Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 00001

 

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт  оршин суух, Ж овогт Ч.Б /-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р. С төлөөлөн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1975 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр суманд багт оршин суух, П овогт Ч.Бд холбогдох,

Хууль бус эзэмшлээс автомашин болон бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00446/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Ган-Очир, гэрч М.Лхагважав, Б.Нямаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Төлөөлөн нэхэмжлэгч Р.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь 2013 оны 07 дугаар сард УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашиныг худалдаж авсан юм. Ч.Б нь уг автомашиныг байнга унаж хэрэглэдэггүй байсан тул түүний хуучин нөхрийн дүү Ч.Б нь та автомашинаа надад хэрэглүүлж бай би хөдөө гадаа мал хуй гэж их явдаг учраас автомашины хэрэгцээ их байна. Би таньд автомашиныг чинь хэрэглэсэнийхээ төлөө хөлс төлнө гэж гуйж авсан байдаг. Ч.Б нь 2014 онд нөхөр болох Чойжилын Батсүхтэй гэрлэлтээ цуцлуулж тус тусдаа амьдрах болсон бөгөөд тухайн үед гэрлэлт цуцлахад тус тусын хөрөнгөө хувааж авч эд хөрөнгийн асуудлаар эвлэрч шүүхээр шийдвэрлүүлсэн. Ч.Б нь өөрийн өмч хөрөнгө болох УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашиныг хариуцагч Ч.Бөөс авахаар удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөхгүй байгаа болно. Маргаан бүхий УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашин нь нэхэмжлэгчийн эзэмшилд байхгүй байгаа тул "ФЕЙР ВАЛУЭШН" ХХК-иас гаргаж өгсөн зах зээлийн үнэлгээгээр дээрх эд хөрөнгийг үнэлж шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д "Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй" гэж заасны дагуу өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн авто машин болон холбогдох бичиг баримтыг Ч.Бөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б миний бие 2013 оны 2 дугаар сард Улаанбаатар хотод оршин суух О.Өнөрбат гэх танилаасаа УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашиныг  ууцны 2 хонь, 9.800.000 төгрөгийг Гаанжуурын Баттулга гэгчийн дансруу хийж худалдан авсан. Машины бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүй явж байсан. Учир нь нэгдүгээрт Улаанбаатар хот орж бичиг баримтаа өөрийн нэр дээр болгох завгүй, хоёдугаарт УБС 47-47 гэх улсын дугаарыг авч үлдэхийн тулд Улаанбаатар хотод харъяалалтай байх шаардлагатай болж тухайн үед миний бэр эгч байсан Ч.Бы нэр дээр машины бичиг баримтаа 2013 оны 7 дугаар сард  шилжүүлэн авсан юм. Машины үнийг би өөрөөсөө 100% мөнгийг нь гаргаж төлсөн бөгөөд Ч.Б эгчээс нэг ч төгрөг  гаргуулаагүй. Би 2017 оны 03 дугаар сард өөрийн унаж байсан "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн авто машиныг М.Лхагважавын “SUBARU FORESTER” маркийн машинаар сольсон. Машины бичиг баримтыг шилжүүлэн өгч чадаагүй байгаа. Машины бичиг баримт нь эгчийн нэр дээр байгаа болохоос биш бүх мөнгийг би өөрөөсөө гаргаж худалдан авсан. Ч.Б эгчийг яагаад ийм асуудал гаргаж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд гэрч М.Лхагважав мэдүүлэхдээ: Миний бие нь 2013 онд  Хутаг-Өндөр суманд үйл ажиллагаа явуулдаг “Жигүүр гранд” зочид буудлын ХАА-н ерөнхий менежерээр ажиллаж байсан. Тэр үед Хутаг-Өндөр суманд 88 км газар зам тавих ажил хийгдэж уг ажлыг хийж байсан компанийн дарга, менежерүүд нь манай буудалд байрлаж байсан. Менежерээр нь  Өнөрбат гэх залуу ажиллаж байсан бөгөөд тэрээр УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашиныг  унадаг байсан. Б Өнөрбаттай машины наймаа хийхээр буудалд ирж уулзаж байсан. Машинаа үзэж хараад 12 сая төгрөгөөр наймаа хийхээр тохирч байсан. Дараа нь машины кришиг нь эвдэрч дуу орсон байна гээд машины үнийг буулгасан байх. Би машиныг нь унаж үзэж байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сард Бийн машиныг өөрийн “SUBARU FORESTER” маркийн машинаар сольж авсан. Машины бичиг баримт түүний бэр эгч Баянцагааны нэр дээр байдаг. 2017 оны хавар сар шинийн баярын дараа УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашиныг  унаж хот ороод засвар үйлчилгээ хийлгэчихээд буцаж явахдаа Булган аймгийн төвд Баянцагаантай уулзахаар гэрт нь очиход тэр гарч ирээгүй. Утсаар нь ярьж машины бичиг баримтыг шилжүүлэх талаар хэлэхэд завтай үедээ ирээд шилжүүлж аваарай гэж хэлж байсан. Б Өнөрбат нар мөнгөө өгч авалцаж байхыг нь хараагүй. Харин машиныг авах гэж байхад нь би унаж үзээд боломжийн машин байна гэж хэлж байсан гэв.

Гэрч Б.Нямаа  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд манай компани Хутаг-Өндөр суманд зам тавихаар ирж ажиллаж байсан бөгөөд УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашин нь манай захирал Өнөрбатын машин  байсан бөгөөд би уг машины жолоочоор ажиллаж байсан. Замын ажил дуусаад явахдаа Өнөрбат захирал уг машиныг Б гэж хүнд зарахаар тохирч байсан. 10 гаран сая төгрөгөөр зарахаар тохирч 2 ууцны хонийг би Бөөс аваад хот руу оруулж байсан. Би Өнөрбат захирлын машины жолооч байсан тул энэ талаар сайн мэдэж байна. 2012 оны намар шиг санаж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С нь Ч.Бийн хууль бус эзэмшлээс УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн  автомашин болон түүний бичиг баримтыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ч.Б нь маргаан бүхий машиныг худалдан авахдаа бичиг баримтыг Ч.Бы нэр дээр шилжүүлсэн боловч өөрийн хөрөнгөөр худалдан авсан, миний эзэмшлийн машин тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа, Тээврийн хэрэгслийн бүртгэх маягтаас үзвэл  2013 оны 7 дугаар сарын 9-ний өдөр маргаан бүхий автомашин, түүний тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг О.Өнөрбатаас Ч.Бы нэр дээр шилжүүлж дээрх автомашины эзэмшигчээр Ч.Б бүртгэгдсэн  болох нь тогтоогдож байгаа хэдий ч бодит байдалд хариуцагч Ч.Б нь 2013 оны 2 дугаар сард О.Өнөрбатаас УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн  автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, 9 800 000 төгрөгийг дансаар шилжүүлж, 2 ууцны хонь өгч худалдан авсан болох нь хариуцагчийн тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч М.Лхагважавын “...2013 онд  Өнөрбат гэх залуу УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашиныг  унадаг байсан. Б Өнөрбаттай машины наймаа хийхээр буудалд ирж уулзаж байсан. Машинаа үзэж хараад 12 сая төгрөгөөр наймаа хийхээр тохирч байсан. Дараа нь машины кришиг нь эвдэрч дуу орсон байна гээд машины үнийг буулгасан байх” гэх мэдүүлэг, гэрч Б.Нямаагийн “...УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашин нь манай захирал Өнөрбатын машин  байсан бөгөөд би уг машины жолоочоор ажиллаж байсан. Замын ажил дуусаад явахдаа Өнөрбат захирал уг машиныг Б гэж хүнд зарахаар тохирч байсан. 10 гаран сая төгрөгөөр зарахаар тохирч 2 ууцны хонийг би Бөөс аваад хот руу оруулж байсан. Би Өнөрбат захирлын машины жолооч байсан тул энэ талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, Ч.Бийн ХААН банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр нотлогдож байна. /хх-ийн 21/

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д “гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно“ гэж зааснаар хариуцагч Ч.Б нь  маргаан бүхий УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн автомашины өмчлөгч гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь уг маргаан бүхий автомашины эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа боловч уг машиныг хэзээ, хэнээс, хэдэн төгрөгөөр худалдан авсан талаараа нотолж чадаагүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд Ч.Бийн хууль бус эзэмшлээс УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн  автомашин болон түүний бичиг баримтыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ч.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд оролцохгүй, өмгөөлөгчөө оролцуулахаар хүсэлт гаргасныг өмгөөлөгч уламжилж, хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч.Бийн эзэмшлээс УБС 47-47 улсын дугаартай "ТОҮОТО LAND CRUISER 80” маркийн  автомашин болон түүний бичиг баримтыг гаргуулахыг хүссэн Ч.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206950 /хоёр зуун зургаан мянга есөн зуун тавь/  төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН