| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00510/И |
| Дугаар | 22 |
| Огноо | 2018-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 22
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбааатар хот, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 10-03 тоотод оршин суух, Сартуул овгийн Б.Б-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 123 дугаар байрны 5 тоотод оршин суух, Боржигон овгийн Э.О холбогдох
1464715 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Э.О-с 90000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагтай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н /онлайнаар/, хариуцагч Э.О, нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Э.О хүсэлтээр 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 2000000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Э.О нь 1520000 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Э.О нь алдангитай нь буцааж өгнө гэж хэлсээр одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд Э.О-с 1464715 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 01 дүгээр сард Б эгчээс сарын 7 хувийн хүүтэй 2000000 төгрөг 1 сарын хугацаанд төлөх нөхцөлтэйгээр зээлсэн. Үүнээс 1520000 төгрөгийг төлсөн, 480000 төгрөг үлдсэнээс 2017 оны 04 дүгээр сард найз Болороод өгөөд явуулсан боловч өгөөгүй байсан. Үүнээс хоёр сарын дараа Бадамцэцэг надруу утасдаж хэлсний дараа хүнээр 120000 төгрөг шилжүүлсэн. Одоо би сар хүрэхгүй нярай хүүхэдтэй тул нэхэмжилж байгаа 1464715 төгрөгийг төлөх боломжгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Э.О нь зээл авсан өдрөөсөө хойш сураггүй болсон. Хариуцагчийг эрэн сурвалжлуулах ажлыг өөрийн зардлаар явуулсан. Би үндсэн нэхэмжлэл болон нэмэгдүүлэн нэхэмжлэлээ шүүхийн журмаар гаргуулах хүсэлтэй байна. Миний дүү зүрхний хагалгаанд 3 дахь удаагаа орж байгаа. Үндсэн зээлийн үлдэгдэл 620000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх алданги 844715 төгрөг нэхэмжилнэ. Хариуцагч манай дүүгийн дансанд 120000 төгрөг хийсэн гээд байгаа учраас үүнийг нь зөвшөөрөөд 120000 төлсөн гэж үзээд хасна гэв.
Хариуцагч Э.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2015 оноос цуг ажилладаг Б эгчээс 2, 3 удаа 7 хувийн хүүтэй мөнгө зээлж, цаг тухайд нь зээлсэн мөнгөө өгч байсан. Ингээд 2000000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлээд өдөрт 71333 төгрөгөөр өгдөг байсан. Үүнээс 480000 төгрөг үлдэж, 2, 3 сарын дараа мөнгөө өгөх гээд очсон чинь Б эгч ажлаасаа гарсан байсан. Б эгчтэй холбоо барих боломжгүй болсон. 2, 3 сарын дараа над руу залгахад мөнгийг нь өгнө гэж хэлээд өгч чадаагүй. Би 480000 төгрөгийг нь өгье гэж хэлсэн чинь хүү тооцохгүй авна гэсэн. Тэгээд сарын дараа Бадамцэцэг эгч рүү алгаад би үлдсэн 480000 төгрөгийг хүнээр өгч явууллаа та энэ хүнтэй холбоо бариад уулзах газараа тохиролцож байгаад авчихаараа гэсэн чинь за гэсэн. Би 480000 төгрөгийг өгөөд явуулсан. Тэгсэн Б эгч 3 сарын дараа мөнгөө яасан бэ гэж залгахаар нь би танд өгөөд явуулсан гэсэн чинь аваагүй гэсэн. Нөгөө хүн нь болохоор Бадамцэцэг эгчид өгсөн гэж хэлсэн. Би өгсөн авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Тэгээд над руу аваагүй гээд залгаад байхаар нь та үнэхээр аваагүй юм бол дахиад өгье гэж хэлсэн. Би тухайн үед жирэмсэн эмчийн хяналтанд, мөнгө төгрөг олдохгүй хэцүү байсан. Надад 120000 төгрөг олдохоор нь хүнээр уг мөнгийг шилжүүлүүлсэн. Тэр хүн надад мөнгө шилжүүлсэн баримтаа авчирч өгсөн. Би Б рүү та шилжүүлсэн мөнгийг авсан уу гэсэн чинь авсан гэжу мэссэж бичсэн байсан. Над руу 20000, 30000 төгрөгөөр боломжоороо цувуулаад өгчих гэхээр тэгье гэсэн. Одоо 360000 төгрөгний үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгийг нь өгөх боломжгүй учраас өдий хүрсэн. Тухайн үед мөнгө аваагүй гэж ярьсан бол би тэр үед нь цохицуулах байсан. Уг мөнгийг хамт үсчин хийдэг Болороо гэдэг хүнд өгөөд явуулсан. Энэ хүн мөнгө өгч явуулаад 7 хоногийн дараа над руу залгаж байсан ч мөнгө аваагүй талаараа яриагүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь Э.О-с 1464715 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл гаргаж, 90000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага 1464715 төгрөгийн 620000 төгрөг нь үндсэн зээлийн төлбөр, үлдсэн хэсэг буюу 844715 төгрөг нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлэх хугацааны алданги гэсэн ба хариуцагчийн тайлбарт дурдагдсан 120000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансруу шилжүүлсэн гэснийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаасаа 120000 төгрөг хасч байгаагаа илэрхийлсэн.
Хариуцагч Э.О нь 480000 төгрөгийг нэхэмжлэгчид хүнээр дамжуулан төлсөн гэж маргасан ч 480000 төгрөгийг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй гэдгээ илэрхийлсэн, уг мөнгийг хариуцагч нь бусдаар дамжуулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болохоо нотолж чадаагүй байна.
Хариуцагч Э.О нь нэхэмжлэгч Б.Б зээлийн гэрээ байгуулан 2000000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэйгээр зээлж авсан талаар талууд маргаангүй, талуудын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн гэрээ гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч талаас үндсэн зээлийн төлбөр 2000000 төгрөг, хүү 140000 төгрөг, нийт 2140000 төгрөгийн төлбөрөөс хариуцагч тал 1520000 төгрөг төлсөн, төлөгдөөгүй 620000 төгрөгийн төлбөрт хууль, гэрээнд заасан алданги тооцож, нийт 1464715 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйлд Зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0,5 хувийн алданги тооцно гэж заажээ. Хариуцагч тал 2016 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн дотор зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээр гэрээнд заасан байх ба зээлийн гэрээний үүрэг биелэгдэхээр гэрээнд заасан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 19 сарын хугацаа буюу 570 хоногоор үүргийн гүйцэтгэлээ хожимдуулсан гэж үзэхээр байна. Гүйцэтгээгүй үүргийн үнийг дүн 620000 төгрөгийн 570 хоногийн алданги нь 1767000 төгрөг байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 310000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээтэй байхаар байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар Хариуцагч Э.О-с зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг 620000 төгрөг, алданги 310000 төгрөг, нийт 930000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байх ба энэ үнийн дүнгээс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн гэх /нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа хассан/ 120000 төгрөгийг хасч, хариуцагчаас 810000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчид шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүрэгтэй тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 94500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О-с 23990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.О-с 810000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бадамцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 629215 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.О-с 23990 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 63800 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА