Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 155/ШШ2018/00351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хотын Б дүүргийн - дугаар хороо, - байр, - тоотод оршин суух С овогт О-ын Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн М сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Цог овогт Л-ийн Т-д  холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч О.Б, хариуцагч Л.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд хариуцагч Л.Т-тэй танилцаж, үерхэж байх хугацаандаа жирэмсэн болсоноо хэлэхэд тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байсан учир бид салсан юм. Би 2007 оны 5 дугаар сарын 09-ний едөр хүү Б-ийн Э-ыг төрүүлсэн бөгөөд хүүхэд төрсөн тухай хэлэхэд хүлээн зөвшөөрөхгүй байсан тул ахиж холбоо тогтоогоогүй юм. Надтай танилцахдаа өөрийгөө “Т” гэх нэрнээс өөр мэдээллээ хэлдэггүй байсан учир түүнээс тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргах боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн билээ.Л.Т-ийн эгчээс хүүхдийг нь уулзуулах гэж удаа дараа холбогдож, утас холбогдох мэдээллийг нь хүсдэг байсан боловч түүний тухай тодорхой мэдээллийг нь хэлдэггүй байсан юм. Иймд Л.Т-ийг Б.Э-ын эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэгийг холбогдох журмын дагуу тогтоолгох хүсэлтэй байна, миний бие хүүгээ цаашид өөрийн асрамжид үлдээнэ гэв.

Хариуцагч Л.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Б-гийн нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь одоогоос 10 жилийн өмнөх тодорхой бус зүйлд хүүхдийн тэтгэлэг авах гэж байгаа нь үндэслэлгүй юм. Одоо би эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байгаа...Энэ тогтсон амьдралыг тарааж мэдэх явдал болоод байна. Тэр үедээ надад хэлсэн бол бас нэг өөр байх байсан. Огт холбоо бариагүй байж байгаад одоо ийм асуудал гаргаж байгаад би зөвшөөрөхгүй байна...Нэгэнт эцэг тогтоох шинжилгээгээр миний хүүхэд мөн гэж гарсан тул одоо маргах зүйлгүй, хүүхдийн тэтгэлгийг өөрийн боломж бололцоогоороо төлөөд явна, хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхэд татгалзахад зүйлгүй. Уг асуудлыг ууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Л.Т-д холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

О.Б,  Л.Т нар нь 2005 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Э төрсөн болох нь 2007 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №0000966716-258 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Л.Т нь шүүх хуралдаанд “хүү Б.Э-ын төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн мөн хүүхдийг эхийн асрамжид үлдээж  тэтгэлэг төлхөд татгалзах зүйлгүй ” гэх тайлбарыг өгсөн, Б.Э-д эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Э-ыг эх О.Б-гийн асрамжид үлдээж, эцэг Л.Т-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.Б-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-ээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Э-д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Л.Т төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Б.Э-д сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д 99.734 төгрөг олгож,  1.310 төгрөгийг улсын орлогод оруулж  шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Э-ын  төрсөн эцэг Ц овогт Л-ийн Т   мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Э-ыг төрсөн эх О.Б-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Э-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Л.Т-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.734 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Т-ээс 101.044 төгрөгийг гаргуулж түүнээс 99.734 төгрөгийг нэхэмжлэгч О.Б-д олгож, үлдэх  1.310 төгрөгийг улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.ДАВААХҮҮ