Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар  2022/ШЦТ/106

 

 

 

 

 

 

 

 

 

2022        03         28                                             2022/ШЦТ/106

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Түдэвдоржийн *******т холбогдох эрүүгийн 2021004080058 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сум “Цагаан хад” гэх газарт “Энгүүн *******” ХХК-ний салбарт үйлчлэгч ажилтай, ам бүл З, нөхөр, хүүхдийн хамт  Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг Ивээл хороолол түрээсийн 13 а тоотод түр оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Бодонгууд овогт Түдэвдоржийн *******. /РД: *******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаарт багт үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ний Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд борлуулалт хийсэн хиамны үнэ болох нийт 36,925,174 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...******* нь надтай олон жил хамт ажиллаж, найз нөхөд, ах дүүсээс дутуугүй дотно нөхөрлөдөг байсан. ******* анх манай бааранд үйлчлэгчээр хэдэн жил ажилласан. Хохирлын хувьд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 36,925,174 төгрөгтэй санал нэг байна. ******* олон дэлгүүрүүдэд зээл өгч тухайн дэлгүүрүүдээс мөнгө нь орж ирэхгүй хариуцлага алдсан зүйл биш. Энэ мөнгийг энэ хүн хувьдаа өөртөө идэж, ашигласан. Өнөөдөр хувийн компаний үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн цалин тийм их биш, амьдарлаа залгуулах хэмжээний л байгаа.  Энэ хүн энэ мөнгийг ганцаараа идээгүй, үр хүүхэд, хүргэнтэйгээ цуг идсэн. Хөдөө орон нутагт байдаг хүмүүс нь бүгд аймагт ирсэн хэрнээ бүгд ажил хийдэггүй, маш тансаг зэрэглэлийн амьдардаг байсан. Тухайн үед би банкны зээлээр дампуурсан үйлдвэрийг босгох гэж маш их ядаж байсан. Ажилчдын цалин, гэрэл цахилгааны мөнгө, татвар, банкны зээлээ яаж төлөх талаар бодож хэцүү байх үед найз нөхөд байсан хэрнээ мөнгө идэж байсанд нь маш их гомдож байна. Би тухайн үед 2 зээлтэй, нэг зээл нь сард 10 гаруй сая төгрөгийг банкинд төлдөг байсан. Зээлэнд мөнгө дутаад яах учраа олохгүй байхад *******ийн дансанд нь мөнгө байсан хэрнээ надад өгдөггүй байсныг би сая дансны хуулга шүүх үед нь олж мэдсэн. Үүнд гомдож байна. Хохирлын мөнгийг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр гаргуулах саналтай байна...” гэв.

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэх эмэгтэйн дүү нь дарга руу яриад ******* эгчээс 4,500,000 төгрөгийг би авчихсан юм. Таныг мэдэхээс өмнө буцааж төлж чадсангүй гээд утсаа салгасан гэсэн. Тэгээд дарга мэдээд Матад сумын дэлгүүр рүү утсаар яриад зээлээр авсан тооцоогоо төлөөрэй гэсэн чинь тухайн Матад сумын дэлгүүр ямар ч зээл байхгүй, ******* гэх эмэгтэйн хувийн данс руу хийсэн гэж хэлэхээр нь дарга мэдсэн. Тэгээд *******ийн дансыг шүүж үзээд дарга, нягглан бид хэд бараг сар гаран суугаад *******ийн тооцоотой гэсэн зээлийн баримт болгон руу сумдын болон аймгийн бүх дэлгүүрүүд рүү утсаар ярихад бүгд зээлээр авсан барааны үнээ төлчихсен, ямар ч зээлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

 

Хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэх эмэгтэй манай ******* ХХК-ний Толгойт хиамны үйлдвэрт 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр борлуулагчаар ажилд орсон. ... *******ийн дансыг шалгаж үзэхэд 2018 оны 07 дугаар сард өөрийн хувийн дансаар мөнгө аваад түүнийгээ байгууллагын дансанд тушаалгүйгээр дур мэдэн үрж, хувьдаа завшиж байгууллагад хохирол учруулж эхэлсэн байсан. Манай хиамны тооцоог байгууллагын дансанд хийх ёстой байтал ******* нь хувийн дансаар авсан байсан. ******* нь хувийн дансаараа мөнгө авах ямар ч эрхгүй хүн…” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

           

Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Толгойт хиамны үйлдвэрт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ажилд ороод 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ажилласан. ******* ХХК-аас бэлэн болсон бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрээс хиллэж аваад аймгийн төвийн дэлгүүрүүдэд тарааж, бэлнээр болон зээлээр өгдөг байсан. Ерөнхийдөө өглөө үйлдвэрээс 500 кг хиам авсан гэж бодоход тухайн 500 кг хиамыг дэлгүүрүүдэд тарааж бэлнээр болон зээлээр өгдөг байсан. Тэгээд орой ажлаас буухдаа няравтай тулгалт хийдэг байсан. Дэлгүүрүүдэд зээлээр бараа материал өгсөн тохиолдолд буцааж авахдаа би өөрийн хувийн ХААН банкны гэсэн дансаар болон захирал Уранхайчийн данс руу хийлгэдэг байсан. Гэхдээ ихэнх тохиолдолд өөрийн ХААН банкны дансаар авчихдаг байсан. Өөрийн дансаар авчихвал данс, тооцоо хийхэд амар байдаг байсан. Би зээлээр бараа материал өгсөн тохиолдолд тухайн тооцоог өөрийн хувийн ХААН банкны дансаар авах эрхгүй. Гэхдээ зээлээр өгсөн бараа материалын данс тооцооны асуудал дээр яагаад өөрийн хувийн дансаар авсан гэхээр нэг дэлгүүрт зээлээр бараа материал өгөөд буцааж тооцоо хийхдээ манай захирал Уранхайчийн данс руу хийчихсэн гээд над руу утсаар ярихад нь тухайн зээлээр өгсөн мөнгө бүрэн тушаагдсан эсэх нь мэдэгддэггүй байсан болохоор ихэнх тохиолдолд өөрийнхөө хувийн дансаар авчихдаг байсан. ...Миний хувьд тооцоон дээр бүрэн гүйцэт шалгагдаагүй гэж боддог. Гэхдээ би өөрөө ажилд ороод удаагүй байна, удахгүй ажилд ороод жигдрэх учир хохирлын асуудлыг хүлээн зөвшөөрч ******* ХХК-д учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-101/

 

2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. ******* ХХК-ний борлуулалтын ажилтан ******* нь зээлээр өгсөн бараа материалын үнийн дүнгээс  байгууллагад 36,925,174 төгрөгийн хохирол учруулсан нь байгууллага тус бүрд бичиж байсан барааны зарлагын баримтууд, дансны хуулгаар нотлогдож байна.
  2. ******* ХХК-ний борлуулалтын ажилтан ******* нь 2018 онд 4,850,094 төгрөгийн бараа зээлээр борлуулж 404,720 төгрөгийг захирлын харилцах дансанд тушааж 4,445,374 төгрөгийн дутагдал, 2019 онд 21,478,790 төгрөгийн бараа зээлээр борлуулж 3,060,460 төгрөгийг захирлын харилцах дансанд тушааж 18,418,330 төгрөгийн дутагдал, 2020 онд 18,330,505 төгрөгийн бараа зээлээр борлуулж 4,269,035 төгрөгийг захирлын харилцах дансанд тушааж 14,061,470 төгрөгийн дутагдал гаргасан байна.   2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллахдаа 44,659,389 төгрөгийн барааг зээлээр борлуулж 7,734,215 төгрөгийн барааны үнийг захирлын харилцах дансанд тушааж 36,925,174 төгрөгийн дутагдал гаргасан болох нь санхүүгийн тайланд тусгагдсан анхан шатны баримтаар нотлогдож байна гэжээ. /хх-ийн 59-70/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 196 дугаартай дүгнэлтэд:

  1. “Нью капитал тэнцэл аудит” ХХК-ний ахлах аудитор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гаргасан №09  тоот шинжээчийн дүгнэлт нь шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд үндэслэлтэй байна.
  2. “*******” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 44,659,389.00 төгрөгийн борлуулалт хийснээс 2018 онд 4,850,094.00 төгрөг, 2019 онд 21,478,790.00 төгрөг, 2020 онд 18,330,505.00 төгрөгийн борлуулалт хийсэн байна.
  3. Дээрх хугацаанд борлуулсан барааны үнэ бүрэн гүйцэд төлөгдөөгүй тооцооны авлага үүссэн байна.
  4. Борлуулагч ******* нь 2018 онд 4,850,094.00 төгрөгийн бараа зээлээр борлуулж 404,720.00 төгрөгийг тушааж 4,445,374.00 төгрөгийн тооцооны авлага, 2019 онд 21,478,790.00 төгрөгийн бараа зээлээр борлуулж 3,060,460.00 төгрөгийг тушааж 18,418,330.00 төгрөгийн тооцооны авлага, 2020 онд 18,330,505.00 төгрөгийн бараа зээлээр борлуулж 4,269,035.00 төгрөгийг тушааж 14,061,470.00 төгрөгийн тооцооны авлага нийт 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд 44,659,389.00 төгрөгийн зээлийн борлуулалт хийж 7,734,215.00 төгрөгийг тушааж 36,925,174.00 төгрөгийн барааны үнийг дутуу тушаасан зөрчил дутагдал гаргасан байна.
  5. ******* нь ажиллах хугацаандаа нийт 44,659,389.00 төгрөгийн борлуулалт хийж 7,734,215.00 төгрөгийн тооцоог тушааж 36,925,174.00 төгрөгийн тооцооны үлдэгдэлийг төлөхөөр байна.
  6. “Нягтлан Бодох Бүртгэлийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д “үнэн ба зөв байх” 13 дугаар зүйл 13.6. “анхан шатны баримтын үнэн зөвийг  түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 20 дугаар зүйлийн 20.2.5-д “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил гүйлгээг гаргахаас нь өмнө хянан баталгаажуулах”, 20 дугаар зүйлийн 20.2.6-д “Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах”, гэсэн заалтуудыг тус компаний захирал, нягтлан бодогч, борлуулагч нар нь мөрдөж ажиллаагүй байна гэжээ. /хх-ийн 79-91/

 

-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 16/

-******* ХХК-ны Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 18/

-Иргэний нэхэмжлэгч Б.Даваадоржийн мэдүүлэг /хх-ийн 38/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 49/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 51/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 52-53/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 55/

-Гэрч мэдүүлэг /хх-ийн 57/

-Шинжээч мэдүүлэг /хх-ийн 74/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104/

-*******ийн хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 105-108, 177, 190/

-*******ийг ажилд томилсон тушаалууд /хх-ийн 112-114/

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 115/

            -*******ийн ХААН банкны  дансны хуулга /хх-ийн 116-171/

            -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 192-193/  зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна. Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртлэх хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаарт багт үйл ажиллагаа явуулж буй ******* ХХК-ний Толгойт хиамны үйлдвэрт борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа борлуулалт хийсэн хиамны үнэ болох нийт 36,925,174 төгрөгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,  гэрч , ,, нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шинжээчийн дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байхаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан завших гэмт хэрэг нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, гэрээ хэлцэл зэргээр тогтоон олгогдсон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд бусдын өмчийг итгэмжлэн хариуцах болон эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн этгээд уг эд хөрөнгө, түүний эрхийг өөртөө хууль бусаар авсан байхыг шаарддаг бол залилах гэмт хэрэг нь өмчлөгч ба хууль ёсоор эзэмшигчийг хуурах эсхүл итгэлийг нь эвдэх замаар тэдгээрийг эзэмших, өмчлөлд байсан эд хөрөнгө, түүний эрхийг хууль бусаар өөрт авсан эсхүл бусдад шилжүүлсэн байдлаар үйлдэгддэг онцлогтой.

Шүүгдэгч ******* нь ******* ХХК-ний Толгойт хиамны цехэд  ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон тушаалуудаар /хх-ийн 112-114/ тогтоогдож байхаас гадна  ******* нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирлын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд уг хуулийн зорилго нь коронавируст халдварын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг  бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг үйлдсэн хүнийг нэг удаа ялаас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д  “...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасантай нийцэж байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан хад гэх газарт “******* болор” ХХК-ний салбарт үйлчлэгчээр ажиллаж байгаа гэж мэдүүлж байгаа боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна. Шүүгдэгч нь Дорнод аймгийн Баяндун сумын үндсэн харъяат бөгөөд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг Ивээл хороололын 13а байранд амьдарч байх тул түүнийг Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ******* ХХК-д 36,925,174 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь өнөөдрийг хүртэл уг хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******ээс 36,925,174 төгрөгийг гаргуулж ******* ХХК /*******/-д  олгохоор шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд гарсан 560,000 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бодонгууд овогт Түдэвдоржийн *******ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түдэвдоржийн *******ийг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан 1 /нэг/ жилийн  хорих ялыг 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1 /нэг/  жилийн хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 36,925,174 /гучин зургаан сая есөн зуун хорих таван мянга нэг зуун далан дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч ******* ХХК /*******/-д  олгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 560,000 /таван зуун жаран мянга/ төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулж Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

 

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.НАМУУНТУЯА