Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2015/0245

 

 

2015 оны 6 сарын 11 өдөр

 

Дугаар 221/МА2015/0245

 

 

 

 

И.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийж, Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, И.Э-ын нэхэмжлэлтэй, ЗААИУС-ын  Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/46 дугаар тушаалыг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээж авсан. Миний бие 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. Ажлаас чөлөөлөх тухай тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 61 дүгээр зүйлийн 4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг тус тус зөрчсөн. Аймаг, сум орон тоогоо мэдээд цомхотгол хийж байгаа бол манай сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтэн дотор төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөөгүй мэргэжилтнийг ажлаас чөлөөлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч ИУС-ын  Засаг даргын Тамгын газрын дарга И.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Мэргэжилтэн И.Э  нь 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мөнгө хүссэн өргөдөл гарган, бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчид олгогдох тэтгэмжээ өөрийн хүсэлтээр авсан. 2015 онд ИУС-ын  Мал эмнэлэг үржлийн тасаг нь малын эмч, мал зүйч гэсэн 2 орон тоотой ажиллаж байна. Албаны дарга Д.Ц мал зүйч мэргэжилтэй, дээд боловсролтой. Малын эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн Р.Ч малын бага эмч мэргэжилтэй, тусгай дунд боловсролтой, мэргэшсэн эмч юм гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.2, 33.4 дэх заалтуудыг баримтлан ЗААИУС-ын  Засаг даргын Тамгын газрын даргын Ажлаас чөлөөлөх тухай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/46 дугаар тушаалыг хүчингүй болгож, И.Э ыг ИУС-ын  Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 01 дүгээр сарын 02-ноос 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх 78 хоногийн цалин 2.423.772 төгрөгийг гаргуулж, уг цалингаас И.Э-ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт, бичилт хийж олгохыг ИУС-ын  Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч ЗААИУС-ын  Засаг даргын Тамгын газрын дарга И.Б давж заалдах гомдолдоо: ...Тус сум нь мал сүргийнхээ тоогоор аймагтаа тэргүүлдэг, малын төрөл бүрийн өвчин элбэг байдаг, алсын оторт байнга явдаг зэргээс шалтгаалан Мал эмнэлэг, үржлийн тасгийн ажлын үндсэн үүргийн дагуу малын эмч, мал зүйч зайлшгүй шаардлагатай байдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас бүтэц, орон тоог баталсны дагуу Мал эмнэлэг, үржлийн тасгийн газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэнг бүх сумдад чөлөөлсөн. Аймгийн ХХААГазраас өгсөн чиглэлийн дагуу тухайн сум нь тэргүүлэх чиглэлийн мэргэжилтнээ хадгалж үлдэх нь зүйтэй гэсэн зөвлөмжийн дагуу үүрэг чиглэлийг хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгч И.Э  нь малын эмч буюу мал зүйчийн 3-р зэрэгтэй, хөдөө аж ахуйн мэргэжилтэн гэж тайлбар өгчээ. Гэвч И.Э  нь 1982 онд Ховд аймгийн ХАА-н техникумыг дунд мэргэжлийн зоотехникч мэргэжлээр төгссөн, малын зоотехникч мэргэжилтэй, тухайн үед Мал эмнэлэг үржлийн тасгийн газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан зэргийг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ИУС-ын  Засаг даргын Тамгын газрын Б/46 дугаар тушаал гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, төсөвт суусан тэтгэмжийг олгосон. Нэхэмжлэгчийг мэргэжлийн дагуу ажилд буцаан авахад орон тоо, цалингийн сан байхгүй зэрэг шалтгаануудыг үндэслэн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч байна... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэл болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бїхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шїїх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зєв боловч маргааны үйл баримтыг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байх тул хуулийн зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

ЗААИУС-ын  Засаг даргын Тамгын газрын дарга 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/46 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн Бэлчээр, газар тариалан, хоршоо, экстейшин, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн И.Э ыг 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

Нэхэмжлэгч И.Э  нь төрийн жинхэнэ албан хаагч болохынхоо хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх, 27 дугаар зүйлийн 27.2.4-д Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих... гэсэн нэмэгдэл баталгаануудаар хангагдах ёстой.

 

Хариуцагчаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар сумын төсвийг хэлэлцүүлэхдээ дээд шатны байгууллагаас өгсөн чиглэлийг баримтлан Мал эмнэлэг, үржлийн албаны бэлчээр, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлийг хариуцсан мэргэжилтэн бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж, тэтгэмж нь 2015 оны төсөвт суусан ба Засаг даргын Тамгын газрын төсөвт цалин, орон тоо нь суугаагүй... гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар тогтоолоор сумдын Засаг даргын Тамгын газрын бүтцэд Мал эмнэлэг үржлийн тасгийг байгуулсан бөгөөд тухайн бүтцийн орон тоог хасах талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байна.

 

Түүнчлэн маргаан бүхий актын үндэслэл болсон ЗААИУС-ын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор тус сумын нутгийн захиргааны байгууллагын 2015 оны төсөв батлагдаж, тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалын бүтэц, орон тоо өөрчлөгдөх талаар ямар нэгэн харилцааг зохицуулаагүй, тухайн төсөвт Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан хаагчид олгох тэтгэмж гэсэн ерөнхий байдлаар тусгагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байна, 33.4-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж зааснаас үзвэл тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн бүтэц, орон тоог өөрчлөн байгуулах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байх тул маргаан бүхий 2014 оны Б/46 дугаар актын улмаас нэхэмжлэгч И.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Захиргааны хэргийн анхан шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.4 дэх заалтыг баримтлан... гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР