| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/00188/И |
| Дугаар | 00422 |
| Огноо | 2019-05-21 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 00422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: О.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Г-т холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 155/2018/00188/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч О.Ц, хариуцагч П.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Ц нь П.Гтой 2013 онд танилцаж үерхэж байгаад 2015 оны 7 дугаар сарын 28-нд охин Гг төрүүлсэн. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ирэн очин амьдарцгааж байсан юм. Хүүхдээ гарснаас хойш П.Г нь бидэн дээр ирэхээ больсон. Хэл амаараа дарамталж зоддог байсан. Охиноо нэг сарын дутуу гаргасан. Иймд П.Гийг миний охин Ц.Ггийн төрсөн эцэг мөн болохыг тогтоож, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П.Г хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Цтай 2013 онд танилцаж, бид хоёр Улаанбаатар хотод хамт амьдарч байсан. О.Цгийн ээж, аав нь биднийг зөвшөөрдөггүй байсан. Гэтэл О.Ц бид дундаасаа хүүхэдтэй болвол аав, ээж биднийг зөвшөөрнө гэсээр байгаад хүүхэдтэй болсон. Бид хоёр тусдаа гэр барьж хамт амьдарч үзэж байсан. Ямар нэг зүйл болоогүй байхад О.Ц өөрөө яваад өгдөг, эсвэл ээж нь ирээд аваад явчихдаг байсан. Бид хоёрын дундаас 2015 онд охин Г төрсөн нь үнэн. Миний хүүхэд мөн гэдгийг зөвшөөрч байна. Би одоохондоо ажил эрхэлдэггүй, миний өөрийн ээж эмчилгээнд Улаанбаатар хот руу явж байгаад ирсэн, тогтмол орлогогүй учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна. Хүүхэддээ чадахаараа мөнгө төгрөг олж өгнө гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Ц нь хариуцагч П.Гт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч О.Ц, хариуцагч П.Г нарын дундаас 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр охин Ц.Г төрсөн болох нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 6713000065 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байх тул 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Ггийн төрсөн эцгээр П.Гийг тогтоох үндэслэлтэй байна.
Хариуцагч П.Г нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Ц.Г нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг П.Гоос сар бүр тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гоос хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөртөрсөн охин Ц.Г нь 3 нас хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч П.Г төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Ц.Гд сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Ггийн төрсөн эцэг П.Г мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Гг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг П.Гоос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гаас 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН