Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/68

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дашдэмбэрэл,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Иргэдийн төлөөлөгч: Б.Алтанхуяг /онлайнаар/,

Хохирогч: Б.Сугаржав,

Шүүгдэгч: П.Дэмбэрэл, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Пунцагдашийн Дэмбэрэлд холбогдох 2126000000058 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Монгол Улсын иргэн, 1урьд Өвөрхангай аймгийн Шүүхийн 1983 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 1961 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 169.6-д зааснаар гэм буруутайд тооцсон, Тайж овгийн Пунцагдашийн Дэмбэрэл, /РД:ЙЮ59021079/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Тайж овгийн Пунцагдашийн Дэмбэрэл нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчим  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутгыг зэвсгийн чанартай ашиглан Б.Сугаржавыг хутгалж хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, гол судасны жижиг салаа бөөрний арын гялтан бүдүүн гэдэсний шарх, хэвлийн зүүн дунд хэсэгт хагас ташуу тогтоцтой ил шарх, баруун чамархай дээд уруул доод эрүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.Дэмбэрэл шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 2.590.670 төгрөг төлсөн  гэв.

 

Хохирогч Б.Сугаржав шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... Тухайн өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлаасаа эрт буугаад гэртээ ирээд байж байсан. Тэр хойгуур эхнэр дэлгүүр орох гээд явчихсан байсан. Намайг нойлд байхад манай хүүхэдтэй нэг хүн чанга чанга яриад байхаар нь юу билээ гээд нойлоосоо гарсан чинь манай хүүхэд гэр дээрээ гараад суучихсан өмнө нь П.Дэмбэрэл зогсчихсон байсан. Тэгээд би юун хүн билээ гэсэн чинь манай хажуу айлын хүнийг сурахаар нь байхгүй байгаа. Өмнөговь аймагт яваа гэж хэлсэн. Тэгсэн чинь намайг нэг шар толгойтой залуу дээрэмдсэн чи цуг явж байсан миний юмыг гаргаад ир гэж хэлэхээр та хүн андуурсан байна. Би дөнгөж ажлаасаа ирээд байж байна гэж хэлсэн. Тэгээд П.Дэмбэрэл баруун хойшоогоо харчихаад өвдгөө түшчихээд тонгойгоод байхаар нь харсан чинь өмднийх нь өвдөг цоорчихсон байсан. Үнэхээр дээрэмдүүлсэн юм болов уу гэж бодоод танихгүй хүн юм чинь хашаанаас гаргаад өгчихье гэж бодоод та хүн андуурсан байна гээд өвдгөө түшээд тонгойж байхад нь дээшлүүлэх гээд ойртсон чинь жирс гээд явчихсан. Тухайн үед хутга байна гэж анзаараагүй. Тэгээд П.Дэмбэрэл цаашаагаа буцаад яваад өгөхөөр нь бие рүүгээ харсан чинь шар иштэй хутга байхаар нь сугалчихаад араас очоод барьж аваад хажуу айлынхаа хүнийг дуудсан. Тэрнээс цааш сайн мэдэхгүй байна. Хохирол нийт 4.752.170 төгрөгийг нэхэмжилснээс 2.590.670 төгрөг авсан. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны сар бүр 420.000 төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч Б.Сугаржав мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр би ажилдаа яваад үдээс хойш ажлаасаа ирээд гэртээ байж байтал манай эхнэр дэлгүүр орох гээд гараад явсан. Би хүүхэдтэйгээ хоёулаа байж байгаад бие засахаар гарсан. Тэгтэл гэнэт манай хүүхэдтэй нэг хүн чанга, чанга юм яриад байсан. Тэгээд бие засчихаад гараад ирсэн чинь манай хүүхэд гэр дээр гараад суучихсан байсан. Тэгэхээр нь нөгөө хүнийг та юун хүн билээ гэж хэлсэн чинь миний өөдөөс хүрээд ирсэн. Юу болсон талаар асуусан чинь миний мөнгийг дээрэмдчихлээ, мөнгө гаргаж өг гэж хэлсэн. Тэгэхээр нь уучлаарай ах та хүн андуурч би тийм хүн дээрэмдэх хүн биш. Би дөнгөж сая ажлаасаа бууж ирлээ гэж хэлсэн. Нилээд настай хүн байсан. Тэгээд та хүн андуурсан байна. Би танийг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн өвдгөө түшиж зогсож байснаа гэнэт хутга гаргаж ирээд намайг дүрчихээд эргэж хараад гүйхээр нь хутгыг нь сугалж хаячихаад араас нь очиж барьж аваад Төмөрөө гээд орилсон чинь Төмөрөө гарч ирсэн. Тэгэхээр нь энэ хүн намайг хутгалчихлаа цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Хохиролд 2.590.670 төгрөг авсан. /хх-ийн 18-21 хуудас/,

 

Гэрч О.Төмөрцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Манай хажуу талын хашаа буюу Арвайхээр сумын 10 дугаар багийн 06 тоот хашаа нь манай хашаатай залгаа, дундуураа тасалгаа байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай айлын хүн болох Сугаржав Төмөрөө гээд дуудсан. Тэгэхээр нь гэрээс гартал манай гэрийн баруун урд талд хашааны хажууд Сугаржав настай гэмээр хүрэн өнгийн куртиктэй шардуу царайтай, малгайгүй хүнтэй хоёр гараараа энгэрээс нь зуурчихсан “энэ хүн намайг хутгалчихлаа” гээд зогсож байсан. Би буцаж гэр рүүгээ ороод утсаа аваад гарч ирээд нөгөө хүнийг нь баруун ханцуйгаас нь бариад авсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Сугаржав доошоо сөхрөөд унасан. Сугаржавын өмсөж байсан малгайтай цамц нь дээшээ сөхөгдчихсөн гэдэс нь харагдаж байсан. Гэдэсний орчим нь дүүрэн цус болчихсон, гэдэснээс нь сэмж бололтой зүйл цухуйчихсан байсан. Тэгээд би түргэний машин дуудсан. Цагдаа дуудсаны дараа Сугаржавын эхнэр Хорлоо руу утсаар яриад дуудсан. Хорлоо машинтайгаа дэлгүүр явчихаад ирсэн. Тэр хоёрын зууралдаж байсан газарт цус дусалчихсан байсан. Тэгээд түргэний машин ирээд Сугаржавыг аваад явсан. Тэр настай хүн би уурандаа буруу зүйл хийчихлээ. Буруу хүнээ хутгалчихжээ гэж ярьж байсан. Би тэр хутгалсан гэх хүнээс та хутгаа хаанаас авсан юм бэ. Хутга чинь хаана гэж асуусан чинь тэр байна гээд төмөр хогийн савны хойно байсан шар эрээн өнгийн бариултай хутга руу заасан. /хх-ийн 23-24 хуудас/,

 

Гэрч Т.Батсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 цагийн орчим эмнэлгээс намайг дуудаад хагалгаанд хамт ороодох гэж дуудсан. Намайг ирэхэд хэвлийг нь нээсэн байсан. Би орж ирээд үзэхэд нарийн гэдэсний эхлэл хэсэгт  2   хэсэг   газар   хутгалчихсан   шархтай  байсан.    Хэвлийн   арын  зөөлөн    эдэд их хэмжээний  цус  хурсан.  Бөөрийг  хамарсан  цус  хуралт үүссэн  байсан.  Хэвлийн гялтангийн   арын  судас   тасарсан.   Цус  олгойдож  гарч  байсан.  Уруудах   гэдэсний салст зам орчим салст доогуур  цус хурсан  байсан.  Нарийн  гэдэсний   хутгалагдсан шархнуудыг оёсон. /хх-ийн 28-29 хуудас/,

 

Гэрч Д.Сүрэнхорлоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Тухайн өдөр манай нөхөр ажлаасаа ирээд гэртээ байж байтал хуучин ажлынх нь хоёр хүн 1 шил архитай ирсэн. Тэгээд архиа уучихаар нь тэр хоёр хүнийг нь би хүргэж өгчихөөд дэлгүүр орох гээд явж байтал айлын хүн утсаар залгаад Сугаржав хүнд хутгалуулчихлаа. Хурдан хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд гэртээ очиход манай нөхөр өвдөг дээрээ суугаад тонгойчихсон, сэмж нь гарсан, өмд цамц нь цус болсон байсан. Манай айлын хүн цагдаа дуудсан байсан. Би өөрөө түргэн дуудсан. /хх-ийн 26 хуудас/,

 

Гэрч Д.Батзориг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Миний аав Дэмбэрэл нь тэтгэвэрт байдаг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ даруу төлөв зантай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жаахан овилгогүй зантай. Өмнө нь хүнсний үйлдвэрт жолоочоор ажиллаж байсан. Хоёр жилийн өмнө тэтгэвэрт орсон. Тамхи татдаг. Архи олдвол уучихдаг. /хх-ийн 78 хуудас/,

 

Гэрч З.Баярсайхан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би П.Дэмбэрэлтэй 1984 онд гэр бүл болсон. 37 жил ханилж байна. Ажилласаг, зөөлөн, хүнд тусархуу, өглөгч хүн байгаа юм. Архинд дуртай болчихсон. Уг нь архи уудаггүй байсан. Архи уусан үедээ хурц ааштай. Манайх Арвайхээр сумын 11 дүгээр багт хүлэмжтэй. Дэмбэрэл хүлэмжээ хардаг. /хх-ийн 80 хуудас/,

 

            Шүүгдэгч П.Дэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би 11 дүгээр багт байдаг гэртээ ганцаараа хоносон. Өглөө 100 гр “Хараа” нэртэй архи авч уусан. Тэгээд хойно байдаг дэлгүүрт мах бөөний үнээр зарж байна гэхээр нь мах авах гээд явсан. Замдаа дэлгүүрээс 200 гр хэмжээтэй Хараа нэртэй архи аваад тэрийгээ хойшоо явж байгаад хоосон хашаан дотор уусан. Тэгээд нилээд согтсон. Тэгээд мах авах мөнгөө үзтэл мөнгө дутаад байсан. Тэгээд тухайн үедээ миний мөнгийг тэр залуучууд авчихаж гэж бодоод нэг айлаас нөгөө хүмүүсийг сурсан. Тэгтэл нэг танихгүй залуу намайг гар гээд байсан. Тэгээд би удалгүй сэргэтэл цагдаа ирсэн. Тэгээд би хүн хутгалсан гэдгээ мэдсэн. Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.  Хохиролд 2.590.670 төгрөг төлсөн. /хх-ийн 61-62 хуудас/,

 

             Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №70 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:.. Үзүүлэгч Б.Сугаржавын биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, гол судасны жижиг салаа, бөөрний арын гялтан, бүдүүн гэдэсний шарх, хэвлийн зүүн дунд хэсэгт хагас ташуу тогтоцтой ил шарх, баруун чамархай, дээд уруул, доод эрүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, гол судасны жижиг салаа, бөөрний арын гялтан, бүдүүн гэдэсний шарх, хэвлийн зүүн дунд хэсэгт хагас ташуу тогтоцтой ил шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун чамархай, дээд уруул, доод эрүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 32-34 хуудас/,

 

            Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №71 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:.. Үзүүлэгч П.Дэмбэрэлийн биед гэмтэл тогтоогдоогүй болно. /хх-ийн 40-41 хуудас/,

 

           Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:...Шинжилгээнд ирүүлсэн ногоон  өнгийн малгайтай цамцанд зүсэгдэл, ханзралт, цооролт гэмтэл байна. Цамцны урд энгэр хэсэгт баруун налалттай 17х0.1 мм хэмжээтэй зүсэгдэл, баруун суганы оёдлын уулзвар хэсэгт 10 мм хэмжээтэй оёдлоороо ханзарсан гэмтэл, баруун ханцуйн дотор оёдол дагууд 5х3 мм хэмжээтэй цооролт гэмтэл тогтоогдлоо. Цамцны энгэр хэсэгт баруун налалттай 17х0.1 мм хэмжээтэй зүсэгдэл гэмтэл нь шинжилгээнд ирүүлсэн хутгаар үүсгэгдсэн байж болно. /хх-ийн 47-52 хуудас/,

 

            Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 07 дугаартай дүгнэлтэнд:... Үзүүлэгч П.Дэмбэрэл нь гэмт хэрэг үйлдэгдэхийн өмнө болон одоо сэтгэцийн ямар нэг өвчин үгүй байна. П.Дэмбэрэл нь гэмт хэрэг үйлдэх үед сэтгэцийн өвчнөөр өвчилсөн эсэхийг одоо тогтоох боломжгүй байна. П.Дэмбэрэл нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна. /хх-ийн 47-52 хуудас/,

 

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тогтоол, санал, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, мэс заслын тэмдэглэлийн хуулбар, амбулатори поликлиникээр үйлчлүүлэгчдийн карт, /хх-ийн 2-8, 9-10, 11-14, 35, 58 хуудас/,

 

Шүүгдэгч П.Дэмбэрэлийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №07 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63, 65  хуудас/,

 

Шүүгдэгч П.Дэмбэрэлийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч П.Дэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч П.Дэмбэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч П.Дэмбэрэл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул  шүүгдэгч П.Дэмбэрэлд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Тайж овгийн Пунцагдашийн Дэмбэрэл нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 07 тоот хашаанд 16 цагийн орчим хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга хэрэглэж Б.Сугаржавыг хутгалж хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, гол судасны жижиг салаа бөөрний арын гялтан бүдүүн гэдэсний шарх, хэвлийн зүүн дунд хэсэгт хагас ташуу тогтоцтой ил шарх, баруун чамархай дээд уруул доод эрүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

             Шүүгдэгч Тайж овгийн Пунцагдашийн Дэмбэрэл нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 07 тоот хашаанд 16 цагийн орчим хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хутга хэрэглэж Б.Сугаржавыг хутгалж хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэс, гол судасны жижиг салаа бөөрний арын гялтан бүдүүн гэдэсний шарх, хэвлийн зүүн дунд хэсэгт хагас ташуу тогтоцтой ил шарх, баруун чамархай дээд уруул доод эрүүний баруун хэсэгт зулгаралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Сугаржавын тэр хүнийг та юун хүн билээ гэж хэлсэн чинь миний өөдөөс хүрээд ирсэн. Юу болсон талаар асуусан чинь миний мөнгийг дээрэмдчихлээ, мөнгө гаргаж өг гэж хэлсэн. Тэгээд та хүн андуурсан байна. Би таныг гаргаад өгье гэж хэлсэн. Тэгтэл тэр хүн өвдгөө түшиж зогсож байснаа гэнэт хутга гаргаж ирээд намайг дүрчихээд эргэж хараад гүйхээр нь хутгыг нь сугалж хаячихаад араас нь очиж барьж аваад Төмөрөө гээд орилсон чинь Төмөрөө гарч ирсэн. Тэгэхээр нь энэ хүн намайг хутгалчихлаа цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Гэрч О.Төмөрцэцэгийн 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ байж байтал манай айлын хүн болох Сугаржав Төмөрөө гээд дуудсан. Тэгэхээр нь гэрээс гартал манай гэрийн баруун урд талд хашааны хажууд Сугаржав настай гэмээр хүрэн өнгийн куртиктэй шардуу царайтай, малгайгүй хүнтэй хоёр гараараа энгэрээс нь зуурчихсан “энэ хүн намайг хутгалчихлаа” гээд зогсож байсан. Би буцаж гэр рүүгээ ороод утсаа аваад гарч ирээд нөгөө хүнийг нь баруун ханцуйгаас нь бариад авсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Сугаржав доошоо сөхрөөд унасан. Сугаржавын өмсөж байсан малгайтай цамц нь дээшээ сөхөгдчихсөн гэдэс нь харагдаж байсан. Гэдэсний орчим нь дүүрэн цус болчихсон, гэдэснээс нь сэмж бололтой зүйл цухуйчихсан байсан. Гэрч Т.Батсайханы 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 цагийн орчим эмнэлгээс намайг дуудаад хагалгаанд хамт ороодох гээд дуудсан. Намайг ирэхэд хэвлийг нь нээсэн байсан. Би орж ирээд үзэхэд нарийн гэдэсний эхлэл хэсэгт 2 хэсэг газар хутгалчихсан шархтай байсан. Хэвлийн арын зөөлөн эдэд их хэмжээний цус хурсан бөөрөнхий өөхөн эд бөөрийг хамарсан цус хуралт үүссэн байсан. Хэвлийн гялтангийн арын судас тасарсан. Цус олгойдож гарч байсан. Уруудах гэдэсний салст зам орчим салст доогуур цус хурсан байсан. Гэрч Д.Сүрэнхорлоогийн гэртээ очиход манай нөхөр өвдөг дээрээ суугаад тонгойчихсон, сэмж нь гарсан, өмд цамц нь цус болсон байсан. Гэрч Д.Батзоригийн миний аав Дэмбэрэл нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ даруу төлөв зантай. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жаахан овилгогүй зантай. Гэрч З.Баярсайханы би П.Дэмбэрэлтэй 1984 онд гэр бүл болсон. 37 жил ханилж байна. Ажилласаг, зөөлөн, хүнд тусархуу, өглөгч хүн байгаа юм. Архинд дуртай болчихсон. Уг нь архи уудаггүй байсан. Архи уусан үедээ хурц ааштай гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №70 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №71 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 07 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тогтоол, санал, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, мэс заслын тэмдэглэлийн хуулбар, шүүгдэгч П.Дэмбэрэлийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч П.Дэмбэрэл нь хэрэг хариуцах чадвартай, мэдүүлэг өгөх чадвартай болох нь Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 07 дугаартай “Шүүх сэтгэц, эмгэг судлалын дүгнэлт”-ээр тогтоогдож байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

 Шүүгдэгч П.Дэмбэрэл нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №70 дугаартай, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн №71 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны Криминалистикийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 34 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэцийн шинжээч эмчийн 07 дугаартай дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулсан тогтоол, санал, эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцож, хураан авсан тэмдэглэл, мэс заслын тэмдэглэлийн хуулбар зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ.

 

 Шүүгдэгч П.Дэмбэрэлийн согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноёны 10 дугаар багийн 35 дугаар гудамжны 07 тоот хашаанд 16 цагийн орчимд хутга хэрэглэж Б.Сугаржавыг хутгалж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч П.Дэмбэрэлийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Улсын яллагч “Шүүгдэгч П.Дэмбэрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч ”Шүүгдэгч П.Дэмбэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчид хохирлыг нөхөн төлсөн гэх үндэслэлээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.“ гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

 Шүүгдэгч П.Дэмбэрэл нь “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч П.Дэмбэрэлийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг хавтаст хэргийн хүрээнд төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу 62 настай, эрүүл мэндийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч П.Дэмбэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч П.Дэмбэрэл нь хохирогч Б.Сугаржавд хохиролд 2.590.670 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч нь хохиролд 4.752.170 төгрөгийг, хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны сар бүр 420.000 төгрөгийг, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх үнэлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Сугаржавын нэхэмжлэлээс 2.161.500 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны сар бүр 420000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг,

 

Шүүгдэгч П.Дэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.590.670 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтын хүрээнд хохирлыг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж,

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхгийг устгаж, диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дэмбэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Шүүгдэгч Тайж овгийн Пунцагдашийн Дэмбэрэлийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч П.Дэмбэрэлийг 3 /гурав/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дэмбэрэлд оногдуулсан 3 /гурав/  жил 6 /зургаа/сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Шүүгдэгч П.Дэмбэрэл нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 2.590.670 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлсөн, хавтаст хэргийн хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.    

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Сугаржавын нэхэмжлэлээс 2.161.500 төгрөгийн нэхэмжлэлийг, мөн хөдөлмөрийн чадвараа алдсан хугацааны сар бүр 420000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхгийг устгаж, диск 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Дэмбэрэлд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Дэмбэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.