт Орхон аймаг руу явж, Сэлэнгэ сумын хэсгийн төлөөлөгч И өгсөн утасны дугаараар Э*******тэй холбогдож 16 цагт очиж уулзсан. Тэгэхдээ хэргийн талаар яриагүй, Булган аймагт очиж уулзана гээд шууд ирсэн. Ирэхэд 16 цаг өнгөрсөн байсан. Миний өрөө Цагдаагийн газрын 2 давхарт байдаг ба манай өрөөнд орж ирээд Л.Э*******тэй хэргийн талаар ярилцсан. Тухайн үед А******* гаднаас орж ирээд шүүхээс эрэн сурвалжлах зарласан хүмүүсийг хянаад өгөөч гэхээр нь би одоо ажилтай байна дараа болъё гэсэн. А*******ыг орж ирэхээс өмнө Э*******эс цагдаад таньдаг хүн байна уу гэж асуухад А******* гэж хүн байгаа гэж хэлж байсан болохоор нь би А*******аас чи энэ хүнийг таних уу гэж асуухад А******* танихгүй гэсэн. Хэсэг хугацааны дараа шинэ хороонд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн дуудлага ирээд дуудлагад намайг яв гэсэн. Тэр үед орон нутгийн сонгууль болоод цагдаагийн алба хаагч нар сонгуулийн байр луу хамгаалалтад яваад хүн хүч байхгүй, би жижүүртэй байсан юм. Тэгээд би дуудлагад явахдаа Э жижүүрийн өрөөнд үлдээж яваад 18 цагийн үед дуудлагаас ирж байхдаа Цагдаагийн газрын үүдэнд А*******тай таарсан. А******* надаас хянуулахаар өгсөн материалаа асуухаар нь амжаагүй байна, чи өөрөө ороод харчих гэж хэлсэн. Тэгээд Э авч дээшээ гараад наад талын өрөөнд би Э*******тэй үлдээд А*******т өөрийнхөө компьютерынхоо кодыг хийж өгөөд шүүхээс эрэн сурвалжилсан хүмүүсийн талаарх мэдээллийг А******* өөрөө хянахаар болсон. Тэр үед би Э*******эс яагаад тийм жаахан охиныг хүчиндсэн талаар асуухад миний ярьж байгааг үл тоомсорлосон байдалтай дуугарахгүй суугаад байсан. Тэгээд миний уур хүрээд “чи малаас дор мал юм, мал хүртэл өөрийнхөө үр удмыг гишгэдэггүй, яаж өөрийн төрсөн эгчийн охиныг тэгдэг байна?” гэж хэлсэн. Э******* тэгэхэд миний ярьж байгааг үл ойшоосон байдалтай байсан. Тэгэхээр нь уур хүрээд Э******* рүү хашхичиж эхэлсэн. А*******ыг дуудаад “бороохой байна уу” гэсэн “байгаа” гэхээр нь тэгвэл аваад ир гэж хэлсэн. А******* өрөөнөөс гараад бороохой авч орж ирсэн ба тэр бороохойг ажиллуулах гэсэн ажиллахгүй байхаар нь өөрийнхөө өрөөнд цэнэглэж байсан жижиг бороохойгоор Э 2 гарын бугалга, нуруу, хөл рүү бороохойдсон. Тэгсэн Э “яая яая” гэж хашхирч байхад А******* цаанаас гарч ирээд намайг “ингэж болохгүй боль” гэхээр нь би болиод цонхон дээр очсон. Э******* буйдан дээр суусан. А******* тэрнээс хойш удаагүй манай өрөөнөөс гарсан. Хэсэг юм яриад байж байхад гаднаас Б, дэд дарга хоёр орж ирсэн. Тэрнээс хойш хэр хугацааг өнгөрснийг мэдэхгүй байна. Тэгээд Э*******тэй яриад хонох газар байна уу гэхэд байхгүй гэхээр нь тэгвэл мөнгө байна уу гэсэн 30,000 төгрөг байна гэхээр нь тэгвэл наад мөнгөөрөө буудалд хонох уу гэсэн тэгье гэсэн. Буудалд очоод өрөөний төлбөрийг асуухад 40,000 төгрөг гэхээр нь 30,000 төгрөгөөр хонуулчих гэж гуйхад буудлын хүн тэг гэсэн. Тэгээд А*******ыг Э*******тэй банк явуулж АТМ-ээс мөнгийг нь авахуулсан. Тэгээд А******* гэр лүүгээ яваад би Э*******эс чи хоол идсэн үү гэсэн үгүй гэхээр нь би Э дагуулж гэртээ авч очиж хоол идүүлчхээд одоо буудлаа олох уу гэсэн олно гэсэн. Тэгээд маргааш өглөө 9 цагт цагдаа дээр бэлэн байгаарай гэж хэлээд явуулсан. Маргааш нь мэдүүлэг авахдаа Э өмгөөлөгч авах уу гэсэн тийм зүйл мэдэхгүй гэхээр нь чиний холбогдоод байгаа хэргийн хувьд мэдүүлэг авахын тулд заавал өмгөөлөгч байх шаардлагатай гээд улсын өмгөөлөгч Найданг дуудаад өмгөөлөгчийн хамт мэдүүлэг авсан гэх мэдүүлэг, 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А*******ын өгсөн: 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Шүүх шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчийн орон тоон дээр ажиллаж байсан. Тухайн үед орон нутгийн сонгууль гээд Булган аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нар сонгуулийн хэсгийн хороонд хамгаалалтад гарсан байсан тул Цагдаагийн газар хүн цөөхөн байсан. Би хэсгийн хороодын санал авах байрны хамгаалалтын зургийг оруулах ажилтай өрөөндөө сууж байсан. Шүүхээс эрэн сурвалжлах захирамж гарсны дагуу түүнийг шалгуулахаар 16 цагийн үед Б*******ын өрөөнд орсон. Тэнд Э******* хамт байсан. Эрэн сурвалжлах хянаад өгөөч гэсэн Б******* завгүй байна, хэсэг байж байгаад ир гэсэн. Тэгээд өрөөнөөс нь гарах гэтэл Б******* надаас “чи энэ залууг таних уу” гэж асуусан. Тэгээд би “танихгүй, ямар учиртай хүн юм” гэж асуучхаад гарч яваад өрөөндөө сууж байгаад 17-18 цагийн үед тамхи татах гээд гадаа байж байхад Б******* гаднаас орж ирсэн. Тэгээд та нөгөөхөө хянасан уу гэсэн хянаагүй байгаа, чи өрөө ороод харчих гэхээр нь Б*******ын өрөө рүү Э*******тэй хамт бид гурав орсон. Б******* надад компьютероо асааж өгсөн, компьютер дээр суугаад сангаа нээж байхад Б******* надаас “том цахилгаан бороохой байна уу” гэхээр нь Э айлгах гэж байгаа юм байна гэж бодоод “өрөөнд байгаа” гэсэн чинь “аваад ир” гэхээр нь би бороохойг авчирч өгсөн. Тэгээд сан дээр материалаа хянаад нэлээн удаан суусан. Өрөөний том зааланд Б*******, Э******* хоёр ярилцаад Б******* хошуучийн дуу өндөрсөөд ирсэн. Тэгээд цахилгаан бороохойны дуу дуугарсан. Гэхдээ би бороохойгоор цохиулаагүй, айлгаж байгаа байх гэж ойлгосон. Дахиад удалгүй Э******* “яая яая” гээд хашхираад Б*******ын “хөлөө өргө” гэсэн дуу гарахаар нь хаалгаар шагайж харахад Б******* Э урд зогссон, Э царай улаа бутарсан байдалтай байсан. Тэгээд Б*******ыг “боль, ингэж болохгүй” гэж хэлчхээд өрөө рүү нь эргэж орж сан дээр хийж байсан зүйлээсээ гараад өрөө рүүгээ орсон. Өрөөндөө юм хийгээд сууж байхад Б******* залгаад хаанаа байгаа юм гэхээр нь өрөөндөө байна гэсэн буудал руу хүргээд өг гэсэн. Тэгээд Хантай буудлын 2 давхарт оруулж байхад Б******* Э*******тэй хамт яваад мөнгийг нь банкнаас аваад ир гэсэн. Тэгээд “Од” дэлгүүрийн АТМ-ээс мөнгө аваад Э буудал дээр хүргэж өгөөд би гэртээ харьсан гэх мэдүүлэг,

 

         3. Булган аймгийн Цагдаагийн газрын хошууч Б*******, А******* нар нь иргэн Л.Э******* миний хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэж эрүүдэн шүүсэнд гомдолтой байна. Төрсөн эгчийн 8 настай охин Мг хүчиндсэн хэргээр намайг эрүүдэн шүүж, ажлын байрандаа дарамтлан, худал мэдүүлэг өгөхийг шаардаж, хилс хэрэг хүлээлгэсэн тул үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэх Л.Э гомдлыг хүлээн авсан Авлигатай тэмцэх газрын өргөдөл гомдлын бүртгэл-хяналын карт, /1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар тал/

 

         4. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Э гэрчээр өгсөн:: ... Б******* нь намайг Булган аймаг дахь Цагдаагийн газрын хоёр давхарт байрлах вакум хаалгатай өрөөгөөр дамжаад нэг жижиг өрөө рүү авч орсон. Жижиг өрөө рүү ороод Б******* миний гар утсыг оролдоод ...“М гэж таних уу? гэж асуухаар нь би “манай эгчийн хүүхэд үү” гэсэн чинь Б******* “чи яагаад жаахан хүүхдийг хүчирхийлсэн бэ?” гэж асуухаар би “тийм хэрэг хийгээгүй” гэж хэлсэн. Тэгтэл Б******* хажуу талынхаа ширээ нь дээр байсан хар өнгийн цахилгаан бороохойг аваад цэнэглэгчид нь хийгээд цэнэглэсэн. Тэр үед Сэлэнгэ сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан А******* өрөөнд орж ирээд “энэ яасан юм бэ, хаанахынх юм бэ” гэж асуусан. Тэгтэл Б******* “Энэ Ингэтийнх, хэрэг үйлдсэн” гэж хэлсэн. ...Тэгээд Б******* нь “А*******ыг том бороохой аваад ир” гэхэд А******* өрөөнөөс гараад явсан. Б******* намайг дагуулж вакум хаалгатай  өрөө рүү авч ороод “чи жаахан хүүхэд яагаад хүчирхийлсэн юм бэ?” гээд цэнэглэж байсан цахилгаан бороохойгоо асаагаад миний баруун, зүүн хоёр мөрний бугалга хэсэгт ээлжилж олон удаа цохиулсан. Тухайн үед би ийм хэрэг хийгээгүй гээд цахилгаан бороохойгоор цохиулахгүй гээд холдох үед миний гэдэс рүү цохиулах гэхээр нь би зайлсхийгээд цохиулаагүй. Б******* хошууч “...чам шиг хүнийг шоронд хийхэд амархан, чи хэргээ хүлээхгүй бол чамайг шууд хорьж байцаалт авна” гэсэн. Тэгээд Б******* нэг хүн рүү утсаар яриад “Э хэргийг аваад ир гэсэн”. Дахиад Б******* өөр нэг хүн рүү утсаар яриад “Э хэргээс охины өгсөн мэдүүлгийг чатаар явуулаадах” гэсэн. Тэгсэн А******* цагдаа нэлээн том цахилгаан бороохой барьж орж ирсэн. Тэгээд “энэ ч арай хэтрэх байхаа, морь мал цохиход унадаг юм чинь, наадахыг чинь алаад хаячихна ш дээ” гэж Б*******д хэлээд инээлдээд байсан. Б******* хошууч өөрийн гар утсан дээрээсээ май энийг унш гээд надаар уншуулсан. Би тэрийг нь уншсан чинь “би сайн санахгүй байна, 2-3 жилийн өмнө гэртээ ганцаараа хоймрынхоо модон ор нь дээр унтаж байсан, Э*******э ах гаднаас согтуу орж ирээд намайг хуруугаараа миний эрхтнийг оролдсон, дараа нь боожгойгоо хийх гэж оролдсон, “яаая агаа” гэсэн чинь босоод гараад явсан.” гэж бичсэн зүйл байсан. Хошууч Б******* ... “ энэ хүүхдийн өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээ баталчихсан, одоо хэргээ хүлээ” гэсэн. Тэгэхээр би ... “би тийм хэрэг хийгээгүй” гэсэн чинь Б******* “энэ хүүхдийн мэдүүлэг, шүүх шинжилгээ баталчихсан, одоо хэргээ хүлээ” гэсэн. Тэгэхээр нь би ... “тийм хэрэг хийгээгүй” гэсэн чинь хошууч Б******* ...“яахаараа хэргээ хүлээдэггүй юм” гээд намайг дахин жижиг цахилгаан бороохойгоор цохиулах гэхээр нь би зайлсхийсэн чинь миний баруун гарыг гавлаад гавын нэг талаас хошууч Б******* бариад А******* цагдаад ... “хананд жижиг төмөр өлгөөд тэр төмрөөс нь гавыг нь зүүчих юм бол хөдлөхгүй амар юм байна” гээд миний хоёр гарыг нийлүүлээд цээжний урд талд гавласан. Хошууч Б******* “яахаараа чи хэргээ хүлээдэггүй юм, би чамд хэргийг чинь хүлээлгээд өгнө гээд, намайг өмд, дотуур өмдөө тайл” гэсэн. Би гавтай байсан учир арай хийн өмд, дотуур өмдөө тайлсан. Хошууч Б******* миний гавтай гараас дээш татаад өөрөө цонхны тавцан дээр гараад миний хоёр гарыг дээш өргөөд ... “А*******аа наадхаа одоо хоёр төмсөг рүү нь цахилгаан бороохойгоор цохиул ” гэсэн. Тэгсэн А******* цагдаа жижиг цахилгаан бороохойгоор миний бэлэг эрхтэн рүү цохиулах гэхээр нь би зайлсхийсэн чинь чи яагаад хөдлөөд байгаа юм гээд миний хоёр хөлийн гуяны гадна талд олон удаа цахилгаан бороохойгоор цохиулсан. ... Тэгсэн А******* цагдаа жижиг цахилгаан бороохойгоор миний хоёр төмсөг рүү эхлээд нэг удаа цохиулсан чинь хошууч Б******* ... “аятайхан хэргээ хүлээгээд, ах, эгч нартаа очоод гомдолгүй гэсэн бичиг аваад ир, би нэг удаадаа чамайг салгаад явуулъя гэсэн. Тухайн үед миний бэлэг эрхтний хэсэгт аймар өвдөөд би уйлах гээд уйлж чадахгүй, ярих гээд ярьж чадахгүй байсан. Тэгээд хошууч Б******* А******* цагдаад хандан “наадах чинь хэргээ хүлээхгүй байна, дахиад цахилгаан бороохойгоор цохиул” гэсэн. Тэгэхээр нь “би болъё ахаа” гэсэн чинь А******* цагдаа дахиад миний төмсөг рүү жижиг цахилгаан бороохойгоор 2 удаа цохиулаад одоо хамаагүй бэлэг эрхтэн хүү олон удаа цахилгаан бороохойгоор цохиулж болохгүй байх гэж хошууч Б*******д хэлсэн. ...Тухайн үед А*******, Б******* нар нь намайг цахилгаан бороохойгоор цохиулаад, цохиулсан газар нь хоёр ширхэг жижиг цэг үүсээд хөхрөөд л 5 хоногийн дараагаас арилж эхэлсэн. Харин бэлэг эрхтнийг цахилгаан бороохойгоор цохиулснаас хойш нэг сар өвдсөн. ... гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 30-35 дахь тал/,

5. Гэрч С.Мө*******ын өгсөн: ... Тухайн он, сар, өдрийн бичлэгүүд одоо байхгүй, устгагдсан байгаа. Гэхдээ цагдаагийн байрны 1 давхрын коридор хэсгийг хянасан хяналтын камерын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цагаас 17 цагийн хоорондох бичлэг, 2 давхрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 20-22 цагийн хоорондох бичлэгийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Гт хуулбарлан өгч байсан. Г даргад хуулбарлан өгсөн дээрх бичлэгүүд миний компьютерт одоо хадгалаастай байгаа. Хуулбарлан өгсөн 1, 2 давхрын бичлэгийг тасралтгүй хуулаагүй, дундаас нь тасалж, бичлэгээс харах гэж байгаа хүнийг орж, гарч байгаа хэсгийг хуулбарлан өгсөн байгаа. Бичлэг дээр хэдээс хэдэн цагийн бичлэг хуулбарласан нь харагдана... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дэх тал/,

6. Гэрч Г.Гын өгсөн: ... Булган аймаг дахь Цагдаагийн газрын бусад оролцогчоос мэдүүлэг авах өрөө нь 2 хяналтын камертай, хяналтын камерын бичлэг нь миний мэдэж байгаагаар нэг сар хадгалагддаг. Хяналтын камерыг миний өрөөнд хянадаг. Мэдүүлэг авах өрөөний хяналтын камерын  бичлэгийг огт архивладаггүй. Мөрдөгч нар шаардлагатай гэж үзсэн мэдүүлэг авах ажиллагааны үеийн бичлэгээ хуулбарлан авч хэрэгт хавсаргадаг... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

7. Гэрч Ц.Ц өгсөн: ...Намайг яллагдагч Л.Э*******эс яллагдагчаар мэдүүлэг авах үед яллагдагч нь эргэлзээгүйгээр өөрийн үйлдсэн хэргийнхээ талаар мэдүүлж байсан. Яллагдагч Л.Э******* нь яллагдагчаар мэдүүлэхдээ “би согтуу эгчийндээ очоод Мг орон дээрээ хэвтэж байхад нь бэлэг эрхтнийг нь гараараа илж үзээд өмд болон турсикийг нь тайлж, бэлэг эрхтнээ бэлэг эрхтэн рүү нь  хийсэн чинь тулаад байсан. Тэр үед М “ёооё агаа” гэхээр нь шууд болиод унтаад өгсөн.”  гэж мэдүүлж байсан санагдаж байна. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

8. Гэрч Г.М өгсөн: ...Цагдаагийн хошууч Б*******д ямар нэгэн тусгай хэрэгсэл хуваарилан өгөөгүй. Харин ахлах дэслэгч Ц.А*******т 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бугуйн төмөр гав нэг ширхэг, том цахилгаан бороохой нэг ширхгийг газрын даргын зөвшөөрлөөр хуваарилан өгсөн. Цахилгаан бороохой нь бариул  хавтгай, урд хэсэг нь бөөрөнхий, дугуй хэлбэртэй, 40 орчим см урттай, хар өнгийн ард талдаа хоёр ширхэг дөрвөлжин батарей ордог, урд талдаа тог гаргадаг хоёр ширхэг шонтой. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн жилийн эцсийн тооллого хийх үед Ц.А*******т хангалтаар өгсөн гав нь байсан. Харин  цахилгаан бороохой нь байгаа гэж Ц.А******* хэлж тоолуулсан. Ц.А*******, Б.Б******* нарт ямар эд хөрөнгө бүртгэлтэй байгааг бичсэн ашиглалтын бүртгэл надад байгаа.  ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,

9. Гэрч Ц.О өгсөн: ...2020 оны 10 дугаар сарын сүүлээр санагдаж байна. Би гар утасны сүлжээтэй уулан дээр гараад хүү Э******* рүү залгасан чинь Э******* ...”намайг Э*******тэд явж байхад Булганы Б******* гэх цагдаа хэрэг хийсэн гэж Булган аймагт аваачаад нэг цагдаатай нийлж, бэлэг эрхтэн рүү цахилгаан бороохойгоор цохиулсан.”  гэж хэлсэн. Би тухайн үед нь тэгээд яасан өвдөж байна уу гэж Э*******эс асуусан чинь эхлээд их өвдсөн, одоо гайгүй болж байна гэж хэлж байсан. .... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 42  дахь тал/,

10. Гэрч Д.М өгсөн: ... Би сая таны надад үзүүлсэн хяналтын камерын бичлэгийг үзсэн. Хяналтын камерын бичлэг дээр Ц.А******* нь миний ажлын өрөөнд байх ширээний доод талын тавиур дээр тавьсан байдаг байсан анх намайг Булган аймаг дахь Цагдаагийн газарт ахлах байцаагчаар ажилд томилогдон ирэхэд өрөөнд байсан хар өнгийн 30 орчим см урттай, ажилладаггүй, нэрийг нь мэдэхгүй цахилгаан бороохойг өрөөнөөс авч гартаа барьсан коридороор явж байгаад хяналтын камерт бичигдсэн байна.  ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

11. Гэрч Л.Х өгсөн: ... 2020 оны 10 дугаар сарын дундуур санагдаж байна. Миний дүү Э******* над руу утсаар яриад ...”намайг хэрэг хүлээлгэх гээд Булганы цагдаа бороохойдоод алах нээ” гэж байсан. Тэгэхээр нь би яахаараа тэгдэг юм гомдол гаргая гээд бодсон боловч хоёр жаахан хүүхэдтэй тул гомдол гаргаж өгөөгүй. ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал/,

12. Эрүүгийн дугаартай хэрэгт үзлэг хийж хуулбарлан авсан баримтууд: /1 дүгээр хавтаст хэргийн 137, 162 дахь тал/,

13. Шинжээч Ц.А ...“Би шинжилгээ хийлгэхдээ дээрх дүрс бичлэгийн дуу авиаг сайжруулах зорилгоор манайд ашиглаж байгаа программ болох аудишн гэдэг нэршилтэй программ хангамжаар дуу авиаг сайжруулсан. Үүнээс өөр төрлийн программ хангамж ашиглаж дуу авиаг сайжруулах боломжтой байж болох юм.” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 57-58 тал/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 735 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгүүд болон цахилгаан бороохой бугуйн гав зэрэг нь биет байдлаар ирүүлсэн тул шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн came14_2020-10-12_19-50-59_САМ14 (convert-video-online.com) (1) гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020/10/12 19:41:51 секундэд дүрслэгдэх хүний баруун гартаа барьсан эд зүйл нь харьцуулах загвараар ирүүлсэн цахилгаан бороохойтой өнгө, хэлбэр, оруулга, гэрлийн цайр зэрэг шинж тэмдгээр тохирч байна. Зүүн гартаа хар бараан өнгийн зүйл барьсан байна. 3. Шинжилгээнд ирүүлсэн came14_2020-10-12_19-50-59_САМ14 (convert-video-online.com) (15) (convert-video-online.com)  гэсэн нэртэй дүрс бичлэгийн талаар 2020/10/12 19:36:01 секундэд дүрслэгдэх хүний гартаа барьсан зүйл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн бугуйн гавтай хэлбэр, өнгө гэсэн шинж тэмдгээр төсөөтэй байна. 4. Шинжилж буй  came14_2020-10-12_19-50-59_САМ14 (convert-video-online.com) (1) гэсэн нэртэй дүрс бичлэгийн дуу авиан нь завсарын шуугиан /whitr noise/ болон цуурайталт /reverberation noise/ ихтэй байх бөгөөд дуу чимээ нь ямар эд зүйлийн дуу чимээ болохыг тодруулан сайжруулах боломжгүй. 5.Шинжилгээнд ирүүлсэн came14_2020-10-12_19-50-59_САМ14 (convert-video-online.com) (1) гэсэн нэртэй дүрс бичлэгт хэлэгдэх хүмүүсийн дуу авианы утга агуулгыг тогтоох нь дүрс бичлэг, дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. 6. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цахилгаан бороохойг хэвийн ажиллагаатай эсэхийг тогтоох нь дүрс бичлэг, дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй” ...гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 64-68/,

15. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...3 дугаартай бороохой нь миний харж байсан хойд тал нь жигдхэн, урд тал нь чүд чүд том бороохой мөн байна.” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 57-58/,

16. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.А*******ын яллагдагчаар өгсөн: .... 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн ахлах Б******* хошуучийн өрөөнд АСАП санд эрэн сурвалжлах зарласан этгээдийг хянуулахаар ороход зүс таних улаан куртиктэй залуу сууж байсан. ...Тухайн үед би Э*******тэй уулзахад ийм яриа өгүүлэл гаргаагүй, цахилгаан бороохой авч орсон асуудал байхгүй. Орон нутгийн сонгуультай байсан учир ажил дээрээ зарим тохиолдолд 23, 24 цаг хүртэл ажиллах тохиолдол байсан. Мөн эрүүгийн ахлах Б******* хошуучийн шалгаж байгаа хэрэг материалд хөндлөнгөөс оролцож тухай хэргийн оролцогч нарт шалгагдаж байгаа талаар тодруулж асуугаагүй, яагаад гэвэл өөр, өөр чиг үүрэг тухайн үед мэдээгүй байсан. Авлигатай тэмцэх газар дээр дуудагдаад мэдсэн... гэх мэдүүлэг /2 дугаар  хавтаст хэргийн 121-122 дахь тал/  гэх мэдүүлэг,

17. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б*******ын гэрчээр өгсөн: ...Э******* худлаа мэдүүлсэн байна. Мэдүүлж байгаа шиг үйл явдал болоогүй. Ц.А******* нь өрөөнд ийм их үйл явдал болохоор хэмжээнд удаагүй өрөөнд орж ирээд хоёр минут болоод гараад явсан. Ц.А******* нь Э мэдүүлж байгаа шиг том цахилгаан бороохой барьж өрөөнд орж ирээгүй. Би Ц.А*******ыг том цахилгаан бороохой аваад ир гэж хэлж явуулаагүй.  ...Надад цахилгаан бороохой, гав зэрэг тусгай хэрэгсэл огт байхгүй. Э мэдүүлж байгаа шиг түүнийг гавлаж, цахилгаан бороохойгоор цохиулж, гавын түлхүүр Ц.А******* олж ирж тайлсан асуудал болоогүй. Харин Э жижүүрийн өрөөнд оруулж суулгасан асуудал бол болсон. Мөн зочид буудалд өөрийнх нь хүссэнээр хүргэж өгч хонуулсан үйл явдал болсон. .../1 дүгээр хавтаст хэргийн 57-61  дэх тал/ гэх мэдүүлэг зэргийг судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Л.Э*******, гэрч Л.Хулан, Ц.Отгон нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Э 2020 оны 10 дугаар сарын дундуур Булган аймгийн цагдаа хэрэг хүлээлгэхээр бэлэг эрхтэн рүү цахилгаан бороохойгоор бороохойдсон болон тэрээр хошууч Б******* нь А*******ыг бороохой байна уу аваад ир гэхэд А******* нь өрөөнөөс гарч яваад 30-40 см урттай хар өнгийн бороохой авч орж ирээд үүгээр бороохойдвол арай дэндэх байх, мал амьтан бороохойдоход үхдэг юм чинь гэж хоорондоо яриад инээлдсэн. Тэгээд Б******* нь өөрийн өрөөнд ширээн доор цэнэглэж байсан жижиг бороохойгоор эхлээд хоёр гарын бугалга, гуяны гаднах хэсэг, нурууг цахилгаан бороохойгоор бороохойдсон. Миний гар, хөл өвдсөн тул бороохойдоход нь хөдлөөд зугтаад байсан чинь А*******ын гавыг авч хоёр гарыг гавлаад өмдөө тайл гэж тайлуулаад гавтай гарыг дээш өргөж, өрөөнийхөө цонхны тавцан дээр гарч, А*******ыг бороохойд гэсний дагуу А******* нь гуя, бэлэг эрхтэн рүү бороохойдсон. Би бэлэг эрхтэнд буюу төмсөгтөө удаан бороохой хүргүүлээгүй, бороохой хүрэх төдий маш их өвдөж байсан тул би хөл, бүсэлхий хэсгээрээ хөдөлж аль болох бэлэг эрхтэн рүүгээ бороохойдуулахгүй байхыг хичээсэн. Тэгтэл гаднаас хүмүүс орж ирэх гээд хонх дараад энэ асуудал дууссан гэж хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, учирсан хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, хэв журмын ажил хариуцсан ахлах байцаагч Д.М өгсөн...Ц.А******* нь миний ажил үүрэг гүйцэтгэдэг 211 тоот өрөөнд орж байгаа нь бичигдсэн байна. Миний ажлын ширээн доор байх тавиур дээр байсан хар өнгийн, урд талдаа гар чийдэнтэй цахилгаан бороохойг баруун гартаа барьсан, тагийг нь зүүн гартаа барьсан гарч ирж коридороор алхаж цагдаагийн байрны 2 давхрын ертөнцийн зүгээр хойд жигүүр рүү явж байгаа нь бичигдсэн байна гэх хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, А******* цагдаагийн барьж орж ирсэн бороохой 3 дугаартай бороохой мөн байна гэх хохирогч Л.Э*******д  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  ...дүрслэгдэх хүний баруун гартаа барьсан эд зүйл нь харьцуулах загвараар шинжилгээнд ирүүлсэн цахилгаан бороохойтой өнгө, хэлбэр, оруулга гэрлийн цайр зэрэг шинж тэмдгээр тохирч байна. ...дүрслэгдэх хүний гартаа барьсан зүйл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн бугуйн гавтай хэлбэр, өнгө гэсэн шинж тэмдгээр төсөөтэй байна гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 735 дугаартай дүгнэлт, “...19 цаг 41 минут 43 секундэд толгойн орой хэсэг нь шингэн үстэй, туранхай, захтай цамц өмссөн, баруун гартаа урт, дугуй хэлбэртэй зүйл барьсан эрэгтэй хүн гарч ирж бичлэгт харагдах коридор хэсгээр явж, бичлэгийн зүүн доод булан руу орж байгаа нь бичигдсэн байна. 19 цаг 44 минут 05 секундэд “шар, шар” гэх дуу чимээ, 19 цаг 44 минут 19 секундэд мөн адил “шар, шар” гэх чимээ, 19 цаг 44 минут 29 секундэд мөн адил “шар, шар” гэх дуугарах чимээ болон хүний “яая” гэх дуу, 19 цаг 44 минут 49 секундэд “шар, шар” гэх дуу чимээ болон хүний “яаая” гэж дуугарах чимээ ... гэх Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 1, 2 дугаар давхрыг хянасан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Л.Мөнхболд, С.Ганбаатар нарын болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг харьцуулан судалж эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нар нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бүлэглэн Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 2 давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд Л.Э*******д “Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух бага насны Д.М бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд буюу хоёр гарын бугалга, хоёр хөлийн гуяны гадна тал, дотор тал, нуруу, бэлэг эрхтэнд халдаж цахилгаан бороохойгоор цохиулсан үйлдлээр хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдож байна.

 

Шүүгдэгч нар нь Л.Э*******д “Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух бага насны Д.М бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагын ажилтан хуулиар гэмт хэрэг илрүүлэх, яллагдагч, гэрчээс мэдүүлэг авах эрхтэй хэдий ч уг эрхээ эдлэхдээ хэнийг ч болов аливаа хэлбэрээр хүнлэг бус хэрцгий хандах, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга хэрэглэхийг хуулиар хориглосон болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг хууль тогтоогч “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон” гэж хуульчилснаас гадна Монгол улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д “Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гуравдахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ” гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд хууль бус аргаар дэмжлэг үзүүлж, хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогч Л.Э цахилгаан бороохойгоор бороохойдсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч Б.Б*******ын өмгөөлөгч Р.Цэрэнханд нь шүүгдэгчийн гэм буруу дээр маргахгүй боловч шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэж, шүүгдэгч Ц.А*******ын өмгөөлөгч Х.Оюунбат нь шүүгдэгчийг гэмт хэрэгт оролцоогүй, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэсэн байр сууринаас, хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг шүүгдэгч нар нь хохирогчийн бие махбод сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн байр сууринаас тус тус оролцож, санал дүгнэлтээ гаргасан болно. 

 

Шүүгдэгч Ц.А******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх гэмт хэргийг үйлдээгүй, хошууч Б*******ын өрөөнд ороод 7 минут орчим болоод гарсан, гав, бороохой огт барьж өрөөнд ороогүй гэж мэдүүлж байсан бол шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б*******ын өрөөнд орж компьютерт шүүхээс эрэн сурвалжлах хүмүүсийг өөрөө шүүж бүртгэсэн, Б******* “бороохой байна уу аваад ир” гэхээр нь М өрөөнөөс орж бороохой авчирч өгсөн, тэгээд буцаад компьютер дээр сууж хийж байсан ажлаа үргэлжлүүлсэн, гэтэл Б*******ын дуу нь өндөрсөөд бороохойны дуу гараад дараа нь хүн “яая” гэх шиг болохоор нь өрөөнөөс гарч харахад Л.Э******* улаан бутарсан байдалтай байхаар нь би Б******* хошуучийг “боль болохгүй” гэж хэлсэн гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нь шүүгдэгч Ц.А******* нь гэмт хэрэгт оролцоогүй, Б*******ын өрөөнд гэрч Б, Ганбаатар нарыг орох үед А******* нь тухайн өрөөнд байгаагүй нь хяналтын камерын бичлэгээр тогтоогдож байна, мөн А******* бороохой барьж өрөөнд орсон цаг хугацаанаас хойш 23 секундэд цахилгаан бороохойны дуу гарч эхэлсэн тул дээрх секундэд хохирогчийн гарыг гавлаад, олон удаа бороохойдох нөхцөл байдал үүсээгүй гэж мэтгэлцсэн ба хэрэгт авагдсан Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 1, 2 дугаар давхрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хяналтын камерын бичлэгт: А******* нь 19 цаг 41 минут 41 секундэд баруун гартаа урт, дугуй хэлбэртэй зүйл барьж коридор хэсгээр явж, эрүүгийн тасгийн мөрдөгч нарын өрөө рүү орсон нь бичигдсэн байна. Ингээд 19 цаг 44 минут 05 секундээс “шар, шар” гэх дуу чимээ, 19 цаг 44 минут 19 секундэд мөн адил “шар, шар” гэх чимээ, 19 цаг 44 минут 29 секундэд мөн адил “шар, шар” гэх дуугарах чимээ болон хүний “яая” гэх дуу, 19 цаг 44 минут 49 секундэд “шар, шар” гэх дуу чимээ болон хүний “яаая” гэж дуугарах чимээ ... тус тус гарч байна гэх камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг харьцуулан судлахад шүүгдэгч А******* цагдаагийн байрны 2 давхрын 211 тоот өрөөнөөс бороохой авч, гартаа барьж эрүүгийн тасгийн мөрдөгч нарын өрөө рүү орсон цаг хугацаанаас хойш 2 минут 36 секунд өнгөрсний дараа “шар, шар” гэх дуу болон хүний “яая” гэх дуу чимээ гарсан нь тогтоогдсон, Булган аймаг дахь Цагдаагийн газрын ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд, хөрөнгийн ашиглалтын бүртгэлээр болон шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Ц.А******* нь бугуйн гав ашигладаг, тухайн өдөр гартаа барьж явсан зүйл нь бугуйн гав болох нь тогтоогдсон, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг зааж байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн дээрх санал дүгнэлт үгүйсгэгдэж, гэмт хэрэгт оролцоогүй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй, цагаатгах үндэслэлгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Э******* нь шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарын бороохойгоор цохисон үйлдлийг тооны болон цаг хугацааны хувьд зөрүүтэй, мэдүүлсэн боловч бороохойгоор цохиулсан, уг үйлдлийг шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нар хийсэн талаар болон жижүүрийн өрөөнд нэг удаа орсон талаар зөрүүгүй мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалжийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 735 дугаартай дүгнэлт,  Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 1, 2 дугаар давхрын коридорыг хянасан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдсон гэж үзэв. 

 

Бүлэглэн гүйцэтгэх нь гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг хэлэх бөгөөд өөрөөр хэлбэл аливаа хүсэл зоригийг хийхээр хамтран төлөвлөхөд, хамтран оролцогч тус бүрдээ өөрийн гэсэн хувь оруулсан байх ёстой ба оролцогчид өөрийн санаагаа үйлдлээрээ илэрхийлсэн байх ёстой.

Шүүгдэгч Ц.А*******ын хувьд хэрэг үйлдэгдэх үед Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч ажилтай байсан ба хэрэг мөрдөх, шалгах, мэдүүлэг авах эрх бүхий албан тушаалтан биш боловч тухайн өдөр Булган аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч, Б.Б*******ын өрөөнд орж Л.Э*******д хэрэг хүлээлгэх зорилгоор эрүүдэн шүүх үйлдэл хийх үед нь Б.Б*******ын “бороохой аваад ир” гэсний дагуу бороохойг бусдын өрөөнөөс авчирч өгч, өөрийн нэр дээр ашиглагддаг гавыг Б*******д өгч Л.Э гавлуулсан үйлдлийг Б.Б*******ын үйлдэлд урьдчилан тохиролцоогүй боловч хамтран оролцож, өөрийн хувь нэмэр, санаагаа үйлдлээрээ илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарыг бүлэглэн хэрэг хүлээлгэх зорилгоор Л.Э бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарын  үйлдсэн “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг нь бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон шинжтэй гэмт хэрэг бөгөөд энэ хэрэгт хохирогч нь одоогоор нэхэмжлэх зүйлгүй, өөрт холбогдох хэргээ шийдвэрлүүлсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо нэхэмжилнэ гэх тул хохирогч Л.Э өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нарыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарыг эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А*******ыг 5,450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,450,000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Б*******ыг 5,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж, өмгөөлөгч Х.Оюунбат “Гэм буруу дээр маргаж байгаа. Өөрийн гэсэн ажилтай, 2 хүүхэдтэй, эрхэлсэн ажилтай байх тул тухайн зүйл хэсэгт заасан торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх боловч шүүгдэгч Б.Б******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэргийг бүлэглэн үйлдээгүй гэж, шүүгдэгч Ц.А******* нь гэмт хэрэгт оролцоогүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.  

1 дүгээр хавтаст хэргийн 239-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 01-27 , 59-60 дахь тал, 157-165 дахь тал Орхон аймгийн Улсын бүр хэлтсийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 117 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө эсэхтэй лавлагаа, Орхон аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/39 дугаартай албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа, Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалууд, Цагдаагийн Ерөнхий газрын эрүүгийн ахлах мөрдөгчийн болон Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкет, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын Ц.А*******ын ам бүл, оршин суух хаягийн тодорхойлолт, Ц.А*******, Б.Б******* нарын сайшаагдаж, шагнагдаж байсан Баярын бичиг, Засаг даргын жуух бичиг, Засаг даргын Баярын бичиг, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Засаг даргын Б.Б*******ын ам бүл, оршин суух хаягийн тодорхойлолт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын ажилтан алба хаагчийн дэлгэрэнгүй анкет, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн Булган аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Л.Ганбаатарын Б.Б*******, Ц.А******* нарын ажил байдлыг тодорхойлсон тодорхойлолт, шүүгдэгч нараас гаргаж өгсөн Баярын бичиг, Өргөмжлөл, Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/460 дугаартай цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгохоор албанаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалын хуулбар, “Албаны төлөө”,  Залуучуудын холбооны тэргүүний “Залуу хуульч”, “Цагдаагийн албаны төлөө 3  дугаар зэрэг”, Булган аймгийн Засаг даргын “Тэргүүний ажилтан”, “Цагдаагийн алдар” хүндэт тэмдэг болон медалиудын үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн 000235367 дугаартай гэрчилгээ зэрэг шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Б******* нь 43 настай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Булган аймаг, Булган сум, 5 дугаар багийн 26-1-6 тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн ахлах мөрдөгч ажилтай байсан, одоо цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн, нэр дээр үл хөдлөх болон тээврийн хэрэгсэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч Ц.А******* нь 33 настай, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6д-17-1701 тоотод оршин суудаг, хэрэгт холбогдох үедээ Булган аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагч ажилтай байсан, одоо жижүүрийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байгаа, нэр дээр үл хөдлөх хөрөнгөтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д 5,450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,450,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Ц.А*******т 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг шинж чанар болон тэдний хувийн байдалд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч нарын хувийн болон хөрөнгө, орлогын байдал, шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******д оногдуулсан 5,450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,450,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.А*******т оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг тус тус 24 сарын хугацаанд сар бүр шүүгдэгч Б.Б*******ыг 227,100 төгрөгөөр, шүүгдэгч Ц.А*******ыг 225,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйл багтаж хуульчлагджээ.

Иймд шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулсан тул Өршөөл үзүүлэх тухай хууль хэрэглэх шаардлагагүй байна.

Шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Булган аймаг дахь Цагдаагийн газрын байрны 1, 2 дугаар давхрын коридорыг хянасан камерын бичлэгээс 8 хэсэг хэсэгчилж авсан бичлэг бүхий 1 ширхэг СД, мөн шинжээчээс ирүүлсэн бичлэг бүхий 3 ширхэг СД, Ц.А*******, Д.Мягмаржав нараас эд зүйл хүлээн авах ажиллагааг бэхжүүлсэн, таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг бэхжүүлсэн, зочид буудалд үзлэг хийсэн ажиллагааг бэхжүүлсэн бичлэгтэй СД тус бүр 1 ширхэг нийт 8 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, хар өнгийн “XWJY” гэх нэртэй 34 см урттай, хар өнгийн тагтай, урд талын хошуундаа гар чийдэнгийн гэрэл болон хоёр ширхэг төмөр шонтой цахилгаан бороохой, төмөр гарын гавыг хэрэгцээний дагуу Булган аймаг дахь Цагдаагийн газарт буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш******* овогт Б******* Б*******, Ха******* овогт Ц*******н А*******ыг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******ыг 5,450 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,450,000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/, Ц.А*******ыг 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн буюу шүүгдэгч Б.Б******* сард 227,100 /хоёр зуун хорин долоон мянга нэг зуу/ төгрөгөөр, шүүгдэгч Ц.А******* нь 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд  мэдэгдэж, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

         

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б*******, Ц.А******* нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Э******* нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 8 ширхэг СД –г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн “XWJY” гэх нэртэй 34 см урттай, хар өнгийн тагтай, урд талын хошуундаа гар чийдэнгийн гэрэл болон хоёр ширхэг төмөр шонтой цахилгаан бороохой, төмөр гарын гавыг хэрэгцээний дагуу Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