Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

2022        03         28                                             2022/ШЦТ/107

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.-Эрдэнэ

Улсын яллагч Б.Сарантуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Сарантуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000107 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, авга эгч, 2 дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ******* ******* ******* тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Халх овогт ******* Ариунбат. /РД: *******/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулах Baet бааранд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд ******* нүүрэн тус газарт нь цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны орой 22 цаг 30 минутын орчим эхнэр Оюунхүүгийн хамтаар Baet бааранд орсон. Бид ороод найз ******* таарч хүний 2, 2 пиво уусан. Баар хаах үед зөөгч эмэгтэй бид нар руу ирээд манайх хаах болж байна шүү гараарай гэж хэлсэн. Бид нар авсан уух зүйлээ дуусаагүй байсан учир гараагүй бөгөөд удалгүй зөөгч эмэгтэй болох ирээд хандаж чамайг дуудаж байна гэж хэлсэн. ... бидэнд хандаж гар гэж хэлэхээр нь Баярбаатар гарна шүү дээ гэж хэлсэн бөгөөд би  хажуугаас нь гарлаа юун сүртэй юм бэ гэхэд надад чи одоо юу гэж хуцаад байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи намайг хуцуулдаг нь биш шүү, чамайг мэднэ шүү гэж хэлэхэд миний хацар руу нэг удаа алгадахаар нь би босоод түүний нүүрийг мангасдаж түлхсэн. Намайг эргээд сандал дээрээ суутал баарны зөөгч залуу миний нүүр болон хамар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/

 

Гэрч  Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Baet бааранд  2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс зөөгчөөр ажилд орсон. 2022 оны 02 дугаар сарын 18-ны орой манай хорооны гэх залуу эхнэр, найзуудын хамт бааранд орж ирсэн. Тэд 1 шил виски, 10 ширхэг пиво аваад суусан. Баар хаах болоод би 4-5 удаа  манайх хаах гэж байна, тооцоогоо хийгээрэй гэж сануулж хэлсэн. Тэр өдөр манай дүү Ариунбат надтай хамт зөөгч хийж байсан юм. Тэгээд тооцоогоо хийхийг сануулж хэд хэдэн удаа очиход нь болон түүний найз нь юу гээд байгаа юм бэ, цаашаа зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би очоод яах гэж хүүхэд рүү дайраад байгаа юм бэ гэхэд намайг чи гичий, янхан минь юу гээд байгаа юм бэ гээд миний нүүрийг мангасдаж түлхэх үед манай дүү Ариунбат голоор орж ирээд түүний нүүрэн тус газар нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Гэрч   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 18-ны орой найз Билгүүний хамт Baet бааранд сууж байхад Билгүүнтэй утсаар яриад эхнэрийн хамт ирсэн. Бид хэд баарнаас 1 шил виски, 10 лааз пиво авсан. Тэнд сууж байгаад Билгүүн яваад , түүний эхнэр бид 3 үлдсэн. Ингээд авсан зүйлээ уугаад сууж байхад баарны зөөгч эмэгтэй  ирээд манайх хаах гэж байна тооцоогоо хийгээд гараарай гэж сануулсан. Бид хоёр за гэж хэлчихээд авсан уух зүйлээ дуусгах гээд уугаад сууж байтал яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Сүүлд бодож байхад зөөгч эмэгтэй хаах гэж байна гар гэж хэлсэн үгнээс болж маргалдсан байх. Зөөгч эмэгтэй ийг түлхэх үед түүний нүүрийг мангасдаж түлхсэн. Гэтэл зөөгч намхан залуу ирээд ийг нүүрэн тус газар нь цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг: “...Тухайн өдөр би хүний оронд зөөгчөөр ажилласан. Манайд гэх залуу, эхнэр Оюунхүү, найз Баярбаатар нарын хамт орж ирж үйлчлүүлээд сууж байсан. Тэгээд манайх хаах цаг болоод  зөөгч тэд нар руу 3-4 удаа очиж шаардлага тавихад тэд нар авсан зүйлээ дуусгаж байж гарна гээд байсан. Тэгэхээр нь би очиж дахин шаардлага тавихад нь босож ирээд над руу дайрах гээд байхад нь эгч ирээд түүнийг түлхсэн. Гэтэл нь эгчийг хэл амаар доромжилж байгаад 1 алгадахаар нь би уурлаад түүний нүүрэн тус газар нь миний санаж байгаагаар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 162 тоот дүгнэлтэд:

1 . ******* биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

З. Хамар ясны хугарал, хамрын таславчын муруйлт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний алимны салст, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 30-31/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29/

- Рентген зураг /хх-ийн 27-28/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-44/

- Хохирол төлсөн баримт /хх-ийн 45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Халх овогт ******* Ариунбат нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаагаа явуулах Baet бааранд 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагийн орчимд ******* нүүрэн тус газарт нь цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Б.,  гэрч М.Баярбаатар, Г. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 162 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

   Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ад 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

   Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс  Халх овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

   Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халх овогт ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг  1 /нэг/ сарын хугацаанд Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА