Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2020/0771

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14-ний өдөр                    Дугаар                       Улаанбаатар хот

           128/ШШ2020/0771

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий аудитор.

Гуравдагч этгээд: Д.Н

Нэхэмжлэлийн шаардлага: “... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/53 дугаар тушаалыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувийн зөрүү сар бүрийн 157200 төгрөгийг, албан ажлын суудлын автомашин хэрэглэх унааны хөнгөлөлтөд олгодог сар бүрийн 100.000 төгрөгийг тус тус албан тушаал бууруулсан хугацаанд нөхөн олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Г.О, Н.А, гуравдагч этгээд Д.Н нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны 100 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллаж байхдаа гэмтэж, зүүн хөлөө 3 хугалан, мэс засал хийлгэж үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт тогтоогдсон. Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 01 дүгээр сарын 21-ний А/02 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт хийжээ. Дээрх тушаалын дагуу миний албан тушаалыг өөрчлөх тухай сонсох үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр явуулсан бөгөөд сонсох ажиллагаа явуулахад миний бие хэвтэрт байсан. Сонсох ажиллагааны явцад би 3 асуудлыг сануулсан Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гарахаас өмнө мэдэгдэж боломжоор хангана гэсэн байдаг. Би албан томилолтоор ажиллах явцдаа гэмтэж хэвтэрт өвчтэй байна, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, нэгдэж нийлсэн, хувааж тусгаарлах, өөрчлөх гэсэн бүтэц өөрчлөгдсөн боловч ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсан бол албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна” гэснийг, Төрийн албан хаагчийг захиргааны санаачилгаар өөрчлөхөөр бол Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.3 дахь хэсэгт хамаарах шаардлага надад хамаарахгүй байгааг ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг миний бие бүрэн хангаж байгааг, Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв санхүү хариуцсан чиг үүрэг устаж алга болоогүй учраас намайг өвчтэй байх хугацаанд албан тушаал хадгалагдах хуультай гэдгийг тус тус тэмдэглүүлж хэлсэн.

Дээрх шийдвэр гарсныг надад танилцуулаагүй бөгөөд уг тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 02-нд байгууллагын хүний нөөцийн ажилтан Н.О хүлээн авснаар миний цалин хөлс буурч, сар бүр авч байсан албан тушаалын шатахууны хангамж хасагдаж миний эрх зүйн чадамжийг дордуулсан шийдвэр гарсныг мэдсэн. Миний бие Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн ажлын албаны даргын үүргийг гүйцэтгэж байсан бөгөөд тухайн ажлын чиг үүрэгт төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв санхүүгийн үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэж байсан бөгөөд энэ албыг татан буулгаж, нэрийг нь өөрчлөн Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон энэ чиг үүргийг хэрэгжүүлж байна. Дээрх тушаалыг гаргахдаа Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.5, 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1, Төрийн албаны хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 27.1.1, 57 дугаар зүйлийн 57.2.3-д заасныг үндэслэсэн нь намайг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “Төрийн аудитын байгууллагын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын төсвийн байнгын хороо батална" гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр Монгол Улсын Ерөнхий аудитор 2020 оны А/02 дугаар Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” тушаал гаргасан.

Төрийн албаны тухай 62 дугаар зүйлийн 62.1.3-д “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, эсвэл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох” гэж заасныг зөрчсөн. Дээр дурдсан үндэслэлүүд болон Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд “Ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах”, 35.1.3-д “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, ..., эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд ажил албан тушаалаас чөлөөлөхийг хориглосон” байдаг.

Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаал сонгон шалгаруулах журам байгаа. Ерөнхий аудиторын 2017 оны А/48 дугаар тушаалд төрийн байгууллагад анх орж байгаа хүн заавал шалгалт өгнө. Төрийн захиргааны байгууллагаас ирсэн ч гэсэн шалгалт өгнө. Энэ асуудал зөрчигдсөн. Дотооддоо албан хаагч байхгүй бол өөр байгууллагаас авна гэж заасан байдаг. Эхний хувилбараа сонгохгүй өөр газраас шалгалт өгөөгүй хүнийг авч ажиллуулж байгаа нь хууль зөрчиж байна. Байгууллагын дарга бүтцийн өөрчлөлт хийхдээ ажлын албыг санхүү хөрөнгө оруулалтын хэлтэс болгож нэршлийг өөрчилсөн боловч чиг үүрэг хэвээр хадгалагдаад миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Орон тоо цөөрсөн бол гэдэгт өмнө 4 хүнтэй байсан. Одоо 6 хүнтэй байгаа. Гэтэл 3 дахь хувилбар буюу өөр байгууллагаас хүн ажилд авч байгаа нь хууль зөрчиж байна. Бүтэц зохион байгуулалтыг баталсан тушаал дээр санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын чиг үүрэг дээр байгаа 7.2.1-8 хүртэлх үйл ажиллагаа нь яг миний өмнө хашиж байсан төрийн албаны чиг үүрэгтэй давхцаж байна.

Нэхэмжлэгч Ч.Б албан үүргээ гүйцэтгэж яваад үйлдвэрлэлийн осолд орж өвчтэй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж, өөр ажил албан тушаалд томилох түүний эрх зүйн байдлыг дордуулсан. Тодруулбал өмнө ажиллаж байсан албан тушаалыг эрхлэх үед сар бүр олгодог байсан албан ажлын суудлын автомашин хэрэглээгүй албан тушаалтанд олгох унааны хөнгөлөлт 100.000 төгрөг, ажлын албаны даргаар ажиллаж байхдаа албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар авч байсныг 20 хувь болгож бууруулсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/53 дугаар тушаалын 2 дахь хэсэгт Ч.Б өмнө Ерөнхий аудиторын орлогчийн ажлын албаны даргын албан тушаалд ажиллаж байхад цалин 1.572.500 төгрөг байсан. Үүнээс албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн зөрүү 10 хувь буюу сар бүр 157.200 төгрөгийг авч чадахгүй хохирч байна. Нэхэмжлэгчийг хүндэтгэх шалтгаантай үйлдвэрлэлийн осолд орсон үед ийнхүү ямар ч шалтгаангүйгээр албан тушаалаас чөлөөлж, өөрийн нь зөвшөөрөлгүй өөр албан тушаалд шилжүүлсэн нь Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/53 дугаар тушаал дээр маргаж байгаа тул тушаалыг хууль бус болохыг тогтоолгож , хүчингүй болгуулах, ажлаас чөлөөлсөн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс хойш шүүх шийдвэрлэх хүртэлх хугацааны нэхэмжлэгчид олгох байсан сар бүр унааны хөнгөлөлт 100.000 төгрөг, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувь болох сар бүрийн 157.200 төгрөгийг олгохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Б/53 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасныг зөрчсөн. Энэ тушаалын агуулга бол албан тушаалаас нь чөлөөлөөд томилсон. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд тухайн байгууллага нэгж хооронд сэлгэн ажиллуулж байгаа бол өөрийн зөвшөөрлийг авч, тохиролцсон байх ёстой. Гэтэл энэ зөвшөөрлийг огт авалгүй томилсон. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т Энэ хуулийн 44.1, 44.2-т заасны дагуу “төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын ангилал, зэрэглэл, цалин хөлс, зэрэг дэвийг бууруулахгүй” гэж заасан. Цалин хөлс гэдгийг төрийн албаны тухай хууль нарийвчлан заасан байгаа. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-д “эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөтэй”, 42.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасан. Нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болсон бол гуравдагч этгээд Д.Н ажиллахгүй байх байсан. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлд дараах тохиолдолд албан тушаал бууруулж болно гэж заасан. Гэтэл эдгээр гурван тохиолдлын  аль ч тохиолдол байхгүй. Сүүлийн 3 жилийн үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж А үнэлгээ авсан. Энэ албан тушаалд хамгийн сайн шаардлага хангаж байгаа туршлагатай хүн бол Ч.Б юм. Бодит байдал дээр албан тушаал бууруулсан байхад бууруулаагүй гэж ярьж байна. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 45 зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Төрийн албаны тухай хуулийн 57.2-т төрийн албан хаагчийн цалин хөлс гэж Хөдөлмөрийн тухай хуульд нарийвчлан зааж өгсөн. Цалин хөлс гэдэгт дараах 4 зүйлс орно. Нэмэгдлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-т тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдэл гэж заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Цалин 1.572.000 төгрөг ба төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 20 хувь, зэрэг дэв 32 хувь, албан тушаалын онцгой нэмэгдлийн 20 хувийн нэмэгдэл авч байгаа. Гэтэл даргаар ажиллаж байхдаа 30 хувиар авдаг байсан. Ч.Б хувьд осолд ороогүй байсан бол ажлаа хийгээд л явж байх байсан. Гэтэл шалтгаантай байх үед нь дарга нь журам батлаад бүх чиг үүрэг нь хэвээрээ байхад менежер болгосон явдалд гомдолтой байгаа юм. Хуулийн хэлтэс гэдэг нь огт байхгүй бол бид ийм зүйл ярихгүй. Гэтэл хуулийн хэлтэс нь нөөцийн хэлтэс нэртэй болоод чиг үүрэг нь хэвээрээ байна. Ажлын алба гэдэг нь байхгүй болсон нь үнэн. Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах” гэж заасан. Одоогийн нэрээр Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан. Онцгой нөхцөлийн нэмэгдэл нь цалиндаа орчихно. Унааны хөнгөлөлт буюу 100.000 төгрөг нь нөхөн төлбөр юм. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д “албан томилолтын зардлыг” 59.1.2-т “албан ажлын хэрэгцээнд хувийн унаа хэрэглэсэн тохиолдолд батлагдсан нормативын дагуу гарсан зардлыг” гэж заасны дагуу нөхөн төлбөрийг авахаар нэхэмжилсэн. Ч.Б нь өнөөдрийг хүртэл менежерийнхээ ажлыг хийж байгаа. Үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн, огт ажлаа хийгээгүй гэсэн асуудал байхгүй. Нөхөн төлбөр олгох асуудал нь огт ажлаа хийгээгүй, гэртээ байгаа хүнд олгодоггүй. Ч.Б хувьд Сүхбаатар дүүргээс ажилдаа ирэхдээ хувийн унаагаараа ирж, хааяа такси барьж ирдэг. Тиймээс нөхөн олговор авах эрхтэй. Дарга байхдаа унааны хөнгөлөлт авдаг байсан. Одоо менежер болохоор нь олгохгүй байгаа. Энэ хүний субьектив эрхийг буюу нийгмийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйл, 57 дугаар зүйлийн 57.2.3-т заасан эрхээ эдлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Сарын 250.000 төгрөг, 10 сараар үржүүлээд 2.500.000 төгрөг болж байна. Тэгэхээр цалин хэвээрээ. Онцгой нөхцөлийн нэмэгдэл 30 хувь буюу 471.000 төгрөг байсан. 20 хувь болохоор 314.000 төгрөг болж байна. Зөрүү нь 150.000 төгрөг юм. Даргын тушаалаар сар бүр олгогдож байсан унааны хөнгөлөлт 100.000 төгрөг. Төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан дараах нийтлэг баталгаагаар хангагдана. Мөн хуулийн 61.1.1-т “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, шагнал, урамшуулал, тэтгэвэр, тэтгэмж авах”, 61.1.3-т “гүйцэтгэж байгаа албан үүргийн шинж байдлаас хамааран зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах төрийн тээврийн хэрэгслийн зардлын зохих хэсгийг нөхөн авах гэсэн эрхтэй” 61.1.5-д “орон байраар хангагдахад төрөөс дэмжлэг үзүүлэх” гэдгийг огт нэхэмжлээгүй. Төрийн алба хаахаас гадна баталгаа, цалин, нөхөн төлбөр авах эрхүүд нь зөрчигдөж байна. Үүнээс дүгнэж хэлэхэд Ч.Б хувьд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5-д заасан эрх зөрчигдсөн.

Төрийн албаны тухай хуулийн баталгаа, нөхөн төлбөр, цалин хөлс дордуулсан, албан тушаал бууруулсан. Өмнө нь ажлын албаны дарга байсан. Гэтэл энэ чиг үүргийг аудитын газрын албаны тушаал гаргасан нэрийдлээр нэрийн хувьд өөрчилсөн боловч гуравдагч этгээдийн одоогийн ажиллаж байгаа чиг үүрэг хэвээрээ байгаа юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалын ангилал алгасуулахгүй гэж байгаа. Ч.Б бол зөвлөх түшмэл. Гуравдагч этгээдээр татагдсан Д.Н  ТЗ-7 юм. Ийм хүнийг 3 дахин шат алгасаад яагаад томилж байгаа юм бэ? Ч.Б эгүүлэн авах боломж 100 хувь байсан. Гэтэл гуравдагч этгээдийг томилж байгаа нь төрийн албаны зөвлөлийн тогтоолыг зөрчиж байна.

Нэхэмжлэгчийн ажлын чиг үүрэг огт байхгүй болсон үед энэ албан тушаалд шударгаар өрсөлдөх боломжоор хангах ёстой. Сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ёстой байсан. Гэтэл Д.Н нь би шалгалт өгөөгүй шууд ажилд орсон гэж ярьж байна. Ч.Б энэ байгууллагад ажлаа хийж л байсан. Ажлын алба гэдэг нэр томьёо байхгүй болсон нь үнэн. Гэхдээ 2017 оны тушаал дээрх ажлын чиг үүргүүд нь одоогийн халсан тушаалын чиг үүрэгтэй давхцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүтэц, чиг үүрэг гэдгээс гадна тухайн албан хаагч албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэсэн 2 өгүүлбэр байна. Хэвээр хадгалагдан үлдсэн бол үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Гэтэл одоо итгэмжлэлийн хугацаа дууссан, ажлын алба байхгүй болсон гэж тайлбарлаж байна. Ажлын алба байхгүй болсон ч энэ хүнийг шударгаар өрсөлдөх боломжийг олгох ёстой. Тэгэхээр Ч.Б хүндэтгэх үзэх шалтгаантай байхад нь гадуурхаж, хууль зөрчиж нөхөн олговор, цалин урамшуулал авах эрхийг дордуулж алдаатай шийдвэр гаргаж байна. тиймээс энэ тушаал хууль бус. Ажилгүй байсан хугацааныхаа урамшуулал нөхөн төлбөрөөр авах эрхтэй. Тухайн үеийнхээ ажиллаж байсан албан тушаалд томилогдох хүсэлттэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, Н.А, Г.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Монгол Улсын Ерөнхий аудитор 2003 онд батлагдсан Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн А/02 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтцийг стратегийн удирдлагын газар, гүйцэтгэлийн аудитын газар, санхүүгийн аудитын газар, нийцлийн аудитын газар, тамгын газар /санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй/, чанарын баталгаажуулалтын газар, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн бүтэцтэй байхаар баталсан байна.

 Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/55 дугаар тушаалаар батлагдсан Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж чанарын баталгаажуулалтын алба, дотоод аудитын алба, Ерөнхий аудиторын орлогчийн дэргэдэх ажлын алба, тамгын газрын хууль эрх зүйн хэлтэс, хүний нөөцийн алба, нийтлэг үйлчилгээний алба, мэдээллийн технологийн албыг татан буулгаж, чанарын баталгаажуулалтын газар, хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болж нийтлэг үйлчилгээний алба, ажлын албыг нэгтгэж санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс болгон баталсан байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталж мөрдөж байна. Уr тушаалаар ажлын албаны албан тушаалын тодорхойлолтод байсан төрийн аудитын төв, орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагааны үр дүн, үр өгөөжийг дээшлүүлэх, гүйцэтгэж байгаа аудитын явцад хяналт тавьж арга зүйгээр хангах чиг үүргийг хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт, төсвийн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн чиг үүрэгт үйл ажиллагааны чиглэлийн дагуу оруулж баталсан. Монгол Улсын Ерөнхий аудитор 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А/02 дугаар тушаалаар Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан Ч.Б албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийг үндэслэн Ч.Б сонсох ажиллагаа явуулах мэдэгдлийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг 28 минутад утсаар мэдэгдсэн бөгөөд сонсох ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 40 минутад тэмдэглэл хөтлөх хэлбэрээр явуулсан. Үүний дараа 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын Ч.Б албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай Б/53 дугаар тушаал гарсан даргын албан тушаалаас 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Үндэсний аудитын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын хяналт-шинжилгээ үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаалд томилсон байна. Ингэхдээ түүний өмнө авч байсан албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг бууруулаагүй байна.

Одоогийн бүтцээр батлагдсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалын ангилал, цалин нь Ч.Б албан тушаалын ангилал, цалинтай адил Төрийн аудитын зөвлөх түшээ албан тушаалын цалин 1.572.500 төгрөг байна.

Ч.Б уг албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн  62.1.3 -д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан нийлүүлэх, нэгтгэх, хуваах тусгаарлах, өөрчлөх, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ны орон тоо цөөрсөн бол уг албан тушаалын эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны  үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг баримталсан болно.

Өөpөөр хэлбэл, зохион байгуулалтын бүтэц өөрчлөлтөөр ажлын албаны даргын албан тушаалын тодорхойлолт хүчингүй болсон тул Ч.Б албан тушаалын ангилал /төрийн аудитын зөвлөх түшээ/, цалин нэмэгдлийг хэвээр тогтоож 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторын гаргасан “Ч.Б албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/53 дугаар тушаал хууль зөрчөөгүй байна гэж үзэж байна.

Ч.Б Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд томилох боломжгүй бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/100 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагчаар томилогдон Дорноговь аймагт албан томилолтоор ажиллаж байхдаа зүүн хөлөө хугалж удаан хугацаанд эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай болсон учраас Төрийн аудитын байгууллагын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах шаардлагатай тул уг албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг илүү хангаж байгаа албан хаагчийг сонгож томилсон болно.

 Ч.Б нь Төрийн аудитын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа туршлагатай бөгөөд ажиллах хугацаандаа тэрээр төрөлжсөн аудитын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажилласан туршлага нь одоогийн томилогдсон Хяналт-шинжилгээ, үнэлгээний менежерийн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг илүү хангаж байна гэж үзсэн болно.

Өөрөөр хэлбэл, Ч.Б одоогийн албан тушаалд томилох тухай гаргасан шийдвэр нь Төрийн албан тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна. Мөн 2003 онд батлагдсан Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.6-д Үндэсний аудитын газрын бүтэц орон тоог Монгол Улсын Ерөнхий аудитор батлахаар хуульчилсан.

Улмаар Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгэр зүйлийн 14.1-д “Монгол Улсын ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох чөлөөлөх эрхтэй” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий аудитор 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр А/02 дугаар тушаал гаргаж, Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтэц бүтцийн нэгжүүдийн үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг, орон тоог шинэчлэн баталж мөрдөж байгаа нь Төрийн аудитын тухай хууль зөрчигдөөгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална”, 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадалгаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа” гэснийг үндэслэн өмнө ажиллаж байсан албан тушаалыг нь бууруулахгүйгээр одоогийн албан тушаалд томилж ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжийг ханган ажиллаж байна.

 Ч.Б эмчийн магадалгаатай байх хугацааны цалин хөлс, листийн мөнгийг олгож, мөн Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.2-т  “аудит хийх бүрэн эрхээ хэрэгжүүлж яваад хөдөлмөрийн чадвараа түр алдсан бол хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны туршид, тахир дутуу болсон бол тахир дутуугийн тэтгэвэр, албан тушаалын цалингийн зөрүүг тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа хугацааны туршид тус тус авах” гэсэн заалтын дагуу албан тушаалын цалингийн зөрүүг олгож байгаа болно.

