Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0783

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16-ны өдөр                    Дугаар                            Улаанбаатар хот

  128/ШШ2020/0783

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, шүүгч Н.Д, шүүгч Л.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У.С

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга.

Гуравдагч этгээд: Б.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай ... дугаар захирамжийн Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч буй газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, Ц.Ө, гуравдагч этгээд Б.М, иргэдийн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.С шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... миний бие 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад өөрийн амьдарч байгаа газраа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасан. Гэтэл Баянзүрх дүүргийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаар албан бичгээр Таны хүсэлт болгосон газар нь дүүргийн Засаг даргын 2014 оны А/5... дугаар захирамжаар иргэн Б.М нэр дээр /.../ нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 дүгээр хороо, ... тоот хаягт эзэмшүүлсэн байна гэсэн хариу ирүүлсэнд гайхаж байна.

Учир нь У.С миний бие гэр бүлийн хамт тус газарт 2008 оноос хойш амьдарч, эзэмшиж ирсэн. Манай тэр хэсэг газруудыг үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүс гэсэн үндэслэлээр газрын зөвшөөрөл дүүргээс огт олгодоггүй байсан. Тэр хавын бүх айлууд мэдэж байгаа. Харин 2017 оны сүүлээр газрын албаны мэргэжилтэн, хорооны хэсгийн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй хүмүүс тэр хавиар явж одоо танай энэ орчимд газрын зөвшөөрөл олгохоор болсон гэж зарим нэг айлуудаар хэмжилт хийж явсан.

Ингээд миний бие дүүргийн Газрын албанд өргөдөл гаргасан. Өмнө нь миний бие удаа дараа очиж байсан ба огт зөвшөөрөл олгогддоггүй, өргөдөл шууд буцаачихдаг байсан. Гэтэл яагаад манай газар дээр амьдрах нь байтугай манай 9 хороонд ч амьдардаггүй, бүртгэлгүй Б.М гэх иргэнд эзэмших эрхийн гэрчилгээ олгосонд туйлын гомдолтой байна. Миний ойлгож байгаагаар газар зохион байгуулагч нь иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрх олгохдоо тухайн газар дээр нь биечлэн орж, үнэхээр Б.М амьдарч байгаад энэ газрыг эзэмших давуу эрх үүсээд байгаа юм уу, эсвэл өөр айл амьдраад байгаа юм уу шалгах ёстой байсан гэж үзэж байна.

Мөн 2014 онд тухайн газар үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүсээс гарсан байсан юм уу. Биднийг очиход үерийн бүс, ундны хамгаалалтын бүс гээд огт ойртуулдаггүй байсан. Үнэхээр Б.М Баянзүрх дүүргийн газрын алба болоод дүүргийн Засаг даргын ямар эрх, ашиг сонирхолтой болоод бусдын амьдарч байсан газар дээр газар эзэмших эрхийг гэрчилгээ олгосон эсэхийг шалган тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Миний бие энэхүү амьдарч байгаа газраа усны тогтцоос хамгаалахын тулд маш их хэмжээний шороо асгуулж бусад газруудаас хамаагүй өндөр болгож, мөн тог цахилгаан газар доогуур татах зэргээр их хэмжээний зардал ч гаргаж байсан. Үүнийг тэр айлууд бүгд гэрчилнэ.

Миний бие Баянзүрх дүүргийн газрын албаны 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаар албан бичгийг эс зөвшөөрч, Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 02-06/4314 дүгээр албан бичгээр иргэн С нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг зөрчиж байгаа тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй болно гэсэн хариуг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ирүүлсэн.

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/... дугаар захирамжийн Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч байгаа газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “У.С нь гэр бүлийн хамтаар 2007 оны сүүл 2008 оны эхнээс тус маргаан бүхий газар буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны 60 дугаар гудамжны 1007 тоотод амьдарч эхэлсэн. Тус хорооны 60 дугаар гудамжны 902 тоотод буюу өөрийн ээж аавын хамт нэг хашаанд 3 өрхөөр амьдарч байсан. Ингээд 2007 оны сүүлээр тус маргаан бүхий газарт хашаа барьж, амьдрах болсон. Тус газрыг өөрийн эзэмшилд авахаар газрын албанд хандаж байсан. Тус газрыг ундны усны бүсэд хамаардаг, үерийн аюултай бүс гэж үзэж өргөдлийг хүлээн авдаггүй байсан. Зун цагт үер их болдог, амьдрах боломжгүй байдаг байсан. Би өөрөө тэр хавьд амьдардаг байсан болохоор энэ талаар сайн мэднэ. Зундаа хүн амьдрах боломжгүй, өвөлдөө хашаагаа барьж амьдардаг байсан. Хотоос зайдуу газар учраас хашаагаа үлдээхээр хулгайд алдах аюултай байсан учраас зундаа хашаагаа хурааж авдаг байсан. 2011-2014 онд У.С нь тус газар үер ус тогтохооргүй болгож 50-60 машин шороо асгаж тэгшилж байсан. Энэ байдлыг гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нотолно. Ингээд 2017 оноос хойш энэ газартаа амьдарч эхэлсэн. 2017 оноос Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны кадастрын хэлтсийн хээрийн судалгаа хийх, газар олгох нэгдсэн ажил эрчимтэй явагдаж эхэлсэн. У.С нь 2018 оны 02 дугаар сард газар эзэмших хүсэлтээ өгсөн. Ингэх явцад Баянзүрх дүүргийн газрын алба нь таны хүссэн энэ газар Б.М гэх хүний газартай давхацсан байна гэсэн хариу өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/... захирамжаар газар эзэмшүүлсэн байсан. Бодитоор амьдарч байсан У.С тус газрыг олгоогүй байж огт амьдарч байгаагүй Б.М гэдэг хүнд яагаад 2014 онд газар эзэмшүүлсэн бэ? гэдэг нь нэхэмжлэлийн гол асуудал болоод байна. Гуравдагч этгээд Б.М хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл Б.М нь тус газарт огт амьдарч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Баянзүрх дүүргийн Засаг даргын тодорхойлолт, улсын бүртгэлийн холбогдох материалууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс цуглуулсан баримтаар нотлогддог. Нэхэмжлэгч олон жил амьдарсан газраа эзэмших хүсэлт гаргасан. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга тус газрыг 1007 тоот гэж хаягласан мөртөө сүүлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амаар энэ газарт 1007 тоот гэдэг хаяг олгох боломжгүй гэж хэлсэн байдаг. Анхнаасаа бодит бус баримт дээр газар эзэмших эрх үүссэн. Маргаан бүхий газар  буюу газар эзэмших эрх олгох үед ундны усны онцгой бүсэд хамаарч байсан. Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид ундны усны газарт газар олгохыг хориглосон байдаг.Энэ газар нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолоор  ундны усны бүсээс гарсан. Газар эзэмших эрх 2014 онд  үүссэн байдаг. Газрын тухай хуульд газар эзэмших эрх олгох асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн  зохион байгуулагчийн ажил байдаг. Энэ төлөвлөгөөний дагуу зохион байгуулалтад орсон газар Засаг дарга хуулийн дагуу газар эзэмших эрх олгодог. Гэтэл Б.М газар олгох үед уг газар нь газар төлөвлөлтөд ороогүй байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдана. Иймд Б.М газар эзэмших процесс хууль бус явагдсан байна. Гэтэл 2007 оноос хойш бодитоор амьдарч байсан У.С олгоогүй эрхийг зөрчиж байна. Газрын тухай хуульд төрөөс газар олгоход баримтлах шударга байдал, тэгш байдал гэсэн үндсэн зарчим байдаг. 2014 онд газрын алба газар олгохдоо хээрийн судалгаа хийгээгүй. Хэдэн айл амьдарч байсан, овоолсон шороо ямар учиртай зэргийг судлаагүй. Хорооны Засаг дарга, газар зохион байгуулагч, хэсгийн ахлагчаас асууж Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зэрэг арга хэмжээг хариуцагчийн зүгээс огт хийгээгүй. Шударга ёсны зарчим алдагдаж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.

Ундны усны хамгаалалт үерийн бүсээс гарч яагаад газар олгох болсон бэ? гэхээр тэнд суурьшсан маш айлтай холбоотой. Тэнд байгаа айлуудаас 100,000, 20,000 төгрөг хурааж, шороо буулгаж тэр орчныг тэгшилсэн. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар гуравдагч этгээд Б.М эрх ашиг сонирхол огт хөндөгдөхгүй. Яагаад гэвэл түүний газар эзэмших эрх хуулийн дагуу үүсээгүй. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд газар эзэмшүүлэх, газар олгох үйл ажиллагааны журмыг заасан байдаг. Баянзүрх дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд ямар эрхтэй вэ? гэхээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар олгоно. Гэтэл 2014 оны төлөвлөгөөнд огт тусгагдаагүй. 2 жилийн хугацаанд шүүхээс баримт шаардсан. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж Ээж хайрханд өмчлүүлэх гэдгээс өөр баримт гаргаж өгөөгүй. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 заалт зөрчигдсөн. 2014 оны Засаг даргын захирамж гарах үед маргаж буй газар нь ундны усны онцгой бүсийн хамааралтай байсан. Тиймээс Газрын тухай хуульд заасны дагуу газар олгохгүй. Зайлшгүй шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгоно гэж хуульд заасан байдаг. Газар эзэмшүүлэхдээ ундны усны хамгаалалтын бүсэд тухайн газар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 50 дугаар тогтоолын хэрэгжилтийн үүднээс газар эзэмших эрх 2017 оноос газрын алба болон дүүргээс зохион байгуулалт хийсэн. 2009 онд Б.М тухайн газар дээр амьдрах хүсэлтээ өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл газарт нэг ч шон хатгаагүй. Уг газарт амьдарч байгаагүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн үндэслэл нь олон жил газартаа амьдарсан хүмүүст газар олгох тухай байгаа. Энэ захирамжийн хавсралтыг шүүн үзэхэд 60 дугаар гудамжид Б.М өөр нэг ч хүнд газар олгоогүй. Б.М газар эзэмшүүлэх захирамж нь бодит бус байдал дээр үндэслэгдсэн. 2009 онд их хэмжээний үер болсон. Хүмүүс гэртээ ч орж чадахааргүй нөхцөл байдал үүссэн. Тэр хавьд амьжиргааны түвшин доогуур учраас хашааг нь түлдэг байсан. Иймээс зунд нь хашаагаа хурааж, өвөлд нь барьж амьдардаг байсан. 2013 оноос шороо буулгах ажил эхэлсэн. Одоо үер боллоо гэхэд У.С урд гудамж үерт автахаар байгаа юм. Газар олгохдоо газар эзэмших, өмчлөх, шударга тэгш байдлын зарчмыг баримтална гэж заасан. Гэтэл ямар шударга тэгш байдал байгаа юм. 11-р хороололд амьдардаг 9911-тэй дугаар барьсан залуу ганцаараа 60 дугаар гудамжид газар эзэмшиж байна. Тэнд амьдарч байсан айлууд өнөөдрийг хүртэл газраа эзэмшиж чадаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, 52.5.1-д нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар тус тус тусгахаар заасан. Ийнхүү хуульд заасны дагуу захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд тухайн захиргааны акт хууль бус байх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байхыг шаарддаг.

Нэхэмжлэгч нь шүүхэд ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/... дугаар захирамжийн Б. М холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч байгаа газарт газар эзэмших эрхийг олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... У.С нь гэр бүлийн хамт тус газарт 2008 оноос хойш амьдарч, эзэмшиж ирсэн. Манай тэр хавийн газруудыг үерийн бүс, ундны усны хамгаалалтын бүс гэсэн үндэслэлээр газрын зөвшөөрөл огт олгогдоогүй байсан гэжээ. Хариуцагчийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Анх Б.М нь дүүргийн Газрын албанд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр газар эзэмших тухай хүсэлт гаргасан ба иргэний гаргасан хүсэлт нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан тул дүүргийн Засаг даргаас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/... дугаар захирамжаар тус дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны 60-1007 тоот 700 м.кв м.кв газрыг 5 жилийн хугацаатай иргэн Б.М эзэмшүүлсэн.

Дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-д зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж заасны дагуу тус өргөдлийг хүлээн авч, шийдвэрлэсэн тул хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт юм.

Нэхэмжлэгч У.С тухайд тус дүүргийн 9 дүгээр хорооны Шархадны 60-1007 тоот газрыг эзэмшихээр дүүргийн Газрын албанд өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй ба дүүргийн Газрын албанаас зөвшөөрөлгүй хашаа барьсан тул уг газрыг чөлөөлүүлэхээр 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000414 дугаартай шаардах хуудсыг нэхэмжлэгчид гардуулсан байдаг.

Ийнхүү шаардах хуудсыг хүлээн авсны дараа нэхэмжлэгч нь уг газартаа 2003 оноос хойш амьдарсан, газар эзэмших эрхтэй этгээд гэсэн тайлбарыг Б.М эзэмшиж буй газрын зүүн талын хашааны зургийн хамт хавсаргаж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Газрын албанд гомдол гаргасан ба дүүргийн Газрын албанаас ...танай одоо байгаа хашааны баруун талд хоосон газарт дүүргийн Засаг даргын 2014 оны А/... тоот захирамжаар иргэн Б.М амины хашааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна гэж 69 дугаартай хариу өгөх мэдэгдлээр хариуг өгсөн боловч уг хариуг нэхэмжлэгчээс гардаж аваагүй.

Улмаар нэхэмжлэгч нь дүүргийн Газрын албанд газар эзэмших тухай хүсэлт гаргасан ба дүүргийн Газрын албанаас 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаартай албан бичгээр тус газрыг дүүргийн Засаг даргаас иргэн Б.М эзэмшүүлсэн тухай хариу өгсөн.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчсөн ба Б.М цаг хугацааны хувьд сүүлд буюу 2018 онд газар эзэмшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн нь тухайн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ө шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...Б.М хуульд нийцсэн газар эзэмших хүсэлт ирүүлсний дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/... дугаар захирамжаар Б.М Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, Шар хад, 60 дугаар гудамж, 1007 тоот хаягт газрыг 5 жилийн хугацаанд эзэмшүүлсэн. Бид хээрийн судалгаа маш сайн хийсэн. Тиймээс давхцуулж олгосон гэсэн үндэслэл байхгүй. Дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэхдээ өөрийн эрх хэмжээний буюу Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 29 дүгээр зүйлийн 2.1–т заасныг тус тус баримтлан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2008 оноос амьдарч эхэлсэн гэж тайлбарлаж Б.М өмнө хүсэлтээ удаа дараа өгч байсан гэх боловч нотлох баримт байдаггүй. Тиймээс гуравдагч этгээдийн газар эзэмших хүсэлт цаг хугацааны хувьд өмнө нь өгсөн гэж үзэж байна. У.С нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газарт 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 2/852 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг ирсэн. Хавсралтад байх сансрын зурагт 2009, 2011-2014 онуудад хэн нэгэн хашаа барьж, гэр барьж амьдарч байсан нь харагддаггүй. Үүнээс үзэхэд амьдарч байгаагүй нь харагдаж байна. 2014 оноос хойш газар эзэмшүүлэх шийдвэр гараад сүүлд нь хашаа бариад, байхгүй болоод ийм үйл баримт байдаг. Дээрх үйл баримтаас үзэхэд У.С нь уг хаягт амьдарч байгаагүй.

