Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, C.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Иргэдийн төлөөлөгч: Ү.Даваахүү,

Улсын яллагч Н.Мөнгөнсүх,

Шүүгдэгч Б.Өлзийсайхан, түүний өмгөөлөгч Ц.Майбаяр,

Хохирогч Э.Нямлхагва,

Гэрч С.Ганцэцэг, О.Оюунбаяр нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хас овогт Батнасангийн Өлзийсайханд холбогдох эрүүгийн 201525022064 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Хас овогт Батнасангийн Өлзийсайхан, Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Увс аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, баяд, бага боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, “Жамо” ХХК-д барилгын засал чимэглэлчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын 44 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгйин хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 827 дугаартай тогтоолоор мөн өдөр 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан “Өршөөл үзүүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар 6 хоногийн хорих ялаас өршөөгдөж суллагдсан,  /РД:ОЭ87102012/;

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” нэртэй бааранд хохирогч Э.Нямлхагватай хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Өлзийсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24 цагийн үед би Сүхбат, Эрдэнэцогттой уулзахаар тохирсон байсан. Тэгээд Дөлгөөн нуурын ойролцоо байх бааранд би эхнэртэйгээ хамт очсон. Бааранд ороход манай хоёр найз ирээгүй байсан болохоор би нэг шил архи болон 2 ширхэг пиво захиалаад найзуудыгаа хүлээж байсан. Бааранд ороод манай эхнэр бүжгийн талбайд бүжиглэж байхад нэг үл таних залуу манай эхнэртэй маргалдаж, эхнэрийг маань түлхэж унагаасан. Эхнэр маань босч ирэхэд дахиж түлхэж унагаасан. Тэгэхээр нь би очиход нөгөө үл таних залуу манай эхнэрийг үсдээд газар дарчихсан байсан. Би эхнэрээ салгаж авахад үл таних залуу надтай зууралдаад байсан болохоор гарыг нь угзарч тавиулахад дахиад нэг үл таних хүүхэн ирээд манай эхнэрийг үсдээд газар дарсан. Тэгэхээр нь би салгах гэж байхад хамгаалагч ирээд уг зодооныг салгасан. Эхнэрээ аваад баарнаас гарч явахад эхнэр маань хамгаалагч залуу нөгөө үл таних залууг зодож байсан гэж надад хэлсэн. Тухайн хэргээс хойш 10 хоногийн дараа цагдаа над руу ярьсан. 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн үеэл дүү болох Чангаабаатартай уулзахад “уг бааранд дижи хийдэг байсан Дэндэвсамбуудорж нь надад баарны хамгаалагч хохирогчийг зодож байсан гэж ярьсан” тухайгаа надад хэлсэн. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна.” гэв.

 

Хохирогч Э.Нямлхагва шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 19-нд би бэр болох Ганцэцэг болон түүний эгч Ганчимэг, Шинэтөр, Буяндэлгэр нартай хамт бааранд орсон. 21 цагийн үед бааранд ороод 5 ширхэг пиво, 1 ширхэг архи захиалсан. Намайг багана дээр бүжиглэж байхад шүүгдэгчийн эхнэр нь ирээд чи эмэгтэй хүний бүжиглэдэг багана дээр ирж бүжиглэлээ гээд намайг түлхэхээр би бас түлхсэн. Тэрнээс биш би шүүгдэгчийн эхнэрийг үсдэж, хэл амаар доромжлоогүй. Үүнээс цааш болсон үйл явдлыг би санахгүй байна. Надад гомдол, санал байхгүй.” гэв.

 

Гэрч С.Ганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид нар анх тавуулаа бааранд орж нилээн их согтууруулах ундаа уусан. Би жирэмсэн байсан болохоор согтууруулах ундаа уугаагүй байсан. Манай найзууд талбайд бүжиглэж байсан. Намайг 00-ийн өрөөнд ороод гараад ирэхэд манай дүү зодуулсан байсан. Би жирэмсэн байсан болохоор согтууруулах ундаа уугаагүй байсан. Намайг 00-ийн өрөөнөөс гарч ирэхэд хохирогч Оюунбаяртай үсдэлцээд байж байсан. Би яг тэр хүн зодсон гэж хэлж мэдэхгүй байна. Намайг 00-ийн өрөөнөөс гараад ирэхэд манай дүү зодуулсан байсан. Хохирогчийн араас 2-3 хөөгөөд байсан. Би

хохирогчийг 2-3 хүн зодсон л гэж бодож байна. Нямлхавгыг хайгаад ороход 00-ийн өрөөнд байсан. Хамгаалагч нь би цусыг нь угаалгах гээд авч орсон гэж яриад байсан.  Би шүүгдэгч болон түүний эхнэрийг л санаж байна. Одоо хүмүүсийн дүр төрхийг нь сайн санахгүй байна. Хохирогч өөрийн ухаангүй байсан. 00-ийн өрөөнд ухаангүй байхаар нь ус цацаж сэрээсэн. 00-ийн өрөөнд баарны хамгаалагч, баарны эзэн гэх нэг эгч, зөөгч нар байсан. Хохирогч нь баарнаас гараад толгойгоороо унасан тохиолдол байна байхгүй. Намайг 00-ийн өрөөнөөс гарч ирэхэд хохирогч дэлгэцний өмнө шүүгдэгчийн эхнэртэй үсдэлцсэн байсан. Намайг 00-ийн өрөө рүү ороход хохирогч ганцаараа байсан. Тэгээд хүн дуудахад тэр хүмүүс орж ирсэн.” гэв. 

 

Гэрч О.Оюунбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Б.Өлзийсайхан нь миний нөхөр.  Бид хоёрт гэр бүлийн баталгаа байхгүй. Шүүгдэгчийн хамтран амьдрагч нь гэж үзэж болно. Бид хоёр 6 настай, 3 сартай хоёр хүүхэдтэй. Би ажил хийдэггүй. Манай 3 сартай хүүхэд тархины саажилттай. Намайг баарны тайзан дээр бүжиглэж байхад хохирогч нь миний бөгснөөс барихаар нь би уурласан. Намайг уурлахад хохирогч хэл амаар намайг доромжилж эхэлсэн. Намайг хохирогч нь цохиход би хохирогчийг түлхсэн. Тэгэхэд тал талаас хүмүүс ирсэн.  Би хохирогчтой зодолдоогүй, намайг түлхэхээр нь би эргүүлж түлхсэн.  Миний бөгснөөс илээд байхаар нь би хохирогчийг татаад буулгасан.  Би баарны хамгаалагч хохирогчийг зодож байхыг нь харсан.  Би архи уугаагүй байсан.” гэв.

 

Гэрч Т.Буяндэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Ганцэцэг бид хоёрыг 00-н өрөө орчихоод гараад ирэхэд хүмүүс бужигначихсан, очиход Нямлхагва бүжгийн талбай дээр цус болчихсон, зодуулчихсан сууж байсан…” гэсэн мэдүүлэг /1-р хх-50/,

 

Гэрч Б.Мягмарбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би бааран дээрээ байсан юм. Би уг баарны зохион байгуулагчаар буюу ерөнхийдөө баарыг хариуцаж ажилладаг юм. Тэр манай бааранд ерөнхийдөө цөөхөн хүн үйлчлүүлж байсан. Тэгээд байж байтал нэг залуу бүжгийн талбай дээр байсан нэг эмэгтэйг түлхэж газар унагаж, бас цохиж байсан. Тэгтэл тэр эмэгтэйн найз залуу нь бололтой нэг залуу нөгөө хүүхнийг түлхсэн залуутай зодолдож эхэлсэн. Би тэгээд очиж тэр хоёрыг салгасан юм. Нөгөө хүүхнийг түлхсэн залуу нь нэлээн овилгогүй, ийш тийшээ үсчээд байсан, бас нилээн согтуу байсан. ...Би тэгээд тэр залууг дагуулаад 00 оруулж өгчихөөд буцаад баар руу орсон. Тэгээд хартал хоёр эмэгтэй хоорондоо зодолдож байсан. Би бас тэр хоёрыг салгаад цагдаа дуудсан юм, Манай бааранд ДЖ Дээгий, зөөгч Чинзориг, хамгаалагч Очироо гэх залуу, бас би байсан. Бид дөрөв байсан... өөр хэн нэгэнд огт зодуулаагүй. Тэр эхнэрээ өмөөрсөн залуу л эхнэрийг нь түлхэхээр зодсон юм... хохирогч гэх залууг тэр зодсон залуугаас өөр хүн зодоогүй…” гэсэн мэдүүлэг /1-р хх-92-94, 198/,

 

Гэрч Ц.Чинзориг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би “Ви”" бааранд зөөгч, барменаар ажиллаж байсан юм. Тэгээд байж байтал гэнэт манай ДЖ заалны гэрлээ асаасан юм.

Миний ойлгосноор сүүлд зодуулсан гээд байсан залуу нэг хүүхэнтэй бүжиглээд, тэр эмэгтэйх нь найз залуу нь хардаад зодоон болсон юм шиг байна лээ. Би яг зодоон эхлэхийг нь бол хараагүй. Ямар ч байсан тэр зодуулсан гэх залууг тэр эмэгтэйтэй бүжиглээд л байсан. Тэгээд хартал нөгөе эхнэрээ хардсан залуу нөгөө бүжиглэж байсан цагаан цамцтай залууг зодож эхэлсэн. Ер нь бол цагаан цамцтай залуу л зодуулаад байсан. Нөгөө эхнэрээ хардсан залуу илүү давамгай зодож байсан, тэр залуу бараг цохиулаагүй байх. Тэгээд Мягмарбаатар бид хоёр очиж салгасан. Салгахад нөгөө зодуулсан гэх залуугийн нүүр царай нь нил цус болчихсон байсан. Тэгээд л ер нь зодоон салсан юм... ганцхан тэр хүүхний нөхөрт л зодуулсан юм. Өөр хэн нэгэнд зодуулаагүй. Нэг зузаан ултай гутлаар л нүүрэн дээр нь дэвсээд байсан. Гар хөлөөрөө цохиж зодож байсан юм. Нүүр нь нил цус болсон, нүд, ам нь хавдсан байсан. Ер нь бол нилээн согтсон байсан... Найз хүүхнээ хардаж зодсон залуу л зодож гэмтэл учруулсан. Өөр хүн зодоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-95-97/,

 

Гэрч Н.Дэндэвсамбуудорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Сайханаа /Б.Өлзийсайхан/ ах эхнэрээ өмөөрөөд л эхэлсэн юм... Сайханаа ах гайгүй байсан. Сайханаагийн эхнэр /гэрч О.Оюунбаяр/ шал согтуу байсан. Зодуулдаг цагаан цамцтай залуу бас шал согтуу байсан... Эхлээд нүүрлүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу нь арагшаагаа савж унасан. Унасных нь дараа Сайханаа очоод нүүр лүү нь нилээн хэдэн удаа өшиглөж байсан. Тэгээд би очиж дэлгэцнээс холдуулж салгаж авч явсан. Салгаж байхад бас Сайханаа тэр залууг бас хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /1-р хх-98-100/,

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15056 дугаартай актын дүгнэлт:

Хэсэг газрын үзлэгт: “Баруун хөмсөгний дээр мэс заслын оёдол бүхий шархтай. Духны гол хэсэг, баруун доод эрүү, хүзүү, зүүн чихний дэлбээний дунд хэсэгт хүрэн улаан өнгийн зулгаралтай. Баруун зүүн мөрний гадна дотор зуйван, баруун зүүн өвдөгний дотор талд шар ногоон өнгийн цус хуралттай. ГССҮТ-ийн 11284 тоот өвчний түүхээс: 2015 оны 10 дугаар сарын 19-нд нээгдэх үеийн зовиур Өвчтөн зовиураа хэлэхгүй, асуусан асуултанд хариулахгүй. Хэсэг газрын үзлэгээр: Баруун хөмсөгт 4 см орчим язарсан шархтай. Дух баруун нүдний орчим хавантай. Хүзүүнд зулгарсан шархтай. Хүүхэн хараа хоёр талд жигд нарийн, гэрлийн урвалд сул, эвэрлэгийн рефлекс үүснэ. Дагзны булчингийн хөшилт үгүй, рефлексүүд сул үүснэ. 2015 оны 10 дугаар сарын 19-ний цээж гэрэлд харах, хэвлийн эхо шинжилгээнд: гэмтлийн гаралтай өөрчлөлтгүй. 2015 оны 10 дугаар сарын 19-ний толгойн КТГ-ийн шинжилгээнд: Толгойн томограммуудад баруун чамархай яс шугаман хугаралтай ба хугарлын харалдаа 6.3 см урт 4 мм гүн зузаан эпидурал цустай...” гэжээ.

Онош: Тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, хөмсөгний зүсэгдэж няцарсан шарх гэжээ.

Дүгнэлт: “Э.Нямлхагвын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, хөмсөгний няцарсан шарх, баруун зүүн мөр, өвдөгний зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух эрүү, хүзүү, чихний дэлбээний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-хх-54/,

 

Шинжээч А.Амгаланболдыг байцаасан тэмдэглэл “...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл мөн. Өөрөөр хэлбэл хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу хальсны дээрх цусан хураа гэсэн гэмтлүүд нь гэмтэл учрах үедээ амь насанд аюултай байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь харин хенгөн зэрэгт хамаарна. Цаашид амь насанд аюултай эсэх нь эмчилгээ хэрхэн хийхээс шалтгаална. Уг гэмтэл нь баруун талаас шууд чамархай хэсэг рүү чиглэсэн мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Уг гэмтэл нь хэрэв хүн баруун чамархай хэсгээрээ унахад үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг. /1-р хх-101-102/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-38-39/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-40/,

Шүүгдэгч Б.Өлзийсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгодог тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-79-82, 115/,

Хохирлын мөнгө хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1.500.000 төгрөг/,     /1-р хх-131/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.Өлзийсайхан нь 2015 оны 10 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ви” нэртэй бааранд хохирогч Э.Нямлхагватай хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газарт гар болон хөлөөрөө цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Э.Нямлхагвын “...намайг бүжиглэж байхад нэг эмэгтэй ирээд “эмэгтэй хүний бүжиглэдэг шон дээр чи эрэгтэй хүн байж яагаад бүжиглээд байгаа юм” гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг цээж рүү нь гараараа түлхсэн. Нөгөө эмэгтэй буцаж ирээд намайг түлхсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг дахин түлхэж унагаасан. ...Тэгтэл хажуунаас 2-3 залуу гарч ирээд миний шанаа руу цохиход би газар унасан, тэрнээс хойш яасныг мэдэхгүй баина... урьд өгсөн 2-3 залуу хүн зодсон гэж мэдүүлэхдээ эгч Ганцэцэгээс тэгж хальт сонсоод мэдүүлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-42-43, 192-193/,

гэрч О.Оюунбаярын “...нөгөө залуу намайг 2 удаа түлхэж газар унагасан. ...тэр залуу намайг “гичий, янхан” гэж хараагаад байсан. Энэ үед манай нөхөр босож ирээд тэр залуутай зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-48/,

