Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/43

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Г.Цолмонгэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Отгонхишиг,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамба овгийн *******д холбогдох 2126000000062 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Дамба овгийн *******, /РД:*******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дамба овогт ******* нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим *гэх газар оршин суух өөрийн гэртээ *******ийг зодож доод эрүү, хүзүү хоолойн зүүн урд хажуу хэсэгт шарх, *******ыг зодож зүүн мөр хэсэгт шарх гэмтэл үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч *******т 800.000 төгрөг, *******эд 1.000.000 төгрөг төлсөн гэв.

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс хөдөө гарах гэж явж байгаад гудамжинд *******тай таарсан. Та миний машиныг унаад яв гэхээр нь машиныг нь унаад Лхагвыг хажуудаа суулгаад сумын төвөөс гараад Лхагвыг 4 дүгээр баг Хашаат гэх газар байрлах гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл Лхагва гэртээ орчихоод эхнэрээсээ хэрүүл гуйгаад байхаар нь би Лхагвад хандан чи 2, 3 хоног явж ирчихээд яагаад эхнэрээсээ хэрүүл гуйгаад байгаа юм бэ гээд Лхагвын цээжинд 1 удаа өшиглөөд баруун шанаа орчимд нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Лхагва гэрийн зүүн талын орон дээрээ дээшээ хараад оочихоор нь дахиад цохих гээд очсон чинь хутга гаргаад миний зүүн хацар орчим руу нэг удаа хутгаа дүрсэн. Тухайн үед манай дүү ******* бид хоёрын дундуур ороод салгах гэтэл Лхагва *******ын зүүн мөрөн тус газар 2 удаа хутгаар дүрсэн. Тэгээд гаднаас Лхагвын аав Адъяа ах орж ирээд хутгыг булааж авсан. Өөр зүйл болоогүй. Хохиролд 1000000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 15-16 хуудас/,

Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр сумын төв орж ирсэн чинь *******, ******* ах нар хөдөө явах гэж байхаар нь хамт явсан. Тэгээд Арц-2 хороололд *******тай таараад Отгонсүх ах А.Лхагвын машиныг унаад А.Лхагвыг гэрт нь хүргэж өгсөн. Отгонсүх ах *******тай хамт гэрт нь орчихсон. Тэгсэн чинь Лхагвын гэрт хүмүүс орилолдоод байхаар нь шагайсан чинь гэрийн зүүн талд Отгонсүх ах *******тай барилцаад авчихсан байхаар нь боль гээд дундуур нь ороод салгасан чинь ******* гартаа байсан хутгаар би зүүн мөр рүү дүрсэн. Тэгэхээр нь би буцаад гарсан чинь ******* ах зөрж ороод Отгонсүхийг аваад гараад ирсэн. Тэгээд тэндээсээ манайх руу явцгаасан. ******* гэртээ үлдсэн. ******* согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. ******* ах согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Намайг А.Лхагвынд ороход ******* ахын зүүн талын шанаа орчмоос цус гарчихсан байсан. Би эмнэлэг дээр ирээд гурван оёо тавиулсан. Хохиролд 800000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. /хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай дүү ******* нь Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Богд сумын 4 дүгээр баг “Хашаат” гэх газар нутаглаж мал малладаг. Эхнэр 2 хүүхдийн хамт боломжийн амьдардаг. Мал сайтай айл. Багаасаа мал дээр өссөн хүүхэд. Зан байдлын хувьд дуу цөөтэй төлөв даруу, сайхан ааш араншинтай л хүүхэд. Архи ухаан мэдрэлгүй ууснаасаа болж хэрэгт холбогдсон. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож эцэг, эхийгээ зовоож байгаагүй хүүхэд байгаа юм. /хх-ийн 32 хуудас/,

Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... ******* нь Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Богд сумын 4 дүгээр баг Хашаат гэх газар нутаглаж олон жил айл саахалт мал малладаг. Лхагва эхнэр 2 хүүхдийн хамт боломжийн амьдардаг. Мал сайтай айл. Багаасаа мал дээр өссөн хүүхэд. Зан байдлын хувьд дуу цөөтэй төлөв даруу, сайхан ааш араншинтай, хүнтэй маргаад байдаггүй. Архи дарс тийм их уугаад байдаггүй. Эрүүлдээ бол их номхон даруулгатай хүүхэд. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож аав ээжийгээ зовоож байгаагүй. /хх-ийн 34 хуудас/,

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 04 дүгээр баг “Хашаат” гэх газраас Богд сумын төв дээр малын тэжээл авах гээд ирсэн юм. Тэгээд буцах гэсэн чинь машин эвдрээд машинаа янзалсаар байгаад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон. Машинаа тэр өдөр янзалж дуусаад буцах гэсэн чинь, хөдөө байдаг манай найз Бат-Эрдэнэ таараад бид хоёр 2.5 литрийн хоёр том пиво уусан. Тэгээд би нилээн согтоод Отгонсүх ахыг дуудаад машинаа бариулаад гэр рүүгээ явсан байсан. Би гэртээ очсоноо санахгүй байгаа юм. Отгонсүх, Уламбаяр нарыг хутгалснаа санахгүй байгаа. Би их согтсон байсан. Хэрэг явдал болсноос хойш 23 цагийн үед сэрээд мэдсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч *******т 800.000 төгрөг, *******эд 1.000.000 төгрөг төлсөн. /хх-ийн 59-60 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн №65 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:..Үзүүлэгч *******ийн биед доод эрүү, хүзүү хоолойн зүүн урд хажуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 38-39 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн №66 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:..Үзүүлэгч *******ын биед зүүн мөр хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх-ийн 43-44 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн, түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Өвөрхангай аймгийн Богд сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт, /хх-ийн 05-11, 20-22, 47-50, 55, 87 хуудас/,

Шүүгдэгч А.Лхагвын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 01 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн №10 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 64-66  хуудас/,

Шүүгдэгч А.Лхагвын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч Г.Цолмонгэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ:..Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна гэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Дамба овгийн ******* нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Гүн-Ус 4 дүгээр багийн нутаг “Ар Хашаат” гэх газар оршин суух өөрийн гэртээ *******ийг зодож /хутгаар зүсэж/ доод эрүү, хүзүү хоолойн зүүн урд хажуу хэсэгт шарх, *******ыг зодож /хутгаар зүсэж/ зүүн мөр хэсэгт шарх гэмтэл үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Дамба овгийн ******* нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын Гүн-Ус 4 дүгээр багийн нутаг “Ар Хашаат” гэх газар оршин суух өөрийн гэртээ *******ийг зодож /хутгаар зүсэж/ доод эрүү, хүзүү хоолойн зүүн урд хажуу хэсэгт шарх, *******ыг зодож /хутгаар зүсэж/ зүүн мөр хэсэгт шарх гэмтэл үүсгэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Лхагвын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч *******ийн би 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр *******тай та миний машиныг унаад яв гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл Лхагва гэртээ орчихоод эхнэрээсээ хэрүүл гуйгаад байхаар нь би Лхагвад хандан чи 2, 3 хоног явж ирчихээд яагаад эхнэрээсээ хэрүүл гуйгаад байгаа юм бэ гээд Лхагвын цээжинд 1 удаа өшиглөөд баруун шанаа орчимд нь нэг удаа цохьсон. Тэгсэн чинь Лхагва гэрийн зүүн талын орон дээрээ дээшээ хараад оочихоор нь дахиад цохих гээд очсон чинь хутга гаргаад миний зүүн хацар орчим руу нэг удаа хутгаа дүрсэн. Хохирогч *******ын би 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Отгонсүх ах А.Лхагвын машиныг унаад А.Лхагвыг гэрт нь хүргэж өгсөн. Отгонсүх ах *******тай хамт гэрт нь орчихсон. Тэгсэн чинь Лхагвын гэрт хүмүүс орилолдоод байхаар нь шагайсан чинь гэрийн зүүн талд Отгонсүх ах *******тай барилцаад авчихсан байхаар нь боль гээд дундуур нь ороод салгасан чинь ******* гартаа байсан хутгаар би зүүн мөр рүү дүрсэн. Гэрч *******гийн манай дүү ******* нь зан байдлын хувьд дуу цөөтэй төлөв даруу, сайхан ааш араншинтай л хүүхэд. Архи ухаан мэдрэлгүй ууснаасаа болж хэрэгт холбогдсон. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож эцэг, эхийгээ зовоож байгаагүй хүүхэд байгаа юм. Гэрч *******н манай дүү Лхагва нь Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Зан байдлын хувьд дуу цөөтэй төлөв даруу, сайхан ааш араншинтай, хүнтэй маргаад байдаггүй. архи дарс тийм их уугаад байдаггүй. Эрүүлдээ бол их номхон даруулгатай хүүхэд. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож аав ээжийгээ зовоож байгаагүй гэх мэдүүлгүүд, шүүгдэгч А.Лхагвын үйлдлийн улмаас хохирогч *******, ******* нарын биед гэмтэл учирсан, хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болох нь Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн №65 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн №66 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд,  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн, түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Өвөрхангай аймгийн Богд сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт, шүүгдэгч А.Лхагвын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №65 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №66 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол, эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн, түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, Өвөрхангай аймгийн Богд сумын Эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн тодорхойлолт зэргээр  давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.Лхагвыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч *******ийн зүй бус үйлдлээс шалтгаалан уг гэмт хэргийг үйлдсэн зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь  зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Лхагвын хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******т 800.000 төгрөг, хохирогч *******эд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  бор иштэй хутга 1 ширхгийг устгаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дамба овгийн Адъяагийн Лхагвыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Лхагвыг 1.000 / нэг мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4.  Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *******т 800.000 төгрөг, хохирогч *******эд 1.000.000 төгрөг төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  бор иштэй хутга 1 ширхгийг устгасугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.