Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/16

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарнууд овгийн ******* холбогдох 2126000000011 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарнууд овгийн Батаагийн *******, /РД:*******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Шарнууд овгийн Батаагийн ******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг “Бэлгэх” гэх газар иргэн П.*******ын толгойн тус газар модоор цохиж хуйханд шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эмчилгээний зардлыг төлнө гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 20-ны 16 цагийн үед би хонио харчихаад 300-400 метрийн зайтай гэр лүүгээ явж байхад ******* манай хонийг хөөгөөд байсан. Тэгэхээр нь би *******тай очиж уулзах гээд араас нь дуудсан боловч эргэж харахгүй гэр лүүгээ явсан. Би гэрийн гадна нь очоод яагаад мал хөөгөөд байгаа юм бэ. Учраа олъё гэсэн чинь зүүн хатавчнаасаа хадаастай мод аваад намайг цохьсон. Би өөрийнхөө биеийг хамгаалах зорилгоор мотоциклиос буугаад Б.Лувсанбямбыг барьж авах гэтэл намайг хадаастай модоор толгой руу цохиж толгой хагалсан. Маргаан малын бэлчээрээс болсон. Цар тахалтай болохоор Улаанбаатар хот руу явж үзүүлж чадахгүй байна. Тэрнээс биш Улаанбаатар хот руу явж толгойгоо үзүүлмээр байна. Цаашид гарах эмчилгээний зардал буюу толгойгоо үзүүлэх зардалд 1000000 төгрөг нэхэмжилнэ гэв.

 

Улсын яллагч ******* шүүгдэгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ:.. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох саналтай байна гэв.

 

 Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум 4 дүгээр баг “Бэлгэх” гэх газар 16 цагийн үед хонинд явж байгаад хонио бэлчээр дээр орхичихоод гэр лүүгээ явж байтал ******* нь манай малыг хөөгөөд байсан. Би Б.Лувсанбямбын гэрийн гадаа явж очоод гараад ир гээд дуудсан. Тэгээд ******* гарч ирээд миний баруун талын мөр рүү гэрийн гадаа байсан модоор цохьсон. Тэгээд би мориноосоо буугаад барилцаад авсан. Лувсанбямбын ах гэх хүн бид хоёрыг салгатал ******* миний толгой руу үзүүртэй чулуугаар цохих шиг болсон. Цохиулсны дараа миний толгойноос цус гараад байж байсан. тэгээд Лувсанбямбыг эхнэр нь салгаад гэр лүүгээ аваад орсон. /хх-ийн 26-27 хуудас/,

 

Гэрч Б.Лувсандагва мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өглөөний 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багт байдаг өөрийн дүү болох Лувсанбямбынд эхнэр, хүүхдийн хамт очсон. Тэгээд 16 цагийн үед ******* хониндоо яваад ирсэн. Удалгүй гэрийнх нь гадаа нэг морьтой хүн ирчихсэн пизда минь гараад ир, ална гээд орилоод байсан. Тэгсэн ******* гараад явсан. Би араас нь гартал тэр хоёр барилцаад зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Намайг салгасны дараа ******* баруун гараараа *******ын толгойн зулай хэсэгт нэг удаа цохьсон. /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2020 оны 12 сарын 20-ны өдөр эгчийгээ авахаар Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд Лувсанбямбынд очсон байсан. Бид хэд хонь тарьчихаад байж байтал ******* ах хонь нь айлын хоньтой нийлэх нь гээд явсан. Удалгүй ******* ах гэртээ ирээд байж байтал гэрийн гадаа нэг хүн “*******а пизда минь, гөлөг минь гараад ир” гээд орилоод байсан. Бид хэд бөөнөөрөө гэрээс гартал ногоон хүрэм өмсчихсөн, толгойдоо ноосон малгай өмсчихсөн, гартаа мод барьчихсан байдалтай нэг хүн ирсэн байсан. ******* ах гарч ирээд гэрийн гаднаас нэг мод барьчихсан байх шиг байсан. Тэгээд *******а нь гэрийн хойгуур морьтойгоо тойроод гэрийн баруун талд буугаад *******тай барилцаад авсан. Тэр үед миний харснаар тэр хоёр нэгнийгээ цохиод хэрэлдээд байсан. Тэгээд Лувсанбямбын ах нь тэр хоёрын дундуур нь ороод салгатал ******* буцаж очоод *******ын толгой руу нь цохьсон чинь толгойноос нь цус гаргачихсан. /хх-ийн 34-35 хуудас/,

 

Гэрч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* нь 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь. ******* нь багадаа цэцэрлэгт явж байгаагүй. Гэртээ өссөн болохоор эрх, дураараа зантай. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар анги хүртлээ сурч байгаад сургуулиас гараад хөдөө Өвөрхангай аймаг Хайрхандулаан суманд ээж, аавын хажууд өсөж томорсон. Цэргийн албыг Өмнөговь аймагт 1 жилээр хугацаатайгаар хаасан. Цэргээс халагдаж ирээд хөдөө мал дээр гарсан. 2012 онд эхнэр болох тэй гэрлэсэн. Одоо 3 хүүхэдтэй. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг Бэлх гэх газар 2014 оноос хойш амьдарч байгаа. /хх-ийн 30-31 хуудас/,

Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймаг Хайрхандулаан сум 3 дугаар багт өөрийн хотонд байсан хонио баруун урагш гаргасан. Тэгээд *******ын хонь манай хоньтой ойролцоо байсан болохоор нь хоёр айлын хонь нийлчих байх гээд өөрийнхөө хонийг хойд зүг рүү эргүүлсэн. *******ын хонийг баруун зүг рүү эргүүлсэн. Тэгээд гэртээ орж ирээд цай уугаад сууж байтал гэрийн гадаа нэг хүн ирээд “хөөе бандиа гараад ир, пизда минь гараад ир” гээд орилоод байхаар нь гартал *******а морьтой ирчихсэн байсан. Тэгээд над руу *******а “яагаад хонь хөөгөөд байгаа юм” гэхээр нь би “би хонийг чинь хөөгөөгүй. Нийлэх гээд байхаар нь цаашаа эргүүлсэн гэж хэлсэн. Бид хоёр гэрийн гадаа нилээд хэрэлдэж зогссон. Тэгээд *******а морин дээрээ мордчихсон байдалтай гартаа урт нарийхан мод барьчихсан байсан. Тэгэхээр нь би намайг цохих гэж байгаа юм байна гэж бодоод гэрийн гадна зүүн талд уурагны хугархай байсныг аваад *******ын баруун мөр рүү нь нэг удаа цохиход *******а мориноосоо буугаад бид хоёр барилцаад авсан. *******а эхлээд миний хамар руу цохисон. Тэгэхээр нь би *******ын толгой руу гараараа хоёр удаа цохьсон. Тэгээд удалгүй гэрт байсан хүмүүс гарч ирээд бид хоёрыг салгасан.  /хх-ийн 44-45 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч П.*******ын биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  /хх-ийн 8-9 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:...Үзүүлэгч Б.Лувсанбямбын биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-38/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйлийн эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд /хх-ийн 18, 19-23, 73-77  хуудас/,

Шүүгдэгч Б.Лувсанбямбын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, малын “А” дансны хуулбар /хх-ийн 51-53, 54-56 хуудас/,

Шүүгдэгч Б.Лувсанбямбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 хуудас/ зэрэг болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шарнууд овгийн Батаагийн ******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.*******ын толгойн тус газар модоор цохиж хуйханд шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Шарнууд овгийн Батаагийн ******* нь 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.*******ын толгойн тус газар модоор цохиж хуйханд шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Лувсанбямбын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.*******ын 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хонио бэлчээр дээр нь орхичихоод гэр лүүгээ явж байтал ******* нь манай малыг хөөгөөд байсан. Би Б.Лувсанбямбын гэрийн гадаа явж очоод гараад ир гээд дуудсан. Тэгээд ******* гарч ирээд миний баруун талын мөр рүү гэрийн гадаа байсан модоор цохьсон. Гэрч Б.Лувсандагвын намайг гэрээс гартал *******, *******а хоёр барилцаад зогсож байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Намайг салгасны дараа ******* баруун гараараа *******ын толгойн зулай хэсэгт нэг удаа цохьсон. Гэрч гийн *******а нь гэрийн хойгуур морьтойгоо тойроод гэрийн баруун талд буугаад *******тай барилцаад авсан. Тэр үед миний харснаар тэр хоёр нэгнийгээ цохиод хэрэлдээд байсан. Тэгээд Лувсанбямбын ах нь тэр хоёрын дундуур нь ороод салгатал ******* буцаж очоод *******ын толгой руу нь цохьсон чинь толгойноос нь цус гаргачихсан. Гэрч ын ******* нь 4 хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь. ******* нь багадаа цэцэрлэгт явж байгаагүй. Гэртээ өссөн болохоор эрх, дураараа зантай. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Ерөнхий боловсролын сургуульд 3 дугаар анги хүртлээ сурч байгаад сургуулиас гараад хөдөө Өвөрхангай аймаг Хайрхандулаан суманд ээж, аавын хажууд өсөж томорсон гэх мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Лувсанбямбын үйлдлийн улмаас хохирогч П.*******ын биед гэмтэл учирсан, хохирогч П.*******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №09 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож хураан авсан тэмдэглэл, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд, шүүгдэгч Б.Лувсанбямбын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Б.Лувсанбямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Лувсанбямбын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай бөгж 1 ширхэг, мод 1 ширхгийг устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.*******ын нэхэмжилсэн эмчилгээний зардал болох тархи, толгойны зураг авахуулна гэх 1000000 төгрөгийн нэхэмжлэл нь хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь уг гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шарнууд овгийн Батаагийн Лувсанбямбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Шүүгдэгч Б.Лувсанбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолтой гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хугархай бөгж 1 ширхэг, мод 1 ширхгийг устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч П.*******ын эмчилгээний зардалд нэхэмжилсэн 1000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч ******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.