Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Ж.С******* нарыг оролцуулан

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.С******* холбогдох эрүүгийн 2215000610073 дугаартай, 163/2022/0119/Э индекстэй хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М******* овогт Ж******* С*******, 1982 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн ......д суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Булган аймгийн .... сумын ... дугаар баг, .... багт оршин суух бүртгэлтэй, 40 настай, эрэгтэй,

урьд Булган аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 05 сарын хорих ялаар шийтгүүлсэн. РД:....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.С******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 26, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 226 дугаартай шийтгэвэрээр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455 дугаартай шийтгэвэрээр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 дугаартай шийтгэвэрээр гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Б.Э******* бие, эрх чөлөөнд байнга халдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-т заасан бие махбодын хүчирхийлэл, 6.1 дүгээр зүйлийн 6.1.2-т заасан сэтгэл санааны хүчирхийлэл байнга үйлдэж зодсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215000610073 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ж.С******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э******* ална гэж нүүрэн тус газарт цохиж зодсон, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хохирогч Б.Э******* ажлаасаа ирэхэд нь бусадтай хардаж, архи уух мөнгө нэхэж нүүрэн тус газарт 2 удаа цохиж, үснээс нь зулгаасан, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирж хадам эгч Г******* “яах гэж манай гэрт ирсэн юм”, “янхан банзал минь” гээд, “манай охидыг өөртэйгөө адилхан янхан болгох нь уу” гэх шалтгаанаар хохирогч Б.Э******* маргалдаж, хэл амаар доромжилж агсам тавьж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 226 дугаартай шийтгэвэрээр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455 дугаартай шийтгэвэрээр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 дугаартай шийтгэвэрээр гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Б.Э******* бие, эрх чөлөөнд байнга халдаж, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үйлдсэн зөрчилд тус тус шийтгүүлж байсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.С*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.Э******* өгсөн: ... 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Миний эгч Б.Г******* харчихаад танайхан яах гэж ирсэн юм, намайг дээрэлхэх гэж ирсэн юм уу, гэрээс зайлуулаач эгчийгээ, эгч чинь янхан биздээ гэж хэлээд намайг цохисон.  ... 2018 оноос С******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлээд хүүхдүүдийн дэргэд намайг хардаж, сэрдэж хэрүүл маргаан үүсгэж яв, зайл гэж хөөдөг байсан. Зарим асуудлуудыг сайн санахгүй юм. Сүүлийн үед буюу 2021 оны 12 дугаар сараас байнга архи ууж гэртээ агсам тавьж миний биед халдаж цохиж зоддог болсон. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагийн үед гэртээ С******* архи ууж ирээд унтаж босож ирээд намайг хувцсаа угааж байтал над руу дайрч доромжилж, миний толгой, мөр рүү гараараа цохиж, үснээс зулгааж зодсон. Тухайн үед М бид хоёр л байсан. ... 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр мөн гэртээ С******* шөнийн 02 цагт согтуу унтуулахгүй айраг нэхээд намайг гараараа мөр гар руу цохиод хэрүүл маргаан үүсгэж байхад М, У нар салгах гээд дундуур ороход Мг үсдэж, хоолойг нь боохоор нь би салгасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14, 24-26 дахь тал/,

2. Насанд хүрээгүй хохирогч С.У өгсөн: ... Би 2011 онд Булган аймгийн Могод суманд гэр бүлийн хамт амьдардаг байсан. Тухайн үед би 7 настай байсан. Талийгаач өвөөтэй маань аав согтуу нэг өдөр маргалдаад барилцаж аваад манай өвөөг цээжин дээр нь дэвсээд байхаар нь ээж дүү бид хэд салгах гээд дундуур нь орж өвөөгөө ааваас салгаад бид нар зугтаагаад байшингийн хойд талд байдаг амбаарт нуугдаж байсан. Мөн 2018 онд Булган аймгийн Булган суманд гэр бүлийн хамт нүүж ирсэн. Тэгээд аав маань байнга архи ууж, архи уухаараа ээжтэй хэрэлдэж зоддог байсан.  ...Ээжийг хүнтэй хардаж хэрүүл маргаан үүсгэж толгой руу нь мод авч шидэж хагалж байсан. 2020 онд мөн л аав тогтоосон ажил хийхгүй, архи уугаад агсам тавьж, байнгын хэрүүл маргаантай, ээжийг цохиж зоддог байсан. Дээрх үеүдэд цагдаагийн байгууллагад хэрхэн яаж хандахаа мэддэггүй байсан. ...Тэгээд саяхан буюу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аав архи ууж агсам тавиад ээжийг зодсон байсан. Би тухайн үед Орхон суманд эмээ Л байхад ээж эмээ рүү Б агсам тавьж зодлоо гэж утсаар хэлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 цагт аав согтуу ээжээс айраг нэхэж уугаад одоо унтаж амар гэхэд унтахгүй гээд хүмүүстэй хардаж, сэрдэж хэл амаар доромжлоод үсдэж, гараараа нүүр рүү алгадсан, толгой руу нь цохиод М, Ц бид гурав дийлэхгүй болохоор нь би гэрээсээ гарч нууцаар цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

3. Насанд хүрээгүй хохирогч С.Мгийн өгсөн: ...Намайг 4 настай байхад манайх Булган аймгийн Могод сумын төв дээр амьдардаг байсан. Тэр үед аав архи уучхаад агсам тавиад ээж бид нарыг хөөж байсан. Тэгээд бид нар гэртээ хоноогүй, Могод сумын төв дээр байдаг аавын хамаатны нэг айлд хонож байсан санагдаж байна. Тэгээд Булган аймгийн Булган суманд намайг 1 дүгээр ангид сурах гэж байхад нүүж ирээд, 3 дугаар анги хүртэлх хугацаанд аав архи дарс уудаггүй, барилгын ажил хийдэг байж байгаад 2017 оноос архи уудаг болсон. Аав нэг уухаараа өдөр алгасахгүй 1 сар гаруй ууж байгаад бие нь өвдөөд эсвэл ажилтай байвал архи уух нь бага байдаг байсан. ...Архи уухаараа ээжийг зүгээр байхад хардаж, сэрдэж хэрүүл маргаан үүсгэж цохиж зоддог. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй олон асуудлууд байдаг. Хамгийн сүүлд 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн алдад аав согтуу орж ирээд ээжтэй хэрэлдэж байгаад 05 цагийн үед гэрээс гэрч яваад 09 цагийн үед согтуу орж ирээд хэсэг унтаж байгаад 11 цагийн үед сэрээд ээжийг “гичий, янхан минь” гэж доромжилж танихгүй хүмүүсийн нэр хэлээд чи тэрэнтэй явсан биздээ гээд хэрүүл өдөж эхэлсэн. Тэгээд ээжийн үснээс зулгааж, толгой руу нь гараараа цохиж, зуухны таг шидээд байсан. ...Би голоор нь орж салгах гээд орсон чинь намайг түлхээд малгайтай цамцны урд талын уяанаас татаж хоолой боосон. Тэгээд ээж аавыг надаас холдуулж хоолойноос гарыг нь татаж авч салгахаар нь би ор руу очоод цамцны зангирсан уяагаа тайлаад байж байтал аав хүрч ирээд миний үснээс зулгаагаад байхаар нь түлхтэл миний үсийг тавихгүй хамт унасан. ...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 01 цагийн орчимд аав, согтуу сэрээд ээжээс айраг нэхэхэд нь ээж айраг хийж өгөхөд аав уучхаад дахиад нэхэхээр нь өгөхгүй, унтаж амар гэхэд бас л ээжийг хэл амаар доромжлоод үсдэж, толгой нуруу руу нь цохиод байхаар нь У, Ц бид гурав салгаад аав орон дээрээ сууж байхад нь У бие заслаа гэж гараад цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,

4. Насанд хүрээгүй хохирогч С.Цгийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аав архи ууж агсам тавиад ээжийг зодсон. Тэр өдрийн дараа 01 дүгээр сарын 26-ны өдөр 03 цагийн үед аав согтуу гэрт орж ирээд архины мөнгө ээжээс нэхээд ээжийг цохиж зодчихоод гарч яваад нэг шил архитай нэлээн согтуу орж ирээд унтаж байгаад сэрчхээд ээжийг хоол хийж өгөхөд наад угаадсаар чинь яадаг юм бэ? гээд дахиад хоол хийчихсэн байхад зүгээр идэж болдоггүй юм уу гэхэд чамд ямар хамаатай юм бэ, пизда минь гэж доромжлоод ээжийг бас зодсон.” ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/,

5. Гэрч Г.З өгсөн “... Яг он сар өдрийг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн нүд нь хөхөрчихсөн байсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танихгүй хүний нэр хэлээд загнаад байх юм, ер нь ажлаасаа болихоос гэж хэлдэг байсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

6. Гэрч Э.Г өгсөн “... томилгоот эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Ж.С******* нь удаа дараа гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өгүүлдэг. Миний бие дуудлагаар Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг 6 тоот хаягт очиход С******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, эхнэр айж эмээсэн шинжтэй, нөхрөө аваад яв ч гэж хэлж чадахгүй, үг дуугарахгүй байж байдаг. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

7. Гэрч Э.Д өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын сүүлээр намайг ажил дээрээ байж байтал 12 цагийн орчимд над руу манай багийн иргэн Эрдэнэчимэг нь залгаад “нөхөр маань согтуу намайг болон хүүхдүүдийг маань зодох гээд байна” гэж хэлэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд өөрөө Э******* гэрт яваад очтол С******* нь согтуу хүүгээ заамдчихсан, гэрээ бусниулчихсан байж байсан.

... харин эхнэрийнхээ нүүр лүү цохиж нүд нь гэмтсэн байдалтай байсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62, 71-72 дахь тал/,

8. Гэрч Б.Г өгсөн: “...2022 оны 01 дүгээр 31-ний өдөр намайг дүү Б.Э******* гэрт байж байхад нөхөр болох Ж.С******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гаднаас орж ирээд миний төрсөн дүү Б.Э******* хэрүүл маргаан хийж байснаа намайг харчихаад танайхан яах гэж ирсэн юм. Намайг дээрэлхэх гэж байгаа юм уу?, гэрээс зайлуулаач эгчийгээ эгч чинь янхан биздээ, миний хоёр охиныг дагуулж явж бас янхан болгох гэж байгаа юм уу, биеийг нь үнэлүүлж мөнгө олох уу гэх зэргээр доромжлоод Б.Э******* цохисон тэгээд дайраад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн юм. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

9. Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 30 дугаартай дүгнэлтэд: 1.Б.Э******* биед баруун хацар, зүүн бугалга, хүзүү нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь хуучин гэмтэл байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

        Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Эрдэнэчимэг, насанд хүрээгүй хохирогч С.Ц, С.М, С.У, гэрч Г.З, Э.Ганцолмон, Э.Д, Б.Г нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ж.С*******ын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ж.С******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 26, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 226 дугаартай шийтгэвэрээр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455 дугаартай шийтгэвэрээр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 дугаартай шийтгэвэрээр гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр Б.Э******* бие, эрх чөлөөнд байнга халдаж, бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл байнга үйлдэж түүний биед баруун хацар, зүүн бугалга, хүзүү нуруунд цус хуралт бүхий гэмтэл учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ж.С*******ын гэм буруутай үйлдэл, хохирогчийн биед болон учирсан гэмтэл хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Ж.С*******ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ялыг хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч гомдол саналгүй, архи уухгүй эвтэй амьдарч байгаа гэсэн байр сууринаас тус тус оролцсон болно.

 

Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Ж.С******* хохирогч Б.Э******* гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Ж.С******* нь 2022 оны 01 дүгээр сарын 20, 2022 оны 01 дүгээр сарын 26, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдэд болон 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 226 дугаартай шийтгэвэрээр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 455 дугаартай шийтгэвэрээр, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 11 дугаартай шийтгэвэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож эрүүгийн болон захиргааны шийтгэл хүлээж байсан нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч Ж.С*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Э******* биед баруун хацар, зүүн бугалга, хүзүү нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо гэх шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд хохирогч Б.Эрдэнэчимэг нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа хохирол төлбөр, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Ж.С*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ж.С*******ыг гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ж.С*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.С******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэв.

 

Хавтаст хэргийн 133, 211-224 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөгүй болон тээврийн хэрэгсэлгүй талаарх лавлагаа, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.С******* нь гэрлэсэн, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 3 дугаар багт амьдардаг, хувиараа дүнзээр байшин барьдаг, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүх Ж.С******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийн  гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн одоо бид ойлголцсон, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.С******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.С******* нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ж.С******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.Эрдэнэчимэг гомдол саналгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М******* овогт Ж******* С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.С*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.С******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.С******* нь цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.С******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Эрдэнэчимэг нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Э.ЭНЭРЭЛ