Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/117

 

 

 

 

 

 

 

 

2022        04         05                                             2022/ШЦТ/117

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Ч.Насанхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ухаанууд овогт Чулуунбаатарын Насанхүүд холбогдох эрүүгийн 2221000000130 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, Эрхэт Монгол группэд арматурчин ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчид 07-р гудамж 06 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум  дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08  дугаар сарын 29-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Ухаанууд овогт Чулуунбаатарын Насанхүү. /РД: ЖЛ92102316/

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Насанхүү нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 50 дугаар байрны хойно төрсөн ах Ч.Наранхүүтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Насанхүү шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

Хохирогч Ч.Наранхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 2 найзтайгаа  Мустанг бааранд орж үйлчлүүлж архи ууж байгаад орой 23 цагийн өнгөрөөгөөд Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 7-06 тоотод очсон. Биднийг очиход манай дүү Насанхүү архи уусан байдалтай байхаар нь нэмж пиво авч уусан. Ингээд хамт явж байсан 2 найз маань унтаад өгсөн. Манай дүү Насанхүү 2 хүүхэн дуудаж архи авчруулсан бөгөөд бид Бунханы 50 дугаар байрны хойно байрлах гэр хорооллын айлд очиж архиа уусан. Архи ууж байгаад миний хувьд болоод гэрээс гарахад Насанхүү араас гарч ирээд бид 2 маргалдсан. Маргаж муудах болсон шалтгаанаа хэлж мэдэхгүй байна. Тухайн үед үүрийн 05-06 цаг болж байсан. ...Насанхүү миний дээр суугаад 2 гараа зангидаж байгаад миний нүүр болон нүд рүү цохисон... Би дүү Насанхүүтэй одоо хэвийн харьцаатай байгаа. Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргаж муудсан. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/

 

            Гэрч Ч.Баярхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд манай дүү Наранхүү над руу залгаад Насанхүү миний нүд ам болохгүй болтол зодчихлоо, Бунхан толгойн хойно байна гэхээр нь би тэр 2 дээр яваад очсон. Намайг очиход тэр 2 зодолдсон байдалтай Наранхүүгийн зүүн нүд нь хавдаж хөхрөөд цус гарч байсан. Харин Насанхүүд ил харагдах гэмтэл байгаагүй. Ингээд би тэр хоёрыг  аваад Тээвэрчид 07-06 тоотод байрлах аавын гэрт очиход аав, ээж хоёр цагдаад мэдэгд гэсэн учир цагдаагийн байгууллагад хандсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 244 тоот дүгнэлтэд:

1. Ч.Наранхүүгийн биед зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 17-18/

 

Шүүгдэгч Ч.Насанхүүгийн яллагдагчаар өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 22-ны орой манай төрсөн ах Наранхүү манай найз Өлзий, Нямаа нарын хамт архи уусан байдалтай гэрт орж ирсэн. Ах орж ирээд дуудлагаар архи дуудсан бөгөөд ...Цацаа гэх эмэгтэй өөр эмэгтэйн  хамт архи авчирсан. Тэгээд энд уугаад яах юм бэ гээд Цацаа гэх эмэгтэйн гэр рүү явсан. Тэнд очоод бид 4 архиа уугаад байж байхад манай ах Наранхүү намайг доромжлоод өшиглөж цохиод байсан. ...бид 2 тухайн үед бие биетэйгээ зууралдаж ноцолдоод  байсан учир түүний нүд хэсэг нь би хөл гараараа цохих, өшиглөх тохиолдол байсан байх. Гэртээ ирээд түүний царайг харахад зүүн нүд хэсэгт нь хавдаж хөхөрсөн байсан. Бид хоёрыг маргалдаж байхад хажууд өөр хүн байгаагүй. Би түүнд гэмтэл учруулсан байх. Гэхдээ яаж, ямар байдлаар учруулсан гэдгээ хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

            - Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-28/

            - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

            - Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30-34/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

           

Шүүгдэгч Ч.Насанхүү нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ч.Насанхүүд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

            Шүүгдэгч Ч.Насанхүү нь 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 05 цагийн орчимд согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 50 дугаар байрны хойно төрсөн ах Ч.Наранхүүтэй таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, улмаар эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн чихний дэлбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ч.Насанхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Ч.Наранхүү, гэрч Ч.Баярхүү нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 244  тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ч.Насанхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Насанхүүд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Ч.Насанхүүд таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

            Шүүгдэгч Ч.Насанхүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Ухаанууд овогт Чулуунбаатарын Насанхүүд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Наранхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Насанхүүг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ухаанууд овогт Чулуунбаатарын Насанхүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч  Чулуунбаатарын Насанхүүг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Насанхүү нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Насанхүүд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА