| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2016/09170/и |
| Дугаар | 729 |
| Огноо | 2018-03-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 729
| 2018 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 101/ШШ2018/00729 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.А -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.А -д холбогдох,
Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод байрлах газрын орц гарцыг хаасан ******* тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч Н.А д даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагч Н.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Э.А нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* сургуулийн гудамжны ******* тоот 1865*******11663050 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 700 м.кв газрын хууль ёсоор өмчлөгч юм. Энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн бүртгэлийн ******* тоот гэрчилгээ, мөн хаяг дахь хувийн сууцны зорилулалттай 25 м.кв үл хөдлөх хөрөнгө өмчилдөг болох нь улсын бүртгэлийн тоот бүртгэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ зэргээр тогтоогддог. Тэрээр үл хөдлөх хөрөнгө газар, хувийн сууцыг хууль ёсны дагуу өмчлегч этгээд юм. Гэтэл өмчлөгчийн орц, гарцыг хааж буй ******* тоот тэмдэглэл бүхий задгай газрыг хууль бусаар эзэмшдэг иргэн Н.А нь өмчлөгчийн эрхийг зөрчиж хууль бусаар газар эзэмшиж хашаа барьсан байдаг. Тэрээр тус газрыг эзэмших хууль ёсны эрхгүй болох нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1244 тоот тайлбар хүргүүлэх тухай албан бичиг ззргээс тодорхой харагдана. Мөн тэрээр хууль бусаар газар эзэмшиж газар өмчлөгч этгээдийн эрхийг зөрчсөн болохыг холбогдох мэргэжлийн байгууллагаас удаа дараа шаардах хуудас хүргүүлсэн байдаг. Тухайлбал, тус иргэнд Баянзүрх дүүргийн Газрын албанаас хоёр удаа шаардах хуудас хүргүүлж, хашааг албадан чөлөөлөх ажиллагааг ч хийсэн. Иймд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж ******* тоотод байрлах газрын орц, гарцыг хааж барьсан иргэн Н.А г Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж орц, гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н.А миний бие 2005 онд Ж.Б гэдэг иргэнээс хашаатай, хашаандаа жижиг шавар байшинтай 540 м.кв талбайтай, 1865*******11641016 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, газар эзэмших дугаар гэрчилгээтэй газрыг худалдаж аваад тухайн хашааг өргөтгөх, өөрчлөх ямар нэгэн засвар хийгээгүй анх худалдаж авахад ямар хашаа байсан тэр л хэвээрээ хашааны хаалга нь урагшаа харсан байрлалтай, тухайн газрын хэмжээ нэмэгдэж өөрчлөгдөөгүй, хашааны газраа сунгаагүй өнөөдөр хүртэл 12 жил амьдарч байгаа билээ. Нэхэмжлэгчийн газар нь 2008 оноос өмнө Г, О нарын эзэмшилд байсан ба 2008-2013 онуудад газрын орц гарцын маргаан байгаагүй. Нэхэмжпэгч нь 2013 оноос хашааныхаа ар талд тоот эзэнгүй хашаа үүсгэж, урьд хэсгийн хашаагаа өмнөх айлынхаа хашаатай тулгаж сунган барьж нарийн гудамжийг битүүлснээс өөрөө өөрийнхөө орц гарцаа хаасан байдаг. Нэхэмжлэгчийн ар талын тоот хашааны эзэмшигч, өмчлөгчийн талаар дүүргийн газрын мэдээллийн санд ямарч бүртгэл байхгүй байдаг. Дээрх нөхцөл байдлын талаар Газрын харилцаа барилга геодези зураг зүйн газрын 2014 оны 02 сарын 07-ны 1/144 тоот болон дүгнэлтийн хавсралт зургаар тодорхой гаргаж шүүхэд ирүүлсэн нь өмнөх хавтаст хэрэгт авагдсан байдаг. Н.А би 2009 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн Газрын албанд газраа эзэмших, өмчлөхөөр хүсэлт гаргасан боловч Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамжны ******* тоотод байршилтай, 540 м.кв талбайтай газрын өмнөх эзэмшигчийг байлцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахгүй буцаасан тул 2013 оны 5 сарын 2-ны өдөр газраа худалдсан Ж.Б ыг олж, Газрын албатай уулзуулан бичиг хийлгэж, дахин хүсэлт гаргахад маргаантай байгаа гэх үндэслэлээр миний 12 жил амьдарч байгаа газрыг өмчлүүлэх асуудлыг дүүргийн Засаг дарга шийдвэрлэхгүй хүлээлгэн иргэн намайг хохироосоор байгаа билээ. Би 2005 онд Ж.Б гэдэг иргэнээс авсан хашаатай, жижиг шавар байшинтай 540 м.кв талбайтай, 1865*******11641016 нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, газар эзэмших дугаар гэрчилгээтэй газраа өнөөдөр хүртэл өмчилж авч чадахгүй хохирч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Н.А д холбогдуулан Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан ******* тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч Н.А д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч 2013 оноос хашааныхаа ар талд тоот эзэнгүй хашаа үүсгэж, урьд хэсгийн хашаагаа өмнөх айлын хашаатай тулгаж сунган барьж нарийн гудамжийг битүүлснээс өөрөө өөрийнхөө орц, гарцаа хаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Э.А нь Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамжны ******* тоотод байрлах, нэгж талбарын 1865*******11663050 дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв газрыг 2008 оны 07 сарын 09-ний өдрөөс эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээгээр өмчлөх эрхтэй болсон нь гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-8/
Хариуцагч Н.А нь 2005 онд иргэн Ж.Б аас өөрийн эзэмшиж буй хашаа байшинг худалдан авсан боловч газрын маргаантай гэх үндэслэлээр гэрчилгээ гаргаж өгөөгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэгж талбарын 1865*******11641016 дугаар бүхий 540 м.кв талбайтай газар нь Баянзүрх дүүрэг, 0-р хороо, ******* гудамж, задгай 321 тоот хаягаар иргэн Ж.Б ын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, “маргаантай” гэсэн тэмдэглэгээтэйгээр Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа, уг газрыг Ж.Б нь Н.А д худалдсан болох нь Баянзүрх дүүргийн Газрын албанд 2013 оны 05 сарын 29-нд Ж.Б ын бичсэн тодорхойлолт, газрын байршлын кадастрын зураг болон хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх1-146, 147/
Шүүхээс Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрыг шинжээчээр томилсон бөгөөд тус газар нь 2017 оны 08 сарын 08-ны өдрийн А/174 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг гарган ирүүлсэн. Уг дүгнэлтэд “...шүүгчээс шинжээчид тавьсан асуултад дурдагдсан ******* тоотын урд хэсэг, ******* тоотын хойд хэсгийн байршиж буй нарийн гудамж нь НГКМС-ийн 2006 оны 09 дүгээр сарын архивын мэдээлэлд нэгж талбарын 1865*******11661034 дугаар бүхий 2474.4 м.кв талбайтайгаар иргэн Төргэрэлийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газарт хамаарч байсан бөгөөд харин НГКМС-ийн 2006 оны 10 дугаар сарын архивын мэдээлэлд бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтад олгогдоогүй сул газраар бүртгэгдсэн байна. НГКМС-ийн 2015 оны 08 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх орц, гарцгүй, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар /нарийн гудамж/ руу зүүн хэсгээрээ орж гарч болдог байхаар орц, гарц гаргасан байх бөгөөд энэ нь одоог хүртэл НГКМС-д өөрчлөлтгүй байна. Шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнг НГКМС-ийн 2017 оны зурган мэдээлэлтэй давхцуулахад иргэн Э.А ын хашаа барьж эзэмшилдээ байлгаж байгаа газар нь НГКМС-д нэгж талбарын 1865*******11663050 дугаар бүхий 700 м.кв талбайтай, Баянзүрх дүүрэг, *******-р хороо, ******* хэсэг ******* гудамж, ******* тоот хаягаар иргэн Э.А /РД:ВЛ8709*******10/-ын нэр дээр газар өмчлөх эрхтэйгээр бүртгэлтэй газраас урд талаараа 148,6 м.кв талбайгаар илүү, баруун хэсгээрээ 296.1 м.кв талбайгаар дутуу байна. .... НГКМС-ийн 2017 оны болон архивын кадастрын зургийн мэдээллийн сан дахь кадастрын зурагт иргэн Ж.Б нарын хашаалсан газар нь иргэн Э.А ын өмчилж буй газрын орц гарцыг хаагаагүй байна. ... Иргэн Э.А ын хашаалсан газар нь дээр дурдсан НГКМС-д бусдын эзэмшил ашиглалтад олгогддоггүй /нарийн гудамж/ орц, гарц байдлаар бүртгэгдсэн газартай 148.6 м.кв талбайгаар давхцалтай байна...” гэжээ. /хх1-213-228/
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д газар өмчлөгч иргэний эрхийг зааж өгсөн бөгөөд 27.1.1-д “бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” эрхтэй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч Э.А ын хууль ёсны дагуу өмчилж буй газраас хариуцагч Н.А хууль бусаар эзэмшиж, өмчилж байгаа, түүний өмчлөлийн газрын орц, гарцыг хааж нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн газар нийтийн эзэмшлийн газар руу орц, гарцгүй болсон явдал нь хариуцагч болон тухайн газарт газар эзэмшиж байгаа айлууд хашаагаа нийлүүлж хамарлаж барьсан явдалтай холбоотой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Н.А гийн эзэмшиж буй газар нь иргэн Ж.Б ын нэр дээр бүртгэлтэй байгаа, Н.А газар эзэмших эрхээ баталгаажуулж гэрчилгээ авалгүйгээр газар эзэмшиж байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм.
Нэхэмжлэгчийн чөлөөлүүлэхээр шаардсан газар нь Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2006 оны 10 дугаар сарын архивын мэдээлэлд бусдын эзэмшил, өмчлөл, ашиглалтад олгогдоогүй сул газраар бүртгэгдэж, 2015 оны 08 дугаар сарын архивын зурган мэдээлэлд дээрх орц, гарцгүй, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газар /нарийн гудамж/ руу зүүн хэсгээрээ орж гарч болдог байхаар орц, гарц гаргасан байхаар бүртгэгдсэн, энэ нь одоог хүртэл мэдээллийн санд өөрчлөлтгүй байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч Э.А од уг газрыг өмчлөх болон эзэмшүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гарсан шийдвэр байхгүй байна. Нэхэмжлэгч нь өөрийн өмчилж буй газар өмчлөх эрхтэй бүртгэлтэй газраас урд талаараа 148,6 м.кв талбайгаар илүү талбайг хашаалсан болох нь тогтоогдож байх тул орц, гарц гаргахыг даалгах шаардлага нь үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан ******* тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч Н.А д даалгах тухай нэхэмжлэгч Э.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шинжээч томилон дүгнэлт гаргуулсан бөгөөд Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шижээчийн багийн ажлын хөлс 850,850 төгрөгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар төлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан шинжээчийн зардлыг нэхэмжлэгч, хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан хариуцагч Н.А д холбогдох Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо, ******* хэсэг, ******* гудамж, ******* тоотод байрлах газрын орц, гарцыг хаасан ******* тоот тэмдэглэл бүхий задгай газрыг албадан чөлөөлж, орц, гарц гаргахыг хариуцагч Н.А д даалгах тухай нэхэмжлэгч Э.А ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжад төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.А , хариуцагч Н.А нараас шинжээчийн ажлын хөлсөнд 425,425 төгрөгийг тус тус гаргуулж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР