| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0028/э |
| Дугаар | 2021/ШЦТ/25 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/25
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Л.Мөнхнасан,
Хохирогчийн өмгөөлөгч: Ч.Алдар,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өнөрболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэнд овгийн *******д холбогдох 2126000000042 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 02-ны өдөр улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цэнд овгийн *******, /*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Цэнд овгийн ******* нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг “Од” хорооллын нийтийн байрны 05-05 тоот түрээсэлдэг өөрийнхөө үүдэнд иргэн *******ын толгойн тус газар шилэн аягаар цохиж зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, толгойн дагзны зүүн ар хэсэгт, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2500000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлнө гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн үед манай дээд талын айлын хүмүүс архидаад шуугилдаад унтуулахгүй байхаар нь гэрийнх нь хаалгыг тогшоод унтаж амармаар байна. Чимээгүй байгаач гэж хэлсэн чинь нэг хүн хаалга онгойлгоод хаалга үүд эвдлээ гээд миний толгойн хэсэгт чихний ойролцоо шаазан аягаар цохиод намайг тэвэрч аваад хананд шахаад байхаар нь түлхээд өөрөөсөө холдуулсан чинь тэр залуугийн нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд байж байтал манай эхнэр ороод ирсэн. Эхнэрийг цагдаа дууд гэсэн чинь цагдаа дуудсан. Тэгээд цагдаа ирээд тэр залууг аваад явсан. Би чихнийхээ ар хэсэгт 15 оёдол тавиулсан. /хх-ийн 26-27 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би зөрчлийн хэрэг бүртгэгчээр гарах томилгоотой байсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн үед цагдаагийн газрын жижүүрийн 7032102 тоот дугаарын утсанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Од хорооллын 04-04 тоотод оршин суух хаягтай иргэн *******оос нийтийн байранд үл таних залууд толгойгоо хагалуулчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу очиход нийтийн байрны 2 давхарт Сугаррагчаагийн гэрийн үүдэнд Хэрлэнцогт гэгч залуу толгойгоо хагалуулчихсан байдалтай хувцас нь цус болчихсон байсан. Сугаррагчаагийн гэрт ороход Сугаррагчаагийн нүүр нь цус болчихсон гэрийнхээ хаалганы дэргэд сууж байсан. Тэгээд Хэрлэнцогтыг эмнэлэг дуудаж өгч явуулаад Сугаррагчааг цагдаагийн газар авч ирж согтуурлын зэргийг нь шалгахад 0,71 хувийн согтолттой гарсан. /хх-ийн 33 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат бөгөөд эхээс 3-уулаа. 2 эрэгтэй дүүтэй. Эцэг, эх нь Уянга сумын 5 дугаар баг Бадралд малчин ажилтай хүмүүс байдаг. Сугаррагчаагийн 1 дүү нь Улаанбаатар хотод Сантехникийн инженер ажилтай. Би Сугаррагчаатай төрсөн ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. 2012 онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуульд элсэж ороод 2017 онд Барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2019 онд Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт лабораторын шинжээчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа. /хх-ийн 29 хуудас/,
Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат. Эхээс 3-уулаа. Доороо 2 эрэгтэй дүүтэй. Сугаррагчаа нь 2012 онд ШУТИС-ийн Барилгын инженерийн сургуульд элсэж ороод 2019 онд Барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2019 оны 12 дугаар сарын 01-ээс Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт лабораторын шинжээчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа. ******* зан байдлын хувьд төлөв даруу хүүхдээрээ зантай элдэв янзын муу зангүй цагаан цайлган зантай хүн байна. /хх-ийн 31 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Гансүх, Нямаа нартай пиво уучихаад гэртээ ирээд унтах гэж байтал гаднаас хүн орж ирээд миний шанаа руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би ус уухаар барьж явсан аягаараа нөгөө залуугийн толгой руу цохьсон. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2500000 төгрөг өгсөн. /хх-ийн 38-39, 42 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №54 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:... Үзүүлэгч *******ын биед зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, толгойн дагзны зүүн ар хэсэг, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, согтуурал шалгасан тэмдэглэл, Ажил гүйцэтгэх гэрээ, хохирогч *******ын 2021 оны 02 дугаар 22-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн гомдолгүй, хохиролд 2500000 төгрөг авсан гэсэн хүсэлт, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шилжүүлгийн баримт /хх-ийн 18-19, 85, хуудас/,
Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 06/25 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, малын “А” дансны хуулбар, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 68-77 хуудас/,
Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80 хуудас/ зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Цэнд овгийн ******* нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг “Од” хорооллын нийтийн байрны 05-05 тоот өөрийн түрээсэлдэг өрөөнийхөө үүдэнд иргэн *******ын толгойн тус газар шилэн аягаар цохиж зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, толгойн дагзны зүүн ар хэсэгт, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Цэнд овгийн ******* нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр 5 дугаар багийн нутаг “Од” хорооллын нийтийн байрны 05-05 тоот өөрийн түрээсэлдэг өрөөнийхөө үүдэнд иргэн *******ын толгойн тус газар шилэн аягаар цохиж зүүн чихний урд хэсэг, зүүн чихний дэлбэнгийн дунд хэсэг, толгойн дагзны зүүн ар хэсэгт, хүзүүний зүүн хажуу дээд хэсэгт шарх гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн үед манай дээд талын айлын хүмүүс архидаад шуугилдаад байхаар нь гэрийнх нь хаалгыг тогшоод унтаж амармаар байна. Чимээгүй байгаач гэж хэлсэн чинь нэг хүн миний толгойн хэсэгт чихний ойролцоо шаазан аягаар цохьсон. Гэрч *******ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний шөнө 03 цагийн үед дуудлага ирсний дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Од хорооллын 04-04 тоот нийтийн байранд үл таних залууд толгойгоо хагалуулчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу очиход нийтийн байрны 2 давхарт Сугаррагчаагийн гэрийн үүдэнд Хэрлэнцогт гэгч залуу толгойгоо хагалуулчихсан байдалтай хувцас нь цус болчихсон байсан. Гэрч *******ын ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат бөгөөд эхээс 3-уулаа. Сугаррагчаагийн 1 дүү нь Улаанбаатар хотод Сантехникийн инженер ажилтай. 2017 онд Барилгын материалын худалдаа үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр төгссөн. 2019 онд Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт лабораторын шинжээчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа. Гэрч *******гийн ******* нь Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат. 2019 оны 12 дугаар сарын 01-ээс Өвөрхангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт лабораторын шинжээчээр ажилд ороод одоог хүртэл ажиллаж байгаа. ******* зан байдлын хувьд төлөв даруу хүүхдээрээ зантай элдэв янзын муу зангүй цагаан цайлган зантай хүн байна гэх мэдүүлгүүд, шүүгдэгч *******гийн үйлдлийн улмаас хохирогч *******ын биед гэмтэл учирсан, хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №54 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, согтуурал шалгасан тэмдэглэл, Ажил гүйцэтгэх гэрээ, хохирогч *******ын 2021 оны 02 дугаар 22-ны өдрийн тус шүүхэд ирүүлсэн гомдолгүй гэсэн хүсэлт, Хаан банкны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шилжүүлгийн баримт, хэрэгт ач холбогдол бүхий баримтууд, шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт 200000 төгрөгийн хохирлын баримт авагдсан, хохирогчид 2500000 төгрөг төлсөн, хэрэгт баримтаар авагдсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, цаашид сэтэрсэн чихний эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь уг гэмт хэргийн улмаас учирсан сэтэрсэн чихний эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цэнд овгийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт 200000 төгрөгийн хохирлын баримт авагдсан, хохирогчид 2500000 төгрөг төлсөн, хэрэгт баримтаар авагдсан хохирлыг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдолгүй, цаашид сэтэрсэн чихний эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.