гэрч С.Ганцэцэгийн “...Намайг 00-ийн өрөөнд ороод гараад ирэхэд манай дүү зодуулсан байсан. Би шүүгдэгч болон түүний эхнэрийг л санаж байна. ...Нямлхагвын баруун нүдний хэсгээс нь цус гоожчихсон байж байсан болохоор нь олон хүнд зодуулчихсан юм болов уу гэж бодсон, 00-ийн өрөө орж Нямлхагвыг авч түүнээс хойш Нямлхаглваас огт салахгүй байж байгаад гэмтлийн эмнэлэг орсон. Энэ хооронд Нямлхагва дахиж хүнд зодуулсан болон савж унасан, юм мөргөсөн асуудал огт байхгүй…” гэх мэдүүлэг /хх-51-52, 194/,

гэрч Т.Буяндэлгэрийн “...Ганцэцэг бид хоёрыг 00-н өрөө орчихоод гараад ирэхэд хүмүүс бужигначихсан, очиход Нямлхагва бүжгийн талбай дээр цус болчихсон, зодуулчихсан сууж байсан…” гэх мэдүүлэг /1-р хх-50/,

гэрч Б.Мягмарбаатарын “...тэр эмэгтэйн найз залуу нь бололтой нэг залуу нөгөө хүүхнийг түлхсэн залуутай зодолдож эхэлсэн. ...эхнэрээ өмөөрсөн залуу л эхнэрийг нь түлхэхээр зодсон юм... хохирогч гэх залууг тэр зодсон залуугаас өөр хүн зодоогүй…” гэх мэдүүлэг /1-р хх-92-94, 198/,

гэрч Ц.Чинзоригийн “...эхнэрээ хардсан залуу илүү давамгай зодож байсан, тэр залуу бараг цохиулаагүй байх. ...нөгөө зодуулсан гэх залуугийн нүүр царай нь нил цус болчихсон байсан. ...ганцхан тэр хүүхний нөхөрт л зодуулсан юм. Өөр хэн нэгэнд зодуулаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-95-97/,

гэрч Н.Дэндэвсамбуудоржийн “...Сайханаа /Б.Өлзийсайхан/ ах эхнэрээ өмөөрөөд л эхэлсэн юм. Эхлээд нүүрлүү нь 2 удаа гараараа цохисон. Тэгтэл нөгөө залуу нь арагшаагаа савж унасан. Унасных нь дараа Сайханаа очоод нүүр лүү нь нилээн хэдэн удаа өшиглөж байсан. Тэгээд би очиж дэлгэцнээс холдуулж салгаж авч явсан. Салгаж байхад бас Сайханаа тэр залууг бас хэд хэдэн удаа цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-98-100/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 15056 дугаартай актын дүгнэлт: “Э.Нямлхагвын биед баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу хальсан дээрхи цусан хураа, хөмсөгний няцарсан шарх, баруун зүүн мөр, өвдөгний зөөлөн эдийн няцрал цус хуралт, дух эрүү, хүзүү, чихний дэлбээний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /1-р хх-54/, шинжээч А.Амгаланболдын “...Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл мөн. ...баруун чамархай ясны шугаман хугарал, баруун чамархай хэсгийн тархины хатуу хальсны дээрх цусан хураа гэсэн гэмтлүүд нь гэмтэл учрах үедээ амь насанд аюултай байсан учраас гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг. /1-р хх-101-102/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-38-39/, хохирлын баримт /1-р хх-57-65/, хохирлын мөнгө болох 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /1-р хх-131/, өвчний түүх /1-р хх-123-130/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Өлзийсайханд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Өлзийсайханд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндэрүүлэх нөхцөл байдал авч үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Нямлхагва нь “гомдол санал, нэхэмжлэх

зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч Б.Өлзийсайханыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Б.Өлзийсайханд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 69 дүгээр шүүхийн тогтоолоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх ба түүний цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хас овогт Батнасангийн Өлзийсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Өлзийсайханд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Өлзийсайханы цагдан хоригдсон 13 /арван гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Өлзийсайхан нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Хохирогч Э.Нямлхагва нь энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.                   

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзийсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч

нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өлзийсайханд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.ИДЭР

    

                 ШҮҮГЧИД                                                                 С.ОЮУНЧИМЭГ

 

 Ү.ТҮМЭНЖАРГАЛ