| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2018/00550/и |
| Дугаар | 751 |
| Огноо | 2018-03-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 751
| 2018 оны 03 сарын 02 өдөр | Дугаар 101/ШШ2018/00751 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ХХК -д холбогдох,
Бараа нийлүүлэлтийн төлбөр 33,154,440 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Х, хариуцагчийн төлөөлөгч Д.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н ХХК нь 2017 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Хатанбулаг суманд барилгын туслах гүйцэтгэгч компанийн ажил гүйцэтгэх явцдаа тус сумын Ш ХХК -тай 2017 оны 04 сарын 20-ны өдөр хамтран ажиллах 2017-3 тоот гэрээг хийж ажил үйлчилгээний хэрэглээний шатахууныг тухайн сард хэрэглэсэн шатахууны үнийг сар бүрийн эцсээр тооцоо хийхээр тохирч, орон нутгийн зах зээлийн ханшнаас 100 төгрөгийн дутуугаар тооцохоор болсон. Гэвч одоог хүртэл төлбөр болох 30,905,340 төгрөгийг төлөөгүй байна. Энэ хугацаанд манай компанийн эргэлтийн хөрөнгийг түр хугацаагаар сааталд оруулж хохирол үзүүлж байгаа тул Н ХХК -аас үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг нэмж, нийт 33,154,440 төгрөгийг нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2017 оны 04 сарын 20-ны өдөр Ш ХХК -тай нефт бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажиллаж, нийт 40,905,340 төгрөгийн түлш болон бусад шатах тослох материал авсанаас одоогийн байдлаар 30,905,340 төгрөгийг өгөөгүй байна. Бидний ерөнхий гүйцэтгэгч Хилийн цэргийн 0119 дүгээр анги манай компанийн ажлын гүйцэтгэлийг бүрэн өгөөгүй учир бид Ш ХХК -ийн үлдэгдэл тооцоог барагдуулж чадахгүй өдийг хүрлээ. Ш ХХК нь гэрээнд заасан 1 литр түлшний үнэ 1,800 төгрөгийг нэмэгдүүлж 1,900 төгрөг болгож байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Компаниудын хоорондын тооцоогоор батлагдсан тооцооны үлдэгдэл болох 30,905,340 төгрөгийг манай компани хүлээн зөвшөөрч байгаа ч одоогоор өгөх боломжгүй байна. Манай компани нь Хилийн цэргийн 0119 дүгээр ангийн удирдлагуудтай уулзаж ярилцсанаар 2018 оны 05 дугаар сараас 08 дугаар саруудад 2018 оны 05 дугаар сард 7,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сард 7,000,000 төгрөг, 2018 оны 07 дугаар сард 7,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сард 9,905,340 төгрөгөөр үлдэгдэл төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш ХХК нь хариуцагч Д.Л д холбогдуулан бараа нийлүүлэлтийн төлбөр 30,905,340 төгрөг, үнийн хямдрал болох 2,249,100 төгрөг, нийт 33,154,440 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг сольж хариуцагчаар Н ХХК -ийг оролцуулах хүсэлт гаргаж, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан хариуцагчаар Н ХХК -ийг оролцуулах захирамж гаргасан.
Хариуцагч Н ХХК нь барааны үлдэгдэл төлбөр 30,905,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Ш ХХК болон Н ХХК нь 2017 оны 04 сарын 20-ны өдөр 2017-3 дугаартай “Нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу Ш ХХК нь нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, Н ХХК нь авсан бүтэээгдэхүүний төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. /хх-6-7/
Гэрээний дагуу Ш ХХК нь Н ХХК -д дизелийн түлш 22,491 литрийг нэг литрийн үнийг 1,800 төгрөгөөр, А-80 бензин 12 литрийг нэг литрийн үнийг 1,670 төгрөгөөр, тосол 10 литрийг нэг литрийн үнийг 4,000 төгрөгөөр, гидрийн шингэн 67 литрийг нэг литрийн үнийг 4,500 төгрөгөөр, супер масло 8 литрийг нэг литрийн үнийг 7,500 төгрөгөөр тооцон, нийт 40,905,340 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. Н ХХК нь бүтээгдэхүүн авсан талаар маргаагүй бөгөөд бүтээгдэхүүний төлбөрт 40,905,340 төгрөг төлөхөөс 2017 оны 09 сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 30,905,340 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрсөн.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ш ХХК нь нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр 30,905,340 төгрөгийг хариуцагч Н ХХК -аас шаардах эрхтэй.
Хариуцагч Н ХХК нь авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 30,905,340 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд харин үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.
Нэхэмжлэгч нь”...түлшний үнийг орон нутгийн зах зээлийн ханшнаас 100 төгрөгийн дутуугаар тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан боловч төлбөрөө хугацаандаа төлөхгүй компанийн эргэлтийн хөрөнгийг хохиролд оруулсан гэх үндэслэл заан үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Зохигчдын хооронд 2017 оны 04 сарын 20-ны өдөр байгуулсан 2017-3 дугаартай “Нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3-т “1л түлшний үнэ 1,800 төгрөг бөгөөд дээрх үнэд НӨАТ орсон болно” гэж заасан байх бөгөөд зохигчид түлшний үнийг 1,800 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна. Уг гэрээнд төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд төлбөрийг хэрхэн тооцох талаар тусгаагүй байна. /хх-6-7/
Нэхэмжлэгч нь хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөлгүй компанийн эргэлтийн хөрөнгийг хохиролд оруулсан үндэслэлээр үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй олох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлсон бөгөөд үүрэг гүйцэтгэхтэй холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах болохоос таамаг, тооцоонд үндэслэгдэн тодорхойлогдох боломжгүй юм. Зохигчдын хооронд байгуулсан гэрээгээр түлшний үнийг 1,800 төгрөг байхаар тохиролцсон байх бөгөөд хариуцагч төлбөрөө хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй байх тул хариуцагч Н ХХК -аас үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н ХХК -аас бараа нийлүүлэлтийн төлбөр 30,905,340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үнийн хямдрал болох 2,249,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Н ХХК -аас бараа нийлүүлэлтийн төлбөр 30,905,340 /гучин сая есөн зуун таван мянга гурван зуун дөчин/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үнийн хямдрал болох 2,249,100 /хоёр сая хоёр зуун дөчин есөн мянга нэг зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 323,723 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК -аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 312,477 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш ХХК -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР