| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0004/э |
| Дугаар | 2021/ШЦТ/04 |
| Огноо | 2021-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/04
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Лхааганжав,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тойн овгийн *******д холбогдох 2026002440260 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Тойн овгийн *******, /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь иргэн *******г зодож биед нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.
Хохирогч О.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байх үед манай урд хашаа унасан байсныг янзлах гээд гэрээсээ гараад хашааны гадаа гартал манай хашааны зүүн талаас чигтээ гартаа банз барьчихсан нэг эрэгтэй хүн хүрч ирээд “Чамайг ална, намайг хүмүүстэй нийлж зодоод байсан хүн байна” гээд барьж байсан банзаараа миний ар нуруу хэсэг рүү цохиод намайг унагаад нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн шилбэ орчимд өшиглөөд байсан. Тэгэхээр нь би чамайг цагдаа дээр аваачиж өгнө гэсэн чинь тэр залуу хамт явахгүй байсан. Тэгээд хоёулаа хамт зогсож байтал хоёр эмэгтэй хүн бид хоёр дээр ирсэн. Тэр хоёр эмэгтэйн нэгийг нь би таньдаг хүн байсан. Тэр эмэгтэйд “энэ хүн намайг зодчихлоо” гэж хэлсэн чинь миний зүс таних эмэгтэй нөгөө залууд хандаж “яагаад настай хүн зодоод байгаа юм бэ” гээд байсан. Тэгээд би шууд цагдаа дээр ирж дуудлага өгсөн. Буцаад очиход намайг зодсон залуу яваад өгсөн байсан. Миний нүүр хавдаад, нүд хөхөрсөн, хөлийн булчин шилбэ орчим хөхөрсөн байсан. Хөлийн өвчин одоо намдаж өгөхгүй байна. Эмнэлгээр яваагүй. Одоо толгой байнга өвдөөд халуу оргиод байгаа. Энэ баримтаар нэхэмжилж байгаа мөнгөө төлүүлж авах хүсэлтэй байна. Хохирол төлбөр гэж нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Эмчилгээний зардал болох 303900 төгрөг, таксинд зарцуулсан 30000 төгрөгөө нэхэмжилж байна. /хх-ийн 13-16 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой би гэртээ хүүхэдтэйгээ байсан. Манайд ******* хүүхэдтэйгээ хоёулаа орж ирээд дэлгүүрийн хойд үзүүр дээр хоёр хүн маргалдаад байна. Хоёулаа очоод ирье гэж байсан. Тэгэхээр нь хамт явж очоод гэрэл тусгаад харсан чинь тэр өвөөгийн хамраас цус гарсан байсан. Хамт байсан залуугийн нүүр нь зүгээр байсан. ******* тэр өвөөгийн нүүрийг цэвэрлээд өгөх үү гэж хэлсэн. Мөн тэр залууг чи яахаараа хөгшин хүн зодож байгаа юм гээд загнаад байсан. Тэр настай хүний хамраас нь цус гарсан байгаа харагдсан. Нөгөө залуу нь манай нутгийн ******* гэж залуу байсан. *******гийн нүүр ам бол зүгээр байсан. /хх-ийн 6-7, 18-19 хуудас/,
Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 ны 11 дүгээр сарын 11-ний орой би охинтойгоо хамт Бөндөөрөө найзындаа очсон. Найзындаа юм ярьж байгаад удалгүй охин маань ээж дэлгүүр оръё гээд байхаар нь баруун үзүүрийн дэлгүүр ороод охиндоо пичень авч өгөөд байж байтал найз Бөндөөрөө хүүхэдтэйгээ дэлгүүрт орж ирсэн. Тэгээд хамт дэлгүүрээс гараад явж байтал дэлгүүрийн хойд үзүүр дээр хоёр хүн маргалдаад байхаар нь очсон. Хөгшин, залуу хоёр хүн байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуусан. Тэгсэн чинь тэр өвөө энэ хүн намайг зодсон гэж байсан. Би тэр залууг чи яагаад хөгшин хүн зоддог юм гэж хэлсэн. Тэгээд би өвөөг манайд очоод нүүрээ угаачих гэж хэлсэн чинь үгүй би цагдаагийн газарт очно гэсэн. Тэр өвөө нөгөө хүнээ хоёулаа хамт цагдаа явъя гэж хэлээд байсан. Тэгээд би учраа олчих юм байгаа биз дээ гээд шууд гэр рүүгээ явсан. Тэр өвөөгийн хамраас цус гарсан байдалтай байсан. Нөгөө залуугийн гар нь цус болсон байдалтай байсан. Тэр залуу нь нилээн согтуу байсан. Тэр өвөө эрүүл байх шиг байсан. Өөр хүнтэй андуураад цохьчихлоо гээд байсан. Тэрнээс тэр өвөөг танихгүй юм шиг байсан. Би тэр хүний сургийг гаргаж өгсөн. Тэгээд тэр талаараа цагдаад ирж хэлсэн юм. ******* гэж Богд суманд айлын мал дээр байгаа гэсэн сураг дуулснаа л цагдаад хэлсэн. /хх-ийн 7-8, 20-21 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр би найзындаа орчихоод ахындаа очих гээд явж байтал нэг танихгүй хүн миний араас ирээд намайг өшиглөөд унагасан. Тэгээд намайг өшиглөж байснаа улаан иштэй зүйлээр миний гарын булчин орчимд хатгачихаад зугтаачихсан. Тэгэхээр нь би араас нь хөөсөн чинь нэг нарийн гудамжаар орчихсон. Тэгээд тэр нарийн гудамж руу ортол нэг хүн зогсож байхаар нь хартал нөгөө хүн мөн юм шиг байхаар нь очоод цохиод авсан. Би нүүр рүү нь цохисон. Мөн бие рүү нь 2-3 удаа цохьчихоод харсан чинь нөгөө хүн биш байсан. Би өөр хүнтэй андуурсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлоо нөхөн төлнө. /хх-ийн 41-43 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №477 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч ******* биед зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх Эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 29-30 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 61-62 хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 98 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44, 54, 47-49 хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь иргэн *******г зодож биед нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг 7-12 тоот хашааны гадна 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд иргэн *******г зодож биед нь зүүн нүдний зовхи, хамрын нуруу, баруун хөлийн шилбэ хэсэгт зулгаралт цус хуралт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч ******* 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цаг өнгөрч байх үед манай урд хашаа унасан байсныг янзлах гээд гэрээсээ гараад хашааны гадаа гартал манай хашааны зүүн талаас чигтээ гартаа банз барьчихсан нэг эрэгтэй хүн хүрч ирснээ “чамайг ална, намайг хүмүүстэй нийлж зодоод байсан хүн байна” гээд барьж байсан банзаараа миний ар нуруу хэсэг рүү цохиод намайг унагаад нүүр хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Мөн шилбэ орчимд өшиглөөд байсан. Гэрч Т.Бямбын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний орой би гэртээ хүүхэдтэйгээ байсан. Манайд ******* хүүхэдтэйгээ хоёулаа орж ирээд дэлгүүрийн хойд үзүүр дээр хоёр хүн маргалдаад байна. Хоёулаа очоод ирье гэж байсан. Тэгэхээр нь хамт явж очоод гэрэл тусгаад харсан чинь тэр өвөөгийн хамраас цус гарсан байсан. Хамт байсан залуугийн нүүр нь зүгээр байсан. Гэрч Д.*******гийн 2020 ны 11 дүгээр сарын 11-ний орой дэлгүүр ороод охиндоо пичень авч өгөөд байж байтал найз Бөндөөрөө хүүхэдтэйгээ дэлгүүрт орж ирсэн. Тэгээд хамт дэлгүүрээс гараад явж байтал дэлгүүрийн хойд үзүүр дээр хоёр хүн маргалдаад байхаар нь очсон. Хөгшин, залуу хоёр хүн байсан. Тэгээд яасан юу болсон гэж асуусан. Тэгсэн чинь тэр өвөө энэ хүн намайг зодсон гэж байсан гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******н биед гэмтэл учирсан, хохирогч ******* эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №477 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, прокурорын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,
Хохирогч *******н 333900 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтаар хэрэгт авагдсан эмчилгээний зардал болох 303900 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч О.Оюун-Эрдэнэд олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******н нэхэмжилсэн таксины зардал болох 30000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Оюун-Эрдэнэ нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх таксинд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тойн овгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******гээс 303900 төгрөгийг гаргуулж хохирогч О.Оюун-Эрдэнэд олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******н нэхэмжилсэн 30000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч О.Оюун-Эрдэнэ нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх таксинд зарцуулсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.