Маргаан бүхий захиргааны актын хавсралтад Шархад, 60 гудамж, 1007 тоотод газар олгосон гэж байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь Улиастай, Хужир булан, Шархад, Цэргийн ангийн баруун тал орчим гэж гардаг. Гудамжаар нь нарийвчлан гардаггүй.  Тийм боломж ч байхгүй. Ингэж мушгиж ярьж байгаа нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн буруу. Үндэслэлгүй байна. нэхэмжлэгч нь миний газрыг давхцуулан олгосон гэж маргаж байна гэж бодож байгаа. Гэтэл энэ хүнд маргах эрх байхгүй. Хэдэн оноос эхлэн амьдарч байсан миний газартай давхацсан гэж ярих байх гэж бодсон. Тэгтэл газар зохион байгуулалтын төлөвлөгөө гээд өөр юм яриад байна. Давхцуулсан бол хэдээс хэдэн онд амьдарч байсан, хүсэлт өгч байсан гэж маргах байсан. Гэтэл ийм үндэслэл гарсангүй. 2008 оноос эхлэн амьдарч байсан гэдгээ огт нотолж чаддаггүй. Сансрын зургаас харахад ямар ч хашаа байшин байгаагүй. Энд амьдарч байсан, шороо буулгаж байсан гэж ярьж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад 2017 оноос хашаа барьж, хамгаалсан гэж харагдаж байна. Гэтэл 2017 онд  гуравдагч этгээд уг газрыг эзэмшсэн. Хээрийн судалгаа хийгдэж хуульд заасан эрх хэмжээний хүрээнд Засаг дарга захирамжаа гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй нэхэмжлэгчийн эрх ашгийг огт хөндөөгүй, халдаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 2008 онд маргаан бүхий газрыг эзэмших талаар өөрийн эрхийг хэрэгжүүлээгүй.  Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь эргэлзээтэй байна. Шүүхэд гомдол гаргах эрхтэй байсан. Жил гаруй хугацааны дараа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пшүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2014 оноос өнөөдрийг хүртэл 6 жилийн хугацаанд тухайн газарт их хэмжээний үер болоогүй. Их бороо орсон үед гудамжны хонхор газруудаар ус тогтдог. Газар хүссэн өргөдлийг шалгаж үзээд хүний газартай давхацсан хариу мэдэгдэхэд гэнэтхэн энэ газрыг авъя гэж ирсэн. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3–т заасан заалтыг нэхэмжлэгч зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүүргийн хороо, ... тоот хаягт орших нэгж талбарын .... дугаартай, 700 м.кв талбай бүхий газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/... дугаар захирамжаар эзэмших эрхтэй болж, газар эзэмших эрхийн 000577609 дугаартай гэрчилгээг олгосон юм.

Анх энэхүү газрыг эзэмшихээр 2014 оны 09 дүгээр сараас эхлэн хүсэлт гаргаж, хөөцөлдсөн бөгөөд энэ үед манай газар дээр болон тэр хавьд айл огт байгаагүй, хашаа байшин, гэр ч баригдаагүй хоосон газар байсан бөгөөд мэргэжлийн эрх бүхий этгээдээр кадастрын зураг, хэмжилт хийлгэн Баянзүрх дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байсан болно. Улмаар 2014 оноос хойш 2016 онд н.О гэх хүн манай дээр буусан байхад нь очиж уулзахад энэ газрын хажуу талыг У.С гэх хүнээс худалдаж авсан, андуураад буусан байна гэсэн тул бидний хооронд ямар нэгэн маргаан байхгүй юм байна гэж ойлгон дахин н.О газраа чөлөөлүүлэхээр хандаагүй юм. Гэтэл одоо тус газрыг зарсан гэх У.С нь миний газар гэж шүүхэд хандаж буй нь огт үндэслэлгүй байна.

У.С хувьд Баянзүрх дүүргийн газрын албанд гомдол гаргасан байсан. Энэ нь он цагийн хугацаанд зөрүүтэй. Би эмээ, өвөөтэйгөө Баянгол дүүрэгт амьдардаг. Зундаа энэ байгаа газартаа зусдаг. Өмнө нь энэ газарт хүн амьдарч байсан талаар мэдэхгүй.  2014 онд тухайн газрыг эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулж Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаж байсан. Шүүгч хэргийн газарт үзлэг хийсэн. Гуу жалга байгаагүй. Одоогийнх шиг л газар байсан. У.С гэдэг хүнийг би тодорхой хэмжээний мэднэ. Тэр хавьд олон хашааны шон хатгаж олон ч хүнтэй маргаан үүсгэж байсан. У.С нэхэмжлэлдээ Б.М миний газартай давхцуулж авсан гэсэн мөртөө кадастрын зураг нь өөр байдаг.Тиймээс миний хувьд үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би хэн нэгний амьдрах гэж байгаа газрыг булааж аваагүй. Би ганцаараа 60 дугаар гудамжид газар эзэмшсэн гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй. Тухайн үед 6-7 хүний хамтаар захирамж гарч байсныг санаж байна. Миний мэдэхийн У.С тэнд амьдраагүй. У.С газрыг нь булааж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Н дүгнэлтдээ:  “Аль тал нь газар эзэмших хүсэлтээ түрүүлж өгснийг сайн  ойлгосонгүй.  Б.М нь газар эзэмших хүсэлтээ өгч гэрчилгээгээ авсан. У.С нь уг газарт амьдарч байсан боловч гэрчилгээ аваагүй. Олон жил амьдарсан боловч хүсэлтээ түрүүлж гаргаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүд эвлэрэн хэлэлцэж, асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.С шүүхэд хандан “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/... дугаар захирамжийн Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч буй газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

Нэхэмжлэгч талаас “гуравдагч этгээдэд хууль ёсоор газар эзэмших эрх үүсээгүй, маргаан бүхий газар нь ундны усны хамгаалалтын бүсэд байсан, ийм газарт газар олгохыг хориглосон байсныг зөрчсөн, гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэхдээ хээрийн судалгаа хийгээгүй, газар эзэмшүүлэх үед уг газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан, 2007 оноос хойш бодитойгоор амьдарч байгаа У.С газрыг эзэмшүүлэхгүйгээр эрхийг нь зөрчсөн, Газрын тухай хуульд төрөөс газар олгоход баримтлах шударга байдал, тэгш байдал гэсэн үндсэн зарчим алдагдсан” зэргээр маргасан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “хээрийн судалгаа хийсэн, давхцуулж газар эзэмшүүлээгүй, нэхэмжлэгч нь газар эзэмших хүсэлтээ удаа дараа өгч байсан гэх боловч нотлох баримт байдаггүй, гуравдагч этгээдийн газар эзэмших тухай хүсэлт нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчээс өмнө гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, дүүргийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан” хэмээн тайлбарлаж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдийн зүгээс “2014 онд тухайн газрыг эзэмших хүсэлтээ хорооны Засаг даргаар уламжлуулж, Баянзүрх дүүргийн Засаг даргад гаргаснаар газар эзэмших эрхтэй болсон, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын, гуравдагч этгээдийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий үйл баримт болон захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн Газрын албаны 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 000414 дүгээр шаардах хуудас[1]-аар маргаан бүхий газрыг чөлөөлүүлэхээр шаардсаныг нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гомдол[2] гаргасныг хариу өгөх мэдэгдэл[3] №69-өөр 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлжээ.

Үүний дараа нэхэмжлэгч У.С Баянзүрх дүүргийн Засаг даргад 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр “өөрийн амьдарч байгаа Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 60 гудамж, 1007 тоот хаягт орших 700 м.кв талбай бүхий газрыг өөрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмших”-ээр хүсэлт[4] гаргасныг өргөдөл гомдлын бүртгэлийн 971 дүгээрт[5] 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч улмаар Баянзүрх дүүргийн Газрын албаны 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 13/485 дугаар албан бичгээр “Таны хүсэлт болгосон газар нь дүүргийн Засаг даргын 2014 оны А/... тоот захирамжаар иргэн Б.М нэр дээр нэгж талбарын .... дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 9 дүгээр хороо, Шархад 60 дугаар гудамж 1007 тоот хаягт эзэмшүүлсэн” гэсэн хариуг өгчээ.

Энэ хариуг эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандсанаар Нийслэлийн Газрын албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4314[6] албан бичиг бүхий хариуг шуудангийн огноогоор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 12-нд шүүхэд хандаж, энэ маргааныг эхлүүлсэн байна.

Иймээс хариуцагчийн 2014 оны захирамжтай нэхэмжлэгч маргасныг шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа зөрчигдөөгүй, хэлэлцэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/... дугаар захирамжаар[7] Монгол Улсын засаг захиргаа нутаг, дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2: “... эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргана”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1: “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна” гэж заасныг тус тус үндэслэн, “олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн хавсралтад нэр дурдсан 457 иргэнд газар эзэмшүүлэх эрх олгох”-оор шийдвэрлэсэн ба уг захирамжийн хавсралтын 94 дүгээрт бичигдсэнээр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 60 дугаар гудамж, 1007 тоот хаягт 700 м.кв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар иргэн Б.М эзэмших эрхтэй болж, улмаар 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, 000577  дүгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан, газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын ..... дугаартайгаар бүртгэлтэй байна.

Энэ захирамжийг нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлж дээр дурдсан үндэслэлээр маргаж байна.

Үйл баримтын хувьд,

Маргаан бүхий газар нь 2014 оны 12 дугаар сарын архивын зурган мэдээлэлд анх гуравдагч этгээдийн нэр дээр бүртгэгдсэн, 2005-2007, 2011-2015 онуудын агаар сансрын зургийг одоо эзэмшилд байгаа нэгж талбарын дугаар бүхий газартай давхцуулахад 2005-2007 он, 2011-2015 онд гэр байхгүй байсан, 2017-2019 онд гэр байрлаж байсан талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн нотлох баримт[8]-аар; 

Маргаан бүхий газарт нэхэмжлэгч У.С “хашаа барьж, айл буулгасан” гэх тайлбартай энэхүү газар нь гуравдагч этгээд Б.М хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас эзэмшүүлсэн газартай байршлын хувьд нэг газар бөгөөд хашааны дугаарлалт байхгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хэн аль нь газар эзэмших эрхийг бодитойгоор хэрэгжүүлэхгүй байна. Энэ байдал нь шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн хүрээнд хийсэн маргаан бүхий газрын үзлэгийн ажиллагаа, тэмдэглэл[9]-ээр;

Шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлж, нэхэмжлэгч У.С маргаан бүхий газрын эрхийн талаар хэзээ, хэнд, ямар хүсэлт гаргаж байсныг, холбогдох захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэж байсныг тогтоох зорилгоор хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын архив, мөн дүүргийн Газрын албанд бичиг баримтын үзлэгийн ажиллагаа хийж, 2008 оноос 2016 оны хоорондох баримтыг бичгийн хэлбэрээр, 2017 оноос 2020 оны хоорондох баримтыг цахим хэлбэрээр шүүсэн ба нэхэмжлэгчээс 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гаргасан хүсэлт-өргөдлөөс өөр ямар нэгэнт баримт буюу маргаан бүхий газрыг эзэмшихтэй холбоотой хүсэлт байхгүй байсан, энэ нь үзлэгийн тэмдэглэлээр[10]...,

Тус тус маргаан бүхий захирамжийг гарах үед тухайн маргаан бүхий газар нь хэн нэгний эзэмшилд байгаагүй болох нь, газрыг нэхэмжлэгч нь бодитойгоор эзэмшихгүй байгаа болох нь, нэхэмжлэгчид маргаан бүхий газрын талаар газар эзэмших эрх үүссэн, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх талаар хүсэлт гаргаж байсан гэх бичгийн нотлох баримт байхгүй болох нь тогтоогдож байна.

Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчаас газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үеийн буюу дүүргийн 2014 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр тогтоол[11] хэрэгт авагдсан ба энэхүү тогтоолын хавсралтын хоёр дахь хэсэг, иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр эзэмшүүлж, өмчлүүлэх талаар гэсний №3: 9 дүгээр хороо иргэний ахуйн зориулалтаар 4 га газар, №16: 9,20, 23 дугаар хороо иргэний ахуйн зориулалтаар 1232 га газар гэж бичигдсэн байгааг шүүх, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3: “... дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлсэн” гэх тайлбар няцаагдаж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас ундны усны хамгаалалтын бүс гэх тайлбарыг захиргаанаас хэлж газар эзэмших талаарх хүсэлтийг хүлээж авдаггүй байсан гэж маргадаг бөгөөд энэ тохиолдолд нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 90 дүгээр тогтоол ёсоор маргаан бүхий газар нь ундны усны онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байсан гэх ба хариуцагч талаас энэ үйл баримттай маргадаггүй, энэ үндэслэлээр гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Харин одоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 50 дугаар тогтоолын дагуу уг маргаан бүхий байршил нь ундны усны онцгой хамгаалалтын бүсийн гадна[12] байрлаж байна.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хэрэгжүүлэхийн тулд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгадаг боловч ийнхүү буруутай байсныг мэдэж хамгаалуулах боломж байсаар байхад хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл тухайн газарт газар эзэмших талаар хүсэлтээ гаргаж байгаагүй, захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй маргахгүйгээр өөрийн нэгэн адил газар эзэмших эрхтэй иргэн Б.М газар эзэмших эрхийг зөрчих замаар маргаж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах эрх”-ийг нь хөндөхөөр, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4: “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүйгээр аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг зөрчиж бусдын газар эзэмших эрхтэй давхцуулж хашаа барьсан нь хууль бус байна.

Дээрх байдлаас дүгнэн үзэхэд, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх талаарх бүрэн эрхүүдийг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулиар дүүргийн Засаг даргад олгосон, тухайлбал, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д: “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг ... тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан дүүргийн хэмжээнд иргэнд ... эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх ...”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д: “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн зүйлийн 27.3-д: “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, мөн зүйлийн 27.4-т: “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 31 дүгээр зүйлийн 31.3-т: “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж зааснаар хариуцагч дүүргийн Засаг дарга хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд дээрх хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан, нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдсөн баримтгүй, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан “газрыг хуульд заасан нөхцөл журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших” зарчим алдагдаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У.С Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан   “...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/... дугаар захирамжийн Б.М холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэн У.С миний хууль ёсоор амьдарч буй газарт газар эзэмших эрх олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                У.Б

                                                 ШҮҮГЧ                                Н.Д                         

                                                                                          ШҮҮГЧ                                Л.Б

 

 

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 249-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 45-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 49-р хуудас

[4] Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд...

[5] 2-р хавтаст хэргийн 240-241-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 9-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 30-33-р хуудас

[8] 2-р хавтаст хэргийн 160-171-р хуудас

[9] 2-р хавтаст хэргийн 120-126-р хуудас

[10] 2-р хавтаст хэргийн 234-249-р хуудас,

[11] 1-р хавтаст хэргийн 183-197-р хуудас

[12] 1- хавтаст хэргийн 64-р хуудас