Төрийн аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Төрийн аудитын байгууллагын албан тушаалыг дор дурдсанаар ангилна” гээд түүнд зөвлөх түшээ албан тушаал гэж байгаа. Зөвлөх түшээ албан тушаал дотор дарга, менежер ордог. Албан тушаалаас буурсан гэхээр ахлах албан тушаал буюу ахлах түшээ  албан тушаал дээр очно. Тиймээс албан тушаал буурсан асуудал огт байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Үүнийг ярих ямар ч  шаардлага байхгүй. Зөвлөх түшээгийн 20 хувь, удаан жил хэвээрээ. Ганц өөрчлөгдсөн зүйл нь 30 хувь байсан. 20 хувь болсон асуудал. Улсын Их Хурлын даргын итгэмжлэлээр гүйцэтгэх ажлын аудитын онцгой нөхцөл. Үүнийг нэхэмжлэгч зөв ойлгоосой гэж хүсэж байна. Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийг ярьж байна. Үүнд албан тушаалын чиг үүрэг хадгалагдсан бол гэж байгаа. Хөрөнгө оруулалт төсөвтэй холбоотой ямар заалт тодорхойлолтод байгаа вэ? гэж асуухад тэр нь байхгүй байх жишээтэй. Тэгэхээр ажлын байрны чиг үүргийн тухайд ийм ялгаатай зүйл байгаа. Үүнийг нэхэмжлэгч үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө хоёртой холбож тайлбарлаж байгаа. Үр дүнгийн гэрээ, үйл ажиллагааны төлөвлөгөө албан тушаалын тодорхойлолт 3 хоорондоо өөр ойлголт. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д тодорхой зааж өгсөн байгаа. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийг сольж яриад байна. Маргаан бүхий тушаал бол шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан асуудал биш. Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийг ярьж байна. Нөхөн олговор авах асуудал нь Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудал. Хэрэв Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасны дагуу томилолтын зардал, унааны зардлыг норм нормативын дагуу төрийн аудитын байгууллагын хэмжээнд ажиллаж байгаа 100 орчим менежер, хэлтсийн даргад өгье гээд ерөнхий аудитор шийдвэрлэх бүрэн боломжтой. Менежер дарга 2 ижил албан тушаал. Нэг хүн өвчтэй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учрах боломжгүй. Таныг эдгэрээд ажилдаа ороход тухайн албан тушаал хэвээрээ байвал буцаан томилно. Өөрчлөгдсөн бол ижил албан тушаалаар хангах үүрэг нь ажил олгогчид байгаа. Ажлын албаны дарга байхдаа албан тушаалын онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувиас эхэлсэн. Шууд 30 хувиас эхэлсэн гэж яриад байсан. Тийм биш. 2019 оны 04 дүгээр сараас аудитын үйл ажиллагаатай холбоотой харилцаа юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т маш тодорхой зааж өгсөн байна. Эдгээр нэхэмжилж байгаа мөнгийг эхлээд хууль бус үйлдэл яаж явагдсан бэ, хууль бус үйлдэл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тушаалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Д.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Миний бие төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын дагуу төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн Б/44 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд Төрийн албаны тухай хууль болон дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд сонгон шалгаруулалт явуулахгүй” гэж заасныг үндэслэн томилогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд хандан “... Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/53 дугаар тушаалыг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил албан тушаал /одоогийн нэрээр Санхүү хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга/-д эгүүлэн тогтоолгохшаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан байна.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувийн зөрүү сар бүрийн 157200 төгрөгийг, албан ажлын суудлын автомашин хэрэглэх унааны хөнгөлөлтийн зөрүү сар бүрийн 100.000 төгрөгийг тус тус албан тушаал бууруулсан хугацаанд нөхөн олгохыг даалгах” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “...өвчтэй байхад Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийг зөрчиж өөр албан тушаалд томилсон, бүтэц хийсэн гэж албан тушаалыг өөрчилж, эрх зүйн байдлыг дордуулсан, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлон маргасан бол, хариуцагчийн зүгээс “Үндэсний аудитын газрын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орсноор албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталж нэхэмжлэгч нь хангахгүй байгаа, Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийсэн, хууль зөрчөөгүй” зэргээр тайлбарлаж, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн зүгээс “...төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан туршлагатай ба Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 34/31 дүгээр хамтарсан тушаалын хавсралтаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам”-ын дагуу томилогдсон” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл түүнд өгсөн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь үнэлж, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянаж, шийдвэрийн үндэслэл болсон холбогдох хууль, хууль тогтоомжийн хэм хэмжээг тайлбарлан дор дурдсан байдлаар дүгнэлт хийж, маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн батлах тухай” А/02 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар “Үндэсний аудитын газрын зохион байгуулалтын бүтэц”-ийг, хоёрдугаар хавсралтаар “бүтцийн нэгжүүдийн үндсэн үйл ажиллагааны чиг үүрэг”-ийг, гуравдугаар хавсралтаар “орон тоо, албан тушаалын жагсаалт”-ыг тус тус баталснаар хамгийн сүүлийн байдлаар Үндэсний аудитын газар нь Удирдлага /4/, Чанарын баталгаажуулалтын газар /5/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /5/, Стратегийн удирдлагын газар /10/  Тамгын газар /25/, Гүйцэтгэлийн аудитын газар /25/, Санхүүгийн аудитын газар /31/, Нийцлийн аудитын газар /10/ бүхий нийт 115 орон тоотой байхаар байгууллагын бүтэц, орон тоо, албан тушаалын жагсаалт батлагдсан байна. Энэ тушаалын хоёрдугаар хавсралт ёсоор батлагдсан Үндэсний аудитын газрын үндсэн үйл ажиллагааны чиглэлийн 7 дахь хэсгийн 7.1: “Тамгын газар нь Монгол Улсын Ерөнхий аудиторын шууд удирдлага дор үйл ажиллагаа хэрэгжүүлэх...”, 7.3: “Тамгын газар нь Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй байна”, 7.3.2: “Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс нь дараах  чиг үүрэг хэрэгжүүлнэ” гээд 7.3.2.1-ээс 7.3.2.20 хүртэл жагсаасан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 7.3.2.1-ээс 7.3.2.8-д заасан чиг үүрэг нь өөрийнх нь өмнө хийж байсан ажлын чиг үүрэгт байсан, үүгээрээ албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн гэж үзэж байгаа.

Нэхэмжлэгч Ч.Б нь Үндэсний аудитын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн Б/87 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт ёсоор Ерөнхий аудиторын орлогчийн Ажлын албаны даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан байна.

Хариуцагч буюу эрх бүхий албан тушаалтны 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Ч.Б албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/53 дугаар тушаалаар “... Ч.Б Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогчийн Ажлын албаны даргын албан тушаалаас 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлж, мөн өдрөөс Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан менежерийн албан тушаалд томилжээ.

Маргаан бүхий Б/53 дугаар тушаал нь Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн  13.4.5: “энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, нягтлан бодох бүртгэл, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж, шийдвэр гаргах”, 13.4.7: “эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах”, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1: “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 27 дугаар зүйлийн 27.1.1: “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3: “тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон албан ажлын онцгой нөхцөлийн, төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын, мэргэшлийн зэргийн болон хуульд заасан бусад нэмэгдлээс”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5: нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ...” гэж заасныг тус тус үндэслэсэн, уг тушаалыг гаргахтай холбоотойгоор сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлж, сонсох ажиллагааг хийсэн байна.

Энэ тохиолдолд хариуцагч нь маргаан бүхий тушаалдаа Төрийн аудитын тухай хуулийн гуравдугаар бүлгийн 13 дугаар зүйлийн 13.4-д заасан Монгол Улсын Ерөнхий аудиторын хэрэгжүүлэх бүрэн эрхээс тушаал, шийдвэр гаргахтай /13.4.5, 13.4.7/ холбоотой хоёр заалт үндэслэсэн бол Төрийн албаны тухай хуулиас иргэнийг төрийн албанд томилохтой, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоог нөхөхтэй, цалин хөлс олгохтой холбоотой заалтуудыг, түүнчлэн нийтийн албанд томилогдох иргэнд хуулиар тавигдаж байгаа шалгуурын заалтыг үндэслэсэн, харин түүнийг урьд эрхэлж байсан албан тушаалаас нь хэрхэн юуны учир чөлөөлж байгаа, уг албан тушаалын байр бүтцээр хэрхсэн талаар тодорхой заагаагүй, хуулиар зохицуулсан заалтыг үндэслээгүй байна. Ингэснээрээ энэ маргаан гарах шалтгаан болжээ.

Маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэхэд учир дутагдалтай байна. Тушаалын үндэслэлд байгаа Төрийн албаны тухай хуулийн заалтаар зохицуулсан харилцааны агуулгаас, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг өөрчилж, ажил албан тушаалаас чөлөөлөх, ажил албан тушаалыг өөрчлөх эсхүл түүнийг албан тушаал бууруулах ямар үндэслэл байгааг нарийвчилж үзээгүй, тушаал нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан эсэхэд шүүх шууд дүгнэлт өгөх боломжгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс “миний ажиллаж байсан Ажлын албаны даргын албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах боломжтой” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь хэлтсийн даргын албан тушаалд тавигдах шаардлагыг албан тушаалын тодорхойлолтоор хангахгүй” гэж маргаж байгаа энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлсэн эсэх, 44.2-д зааснаар сэлгэн ажиллуулсан эсэх, 45 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоож мөн хуулийн 45.2-д заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргасан, эсхүл Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд зохицуулснаар нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь орон тоо хасагдсан талаар дүгнэж мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаал шилжүүлж төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг эдлүүлэхээр шийдвэр гаргасан гэдгийг төрийн алба мэргэшсэн тогтвортой байх, ил тод байх, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах үүднээс бодит байдал дээр ямар байсан бэ гэдгийг шүүх тогтоох боломжгүй байна гэж дүгнэж, маргаан бүхий тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасныг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь энэ байдлыг буюу нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн талаар өөр өөр агуулгаар авч үзсэн хариуцагчийн үйлдлийг шүүхээс шууд зөвтгөх боломжгүй, нэхэмжлэл гаргагчийн “албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан байхад үргэлжлүүлэн ажиллах боломжтой” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхэд учир дутагдалтай, захиргааны байгууллага маргаан бүхий асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д: “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” гэж заасныг хариуцагчаас хэрхэн хангасан нь тодорхой бус, уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд мөн хуулийн 62.1.4-д “... орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих ...” заасныг захиргаа авч хэрэгжүүлэх байсныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т: “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т: “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар дээр дурдсан нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачлагчаар албан тушаал бууруулсан, эсхүл орон тоо хасагдсаны улмаас өөр ажил, албан тушаалд шилжүүлсэн маргаан бүхий актыг шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хэмээн үзэх боломжгүй байх тул хариуцагчаас хууль, журамд нийцүүлэн дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгчийн одоо ажиллаж байгаа ажлын байрны тодорхойлолт, маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтын дагуу шүүхээс маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болно.

Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий албан тушаалд ажилласнаас үл хамааран Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-д зааснаар төрийн тусгай албан хаагч байна.

Шүүх нэхэмжлэлийн энэ хэсэгт хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Ч.Б  өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан гэж үзэж, мэргэжил, мэргэшлийн дагуу Үндэсний аудитын газрын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан менежерийн орон тоог захиргааны зүгээс санал болгож томилсон гэх нөхцөл байдлыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн ч дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Яагаад гэвэл, албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл нь Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3-д зааснаар төрийн албан хаагчийн цалин хөлсөнд шууд хамаарах боловч мөн хууль, зүйлийн 57.4-д “төрийн тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно” гэж хуульчилсан. Энэ утгаараа Улсын Их Хурлын 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн “Төрийн аудитын байгууллагын албан хаагчид олгох нэмэгдлийн хэмжээг тогтоох тухай” 21 дүгээр тогтоол ёсоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хүртэл хувиар гэж тогтоосон, энэ тогтоолыг үндэслэн журам гаргаж хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам батлах тухай” А/54 дүгээр тушаал батлагдсан. Энэ тушаалын хавсралт ёсоор батлагдсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.3: “гүйцэтгэх ажил эрхэлдэг байгууллагын гүйцэтгэх ажилд зориулсан улсын төсвийн хөрөнгийн зарцуулалтад аудит хийх хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар томилогдсон итгэмжлэгдсэн аудиторт 30 хувь” гэж зааснаар Улсын Их Хурлын дарга Г.За 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн “Итгэмжлэл олгох тухай” 80 дугаар захирамж ёсоор Үндэсний аудитын газрын Ажлын албаны дарга Ч.Б итгэмжлэл олгосноор тэрээр дээрх журмын заалтын дагуу албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар авч байсан байна. Улмаар Улсын Их Хурлын дарга Г.З 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэмжлэл дуусгавар болгох тухай” 34 дүгээр захирамжаар Ч.Б олгосон итгэмжлэлийг дуусгавар болгосон байна.

Үүгээрээ албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийн талаар хуульчилж, улмаар журмаар зохицуулсан харилцааг нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлж шүүхээс шаардах үндэслэлгүй байна.

Нөгөө талд 2020 оны Төрийн аудитын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.6-д: “Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор тогтооно” гэж заасан, уг хуулийг 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн байгаа нь шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах байдлаар хариуцагч захиргааны байгууллагын холбогдох харилцааг тогтоох бүрэн эрхэд халдаж боломжгүй болно. Хууль мөрдөгдөх хугацаанаас өмнөх буюу маргаан бүхий тушаал гарснаас хойш дээрх хууль мөрдөгдөх хүртэл хугацаанд нөхөн авах талаарх шаардлага мөн хангагдахгүй. Учир нь Улсын Их Хурлын дарга Г.З 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Итгэмжлэл дуусгавар болгох тухай” 34 дүгээр захирамж хуулийн хүчин төгөлдөр байна.

Ийм учраас нэхэмжлэгч нь албан ажлын онцгой нөхцөлийн 30 хувийн зөрүү буюу одоо авч 20 хувь дээр нэмээд 10 хувь нийт 30 хувийн нэмэгдэл авч байх ёстой гэж шаардсан нь үндэслэлгүй хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхэд шүүхээс халдах үндэслэлгүй байна.

Албаны унааны хөнгөлөлтөд олгодог байсан 100,000 төгрөгийг нөхөж олгох ёстой гэж шаардсаныг мөн дээрх үндэслэлийн агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тодруулбал, албаны унааны хөнгөлөлт нь зөвхөн тухайн албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд л авах боломжтой, харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.2-д зааснаар нөхөх төлбөр авах ёстой, Ч.Б хувьд Сүхбаатар дүүргээс ажилдаа ирэхдээ хувийн унаагаараа ирж, хааяа такси барьж ирдэг. Тиймээс нөхөн олговор авах эрхтэй. Дарга байхдаа унааны хөнгөлөлт авдаг байсан. Одоо менежер болохоор нь олгохгүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасан нийтлэг баталгаа, 61.1.1: “албан тушаалын цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах”, 61.1.3: “... зохих журмын дагуу албаны унаа хэрэглэх, ажилдаа ирэх, буцах ... нөхөн авах” эрхтэй гэж заасныг буюу төрийн алба хаахаас гадна баталгаа, цалин, нөхөн төлбөр авах эрхүүд нь зөрчигдөж байна” гэж тайлбарлаж байгааг шүүхээс хуулийг буруу тайлбарлаж мэтгэлцсэн, албаны унаа унахтай холбоотой, хувийн унаагаараа зорчиж байгаа тухай агуулга нь нэхэмжлэгчийн хувьд албан ажлын хэрэгцээнд хувийн унаа хэрэглээгүй /59.1.2/, албан ажлаар ажиллахаар томилогдоогүй /59.1.3/ байх тул нөхөх төлбөр авах үндэслэлгүй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2, 45 дугаар зүйлийн 45.2, 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн “Ч.Б албан тушаалаас чөлөөлж, албан тушаалд томилох тухай” Б/53 дугаар тушаалыг дахин шинэ акт гарах хүртэл 3 /гурван/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий асуудлаар дахин шинэ акт гаргаагүй бол Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/53 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Төрийн аудитын тухай 2020 оны хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох /нэмэгдүүлж гаргасан/ “... Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл 10 хувийн зөрүү сар бүрийн 157200 төгрөгийг, албан ажлын суудлын автомашин хэрэглэх унааны хөнгөлөлтийн зөрүү сар бүрийн 100.000 төгрөгийг тус тус албан тушаал бууруулсан хугацаанд нөхөн олгохыг даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 108.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь дээрх хууль, зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН