Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00170

 

 

2021 03 02

001/ХТ2021/00170

 

 

 

Ш.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01408 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1547 дугаар магадлалтай,

Ш.Батсайханы нэхэмжлэлтэй,

Ө.Мөнхтуяад холбогдох

 

Өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн 185 тойргийн нотариатч Ө.Мөнхтуяа 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа Ш.Цогтсайханы Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар байр 284 тоотод 2005 оны 3 дугаар сарын 18-наас 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас бартлаа амьдарч байсан, Сүхбаатар дүүргийн хүн ам, иргэний бүртгэлийн баримтын архивын нас барсны бүртгэлийн 112/012407 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаанд Ш.Цогтсайхан 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсныг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 193 тоотод бүртгэсэн нас барсны лавлагаа, Ш.Цогтсайханы 2006 оны 01 дугаар сарын 18-ны 00178141 дүгээр тоот байрны гэрчилгээг Сүхбаатар дүүргийн шүүхийн 2015 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн 818 тоот шийдвэрт Н.Ойдовдорж барьцаалж 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ҮХЭХБ-ийн газарт хаалгаад 24,700,000 төгрөгийн авлагатай гэсэн байхад, өвлөгч нар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А байрны 18 тоотыг 2011 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан, өвлөгч нар нь талийгаачтай Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Алтайн 10 дугаар байр 284 тоотод хамт амьдарч байгаагүй, хууль ёсны өвлөгч нь эргэлзээтэй, нотлох баримтууд нь хуурамч, Иргэний хуулийн 528.1 дэх хэсгийг зөрчсөн, мөн хуулийн 528.3 дахь хэсгээр өвлөх эрхээсээ татгалзсан, тус хуулийн 528.4 дэх хэсгээр өвлөх эрхээ сэргээлгээгүй өвлөгч нарыг 2008 оны 3 дугаар сарын 07-нд нас барсан Ш.Цогтсайханы өмчилж байсан байрны гэрчилгээ гээд 2013 оны 9 дүгээр сарын 25-ны 00275925 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ бариад ирэхэд нь хууль ёсны өвлөгч нар мөн үү, бичиг баримт нь зөрчил байна уу гэдгийг шалгалгүй зөрчилтэй бичиг баримтаар өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг олгосон үйлдэл нь хууль бус учраас өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн 185 дугаартай нотариатын үйлдлийг хууль бус үйлдэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ө.Мөнхтуяа нотариатч нь 2000 онд Улс орон даяар хүчингүй болж өөрчлөгдсөн хүрэн паспортаар үйлчилж, мөн нас барсны гэрчилгээнд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А-18 тоотод гэртээ нас барсан гэж худлаа баримт бүрдүүлснийг хүлээж авсан. 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Ш.Цогтсайханы өв нээгдсэн газар нь Баянгол дүүрэг дээрх баримтаар 2011 оны 6 дугаар сарын 21-нд Ү-2205009850 дугаартай улсын бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А-18 тоотоо Иргэний хуулийн 528.2 дахь зүйлээр эзэмшиж, эзэмдэн захиран зарцуулж, эрхлэн удирдаж байсан нотлох баримтаар Баянгол дүүргийн байраа Баянгол дүүрэгт өв нээгдсэн гэж тухайн газрын нотариатаар хуулийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөж авсан байдаг. Зориуд худлаа гаргуулсан нас барсны гэрчилгээг дахин ашиглаж 2008 оны 3 дугаар сарын 07-нд нас барсан Ш.Цогтсайханы Сүхбаатар дүүрэг дэх өв хөрөнгүүдийг 2013 оны 08 дугаар сарын 08-нд буюу 5 жил 5 сарын дараа 528.3-д зааснаар өвлөхөөс татгалзсан хойноо өв хөрөнгийг нь мэдээгүй болох гэж худлаа ҮХЭХБ-ийн газраас Г.Ичинхоролын заавраар лавлагаа авч Ш.Цогтсайханы өв хөрөнгө Сүхбаатар дүүрэгт байр, газар байна гэж өвлөх эрхээсээ татгалзсанаа мэдсээр байж өмнөх баримтуудаа ашиглан 2000 онд хүчингүй болгогдсон хүрэн паспортыг үндэслэн Сүхбаатар дүүрэгт дахин өвлөх эрхийн гэрчилгээг авахад нь тусалж Нотариатын тухай хуулийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомжоор, Иргэний хуульд өвлөх нотлох баримтыг дахин ашиглахгүй гэж заасныг 31.1.2-т өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй холбоотой асуудал байвал 31.1.6-д хуульд заасан бусад гэсэн заалтад талийгаачийн оршин сууж байсан сүүлчийн хаягт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хорооноос буюу эсвэл өвлөх гэж буй Сүхбаатар дүүрэг 3 дугаар хорооноос тодорхойлолт авагдаагүй байхад бүрдүүлбэр дутуу нотлох баримт, бичиг баримт эргэлзээтэй байхад өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Нотариатын тухай хуулийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох заалтын 43.2.1-д хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт гэдэгт Иргэний хуулийн 528.3-аар өв хүлээн авахаас татгалзаж 2008 оны 3 дугаар сарын 07-нд нас барсан талийгаачийн өв хөрөнгийг 2013 оны 10 дугаар сарын 14-нд өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулах хүсэлт гаргаж байгааг, Нотариатын тухай хуулийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн тоо хэмжээ тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт гэдэгт Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо 45-4-48 тоот байрны талийгаач амьддаа авсан 00178141 дугаартай 2006 оны 01 дугаар сарын 18-ны гэрчилгээ нь биш нас барснаас нь хойш 2014 оны 9 дүгээр сарын 27-нд гаргуулсан гэрчилгээгээр буюу эргэлзээтэй гэрчилгээгээр өвлөх эрхийн гэрчилгээ нээлгэснийг, 43.2.5-д ...түүний оршин суугаа Засаг даргын тодорхойлолт дээр талийгаачийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 4А-18 тоотод амьдарч байгаагүй байхад өвлөх эрхийн гэрчилгээг олгожээ. Ш.Цогтсайхан Баянгол дүүрэгт амьдарч байсан гэх нь худлаа гэдэг нь шинээр Сүхбаатар дүүргийн шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны 457 дугаар шийдвэрээр илэрч Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороонд 2008 оны 02 дугаар сарын 27-нд оны шинэчлэгдсэн бүртгэлээ хийлгэсэн, 2019 оны 2 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс Улсын хүн амын бүртгэлийн газраас гаргаж өгсөн лавлагаанд 2005 оны 3 дугаар сарын 18-наас 2008 оны 3 дугаар сарын 07-ны хооронд талийгаач нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо Алтайн 10-284 тоотод амьдарч байсан лавлагаа гарч ирсэн нь үнэн зөв, харин өвлөгч нар Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотод 2005 оны 3 дугаар сарын 18-наас 2008 оны 3 дугаар сарын 07-ны хооронд амьдарч байгаагүй учраас 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан нь эргэлзээтэй байна гэдгийг нотолж байгаа тул дээрх зөрчилтэй нотлох баримтуудаар хийгдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ш.Батсайхан нь нотариатч намайг иргэний хариуцагчаар татан өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хууль ёсны өвлөгч нь эргэлзээтэй, нотлох баримтууд нь хуурамч, өвлөх эрхээсээ татгалзсан, өвлөх эрхээ сэргээлгээгүй өвлөгч нарт ... зөрчилтэй бичиг баримтаар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг хууль бус үйлдэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь хууль зөрчөөгүй. Учир нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатчд гаргана, мөн хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1-д өвлүүлэгчийн сүүлчийн оршин сууж байсан газрыг өв нээгдсэн газар гэж үзнэ гэсэн заалтуудын дагуу өвлөгдвөл зохих хөрөнгийг хүлээн авах хүсэлтийг хууль ёсны өвлөгч нар нь харьяа дүүргийн нотариатчд гаргаж өвлөх эрхийн гэрчилгээ авах эрх нь хэн бүхэнд нээлттэй байдаг. Үүний дагуу 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан Шаравын Цогтсайханы эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор нар талийгаачийн амьдарч байсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 7 дугаар хороолол, төмөр замын 45 дугаар байрны 48 тоотын 29 м.кв хоёр өрөө Ү-2203012401 улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг өвлөн авах хүсэлтийг гаргасан. Хүсэлт гаргагч нар нь нас барагчийн хууль ёсны өв залгамжлагч гэдгийг дараах байдлаар нотолсон баримтуудыг нотариатчд ирүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний баримт бичгийн архивын хэлтсээс 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр олгосон 114023117 дугаартай гэрлэлтийн лавлагааг ирүүлсэн. Энэ баримтаар Ш.Цогтсайхан, Я.Жаргалсайхан нар 1975 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсон гэдгийг нотолсон баримт ирсэн. Мөн өдөр олгосон 05009177 гэсэн ХААТР-1 маягтын лавлагааг ирүүлсэн. Энэ баримтаар Я.Жаргалсайхан нь хоёр хүүхэд төрүүлсэн болохыг нотолсон. Нас барагч Ш.Цогтсайхан 2008 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсныг иргэний бүртгэлд 193 дугаарт бүртгэж 0011901 тоот гэрчилгээ олгосон баримтыг ирүүлсэн. Энэ баримтаар нас барагч нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод оршин сууж байсан гэсэн бүртгэлтэй байсан. Сартуул овгийн Шаравын Цогтсайханы 060685 тоот паспортыг ирүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын хэлтсээс 2013 оны 8 дугаар сарын 08-ны өдөр иргэн Ц.Болорт олгосон лавлагаа байсан. Энэ лавлагаагаар нас барагч иргэн Ш.Цогтсайханыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоот орон сууцны өмчлөлд бүртгэлтэйг нотолсон талаар баримт. Энэ баримтаар Ш.Цогтсайханы өмч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоот орон сууц мөн гэдгийг нотолж байгаа юм. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоот орон сууцны Ү-2203012401 тоот улсын бүртгэлийн дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг ирүүлсэн. Энэ баримтаар тухайн орон сууцны өмчлөгч нь Ш.Цогтсайхан болохыг нотолсон. Я.Жаргалсайхан, Ц.Болор, Ц.Болдбаатар нар нь иргэний үнэмлэхээ ирүүлсэн. Энэ иргэний үнэмлэхийн оршин суух хаяг нь өвлүүлэгч Ш.Цогтсайханы оршин сууж байсан гэх Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайвын өргөн чөлөө 4а байрны 18 тоотод бүртгэлтэй гэсэн нэг хаягт амьдарч байсныг нотолсон баримтуудыг ирүүлсэн. Эдгээр баримтууд нь хуульд нийцэж байгаа эсэхийг миний бие үнэлж, дүгнэсэн. Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалагдан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно гэж заасан байгаа. Улсын дээд шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 08 дугаар тогтоолын 1-д Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлахдаа хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.5-д заасан байнга оршин суугч гэж Иргэний бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.11-д зааснаар тухайн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлох хаягт бүртгэлтэй иргэнийг хэлнэ гэж байнга оршин сууж байгаа иргэнийг тодорхойлон заасныг тайлбарласан байна. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т Иргэний улсын бүртгэлийн лавлагаа гэж иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн гаргасан бүртгэлийн мэдээллийн үнэн зөвийг нотолсон баримт бичгийг хэлнэ гэж заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас гаргаж өгсөн төрөл садангийн, төрсний, гэрлэлтийн, иргэний үнэмлэхийн үнэн зөвийг баталсан лавлагаанууд байсан. Мөн 18 дугаар зүйлд иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл гэсэн заалтад Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлсэн байхыг байнга оршин суугч гэнэ гэж энэ хуульд заасан байна. Мөн 18 дугаар зүйлийн 18.2-т 180 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа хаяг нь энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна гэсний дагуу өвлүүлэгч, өвлөгч нар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 45 дугаар байрны 48 тоотод хамт амьдарч байсан гэх үндэстэй байсан. Мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх заалтаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатчд буюу, нотариат байхгүй газар баг, сумын засаг даргад мэдэгдээгүй бол уг хөрөнгийг хүлээж авна гэж заасан. Я.Жаргалсайхан, Ц.Болор нар нь уг хөрөнгийг хүлээж авахаас татгалзсан хүсэлтийг гаргаагүй байсан. Талийгаач Ш.Цогтсайхан нь Я.Жаргалсайхантай гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсны эхнэр нөхөр болсон байсан. Мөн Ш.Цогтсайхан, Ц.Болор нар нь эцэг, хүүхэд байсан. Эдгээр хүмүүс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод оршин сууж байсан. Иймээс Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу би эдгээр хүмүүсийг хууль ёсны өвлөгч мөн гэж үзсэн. Тиймээс 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгож, Монголын нотариатчдын танхимын цахим бүртгэлийн санд оруулж бүртгүүлсэн. Нэхэмжлэгч талаас талийгаач Ш.Цогтсайханыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотод оршин сууж байсан гэх баримт ирүүлсэн нь цаг хугацааны хувьд ч тэр, мөн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн бүртгэлээс зөрж байгаа. Тиймээс Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, энхтайвын өргөн чөлөө 4а байрны 18 тоотод гэр бүлийнхээ хамт гэр бүлтэйгээ хамтран амьдарч байсан гэдгийг үгүйсгэх баримт биш учраас нотариатын үйлдэл хууль зөрчсөн үйлдэл биш юм. Нэхэмжлэгч Ш.Батсайхан нь талийгаач Ш.Цогтсайханы төрсөн ах гэдэг нь төрөл садангийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Гэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т заасан өвлөгч учраас талийгаачийн хөрөнгийг өвлөж авах эрхгүй этгээд юм. Өөрөөр хэлбэл, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх заалтад хамаарал бүхий этгээд биш юм. Гуравдагч этгээдүүдийн хувьд Я.Жаргалсайхан, Ц.Болор нар нь өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөж авах эрхээ алдаагүй, мөн энэ эрхээсээ татгалзаагүй, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хамаарах хууль ёсны өвлөгч нар юм. Иргэний нэхэмжлэлийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бол шүүгч нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзана гэж заасан байгаа. Я.Жаргалсайхан, Ц.Болор нарт олгосон 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч нь 2014 онд шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцээд 5563 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ш.Батсайхан нь давж заалдах гомдол гаргасан. Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 379 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 489 тоот тогтоолоор 5563 тоот шийдвэр, 379 тоот магадлалыг хэвээр үлдээж хүчин төгөлдөр болсон. Тиймээс Я.Жаргалсайхан, Ц.Болор нарын хариуцагчтай хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг өнөөдөр хариуцагчийг нь өөрчлөөд дахин шүүхэд хэлэлцүүлж байгаа юм. Тиймээс өмнө нь шүүхээр хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэртэй үйл баримтыг дахин шүүхэд гаргаж байгааг хүлээж авах боломжгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй. Энэ хэрэг өмнө нь шүүхээр хэлэлцэгдээд гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ш.Цогтсайхан нь нас барах үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, алтайн 10-284 тоотод оршин сууж байсан гэж бичсэн байдаг. Миний аав Ш.Цогтсайхан 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барах хүртлээ Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод эхнэр Я.Жаргалсайхан, хүү Ц.Болдбаатар, миний бие Ц.Болор нарын хамт амьдарч байсан. Үүнийг нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр аав маань гэртээ нас барсан. Гэртээ нас барахад нь гадны нөлөө байсан эсэх талаар эрүүгийн хэрэг үүсгэдэг. Бид Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөн. Энэ үед Ш.Батсайхан бас очиж мэдүүлэг өгсөн байдаг. Мэдүүлэгтээ манай дүү Шаравын Цогтсайхан нь Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотод эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор, хүү Ц.Болдбаатар нарын хамт амьдардаг гэж хэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь сүүлийн 5-6 жил иргэний хэргийн шүүхэд янз бүрийн нэхэмжлэл гаргаж биднийг чирэгдүүлж, хохироож байна. Сүүлд нэхэмжлэлдээ миний аавыг нас барах үедээ бид нартай хамт амьдарч байгаагүй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 10-284 тоотод амьдарч байсан гэж бичсэн байдаг. Миний аав 2008 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот хаягтай иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байдаг. Иргэний үнэмлэхээ дахин авах тухай өргөдөл бичээд, үнэмлэхээ авч чадаагүй байж байгаад 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барсан. Аав маань нас барахаасаа өмнө өөрийнхөө гараар иргэний үнэмлэхээ гээсэн тул дахин шинээр олгож өгнө үү гэж өргөдөл бичсэн байдаг. Энэ өргөдлийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоот хаягт амьдарч байсныг тодорхойлсон хорооны Засаг даргын тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан байгаа. Миний ээж, аав хоёр цэргийн 165 дугаар ангид ажиллаж байсан. Уг орон сууц нь 165 дугаар ангиас өгсөн цэргийн байр юм. Миний ээж, аавтай хамт ажиллаж, нөхөрлөж байсан хүмүүс одоог хүртэл уг орон сууцанд амьдарч байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд 5 хүний тодорхойлолтыг нотлох баримтаар өгсөн байгаа. Миний аавыг ямар хүн байсан, хэн хэнтэйгээ амьдарч байсан талаар тодорхойлж өгсөн. Мөн Ш.Батсайхан нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2014 онд нэхэмжлэл гаргаж байсан. Уг нэхэмжлэлдээ аавыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 4а байрны 18 тоотдоо амьдардаг байсан гэж бичиж дурдсан байдаг. Миний аав Ш.Цогтсайхан нь бид нартай хамт амьдарч байсан нь баримтаар нотлогдож байхад, хамт амьдарч байгаагүй гэж гүтгэж байгаад нь гомдолтой байна. 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар өмнө нь шүүхэд хандаад гурван шатны шүүхийн шийдвэр Ш.Батсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01408 дугаар шийдвэрээр: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхтуяад холбогдуулан гаргасан, 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ш.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1547 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... Б.Мөнхтуяад ... гэснийг Ө.Мөнхтуяад гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/01408 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Иргэний хуулийн 22.2-т иргэн бүртгүүлсэн газраа байнга оршин суудаггүй бол гол төлөв амьдран суудаг, эсхүл тухайн этгээдийн эд хөрөнгийн дийлэнх хэсэг байгаа газрыг түүний оршин суугаа газар гэж тодорхойлж болно гэж заасны дагуу гээд ... Ш.Цогтсайханыг 2005.03.07-ны өдөр нас барах хүртлээ Баянгол дүүргийн 2 хороо 4а байрны 18 тоотод эхнэр, охинтойгоо хамт амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй гэж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн нь өв нээгдсэн газрыг уг 1408 шийдвэрээр Баянгол дүүрэг гэж тогтоож байгаа юм бол уг хуудасны дараах мөрөндөө ... ийм учраас 519.1-д эд хөрөнгийн дийлэнх нь байгаа газрыг өв нээгдсэн газар гээд нөгөө өмнө өв нээгдсэн газар нь Баянгол дүүрэг байна гэснээ умартан тайлбарлаад өвлөгч нар нь Баянгол дүүргийг өв нээгдсэн газар олон жил хуурамчаар бүрдүүлсэн материалуудаараа 1980 оноос хойш эзэмшиж байгаа Баянгол дүүргийн 2 хороо 4а байрны 18 тоот байраа Иргэний хуулийн 528.2-оор тасралтгүй эзэмшиж, эзэмдэн захиран зарцуулж, эрхлэн удирдаж байсан байраа хуулийн дагуу 2011.06.21-нд өв нээгдсэн гэх Баянгол дүүргийнхээ тойргийн нотариатчаар өвлөх эрхийн гэрчилгээгээрээ өвлөж авцгаасан нь хэргийн 61-д байгаа. Өөрөөр хэлбэл, Ш.Цогтсайханы 2005.03.18-2008.03.07-ны хооронд Сүхбаатар дүүргийн 9 хороо Алтайн 10-284 тоотод амьдарч байсныг Сүхбаатар дүүргийн шүүхийн 457 тоот шийдвэр, 816 тоот магадлалд тогтоосон. Хэргийн 136 талд байгаа 457 тоот шийдвэрийн 5 дахь талд уг маргааныг 22.1 ба 519.1-ээр үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 22.2-оор өв нээгдсэн газрыг Баянгол дүүрэг гэж хуулийг буруу тайлбарласан учир хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. Өвлөгч, өвлүүлэгч нар нь Сүхбаатар дүүргийн 3-р хороонд 1980 оноос хойш огт бүртгэлгүй болохыг Улсын хүн ам бүртгэлийн газраас өгсөн лавлагаанаас харж болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ш.Батсайхан нь Ө.Мөнхтуяад холбогдуулан Өвлөх эрхийн 86 тоот гэрчилгээг үйлдсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх зохигчийн овгийн үсгийг ташаа бичсэнийг залруулсан өөрчлөлт оруулсан байна.

 

1. Хоёр шатны шүүх хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

 

Хэргийн баримтаар Ш.Цогтсайхан нь 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нас барж, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, төмөр замын 45 дугаар байр, 48 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг түүний эхнэр Я.Жаргалсайхан, охин Ц.Болор нар 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлөн авсан байна. /Iхх-45,48/

 

Талийгаач Ш.Цогтсайханы өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, төмөр замын 45 дугаар байр, 48 тоот орон сууцыг Я.Жаргалсайхан, Ц.Болор нар хуульд заасан журмын дагуу, өвийн журмаар хүлээн авсан нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 519 дүгээр зүйлийн 519.1 дэх хэсэгт ... өвлөгдөх эд хөрөнгө буюу түүний гол хэсэг нь байгаа газрыг өв нээгдсэн газар гэнэ гэж зааснаар өв нээгдсэн газрыг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төмөр зам гудамжны 45 дугаар байрны 48 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байгаа газар болох Сүхбаатар дүүрэг гэж үзсэн нотариатчийн үйлдлийг хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

2. Нотариатын үйлдлийг хийхдээ хариуцагчийг хууль зөрчөөгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Хариуцагч Ө.Мөнхтуяа нь 2013 оны 10 сарын 14-ний өдрийн 86 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо ХААТР-1 маягтын лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, Ш.Цогтсайханы үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагааг үндэслэсэн нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.4 дэх хэсэгт нийцсэн, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3, 43.4 дэх хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.2.6-д заасныг зөрчөөгүй байна./I-хх-46-50/

 

3. Анхан шатны шүүх шийдвэртээ хариуцагч Ө.Мөнхтуяагийн эцгийн нэрний эхний үсгийг Б гэж алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь зөв байна.

 

4. Нэхэмжлэгч гомдолдоо өв хүлээн авсан Я.Жаргалсайхан, Ц.Болор нар нь талийгаач Ш.Цогтсайхантай хамт амьдарч байгаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар зөрүүтэй гэсэн нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байх тул гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. /хх- 46,48,50,58-63/

 

Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх тов мэдэгдэх үед гуравдагч этгээдээс нэхэмжлэгч Ш.Батсайханы 2019 оны 12 сарын 27-ны өдөр нас барсан тухай нас барсны гэрчилгээний хуулбар хувийг тус шүүхэд ирүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар шүүхэд хүсэлт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1547 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2019/10769 дүгээр шүүгчийн захирамжаар хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН

 

Х.ЭРДЭНЭСУВД