| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2021/0065/э |
| Дугаар | 2021/ШЦТ/52 |
| Огноо | 2021-04-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Баатарсүрэн |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/52
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ц.Баатарсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дашдэмбэрэл,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн *******ид холбогдох 2126000000073 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овгийн ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим миний гар утсыг авлаа гэх зүйлээр шалтаглан өөрийн төрсөн эх *******ийн толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж, хөнгөн цагаан жижиг түмпэн шидэж зүүн чихний омог хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай хүү ******* брашиг уугаад сууж байснаа миний утас хаана байна гээд нэхээд байхаар нь би чиний утсаар яах юм гэж гээд хэлсэн. Тэгсэн чинь уурлаад нөхөр бид хоёр руу шилэн стакан аваад дайраад байхаар нь боль гээд салгасан. Тэгтэл миний нүүр рүү нулимсан. Чи төрсөн эхийнхээ нүүр рүү нулимлаа гэсэн чинь чамайг алчихсан байхад 4 ширхэг банз л орно шүү гээд хажуудаа байсан сандлыг аваад миний толгой хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би гэрээс гарах гэсэн чинь хөнгөн цагаан хувин аваад шидчихсэн чинь миний чихрүү оносон. Тэгсэн чинь цус гойжоод толгой манараад байсан. Тэгээд эмнэлэг орж үзүүлээд 6 оёдол тавиулсан. Миний төрсөн хүү юм чинь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 24-25 хуудас/,
Гэрч Ш.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар 11-ний өдөр 12 цагийн орчимд би ******* ахтай ус аваад гэрт нь ирсэн чинь *******, ******* эгч бид хоёроос миний утсыг яасан та 2 авсан гээд хэрүүл хийгээд дайраад байсан. Тэгэхээр нь би тэр “Nokia” гар утсыг чинь хэн авдаг юм гээд хэлчихсэн. ******* эгч бас чиний утсыг хэн авдаг юм гээд байсан. Тэгтэл ******* гэнэт босож ирээд над руу дайраад миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод авсан. ******* ах, ******* эгч хоёр дундуур орж салгаад ******* нөгөө гартаа шилэн стакан барьчихсан байхаар нь над руу шидчих байх гэж бодоод би гэрээс гарсан. Удалгүй ******* эгчийн чихнээс нь цус гарчихсан гараад ирсэн. Яасан бэ гэсэн чинь ******* сандлаар цохьчихлоо гэсэн. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. /хх-ийн 26-28 хуудас/,
Гэрч А.******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд худгаас ус аваад *******тэй хамт гэртээ ирээд савтай усаа гэрт оруулж байсан чинь *******, *******, ******* хоёр руу миний утас алга болчихлоо. Та нар авсан уу гээд уурлаад нэг шилэн стакан бариад шидэх гээд байсан. Манай эхнэр ******* чиний утсаар яадаг юм гээд байсан. Тэгтэл ******* гэнэт босож ирээд *******ийг толгойн ар хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод шаазан аяга аваад шидэх гээд байхаар нь ******* бид 2 салгаад дундуур нь орсон чинь ******* гараад явсан. Та нарыг ална шүү гээд хэрүүл хийгээд *******ийг чамайг алчихсан байхад 4 ширхэг банз л орно шүү гээд нүүр рүү нь нулимсан. Би боль гээд түлхсэн чинь хажууд байсан хуванцар сандлаар *******ийг баруун чих хавьцаа нь цохьчихсон. Тэгээд ******* гарах гэсэн чинь хөнгөн цагаан сав шидсэн чинь чихний ойролцоо нь оноод цус гартал ******* гараад явсан. Тэгээд би цагдаа дуудсан. Өмнө нь гэр бүлийн хэрүүл маргаан бол болж байсан. Гэхдээ зодож цохиж байгаагүй. /хх-ийн 29-31 хуудас/,
Яллагдагч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны шөнө найзтайгаа гэрт нь 2 шил архи уугаад шөнө нь гэртээ ирж хоносон. Өглөө 1 цаг өнгөрч байхад боссон. Миний архи гараагүй байсан. Тэгээд брашиг уусан чинь согтсон. Тэгээд гар утсаа хайсан чинь олдохгүй байхаар нь ээж, ээжийн дүү ******* хоёроос асуусан чинь өөдөөс хэрэлдээд байхаар нь би *******ийн толгой руу нэг удаа цохьсон. Тэгээд ээжийг сандлаар цохиод хувин шидэж гэмтээсэн байсан. Согтууруулах ундаа хэрэглэж ээжийгээ зодсондоо гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна. /хх-ийн 36-37 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч *******ийн биед зүүн чихний омог хэсэгт шарх, зүүн гарын бугалга, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13-14 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хохирогч *******ийн шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 11, 32, 17-18, 69-70 хуудас/,
Шүүгдэгч *******ийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43, 49, 52, 54 хуудас/,
Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч “Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлж “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 14-08а тоотод өөрийн төрсөн эх *******ийн толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж, хөнгөн цагаан хувин шидэж зүүн чихний омог хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 12 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 14-08а тоотод өөрийн төрсөн эх *******ийн толгойн тус газарт нь хуванцар сандлаар цохиж, хөнгөн цагаан хувин шидэж зүүн чихний омог хэсэгт нь цохиж шарх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч *******ийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай хүү ******* брашиг уугаад сууж байснаа миний утас хаана байна гээд нэхээд байхаар нь би чиний утсаар яах юм гэж гээд хэлсэн чинь уурлаад сандлаар миний толгой хэсэг рүү цохьсон. Тэгэхээр нь би гэрээс гарах гэсэн чинь хөнгөн цагаан хувин аваад шидсэн чинь миний чихрүү оносон. Тэгсэн чинь цус гойжоод толгой манараад байсан. Тэгээд эмнэлэг орж үзүүлээд 6 оёдол тавиулсан. Гэрч Ш.*******ийн ******* гэнэт босож ирээд над руу дайраад миний толгойн ар хэсэг рүү гараараа цохиод авсан. ******* ах, ******* эгч хоёр дундуур орж салгаад ******* нөгөө гартаа шилэн стакан барьчихсан байхаар нь над руу шидчих байх гэж бодоод би гэрээс гарсан. Удалгүй ******* эгчийн чихнээс нь цус гарчихсан гараад ирсэн. Яасан бэ гэсэн чинь ******* сандлаар цохьчихлоо гэсэн. Гэрч А.*******ийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн орчимд худгаас ус аваад *******тэй хамт гэртээ ирээд савтай усаа гэрт оруулж байсан чинь *******, *******, ******* хоёр руу миний утас алга болчихлоо. Та нар авсан уу гээд уурлаад нэг шилэн стакан бариад шидэх гээд байсан. Би боль гээд түлхсэн чинь хажууд байсан хуванцар сандлаар *******ийг баруун чих хавьцаа нь цохьчихсон. Тэгээд ******* гарах гэсэн чинь хөнгөн цагаан сав шидсэн чинь чихний ойролцоо нь оноод цус гартал ******* гараад явсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хохирогч *******ийн шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №97 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, хохирогч *******ийн шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Боржигон овгийн *******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзэж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж “Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хуульд заасан хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч *******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг буюу өөрийн гэсэн эд хөрөнгө, орлогогүй байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг гурван зуун жаран цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйл, 163 дугаар зүйлийн 163.1, 163.2-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.