Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2020/0739

 

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 06-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

           128/ШШ2020/0739

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Б

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М.

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны дотоод аудитор М.Н.

Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны яамны дотоод аудитор Р.А.

Гуравдагч этгээд: Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль.

Нэхэмжлэлийн шаардлага: “... Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0*******, *******, ******* дугаар актуудыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, Д.Н, хариуцагч Р.А, М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0******* актын тухайд: ... Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд 2015 оноос багш, судлаачдын судалгааны ажлыг санхүүжүүлэх зорилгоор Шинжлэх ухаан дэмжих сан байгуулж санхүүжүүлж ирсэн. Уг сангаас санхүүжүүлэх төслийг зохих журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар явуулж, эцсийн шийдвэрийг Их сургуулийн  Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж гаргадаг. Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн санхүүжилтийн гэрээ хийдэг. 2017 оны төслийн сонгон шалгаруулалтад Анагаахын ухааны доктор Д.Н удирдсан төслийн багийн 2017-2019 онд хэрэгжүүлэх “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах, арга зүйг боловсруулан эмнэл зүйн практикт нэвтрүүлэх нь“ төсөл шалгарч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шинжлэх ухаан дэмжих сангаас санхүүжилт авах төслийн нэгээр шалгарсан тул төслийг санхүүжүүлэх гэрээг 2017 онд байгуулж, баталгаажуулсан байдаг. Төслийн санхүүжилтийн гэрээнд замын зардал, онгоцны тийз нийт 18.0 сая төгрөг төсөвлөсөн бөгөөд үүний 30 гаруй хувь буюу 6.477.401 төгрөгийг зарцуулсан ба төсөл үргэлжилж байгаа бөгөөд санхүүжилтийн хуваарийн дагуу явж байгаа учир эргэн төлүүлэх акт тогтоох үндэслэл байхгүй.

2. Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* актын тухайд. “... 2018 оны 3 дугаар сард Г.Б миний бие дэд захирал Н.С хамт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй Японы Жичи, Шига, Нагоя их сургууль дээр ажлын айлчлал хийсэн юм. Япон улсад айлчлах 2 хүний онгоцны тийз, зочид буудлын зардалд 6.890.700 төгрөгийг төсөвлөсөн ба хот хооронд зорчих галт тэрэгний зардал, хоолны мөнгө, бусад зардал тусгагдаагүй байсан. Бид хот хоорондын замын зардал, хоол, зэрэг бусад зардалд 861.600 төгрөг зарцуулсан ба холбогдох санхүүгийн баримтыг бүрдүүлж өгсөн байдаг. Сангийн сайдын тушаалаар хот хоорондын унааны зардал нь нормоор бус гүйцэтгэлээр гардаг бөгөөд унааны зардлын баримт, тайланг сургуулийн санхүүд хүлээлгэн өгсөн.

3. Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар актын тухайд. ...Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2018 оны хөрөнгө оруулалтын зардлын төсөвт угаалгын болон эмнэлгийн ариутгалын багаж тоног төхөөрөмжийг дараах байдлаар төлөвлөсөн байдаг. Үүнд: Япон, Монголын сургалтын эмнэлгийн угаалгын тоног төхөөрөмж 50 сая төгрөг, Япон, Монголын сургалтын эмнэлгийн ариутгалын багаж, тоног төхөөрөмж 29 сая, нийт 79 сая 2018 онд Эрүүл мэндийн сайдын багцад суусан төсвөөс дээрх 50.0 сая төгрөгийн төсөвтэй угаалгын тоног төхөөрөмжийг шийдүүлсэн бөгөөд үүний үр дүнд Их сургуулийн төсөвт 50.0 сая төгрөгийн хэмнэлт үүссэн. Анх ариутгалын багаж тоног төхөөрөмжийг эмнэлгийн тухайн үеийн хүчин чадлаар буюу 20 орны хэрэглээг хангахуйц байхаар төлөвлөж байсан хэдий ч дээр дурдсан хэмнэлтийг ашиглан Япон, Монголын сургалтын эмнэлгийн 104 орны хэрэгцээг бүрэн хангахуйц хүчин чадлыг нь нэмэгдүүлэн тендер шалгаруулсан ч оролцсон аж ахуйн нэгжүүд төсөвт өртгөөс хэт өндөр үнийн санал ирүүлсний улмаас тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасны дагуу хүчин чадлыг хангахуйц ариутгалын багаж тоног, төхөөрөмжийг 48.4 сая төгрөгөөр худалдан авах гэрээг “М Э” ХХК-тай байгуулж одоо уг тоног төхөөрөмжийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль ашиглаж үйл ажиллагааг явуулж байгаа болно. Иймд актыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Авлигатай тэмцэх газар 2014-2018 оны бүх үйл явдлыг эрүүгийн хэргийн 20 гаруй зүйл заалтаар шалгасан. Энэ хугацаанд 9 акт гарсан талаар мэдсэн. н.Ц нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түр орлон гүйцэтгэгч захирал байсан учраас хэрэгт холбоотой баримтуудыг гаргаж өгөөгүй. Бид н.Н онгоцны тийзийн баримт байгаа уг баримтыг гаргаж өгнө үү гэж хэлсэн. Гэтэл Сангийн яам Ц хэл ам гаргаад байна энэ 9 актын ядаж 1,2-г нь үлдээе гээд маргаан бүхий 3 актыг үлдээсэн. Бид арга буюу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн архиваас шүүлгэхэд ийм баримт байхгүй байсан. Гэтэл Санхүү эрхэлсэн албан тушаалтай, н.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч н.З баримтуудыг гаргаж өгсөн. Тэгэхээр үүний цаана сайд өөрийнхөө эрх мэдлийн хүмүүсийг томилж ингэхдээ тухайн албан тушаалд байсан хүмүүсийг хоморголон халсан үйл явдал болсон. Байцаагч нар өөрийн мэдэлгүй энэ актуудыг гаргасан. Улсын байцаагч нарын эдгээр актууд нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ц танаа гэж гарсан. Акт тогтоосон хэсэгт нь иргэн Г.Б энэ төлбөрийг төлүүлсүгэй гэсэн байна. Бидний ярьж байгаа бүгд тогтоогдож байна. Нонгоцны тийзийн баримт байхгүй байсан гэхэд яагаад Г.Б төлөх ёстой вэ? 29 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг 48,4 сая төгрөг болгож авсан талаар ярихад улсын байцаагч үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй байсан гэж хэлж байсан. Тэгвэл үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй байгаа тоног төхөөрөмжийг яагаад Г.Б төлөх ёстой вэ?, акт тавих энэ үйл ажиллагаандаа Г.Б огт оролцуулаагүй, н.Ц хаяглагдаж тус актыг гаргасан. Гэтэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Ц актыг хүлээж аваад хүлээн зөвшөөрсөн. Энэ нь Г.Б төлүүлэх нь зөв гэсэн байгаа юм. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд хандаж гаргаж байгаа акт. Тэгтэл биднийг ажилд эгүүлэн тогтоолгох шийдвэр гаргуулаад явж байхад яагаад үүрэг гүйцэтгэгч нь үүнийг хүлээн зөвшөөрөөд Иргэний шүүхэд хандан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уруу захирамж аваачиж өгсөн бэ? Энэ хүн хэлмэгдэж байна. Акттай танилцаж гарын үсэг зурсан гэж ярьсан. Гарын үсэг огт зураагүй байгаа. Сангийн яамыг яагаад хариуцагчаар татаагүй вэ? бидний гаргасан актыг Сангийн яам баталгаажуулсан юм чинь энэ акт хууль ёсны гэж ярьж байна. Сангийн яаманд уг асуудлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан. Сангийн яамны мэргэжилтнүүдийг очиход н.Ц мөн адил баримтаа гаргаж өгөөгүй явуулсан гэсэн. Ийм байж болохгүй. Улсын байцаагчийн акт хууль ёсны байх гэсэн энэ шаардлагыг хангахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Маргаан бүхий 3 актыг гаргахдаа нэхэмжлэгчийг оролцох боломжоор хангаагүй. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т “Хяналт шалгалтын байгууллага төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухайгаа шалгуулах этгээдэд таваас доошгүй хоногийн өмнө ... мэдэгдэнэ” гэсэн үүрэгтэй байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/655 дугаар тушаалын дагуу шалгалт хийхээр удирдамж баталсан. Удирдамжид Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт мэдээллийн дагуу гэсэн байна. Тухайн үед ажиллаж байсан захирал Г.Б чиглэсэн шалгалт хийх байсан бол таваас доошгүй хоногийн өмнө хуульд зааснаар мэдэгдэх ёстой. Гэвч энэ үүргээ биелүүлээгүй. Захиргааны ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Оролцогч захиргааны актаар бий болсон эрх, үүргийн талаар тайлбар хүсвэл захиргааны байгууллага амаар, эсхүл бичгээр тайлбарлах үүрэгтэй” гэж заасан энэ үүргээ биелүүлээгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах” 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүнд мэдэгдэх, сонсгох, тайлбар нотлох баримт зэрэг Захиргааны ерөнхий хуульд заасан боломжоор хангаагүй. Нэхэмжлэгч энэ актуудын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдсэн учраас захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд заасан Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, хяналтын дагалдах хуудсыг маргаан бүхий актыг гаргахдаа хөтлөх үүрэгтэй бөгөөд үүнийг хөтлөөгүй. Шалгалтыг удирдамжийн хүрээнд хийгээгүй нь Төрийн хяналт шалгалтын хуулийг ноцтой зөрчиж байна. Төрийн хяналт шалгалтын хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэж заасан. Удирдамжийн зорилго нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт, мэдээллийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, үнэлгээ дүгнэлт өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж гаргахад оршино гэсэн байна. Өөрөөр хэлбэл акт нь Төрийн хяналт шалгалтын хүрээнд, удирдамжийн хүрээнд хийгдэх ёстой байсан. Хэнээс ямар асуудлаар хүсэлт нэхэмжлэл гаргасан мөн энэ талаар баримт гаргаж өгөөч гэж шүүхийн журмаар хүсэлт гаргасан боловч хариуцагч тал баримт гаргаж өгөөгүй. Тэгэхээр захиргааны акт нь үндэслэл бүхий, хуульд нийцсэн, Төрийн хяналт шалгалтын хуульд заасан удирдамжийн хүрээнд хийнэ гэсэн шаардлагаас хэтэрсэн.

Удирдамж нь дотоод аудит хийнэ гэсэн байгаа. Санхүүгийн аудитыг Сангийн яам эсвэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны төсвийн ерөнхийлөн захирагчаас эрх олгогдсон этгээд хийнэ. Р.А, С.Н нар 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр шалгалт хийхдээ санхүүгийн шалгалт хийх эрхгүй байсан нь нотлогдсон. Захиргааны акт нь бодит байдалд нийцсэн байна. Цугларсан нотлох баримтыг хамгийн гол нь эрх бүхий этгээд гаргана гэсэн хуулийн шаардлага хангаагүй. М.М акт нь мөн хуульд нийцээгүй. Тэмдэглэх хэсэгт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Б гадаад улсад томилох зардлыг хэтрүүлсэн гэж бичсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд бол төсвийн ерөнхийлөн захирагч. Төсвийн тухай хуулиар Г.Б нь төсвийн шууд захирагч. Өөрөөр хэлбэл ерөнхийлөн захирагч, шууд захирагч хоёр нь Төсвийн тухай хуулиар тус тусдаа нэг нь 16 дугаар зүйлд, нөгөө нь 14 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажилладаг, тус тусдаа тушаал гаргадаг, мөнгийг захиран зарцуулах эрх олгогдсон.

М.М гаргасан акт утга агуулгын илэрхий алдаатай. Захиргааны акт ойлгомжтой, хуульд нийцсэн, бодит байдалд тохирсон байх гэдэг шаардлагуудыг огт хангаагүй. Актын тэмдэглэх хэсэгт: Сайдын тушаалын дагуу 2 хүний томилолтын зардал 6.890.700 төгрөг болох байтал 861.600 төгрөгийг илүү зарцуулсан гэж бичсэн байна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд  ажиллаж байгаа хүний гадаад явах томилолтын зардлыг сайд батлахгүй. Сайдын тушаал ганцхан Г.Б зардлыг баталсан. Илүү зарцуулсан 861.600 төгрөгийг Г.Б төлүүлж ... гэсэн байна. Өөрөөр хэлбэл Н.С гадаад явсан зардлыг Г.Б төлөхгүй. Эрх бүхий албан тушаалтныг гадаадад ажиллуулахад Сангийн сайдын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 188 дугаар тушаал байдаг. Энэ тушаалын 2 дахь заалтад гадаад албан томилолтоор явагчдад хот доторх унааны зардлын хэмжээ 10 ам доллараар тооцож олгосугай гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь хот дотор яваагүй. 3 хот хооронд явсан. Хот дотор явахаас гадна хот хооронд явах шаардлага байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтад гадаадад томилолтоор ажиллуулах зардлыг маш тодорхой заасан. Тухайн үед Жичи, Шига хотод Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 12 хүн докторын зэрэг хамгаалсан. 1 хүний 56 ам.долларын зардлыг Япон улсаас гаргаж байсан. Мөн хамтран ажиллах гэрээний хугацааг сунгах зорилготой явсан. Докторын зэрэг хамгаалсан энэ 12 хүн одоо Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд багшилж байна. Хот хооронд явах хэрэгцээ шаардлага нь үүнээс харагдаж байна. Захиргааны маргаан бүхий акт ямар ч эргэлзээгүй байх ёстой.

Улсын байцаагч нар Төсвийн тухай хууль зөрчсөн гэж үзээд акт тавьж байгаа гэтэл Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна гэж заасан. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд ч байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дотоод аудитын дүрмийг нотлох баримтаар гаргуулсан. 2 улсын байцаагчийн актыг Сангийн яамаар урьдчилан шийдвэрлүүлэхэд Сангийн яам Эрдмийн зөвлөлийн баталсан журмын дагуу хөрөнгөө зарцуулсан байна. Гэхдээ тушаал шийдвэр нь байхгүй байна гэсэн. Гэтэл байцаагч нараас тушаал шийдвэр байхгүй байна гэж хэлж байна уу эсвэл энэ мөнгийг завшаад бүр байхгүй болсон гэж хэлж байна уу гэж асуухад тушаал шийдвэргүй байсан гэж хэлсэн. Захиргааны байгууллагын акт зорилгодоо нийцсэн байх гэсэн хамгийн гол шаардлагаа хангаагүй. Зорилго нь юу байсан бэ? гэхээр зөрчил илэрвэл санал, дүгнэлт, зөвлөмж өгнө гэж байсан. М.М эрхээ шилжүүлсэн зүйл бий юу? Шалгалтыг хэн хийсэн бэ? гэхэд байхгүй, би хийсэн гэж хариулсан. М.М улсын байцаагчийн эрхтэй байгаад эрхийн хүрээнд акт тавьсан бол шалгалтыг М.М хийгээгүй болж таарч байна. М.М шалгалт хийгээгүй байж яагаад акт гаргаж байгаа юм. Дүрмийг нотлох баримтаар гаргуулдаг нь дүрэмд заасныхаа дагуу зарцуулсан гэдгийг Сангийн яам дүгнэсэн, дүрмийн эрхэд эрдмийн зөвлөлийн шийдвэрээр хөрөнгийг зарцуулна гэсэн эрдмийн зөвлөлийн хурлаар Нонгоцны тийзийн мөнгийг зарцуулсан гэдэг нь ингэж холбогдож байгааг шүүх анхааралдаа авч үзээрэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...” гэв.

Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М, тус яамны дотоод аудитор М.Н, Р.А нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын төсвийн багцад батлагдсан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжсэн ... төслийн хөрөнгөөр Дижитал гэрлийн ба конфокал электрон микроскопын систем нийлүүлэх ажлыг 1,999,100,000 төгрөгөөр гүйцэтгэх эрхийг “С” ХХК-д олгож, тендерийн сонгон шалгаруулалт явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12.1, 14-16, 25, 27, 29 дүгээр зүйлийг тус тус зөрчин эрх олгосон байсан нь шалгалтаар илэрсэн. Уг нийлүүлсэн тоног төхөөрөмж нь анх захиалсан тоног төхөөрөмжөөсөө огт өөр сургуульд ашигладаггүй үхмэл хөрөнгө болсон дэлхийд 6 ширхэг үйлдвэрлэсэн, сэлбэг хэрэгсэл, ашиглалтын үзүүлэлт байхгүй, тендер нийлүүлсэн “С” ХХК нь татан буугдсан гэх мэт төсвийн хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сулруулж, үр ашиггүй зардал гарган өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг нь шалгалтаар тогтоож, акт тавьсан.

Тус их сургуулийн захирлаар 2013-2018 оны хооронд ажиллаж байсан Г.Б нь хууль бус үйлдлээ нуун далдлах, учруулсан хохирлоо нөхөх санаа зорилгоор хоногийг хасалт хийсэн ямар ч тооцоо байхгүй, томилолтын зардлыг олгодог, илүү дутуу тооцоог нягталж шалгадаггүй, баримтын бүрдүүлэлт хийдэггүй зэргээс шалтгаалан 2017 онд 10247,0 мянган төгрөг, 2018 онд 13035,3 мянган төгрөг, нийт 23282,3 мянган төгрөгийг зарцуулсан зөрчил илэрсэн. Албан томилолтын зардлыг тушаал шийдвэргүй шууд олгодог, томилсон албан тушаалтанд олгосон зардлын гүйцэтгэлд хяналт тавьдаггүй, гүйцэтгэлийн тайлан, тооцоог хийдэггүй, баримтыг бүрдүүлж нягтлан бодогчтой тооцоо нийлдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх Д.Н онгоцны тийзийн зардал гэж 2017 онд 3 удаа 5.081.101 төгрөг, 2018 онд 1 удаа 1.396.300 төгрөг, нийт 6.477.401 төгрөгийг ямар ч тушаал шийдвэргүй, гүйцэтгэлийн баримт материал байхгүй байсан тул улсын ахлах байцаагчийн 08 -02/17 тоот акт тогтоосон.

Албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам”-ыг, Гадаад албан томилолтыг Сангийн сайдын “Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” 2011 оны 188 дугаар тушаалыг, мөн дотоод албан томилолтыг Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132 дугаар тушаалыг мөрдөнө. Үүнд Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалын 3, 13-д “Гадаад оронд томилолтоор явагчид нь эх орондоо буцаж ирснээс хойш ажлын 7 өдөрт багтаан зардлын гүйцэтгэлийн тайланг гарган, тооцоог хянуулж, үлдэгдлийг байгууллагын харилцах дансанд тушаана. Байгууллагын нягтлан бодогч нь гадаад албан томилолтын тайланг хүлээж авахдаа баримтын хүчин төгөлдөр байдал, тооцоонд оруулах үндэслэлийг нарийн шалгаж зөвхөн батлагдсан төсөвт хамаарах зардлыг зохих норм, тарифын дагуу тайланд оруулан тооцоог хийнэ гэсэн заалт хэрэгжээгүй байсан. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд гадаад болон дотоод албан томилолтоор явж байгаа ажилчин, албан хаагчдад олгосон томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийг шалгахад томилолтоор ажиллуулах удирдамжгүй, томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй, томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо явсан, ирсэн зам хоногийг хасалт хийсэн тооцоо байхгүй. Томилолтын зардлыг олгосон болон илүү дутуу тооцоог нягталж шалгадаггүй, баримтын бүрдүүлэлт хийдэггүй зэргээс шалтгаалан 2017 онд 10247,0 мянган төгрөг, 2018 онд 13035,3 мянган төгрөг, нийт 23282,3 мянган төгрөгийг зарцуулсан зөрчил илэрсэн. Албан томилолтын зардлыг тушаал шийдвэргүй шууд олгодог, томилсон албан тушаалтанд олгосон зардлын гүйцэтгэлд хяналт тавьдаггүй, гүйцэтгэлийн тайлан, тооцоог хийдэггүй, баримтыг бүрдүүлж нягтлан бодогчтой тооцоо нийлдэггүй зэрэг зөрчил илэрсэн.

Улсын байцаагчийн 2018 оны ******* дугаар актын тухайд: “... Сайдын тушаалын дагуу 2 хүний томилолтын зардал 6.890.700 төгрөг болох байтал 861.600 төгрөгийг илүү зарцуулсан байсан.

Улсын байцаагчийн 2018 оны ******* дугаар актын тухайд: “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2018 оны тус сургуулийн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар хэлэлцэн 006 дугаар тогтоолыг  баталсан бөгөөд тогтоолын хавсралтаар “... 2018 онд нийт 49,500,128.00 төгрөгийг зарцуулахаар баталж орлогоосоо 13,337,665.00 төгрөгөөр давсан зарлагыг баталсан байна. Тус хавсралтад хөрөнгө оруулалтын зардалд баталсан 17,562,894.70 төгрөгийн задаргаа хийгдээгүй.

Г.Б захирлын өөрийн гарын үсгээр баталгаажуулсан 2018 оны төсөв нь 17,562,894.70 төгрөгөөр Алдагдалтай орлогоосоо давсан зарлага баталснаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хэмнэлттэй бус хэтрэлттэй батлагдсан сургуулийн төсвөөс Япон, Монголын сургалтын эмнэлгийн ариутгалын багаж, тоног төхөөрөмжийг санхүүжүүлэхээр тендер зарласан нь холбогдох баримтуудаар нотлогдож байгаа болно. Сайдын багц гэдэг нь сургуулийн төсвөөс тусдаа ойлголт юм.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Япон, Монгол сургалтын эмнэлгийн ариутгалын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх, төсөвт өртөг 29,0 сая төгрөг. “М Э” ХХК-тай Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 201803010 дугаар бүхий 48,4 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Тус тендерт 3 компани оролцсон ба эдгээр компаниудын үнийн санал хэт өндөр, шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан боловч Тендер зарласан төсөв нь 29,0 сая төгрөг байтал 19,4 сая төгрөгөөр хэтрүүлж “М Э” ХХК-тай 48,4 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулсан байна. Бүх тендерээс татгалзсан тохиолдолд дахин зарлалгүйгээр шууд гэрээ байгуулах аргыг сонгож байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийг зөрчсөн байна. Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7.5-д Эм, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “Хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг баримтлаагүй, гэрээг байгуулахдаа гэрээний үнийн дүнг тушаал шийдвэргүй, төсөвт суулгалгүй, гэрээ байгуулах шатанд нэмэгдүүлсэн нь Төсвийн тухай болон холбогдох хуулиудыг зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд мөн Худалдан авсан тоног төхөөрөмжийг хүлээлцэх ажлын хэсгийн тушаал, хүлээлцсэн акт олдохгүй байсан.

Үнэлгээний хорооны гишүүдийг томилохдоо үнэлгээний хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг зөвхөн хангамж үйлчилгээний газрын дарга, мэргэжилтнүүдээс бүрдүүлж удаа дараа өөрчлөлгүйгээр худалдан авах ажиллагааг зохион байгуулуулж байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/655 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсэг Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын хууль, Дотоод аудитын дүрэм, Засгийн газрын журам зэрэг хууль тогтоомжийг үндэслэж гарсан. Улсын байцаагч М.М удирдсан ажлын хэсэг тухайн удирдамжид заасны дагуу хяналт шалгалтыг хийсэн. 3 актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* тушаал нь Япон улсын Шига их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг сунгах гэж тушаал гарсан. Төсвийн тухай хуульд заасан холбогдох заалтад төсвийн шууд захирагч нь харьяа дээд байгууллагын захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх гэсэн заалтыг зөрчөөд тушаал гаргаад явчихсаныг улсын ахлах байцаагч шалгалтын явцад илрүүлсэн. Иймд эдгээр актуудыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байгаа. Бидний гаргасан актад улс төрийн дарамт шахалт байхгүй. Төрийн албан хаагчид бид ажил үүрэг, Засгийн газрын тогтоол хууль дүрэмд заасны чиг үүргийн дагуу ажилласан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Р.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Томилолтын зардал төлүүлэх тухай Албан томилолтын зардлыг бүртгэх, албан хаагчдад олгохдоо Засгийн газрын 1995 оны 218 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчдад нөхөн төлбөр олгох журам”-ыг, Гадаад албан томилолтыг Сангийн сайдын “Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” 2011 оны 108 дугаар тушаалыг, мөн дотоод албан томилолтыг Сангийн сайдын “Зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 2011 оны 132 дугаар тушаалыг мөрдөнө. Үүнд: Сангийн сайдын 2011 оны 188 дугаар тушаалын 3,13-д “Гадаад оронд томилолтоор явагчид нь эх орондоо буцаж ирснээс хойш ажлын 7 өдөрт багтаан зардлын гүйцэтгэлийн тайланг гарган, тооцоог хянуулж, үлдэгдлийг байгууллагын харилцах дансанд тушаана. Байгууллагын нягтлан бодогч нь гадаад албан томилолтын тайланг хүлээж авахдаа баримтын хүчин төгөлдөр байдал, тооцоонд оруулах үндэслэлийг нарийн шалгаж зөвхөн батлагдсан төсөвт хамаарах зардлыг зохих норм, тарифын дагуу тайланд оруулан тооцоог хийнэ” гэсэн заалт хэрэгжээгүй байсан. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлагууд Гадаад болон дотоод албан томилолтоор явж байгаа ажилчин, албан хаагчдад олгосон Томилолтын зардлын баримтын бүрдүүлэлтийг шалгахад томилолтоор ажиллуулах удирдамжгүй, томилолтоор ажилласан ажлын үр дүнгийн тайлан бичигдээгүй, томилолтоор ажилласан хоногийг тооцохдоо явсан, ирсэн зам хоногийг хасалт хийсэн ямар ч тооцоо байхгүй, томилолтын зардлыг олгодог, илүү дутуу тооцоог нягталж шалгадаггүй, баримтын бүрдүүлэлт хийдээгүй зэргээс шалтгаалан 2017 онд 10247.0 мянган төгрөг, 2018 онд 13035.3 мянган төгрөг, нийт 23282.3 мянган төгрөгийг зарцуулсан зөрчил илэрсэн. Албан томилолтын зардлыг тушаал шийдвэргүй шууд олгодог, томилсон албан тушаалтанд олгосон зардлын гүйцэтгэлд хяналт тавьдаггүй, гүйцэтгэлийн тайлан, тооцоог хийдээгүй, баримтыг бүрдүүлж нягтлан бодогчтой тооцоо нийлдэггүй зэрэг зөрчил илэрсэн. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зөвлөх Д.Н онгоцны Тийзийн зардал гэж 2017 онд 3 удаа 5.081.101 төгрөг, 2018 онд 1 удаа 1 396.300 төгрөг, нийт 6.477.401 төгрөгийг ямар ч тушаал шийдвэргүй, гүйцэтгэлийн баримт материал байхгүй байсан тул Улсын ахлах байцаагчийн 08 -02/17 дугаар акт тогтоосон. Сангийн яамнаас энэ актыг хянаад үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан” гэв.

Хариуцагч М.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайбартаа: “... Миний бие тус сургуулийн орлого зарлага төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан хөрөнгө оруулалтын зардалд багцлан тусгасан 17,542.8 сая төгрөгөөр хөрөнгө төсөл арга хэмжээ, тендер зохион байгуулалт худалдан авалтад дотоод аудит хийсэн. 2017-2018 оны худалдан авалтыг удирдамжийн дагуу шалгав. Тухайн онуудын санхүүгийн эмх цэгц туйлын хангалтгүй байсан. Жишээлбэл: Хөрөнгө оруулалт худалдан авалттай холбоотой санхүүгийн анхан шатны ихэнх баримт үдэгдээгүй задгай байсан. Шалгалтын хугацаанд баримт хүлээж авсан комиссын акт гэх мэт бүрдүүлэлт дахин шинээр хийж оруулж ирж байсан байдал ажиглагдсан. Тодруулбал: “Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2018 оны төсөв батлах тухай” 006 дугаар тогтоолоор баталсан төсвийн хөрөнгө оруулалтын төсвийн задаргааг албажуулж, тамга тэмдэг дараагүй бөгөөд зөвхөн төсвийн эмхэтгэл номын 73-74 дүгээр хуудсанд задалж харуулсан байдалтай байсан. Тус сургуулийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр баталсан гэх 2018 оны төсвийн хавсралтад Япон Монголын сургалтын эмнэлгийн ариутгалын багаж, тоног төхөөрөмжийг худалдан авахад зориулж 29.0 сая төгрөгийг баталсан байдаг. Тендерийн зарласан төсөв мөн 29.0 сая төгрөг гэтэл гэрээг 48.4 сая төгрөгөөр байгуулсан байна. Үнэлгээний хороо: 1. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.7-д “шаардлагад нийцсэн дараах байдлаар харьцуулж үнэлнэ” 28.7.5-д эм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад чанар ба үнэлгээний харьцуулалтаар өндөр оноо бүхий тендерийг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”  гэж үзнэ. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д “техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл шаардлагыг хангаж байгаа болон түүнээс дээш этгээдэд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэх гэсэн дээрх заалтууд хангагдаагүй байсан учир нь гэрээний үнийн дүнтэй дүйцэхүйц төсөвт өртөг бүхий техникийн тодорхойлолт боловсруулагдаагүй, нэхээд гаргаж өгөөгүй иймээс гэрээ байгуулах шатанд хийсвэрээр төсөвт өртгийг нэмэгдүүлсэн гэж үзэж байна

2. Сургуулийн төсөвт 50.0 сая төгрөгийн хэмнэлт үүссэн гэжээ. Уг тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль 2018 оны төсвөө батлахдаа зарлага нь орлогоосоо 13.3 тэрбум төгрөгөөр давсан төсвийг хууль зөрчин баталсан байдаг.

Худалдан авалтыг шалгахдаа хамгийн түрүүнд сургуулийн ерөнхий тайланг үзсэн. Энэ тайланд хэчнээн бараа ажил үйлчилгээ худалдаж авсан бэ гэдэг нь харагддаг. Уг тайлангийн 6 дугаар хэсэгт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Япон, Монгол сургуулийн эмнэлгийн ариутгалын тоног төхөөрөмжийг нийлүүлэх заасны батлагдсан төсөв нь 29 сая, гэрээний дүн 48.4 сая, гүйцэтгэгчийн нэр нь “М Э” ХХК гэж бичигдсэн тайлангаа Сангийн яам руу хүргүүлсэн. Энэ тайлангийн дагуу бүх худалдан авалтын баримтуудыг шат дараалан үзэж шалгасан” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсвийн багцад батлагдсан Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжсэн ... төслийн хөрөнгөөр Дижитал гэрлийн ба конфокал электрон микроскопын систем нийлүүлэх ажлыг 1,999,100,000 (нэг тэрбум есөн зуун ерэн хоёр сая нэг зуун мянга)-н төгрөгөөр гүйцэтгэх эрхийг “С” ХХК-д олгож, тендерийн сонгон шалгаруулалт явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12, 13, 14-16, 25, 27, 29 дүгээр зүйлийг тус тус зөрчин эрх олгосон нь шалгалтаар илэрсэн. Уг нийлүүлсэн тоног төхөөрөмж нь анх захиалсан тоног төхөөрөмжөөсөө огт өөр, сургуульд ашигладаггүй, хэрэгцээгүй үхмэл хөрөнгө болсон, дэлхийд 6 ширхэг үйлдвэрлэсэн, сэлбэг хэрэгсэл, ашиглалтын үзүүлэлт байхгүй, тендер нийлүүлсэн “С” ХХК нь татан буугдсан гэх мэт төсвийн хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сулруулж, үр ашиггүй зардал гарган өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг нь шалгалтаар тогтоож, акт тавьсан.

Г.Б нь тухайн үед шалгалтын үйл ажиллагаанд бүрэн оролцож, акттай бүрэн танилцаж, тайлбар бичиж гарын үсэг зурж байсан болно. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ актуудыг эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргахад 2019 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 13-214415 дугаар хариу хүргүүлж энэ шийдвэрээр дээрх актуудыг хүчингүй болгох гэж илт худлаа бичсэн байна. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/655 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус сургуулийн Санхүүгийн баримт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актууд тавигдсан өнөөдрийг хүртэл биелэгдээгүй бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай “Төсөв хэтрүүлж гэрээ байгуулсан ариутгалын багаж, тоног төхөөрөмжийн тухай” актууд хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 183, 184 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн гүйцэтгэх хуудас бичүүлэхээр хүсэлт гаргаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ГX2019 /00964 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 183/Ш32019/10749 дугаартай “Улсын байцаагчийн актыг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар баталгаажсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд хандан “...Улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Онгоцны тийзийн зардлыг нөхөн  төлүүлэх тухай” 0******* дугаар, “Томилолтын зардлыг төлүүлэх тухай” ******* дугаар, “Төсөв хэтрүүлж гэрээ байгуулсан ариутгалын багаж, тоног төхөөрөмжийн тухай” ******* дугаар актуудыг хүчингүй болгуулах тухайнэхэмжлэлийг гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

          Нэхэмжлэгч талаас “улсын байцаагчийн актууд нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагыг ханаагүй, актууд нь хууль бус үндэслэлгүй, улсын байцаагчийн эрхгүй байхдаа гаргасан, нэхэмжлэгчид мэдэгдэх, түүнийг сонсох, тайлбараа гаргах зэргээр оролцоог нь хангаагүй” гэхчлэн маргасан бол хариуцагчийн зүгээс “холбогдох хууль, дүрэм, журамд үндэслэж улсын байцаагчийн актууд гарсан, Сангийн яамаар хянагдсан, хууль зөрчөөгүй” хэмээн үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

          Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд нь “Г.Б нь тухайн үед шалгалтын үйл ажиллагаанд бүрэн оролцож, акттай бүрэн танилцаж, тайлбар бичиж гарын үсэг зурж байсан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/655 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тус сургуулийн санхүүгийн баримт, үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн актууд тавигдсан өнөөдрийг хүртэл биелэгдээгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий  захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор Р.А нараас 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Онгоцны тийзийн зардлыг нөхөн төлүүлэх тухай” 0******* дугаар актаар[1] Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх” 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.6.2-д “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” мөн 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 4.1.49, 69 дүгээр зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, 51 дүгээр зүйл “Төлөвлөгөөт хяналт шалгалт”, 7 дугаар зүйл “Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”, 10 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл “Захиргааны актын агуулга ба хэлбэр”, 40 дүгээр зүйл “Захиргааны актыг бичгээр гаргах”, 43 дугаар зүйл “Захиргааны актыг мэдэгдэх” гэснийг тус тус үндэслэн зөвлөх Д.Н онгоцны зардал гэж ямар ч тушаал шийдвэргүй, гүйцэтгэлийн баримтгүй нийт 6,477,401 /зургаан сая дөрвөн зун далан долоо мянга дөрвөн зуун нэг/ төгрөг зарцуулсан төлбөрийг сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Б нөхөн төлүүлж, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

          Маргаан бүхий энэ тохиолдолд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн ЭЗ-БАС-ийн Био анагаахын эрдэмтдийн зөвлөлийн хурлын 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Дархлаа хяналтын дэвшилтэт технологийг нутагшуулах арга зүйг боловсруулан эмнэл зүйн практикт нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхийг 100 хувь дэмжсэнийг үндэслэн төслийг гүйцэтгэх санхүүжүүлэх 17/01/02 гэрээг 2017 оны 6 дугаар сарын 30-нд байгуулсан байна.

          Гэрээний гуравдугаар хавсралтаар төслийн судалгааны зардлыг задаргаа баталсны дотор томилолт буюу Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцны тийзийн зардалд 18.0 сая төгрөг баталсан байна.  Энэ нь Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 6.3.4-т “гадаад дотоод томилолт, гадаадын эрдэмтдийн болон хээрийн судалгааны зардал”-ыг төслийн зардалд оруулна. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Шинжлэх ухааныг дэмжих сангийн төслийг гүйцэтгэх санхүүжүүлэх гэрээний 2.1.2.1-д “Төслийн гэрээнд заасан зардлыг бүрэн шуурхай олгох” гэж заасныг хэрэгжүүлэн томилолтын зардлыг төслийн төсвийн зардалд тусгана гэсний дагуу доктор Д.Н онгоцны тийзийн зардалд мөнгө зарцуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

          2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Томилолтын зардлыг төлүүлэх тухай” ******* дугаар актаар[2] Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.6.1-д “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх”, 6 дугаар зүйлийн 6.6.2-д “Төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт , хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 4.1.49, 69 дүгээр зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, 51 дүгээр зүйл “Төлөвлөгөөт хяналт шалгалт”, 7 дугаар зүйл “Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”, 10 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл “Захиргааны актын агуулга ба хэлбэр”, 40 дүгээр зүйл “Захиргааны актыг бичгээр гаргах”, 43 дугаар зүйл “Захиргааны актыг мэдэгдэх” гэснийг тус тус үндэслэн сайдын тушаалаас илүү зарцуулсан 861600 /найман зуун жаран нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн төлбөрийг сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Б нөхөн төлүүлж, төсвийн орлогод оруулахаар тогтоожээ.

          Үйл баримт хувьд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Гадаадад томилолтоор ажиллуулах тухай” ******* дугаар тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Б тус их сургуулийн эмнэлгийн хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулах, Японы Шига их сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг сунгах ажлаар томилж 3.445.4 мянган төгрөгөөр санхүүжүүлэхийг зөвшөөрчээ. Улмаар энэ шийдвэрийн дагуу Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ******* дүгээр тушаалаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Б, боловсролын асуудал эрхэлсэн дэд захирал Сүмбэрзул нарын Япон Улсад хийх ажлын айлчлалын томилолтын зардалд 7.752.3 /долоон сая долоон зуун тавин хоёр мянга гурван зуу/ мянган төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэж, “А М” ХХК-уруу 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр 4.378.4 мянган төгрөгийг Г.Б унааны зардалд мөн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 3.378.9 мянган төгрөгийг томилолтын зардалд бэлнээр авсан байна.

Сангийн сайдын 2011 оны “Гадаад томилолтын зардлын хэмжээг шинэчлэн батлах тухай” 188 дугаар тушаалаар гадаад албан томилолтоор явагчдад хот доторх унааны зардлын хэмжээг тухайн хотод байх хэмжээг хоногт 10 ам.доллараар тооцож олгоно гэснийг зөрчсөн, сайдын тушаалын дагуу 2 хүний томилолтын зардал 6.890.700 төгрөг болох байтал 8616000 төгрөгөөр хэтрүүлж зарцуулсан гэж үзэхэд учир дутагдалтай, актаар тогтоосон нөхцөл байдлыг бүрэн дүүрэн гэхэд эргэлзээтэй, гадаад албан томилолтоор ажиллахдаа зөвхөн нэг хотод ажиллаагүй, өөр өөр хотуудад ажилласан, хотоос хот дамжсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үгүйсгэх баримт байхгүй байна.

            3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор М.Н нарын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Төсөв хэтрүүлж гэрээ байгуулсан ариутгалын багаж, тоног төхөөрөмжийн тухай” ******* дугаар актаар[3] Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “хариуцлагатай байх”, 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 6.6.1-д “төсвийн захирагч нь түүнийг томилсон байгууллага, албан тушаалтны өмнө, эсхүл дээд шатныхаа төсвийн захирагчийн өмнө төсвийн талаар хариуцлага хүлээдэг байх” гэсэн зарчмыг мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Төрийн өмчит хуулийн этгээдийн эрх баригч нь өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын байдалд өдөр тутам тавих дотоодын хяналтыг зохион байгуулж, түүний үр дүнг төрийн өмнө хариуцна”, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн зарчмыг мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна”,46.1.4-д  “худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах”, 46.1.5-д “тухайн бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх”, 46.1.6-д “бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн биелэлтэд хяналт тавих” гэснийг тус тус зөрчиж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 18-ы өдрийн 006 дугаар тушаалаар Япон, Монгол сургалтын эмнэлгийн ариутгалын багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх АҮШУҮИС/201803010 төсөвт өртгийг 29.0 сая төгрөгөөр баталсан байхад 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “М” ХХК-тай 48.4 сая төгрөгөөр гэрээ байгуулж батлагдсан төсвийг 19.4 сая төгрөгөөр хэтрүүлсэн зөрчил гаргасан хэмээн үзэж, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.36, 4.1.49, 69 дүгээр зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйл “Хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журам”, 51 дүгээр зүйл “Төлөвлөгөөт хяналт шалгалт”, 7 дугаар зүйл “Яам, агентлаг болон Засгийн газраас байгуулдаг төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх”, 10 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйл “Захиргааны актын агуулга ба хэлбэр”, 40 дүгээр зүйл “Захиргааны актыг бичгээр гаргах”, 43 дугаар зүйл “Захиргааны актыг мэдэгдэх” гэснийг тус тус үндэслэн батлагдсан төсөвт өртгийг хэтрүүлсэн 19,400.00 /арван есөн сая дөрвөн зуу/ төгрөгийн төлбөрийг сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Б нөхөн төлүүлж, төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

Тендер шалгаруулалтыг 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр зарлаж, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр тендерийн нээлт хийхэд “П” ХХК 279.000.000 төгрөг “Т-У” ХХК 58.000.000 төгрөгөөр тухайн барааг нийлүүлэхээр санал болгосон ба тус тендер шалгаруулалтын төсөвт өртөг нь 29 сая төгрөг байсны улмаас захиалагч хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д заасны дагуу бүх тендерээс татгалзсан, улмаар шууд гэрээ байгуулах шийдвэр гарснаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Б, “М Э” ХХК-ийн захирал Н.З нарын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Худалдах худалдан авах” 06 дугаар гэрээгээр Шинэ цогцолборын эмнэлгийн ариутгалын багаж тоног төхөөрөмжийг 48.4 сая төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийж 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 48.4 сая төгрөгийг “М Э” ХХК-д шилжүүлсэн байна. Энэ тохиолдолд Тендерийн үнэлгээний хорооны шалгаруулсан тендер ялагчтай гэрээ байгуулах зөвлөмжийг хэрэгжүүлсэн хэмээн нэхэмжлэгчийн буруутгах боломжгүй, зөрчилд холбогдогч тодорхой байх, бодит нөхцөлд тохирсон байх хуульд заасан шаардлагыг хангаж гараагүй байна.

          Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/655 дугаар тушаалын нэг дэх заалтаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн удирдлага, санхүүгийн 2017-2018 оны үйл ажиллагаанд хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийх ажлын хэсгийг байгуулж, хоёр дахь заалтаар ажиллах удирдамжийг баталсан ба Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2: “хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу ...”, 52 дугаар зүйлийн 52.1: “төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ... эрх бүхий байгууллагын шийдвэрээр ... үндэслэлээр хийнэ”, 52.3: “...гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасан зохицуулалтын хүрээнд байна.

          Харин дээрх А/655 дугаар тушаалд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/850 дугаар тушаалаар “...2017-2018 оны гэснийг 2014-2018 оны 9 дүгээр сар гэж өөрчилж” шийдвэрлэсэн байгааг болон шалгалтын удирдамжид “2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлын 7 хоног хийх”-ээр заасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 52.4-д заасан “...шалгалтын үргэлжлэх хугацаа ажлын 10 өдрөөс илүүгүй байх ...” гэдэгт нийцэж байгаа боловч хариуцагчийн “10 дугаар сарын 20-оос 12 дугаар сарын 25 хүртэл шалгалт явуулсан...” гэх хариу тайлбар зэргээс үзвэл цаг хугацааны хувьд алдаатай шийдвэр байх бөгөөд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан “...бусад үндэслэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн байна.

Маргаан бүхий захиргааны акт болох улсын байцаагчийн актыг санхүүгийн хяналт шалгалтын Улсын байцаагчийн эрхтэй этгээд үйлдэхээр байхад зөвхөн улсын ахлах байцаагч М.М ганцаараа улсын байцаагчийн эрхтэй, энэ нь Сангийн сайдын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 5 дугаар тушаалаар олгогдсон байсан, бусад хариуцагч болох дотоод аудиторуудын хувьд улсын байцаагчийн эрхгүй байсан, үүнтэй маргахгүй байна. Энэ тохиолдолд Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-д “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна” байна гэсэнтэй нийцэхгүй байна. Үүгээрээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргах эрхгүй этгээд гаргасан” гэх тайлбарыг няцаах баримт байхгүй байна.

Шүүх, хяналт шалгалтыг явуулсныг буруутгаагүй ба харин Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд зохицуулсан хяналт шалгалт хийх нийтлэг үндэслэл, журмыг хангаж ажиллаагүй гэж үзсэн, тодруулбал, дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д: “хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ”, 5 дугаар зүйлийн 5.9-д: “... улсын байцаагч шалгалтын тэмдэглэлийг хоёр хувь үйлдэх бөгөөд нэг хувийг шалгуулагч этгээдэд өгөх ...” 5.10-д: “шалгуулагч этгээд шалгалтын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд хэрэв гарын үсэг зурахаас татгалзсан бол энэ тухай шалгалтын тэмдэглэлд тусгана”, 5.16-д: “хяналт шалгалтын дүнгийн тухай танилцуулга, бусад баримт бичгийг зохих журмын дагуу үйлдэж, хяналт шалгалт хийсэн албан тушаалтан гарын үсэг зурна” гэж зааснаар шалгалтын тэмдэглэл, танилцуулга үйлдээгүй, энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй, шалгуулагч этгээдийн оролцоог хангаагүй, хяналтын хуудас үйлдээгүй, зөвхөн удирдамжийн хүрээнд хийх байтал удирдамжид заагдаагүй хугацааны баримтыг шалгаж, улмаар удирдамжид заасан хугацааг улсын байцаагчийн акт үйлдсэнээс хойш гаргасан байгаа нь хууль бус байна.

Түүнчлэн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д: “Улсын байцаагч нь Засгийн газраас загварыг нь баталсан, уг улсын байцаагчийг томилох эрх бүхий албан тушаалтнаас олгосон албаны болон хувийн дугаар бүхий үнэмлэх, тэмдэг, түүнчлэн албан шаардлага, дүгнэлт, акт, торгуулийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ”, 10.9.11-д: “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах” гэж заасныг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй. Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудиторууд нь улсын байцаагчийн эрхгүй байхдаа улсын байцаагчийн акт тогтоосон нь үндэслэлгүй, уг улсын байцаагчийн актыг хэрхэн яаж гомдол гаргах талаар тогтоосон актадаа дурдаагүй, харин Засгийн газрын 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрмийн холбогдох заалтыг дурдсан нь хууль зүйн хувьд хуулиар тодорхой зохицуулсан харилцааг буруу тайлбарлаж хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын маргаан бүхий захиргааны актуудаар буруутгасан зөрчлийг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмуудыг хангаж ажиллаагүй нь уг маргаан бүхий улсын байцаагчийн актуудыг шүүхээс хүчингүй болгох үндэслэл болсон, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна гэж дүгнэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47дугаар зүйлийн 47.1-д: “... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид буцаан олгоно” гэснийг хэрэглэн улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 5.9, 52.1 дүгээр зүйлийн 52.1, 52.5, 10 дугаар зүйлийн 10.8, 10.9.11-д заасныг баримтлан Г.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Онгоцны тийзийн зардлыг нөхөн  төлүүлэх тухай” 0******* дугаар, “Томилолтын зардлыг төлүүлэх тухай” ******* дугаар, “Төсөв хэтрүүлж гэрээ байгуулсан ариутгалын багаж, тоног төхөөрөмжийн тухай” ******* дугаар актуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   У.Б

 

 

 

 

[1] 2-р хавтаст хэргийн 25-26-р хуудас

[2] 2-р хавтаст хэргийн 27-28-р хуудас

[3] 2-р хавтаст хэргийн 29-31-р хуудас