| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2018/00411/и |
| Дугаар | 155/ШШ2018/00411 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 155/ШШ2018/00411
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******************* тоотод оршин суух, ******************* дугаар регистртэй, Х овогт Н ын А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ************* тоотод оршин суух, *************** дугаар регистртэй, Ш овогт Дын Бт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2017/00057/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нэхэмжлэгч Н.А, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Д.Б нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Бтай 2001 онд танилцаж дотносон 2003 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Г , 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Га, 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.ГБ нар тус тус төрсөн. Д.Б нь гэр бүл болсон цагаас хойш архи уудаг, агсан согтуу тавьдаг, хардаж зодож нүддэг байсан. Бид айл болоод дутуу зүйлгүй, би хувиараа үсчин хийдэг, Д.Б нь хар бор ажил хийдэг байсан бөгөөд архинаас болж бидний дунд хэрүүл маргаан гардаг байсан. Д.Б нь хэд хэдэн удаа намайг зодож, намайг алах гэж голруу хүртэл шидэж, хүүхдүүдээ ч хүртэл зодож, намайг элдвээр хэлж доромжилдог. 2017 оны 6 дугаар сарын 20-21 нд шилжих шөнө Д.Б нь согтуугаар агсан тавьж охин Г гийн толгойруу цохиж хамрын нь цусыг гоожуулж, хүү Гаын цээжрүү өшиглөж, намайг хүүхдүүдээ өмөөрхөд боож унагасан. Намайг цагдаа дуудах гэтэл утас авч эвдсэн. Энэ мэтээр дээрэлхэж, доромжлоод, өөрөө хэд хоногоор ч хамаагүй яваад өгдөг. Хүүхдүүд хүртэл ааваас айж байна гэх болсон. Д.Б 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр согтуу ирээд намайг үсдэж чирээд, хүүхдүүдээ айлгаж уйлуулаад, гэрийн эд зүйл эвдэлж, намайг ухаан алдахад явчихсан байсан. Дунд хүү дэлгүүрээс цагдаа, эмнэлэг дуудсан байсан ба одоо цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа. Д.Бын энэ догшин авир зан нь миний болон 3 хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахаар байна. цаашид бид хамт амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Охин Б.Г , хүү Б.Га, Б.ГБ нарыг өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэгч Н.А нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид эд хөрөнгийн тухайд маргаангүй бөгөөд хамтын амьдарлын дунд бий болсон 21.110.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгө, малаас Д.Бтай ярилцаад өөрт болон 3 хүүхэддээ газар, торх, гэр, 6 толгой адуу, 19 толгой үхэр, 166 толгой ямаа буюу нийт 17.100.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгө, мал авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэв.
Ингээд том охин Б.Г дээ хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Харин хүү Б.Га, Б.ГБ нарт эцэг Д.Баас тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2001 онд танилцаж дотносон 2003 онд гэр бүл болж, охин Б.Г , хүү Б.Га, Б.ГБ нар төрсөн. Бидний хамт амьдарсан хугацаанд би Н.А-ийн ярьсан, бичсэн шиг үйлдэл гаргаж байгаагүй. Би хааяа архи хэрэглэдэг нь үнэн боловч тийм зэрлэг балмад авир гаргадаггүй. Би амьдархын төлөө, хүүхдүүдээ бусдын хүүхдээс дутуу байлгахгүй, өлсгөж цангаахгүйг хичээж байсан. Би олсон орлогоо Н.Ат өгдөг байсан. Харин Н.А нь өөрөө архи уудаг, гэр орондоо ч хонохгүй гадуур явж дандаа болж бүтэхгүй хүмүүстэй архи уух, гэртээ дагуулж ирэх, согтуу залуучуудаар намайг зодуулж байсан. Цаашид хамт амьдрах боломжгүй гэж байгаа бол би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин охин Б.Г , хүү Б.Га, Б.ГБ нарыг өөрийн асрамжид авч, Н.Аээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Эд хөрөнгийн хувьд маргахгүй, эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд Н.А болон охин Б.Г , хүү Б.Га, Б.ГБ нарт газар, торх, гэр, 6 толгой адуу, 19 толгой үхэр, 166 толгой ямаа буюу нийт 17.100.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгө, мал өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Д.Баас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 2015 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай 2018 оны 01 дүгээр сарын 10-ны Мөрдөгчийн тогтоол байгаа зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэрлэгчид нь 2003 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болж, 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, тэдний дундаас 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Г , 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Га, 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.ГБ нар тус тус төрсөн болох нь Б.Г гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Га, Б.ГБ нарын төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.
Хариуцагч нь охин Б.Г , хүү Б.Га, Б.ГБ нарыг өөрийн асрамжид авна гэх боловч хүүхдүүдийн санал, Мөрөн сумын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын Авъяас сургуулийн 1б, 4б, 6а ангийн багш нарын тодорхойлолт, нийгмийн ажилтны тодорхойлолт, мөн 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин Б.Г , 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Б.Га, 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүү Б.ГБ нарт эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, хүүхдийн амьдрах орчин зэргийг харгалзан эх Н.А-ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Баас хүү Б.Га, ГБ нарт сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд охин Б.Г , хүү Б.Га, Б.ГБ нар нь эцэг Д.Бтай хэдийд ч уулзах эрхтэй болно.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн бөгөөд нэхэмжлэгч Н.А, охин Б.Г , хүү Б.Га, хүү Б.ГБ нар 17.100.000 төгрөгний үнэ бүхий эд хөрөнгө, мал авахаар, хариуцагч Д.Б нь 3.700.000 төгрөгний үнэ бүхий хаваржааны газар, адуу, автомашин авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан, мөн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хариуцагч Д.Баас охин Б.Г д хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг тус тус дурьдаж байна.
Нэхэмжлэгчийг гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, тухай нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн захирамжаар хойшлуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Баас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, хүү Б.Га, Б.ГБ нарт тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд 50009 төгрөг нийт 120.209 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Ховогт Н ын А /*******************/, Ш овогт Дын Б /***************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 6 дугаар сарын 05-ны өдөр охин төрсөн Б.Г , 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Га, 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.ГБ нарыг эх Н.А-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Б.Га, 2011 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б.ГБ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр эцэг Д.Баас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Н.А нарт тус тус даалгасугай.
5. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Н.А нь охин Б.Г д эцэг Д.Баас тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгч Н.А-ийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүгчийн захирамжаар хойшлуулсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Баас гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хүү Б.Га, Б.ГБ нарт тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд 50.009 /тавин мянга ес/ төгрөг нийт 120.209 /Нэг зуун хорин мянга хоёр зуун ес/төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА