| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдонгийн Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2017/05078/и |
| Дугаар | 799 |
| Огноо | 2018-03-06 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 799
| 2018 оны 03 сарын 06 өдөр | Дугаар 101/ШШ2018/00799 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Н /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т ХХК -д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,532,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Д.Н нь Т ХХК -д заслын инженер албан тушаалд 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаж байсан болно. Улмаар Т ХХК -ийн захирал Э*******ийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2015/08 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн дугаар 1454 магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хүралдааны 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2016/01253 тоот тогтоолоор ажилд эгүүлэн тогтоолгохоор шийдвэрлүүлж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай гэрээ байгуулан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгээд байгаа билээ, Гэвч Т ХХК нь 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот ажилд эгүүлэн томилох тухай захирлын тушаалыг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байцаагч Б*******д өгсөн гэж тус байцаагч тайлбарлах бөгөөд Н******* миний бие 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тушаалтай танилцсан болно. Иймд хуульд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу 2016 оны 06 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар 101/ШШ2016/04934 Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхаи шатны шүүхийн шийдвэрээс 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт ажлын 348 хоногийн цалин болох 20,532,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхээр нэхэмжлэл гаргаж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Д.Н гаас Твайлайт констракшн ХХК-г хариуцагчаар татсан, ажилгүй байсан 348 хоногийн цалин 20,532,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бид хүлээн авч танилцпаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.Н гийн ажлаас үндэслэлгүй халагдсантай холбоотой маргаан нь өмнө нь шүүхээр шийдэгдэж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 1454 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 001/ХТ2016/01253 тоот тогтоолоор Т ХХК -ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны 10,443,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх шийдвэр гарсан. Үүний дараа компанийн нягтлан Н.Л 99218909 дугаараас Д.Н гийн 99195687 дугаарт залган ажилд нь оруулахаар дуудахад “ажилд буцаж орохгүй, мөнгийг минь л өгчих” гэсэн. Д.Н нь 2017 оны 01 сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр өргөдөл гаргахдаа зөвхөн шүүхийн шийдвэрийн дагуу мөнгөө авахаар хандсан байдаг. Мөн 2017 оны 9 сарын 18-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хандаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгах өргөдөл гаргахдаа ч “шүүхийн шийдвэрийн дагуу үлдэгдэл мөнгийг, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу суутган дэвтэрт бичилт хийлгэж баталгаажуулсан тохиолдолд өөр нэхэмжлэх зүйлгүй тул гүйцэтгэх баримт бичгийг хаах” агуулга бүхий өргөдөл гаргаснаас үзэхэд нэхэмжлэгч зөвхөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө л авах сонирхолтой, ажилдаа эргэж орох хүсэл анхнаасаа байхгүй байсан. Гэтэл одоо дахин 348 хоногийн 20,532,000 төгрөгийг Т ХХК -аас гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж бид үзэж байна. Бид өмнөх шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн, шүүхийн шийдвэрт заасны дагуу ажилдаа буцаж орохоос нэхэмжлэгч өөрөө татгалзсан байхад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг дахин өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Т ХХК -д холбогдуулан 2016 оны 06 сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,532,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Д.Н нь Т ХХК -д барилгын инженерээр ажиллаж байгаад тус компанийн захирлын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 2015/08 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дугаар шийдвэрээр Д.Н г Т ХХК -ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,443,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 1454 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хүралдааны 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 001/ХТ2016/01253 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. /хх-4-11/
Нэхэмжлэгч Д.Н нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 01 сарын 10-ны өдөр хандаж, 2017 оны 01 сарын 11-ний өдрийн 17260293 дугаар “Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэх тухай тогтоол” гарч ажиллагаа хийгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч Д.Н 2017 оны 09 сарын 18-ны өдөр хүсэлт гаргаж, 2017 оны 10 сарын 26-ны өдрийн 10/1159 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол”-оор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шүүхийн шийдвэрт заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,443,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх ажиллагаа хийгдсэн талаар зохигчид маргаагүй. /хх-37-44, 57-61/
Нэхэмжлэгч нь 2016 оны 06 сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,532,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь Т ХХК 2017 оны 03 сарын 01-ний өдрийн 02 тоот ажилд эгүүлэн томилох тухай захирлын тушаалыг 2017 оны 09 сарын 15-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байцаагч Б*******д өгсөн гэж тус байцаагч тайлбарласан бөгөөд Д.Н миний бие 2017 оны 09 сарын 26-ны өдөр тус тушаалтай танилцсан тул хуульд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй” гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарласан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу ажилтан ажилд эгүүлэн тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.
Т ХХК -ийн захирлын 2017 оны 03 сарын 01-ний өдрийн 02 дугаар “Ажилд эгүүлэн томилох тухай” тушаалаар Д.Н г 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс Барилгын засал чимэглэлийн инженерийн ажилд эгүүлэн томилсон байна. /хх-12/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 4/4125 дугаартай албан бичигт “...Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар шүүхийн шийдвэрт дурдсан төлбөрийн мөнгийг гаргуулан төлбөр авагчид шилжүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж Д.Н гийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон. Төлбөр авагч Д.Н нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай хүсэлт гаргаагүй, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ажилд орохгүй талаар шийдвэр гүйцэтгэгчид амаар тайлбар гаргасан тул ажилд эгүүлэн тогтоолгох ажиллагаа хийгдээгүй болно” гэжээ. /хх-57/
Нэхэмжлэгч Д.Н нь уг тушаалын талаар 2017 оны 09 сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс мэдсэн гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дугаар шийдвэрээр Д.Н г ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд Т ХХК -ийн захирлын 2017 оны 03 сарын 01-ний өдрийн 02 дугаар “Ажилд эгүүлэн томилох тухай”тушаалаар Д.Н г 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрх зөрчигдсэн хэвээр байсан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Н нь 2017 оны 03 сарын 01-ний өдрөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэх эрхтэй байх боловч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,532,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул уг олговортой холбоотой нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Т ХХК -аас 2016 оны 06 сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,532,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК -д холбогдох 2016 оны 06 сарын 24-ний өдрөөс 2017 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 20,532,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Д.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 90 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч Д.Н д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР