| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2018/00343/и |
| Дугаар | 155/ШШ2018/00343 |
| Огноо | 2018-02-28 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2018/00343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүгч Н.Бямбасүрэн, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1990 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн ************ оршин суух, ************ дугаар регистртэй, ЦГ овогт И.Ц-ийн,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1991 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн ************** оршин суух, ****************** дугаар регистртэй, Б овогт О.Б-дхолбогдох
Эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2017/01368/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч И.Ц, түүний өмгөөлөгч П.Э, хариуцагч О.Б, түүний өмгөөлөгч Д.О нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр О.Бид зодуулж, хамрын ясаа цөмлүүлж, хүндэвтэр зэргийн гэмтэл авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, гэм буруутай болох нь тогтоогдон, шүүхээр шийдүүлсэн. О.Б миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд нийт 11.660.000 төгрөг төлөхөөр тохиролцож, бэлнээр 5.660.000 төгрөг өгч, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хагалгааны төлбөрт 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 1.000.000 төгрөг буюу 3см-ийн 4м урттай 285 ширхэг банз өгөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрлүүлсэн. Гэтэл үлдэгдэл дээрх мөнгийг өгөхгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Би 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот орж, Төгс Ялгуун эмнэлэгт бүтэн унтуулгатай хамрын хэлбэр засах, хамрын үйрсэн ясыг өрөх мэс засалд орсон, хамрын таславч тасарсан тул үнэрлэх эрхтэн буцаж сэргэх боломжгүй болж, дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Миний эрүүл мэндэд учирсан хохиролд О.Б эмчилгээний зардалд 2.660.000 төгрөг, хагалгааны зардалд урьдчилан тооцож, 3.000.000 төгрөг өгсөн. Би эмчилгээний болон хагалгааны зардалд нийт 4.777.000 орчим төгрөг зарцуулсан. Эвлэрлийн гэрээ анх байгуулахдаа О.Б надад нотлох баримт шаардахгүйгээр дээрх мөнгийг төлж барагдуулна гэж эвлэрэх саналыг анх өөрөө тавьж, утсаар мессеж бичин гуйж байсан бөгөөд тэрээр надад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээг байгуулсан тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хурдан шийдэгдсэн байгаа. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай тул 6.000.000 төгрөгийг гаргуулж авна гэв.
Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр И.Ц бид хоёр муудалцаж байгаад түүний хамрыг гэмтээж, хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Би И.Цийг Улаанбаатар хот руу эмчилгээнд дагуулж явсан. Эм тарианы болон гарсан бүх зардлыг төлж байсан. Бид найз нөхөд учир И.Ц надад гомдол санал байхгүй, чи миний эмчилгээний зардлыг төлөхөд л болно гэсэн бөгөөд Улаанбаатар хотод 2 сар шахам болоод ирэхэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авахад гомдол гаргасан байна гэдгийг мэдсэн. И.Цийн өмгөөлөгч надад эвлэрлийн гэрээ байгуулбал ял хөнгөрч, эрүүгийн хэрэг чинь хурдан шуурхай шийдэгдэнэ, хэрэв үгүй гэвэл дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг хүндрүүлнэ гэсэн тул эвлэрлийн гэрээ байгуулсан. Би машин тэргээ зараад 5.660.000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл шүүхээр би гэм буруутайд тооцогдож, 800.000 төгрөгийн торгуулийн ял авч эрүүгийн хариуцлага хүлээсэн. Дээрх бэлэн мөнгийг өгснөөс өөр тооцоонд ороогүй эм тарианы зардал надаас зөндөө гарсан. Шүүхээс гарсан шийтгэх тогтоолд И.Цт эмчилгээний зардал 5.660.000 төгрөг төлсөн баримт байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэсэн байгаа. Одоо надад И.Цт өгөх 6.000.000 төгрөг төлөх ямар ч боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ц нь хариуцагч О.Бид холбогдуулан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгөхөөр тохирсон 3см-ийн 4м урттай 285 ширхэг банз буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр авахаар нэмэгдүүлж, мөн түүний өмгөөлөгч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д зааснаар эвлэрлийн гэрээ нь шууд нэрлэгдээгүй гэрээ тул түүнд заасан үүргийн гүйцэтгэл 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулна хэмээн шаардлагаа тодруулжээ.
Хэргийн зохигч И.Цийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд хариуцагч нь хохиролд 5.660.000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл шүүхээр гэм буруутайд тооцогдож, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял авч, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,
Нэхэмжлэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээг байгуулсан тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хурдан шийдэгдсэн. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай тул 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж авна гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг шууд нэрлэгдээгүй гэрээ бөгөөд гэрээний зүйлд заасан үр шимийг талууд хүртэхээр заасан тул 6.000.000 төгрөгийг О.Баас гаргуулна гэж мэтгэлзэж байгаа ч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ гэж заасан байна. Гэтэл зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээний гол нөхцөл нь гэмт хэргийн улмаас И.Цийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрийг барагдуулахаар тодорхой заасан байх тул шууд нэрлэгдээгүй гэрээ гэж дүгнэх боломжгүй юм.
Хариуцагч О.Б 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр И.Цийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, И.Ц эмчилгээний болон хагалгааны зардалд нийт 4.777.000 орчим төгрөг зарцуулсан болон хариуцагч О.Баас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд нийт 5.660.000 төгрөг авсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, И.Цийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Төгс Ялгуун эмнэлгийн эмч Г.Билгүүдэйн И.Цт нийт 1.722.500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болон цаашид 1.050.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тодорхойлолт, Сонгдо эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудас зэрэг баримтуудаар тогтоогдсон тул О.Б нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар И.Цт учирсан эрүүл мэндийн гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
Гэвч зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээнд заасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 3см-ийн 4м урттай 285 ширхэг банз буюу 1.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг О.Баас гаргуулах үндэслэлгүй байна. Учир нь О.Бийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийтгэх тогтоолд түүнийг хохирогчид эмчилгээний зардал, хохиролд 5.660.000 төгрөг төлсөн тухай 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв гэж дүгнэн тус гэрээг үндэслэл болгон нотлох баримтад үнэлж хэргийг шийдвэрлэжээ. Мөн нэхэмжлэгч И.Ц хариуцагчийн гэм хорын төлбөрт төлсөн 5.660.000 төгрөгөөс илүү төлбөр гарган эмчилгээнд зарцуулсан тухай баримт, тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг няцаах баримт зэргийг шүүхэд ирүүлээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа үндэслэж байгаа аливаа баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.
Гэтэл нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2018 оны мөнгө тушаасан баримтаар ямар эмчилгээний төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаар тодорхойгүй, Сонгдо эмнэлгийн баримтыг албан ёсны Монгол хэлээр орчуулаагүй, хуулинд заасан шаардлагыг хангаагүй, И.Цийн 94147375 дугаартай утсанд О.Баас бичсэн мессеж нотлох баримтын шаардлага хангахгүй, Люкс медийн захиалгын хуудсууд тухайн хэрэгт ач холбогдолгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт болохгүй юм.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эмнэлгийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын болон тус сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбарууд, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Төгс Ялгуун эмнэлгийн эмч Г.Билгүүдэйн тодорхойлолт зэрэг баримтууд нь нотариатаар гэрчлэгдээгүй, хэрэгт хамааралгүй тул нотлох баримтад үнэлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч И.Цийн хариуцагч О.Бид холбогдуулан гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн бүгд 129.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгов.
Иргэдийн төлөөлөгч П.Оргил шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигч, тэдний өмгөөлөгчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч О.Бид холбогдох гэм хорын улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч И.Цийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Голомт банкны 4901000149 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34.550 төгрөг, бүгд 129.500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА
ШҮҮГЧИД Н.БЯМБАСҮРЭН
Б.МӨНХТУЯА