| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00425/И |
| Дугаар | 00046 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 00046
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1952 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эмэгтэй, 65 настай, бага боловсролтой, малчин, Булган аймгийн Гурванбулаг суманд оршин суух, Ховогт Г.Д ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1967 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эмэгтэй, 50 настай, дээд боловсролтой, Булган аймгийн Булган суманд оршин суух, Б овогт Л.Д /-д холбогдох,
Хадгаламж барьцаалсан зээл, зээлийн хүү 45 593 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00425/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч Л.Д, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 06 дугаар сарын сүүлчээр Гурванбулаг сумын Хаан банкнаас тэтгэврээ аваад гарч явтал тус банкны эрхлэгч Л.Д цонхоороо хараад та манай өрөөнд ороод ирээч гэж дуудсан. Намайг ороход та 40 000 000 төгрөг зээлдүүлээч гэж гуйхаар нь би яаж тийм их мөнгө чамд өгөх билээ гэхэд ганцхан сар, та хадгаламжаа барьцаалаад аваад өгөөч дээ, би барьцаанд нь 2 сая төгрөг өгье гэж гуйхаар нь надад хадгаламжийн дэвтэр байхгүй, би өгч чадахгүй гэж хэлээд явсан. 6-7 хоногийн дараа утсаар яриад мөнгө зээлдүүлээч 1 сарын дараа найдвартай буцааж өгнө, маргааш машин явуулж таныг авахуулаад мөнгийг чинь авъя гэхээр нь би нэг сарын хугацаатай бол нөхөртөө хэлэлгүй чамд итгээд өгье гэж хэлсэн. Ингээд 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр машинтай хүн манайд ирээд намайг авч явж 40 сая төгрөгөөс 37.0 сая төгрөгийг Адъяадорж, 3.0 сая төгрөгийг Пүрвээ гэдэг хүний данс руу шилжүүлүүлсэн. Түүнээс хойш 2 сар өнгөрсөн боловч мөнгийг маань өгөхгүй болохоор нь түүний ажил дээр 3-4 удаа очиж нэхэхэд мөнгө орж ирэхээр нь өгье гээд байсан. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод хүүгээ хараад байж байтал Л.Д 41.423.000 төгрөгийг бэлнээр авчирч өгөөд наад мөнгөө өгөх юмандаа өгөөрэй гэж хэлээд явсан. Гэтэл 12 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн цагдаагийн газраас хүн хүрч ирээд мөнгийг хураан авч явсан. Тэдгээр хүмүүсийг ирэхэд нь би мөнгийг өгөхгүй гэсэн боловч тэр хүмүүс танд өгсөн мөнгө хууль бус мөнгө, та тэр хүнтэйгээ ярь гээд намайг Дүүрэнжаргалтай яриулахад тэр наад мөнгөө өг гэсэн тул би шууд өгсөн. Тэгээд би бүхэл амьдралынхаа турш хуримтлуулсан мөнгөө хүнд алдсанаа мэдэж түүнийг олгуулж өгөхийг хүсч тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан боловч ямар ч хариу өгөөгүй, шүүхээс намайг дуудаагүй. Ингээд намайг хохирогчоор тогтоогоогүй болохыг шүүхэд ирээд мэдсэн. ХААН банк намайг хадгаламж барьцаалсан зээлээ хаахыг удаа дараа шаардсан боловч би төлөх боломжгүйгээ хэлж Л.Дыг бас төлчих болов уу гэсээр байтал нилээд хугацаа өнгөрч 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр миний хадгаламжаас 45 593 600 төгрөг шилжүүлгээр суутган зээлийг хаасан. Бүх насаараа хуримтлуулсан хөрөнгөөрөө хохирч буй тул зээл түүний хүүд төлсөн 45 593 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний тайлбар шүүхэд өгсөн тайлбартай ижил. Чойжамцын Шинэтуул гэгч нь 2015 оны 06 дугаар сарын сүүлээр надруу утсаар ярьж Пүрвээ гуайд мөнгийг нь өгөх гэсэн чинь миний мөнгө 7 дугаар сарын сүүлээр бүтэх гээд байна. Чи түр зуур Пүрвээ гуайд 40 сая төгрөг олоод өгч байгаач гэсэн. Би юу гэж тийм их мөнгө олох бэ, чадахгүй харин чамаас би мөнгөө хурдан авах хэрэгтэй байна гэж хэлэхэд Шинэтуул бүх мөнгийг чинь өгөх найдвартай болоод байна. Наадмаас өмнө наад тал нь 600 сая төгрөг бүтэх боломжтой, чи айлтүй энэ удаа Пүрвээ гуайд мөнгө олоод өгчих, би чамайг алахгүй чиний болон наад мөнгийг чинь өгнө, нэг ч хүнд өргүй болох гээд байна гэж үнэмшмээр яриад байсан. Би эргэлзэж байсан бөгөөд Шинэтуулыг дахин дахин яриад байхаар нь өөрөө ч мөнгөө олж авна гэж бодоод Долгорсүрэн гуайг явж байхаар нь тун удахгүй буцаагаад өгнө, та мөнгө зээлээч гэж хэлсэн. Би Шинэтуул руу дахин ярьж баараггүй бүтнэ биз гэхэд наадмаас өмнө 4-5-ны өдөр гэхэд бүтнээ, санаа зоволтгүй гэсэн. Дараа нь би Пүрвээ гуайд Долгорсүрэн гуайгаас мөнгөө аваарай, Шинэтуул дараа нь өгнө гэсэн гэж хэлсэн. Би энэ хүмүүсийн дунд нь хэлж, ярьж өгсөн юм. Би 07 дугаар сарын 01-нд Булган явж Хөвсгөл далайд амрахаар ажлынхантайгаа явсан. Намайг 7 хоног амраад ирэхэд Г.Д гуай Пүрвээ гуайд мөнгө шилжүүлж өгсөн байсан. Долгорсүрэн гуайд удахгүй буцааж өгнө гэж хэлсэн болохоор мөнгийг нь бүрэн бүтэн хурдан олж өгөх ёстой, энэ хүний итгэлийг алдаж болохгүй гэж бодож байсан. Би Хөвсгөлд амарч ирсэн өдрөөсөө эхлэн өдөр бүр Шинэтуултай ярьж Г.Д гуайн мөнгийг эхлээд хурдан өгөөч гэж хэлэхэд мөнгө бүтэх гэж байна л гээд байсан. Би сүүлдээ хагас бүтэн сайн өдөр бүр хот орж уулзаж байсан. Сүүлдээ Шинэтуул утсаа авахаа больж, очихоор зугтаад олдохгүй болчихдог, намайг буцаад нутагтаа ирэхээр утсаар залгаад мөнгө олдох гэж байна гэж хэлдэг байсан. Г.Д гуай нөхөртэйгээ төв орж ирээд надтай уулзахад нь тухайн үед байсан 2 /хоёр/ сая төгрөгөө нутгийн хүнийг өрөвдсөндөө өгсөн. Г.Д гуай бид хоёр хоёулаа удахгүй мөнгө авна гэсэн ойлголттой байсан болохоор барьцаа болон бусад зүйлийн тухай тодорхой яриагүй байсан. Шинэтуулд итгэсэнээсээ болж өөрийн эрүүл мэнд, ажил төрөл, нэр хүнд, гэр орон, эрх чөлөө бүгдээ алдсан. Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Г.Д гуайн хотод байдаг гэрийн гадаа очиж 40.0 /дөчин/ сая төгрөг, түүний тухайн хугацаанд бодогдох хүү 1 423 000 төгрөг бүгд 41 423 000 төгрөгийг өөрт нь өгөөд, та өгөх юмандаа хурдан өгөөрэй. Эсвэл хүүхдийнхээ нэр дээр өөр банкинд ч болов хийгээрэй гэхэд Г.Д гуай “за” гэж хэлж байсан. Мөнгө өгсний дараагийн /11 дүгээр сарын 29,30-ны/ өдрүүдэд Г.Д гуай руу ярьж мөнгөө юмандаа өгсөн үү, хурдан өгөх юмандаа өг гэж хэлсэн. Би Г.Д гуайн мөнгийг өгөх гэж буруу зөв бодон үнэн сэтгэлээсээ хичээсэн.
Тэр өдөр Шинэтуул Г.Д гуайд мөнгийг нь аваачиж өг гэсний дагуу би Г.Д гуайд аваачиж өгсөн. Шинэтуул надад болон Г.Д гуайд өглөгтэй гэдгээ сайн мэдэж байгаа, мөнгийг Шинэтуул төлөх ёстой. Шинэтуулыг хамтран хариуцагчаар татснаар энэ хохирол бодитойгоор төлөгдөх байсан. Энэ нэхэмжлэлийн хариуцлагыг би ганцаараа хүлээхгүй, Шинэтуулыг хамтран үүрэг гүйцэтгэгч, хариуцагчаар татаж хэргийг шийдэх нь зөв гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Г.Д нь Л.Даас хадгаламж барьцаалсан зээл 45 593 600 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Л.Д нь Ч.Шинэтуул 40 000 000 төгрөг олж Пүрвээ гуайд өгчих гэсний дагуу Г.Д гуайгаас мөнгө зээлдүүлэх талаар хэлэхэд тэрээр хадгаламж барьцаалсан зээл авч Пүрвээд өгсөн, би Г.Дгээс мөнгө аваагүй, нэг ч төгрөг авч хэрэглээгүй тул Ч.Шинэтуул зээлийг хариуцан төлнө гэж маргажээ.
2015 оны 6 дугаар сарын сүүлээр хариуцагч Л.Д нь Г.Дгээс 40 000 000 төгрөг зээлдүүлж, Пүрвээд өгөх талаар хүсэлт удаа дараа тавьснаар Г.Д нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр ХААН банкан дахь өөрийн эзэмшлийн хадгаламжаа барьцаалан 40 000 000 төгрөгийн зээл авч уг мөнгийг Пүрвээ, Адъяадорж нарын данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 4, 41, 60-61/
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно“ гэж заасан ба хүсэл зоригийн илрэл нь хэлцлийн хэлбэрээр илрэн гардаг учиртай бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзнэ” гэжээ.
Л.Д нь сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж түүнийг Г.Д хүлээн зөвшөөрснөөр 40 000 000 төгрөгийг зээлдүүлэхээр харилцан тохиролцож амаар хэлцэл хийсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл талууд хэлцлийн гол нөхцлийн талаар харилцан тохиролцож, зээлийн гэрээг амаар хийсэн гэж үзэхээр байна.
Хариуцагч Л.Д мөнгө зээлэх талаар хэлцэл хийгээгүй, 40 000 000 төгрөгийг аваагүй тул хариуцан төлөхгүй гэж маргаж байгаа хэдий ч энэ нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Долгорсүрэн гуайг явж байхаар нь тун удахгүй буцаагаад өгнө, та мөнгө зээлээч гэж хэлсэн. ...Дараа нь би Пүрвээ гуайд Долгорсүрэн гуайгаас мөнгөө аваарай, Шинэтуул дараа нь өгнө гэсэн гэж хэлсэн. ...Би 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө Г.Д гуайн хотод байдаг гэрийн гадаа очиж 40 000 000 төгрөг, түүний тухайн хугацаанд бодогдох хүү 1 423 000 төгрөг бүгд 41 423 000 төгрөгийг өөрт нь өгөөд, та өгөх юмандаа хурдан өгөөрэй гэж хэлсэн” гэх тайлбар, нэхэмжлэгч Г.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Л.Д намайг 40 000 000 төгрөг зээлдүүлээч гэж гуйхаар нь би …надад хадгаламжийн дэвтэр байхгүй, би өгч чадахгүй гэж хэлээд явсан. ....дараа нь утсаар яриад мөнгө зээлдүүлээч 1 сарын дараа найдвартай буцааж өгнө, маргааш машин явуулж таныг авахуулаад мөнгийг чинь авъя гэхээр нь итгээд өгье гэж хэлсэн. ...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Л.Д 41 423 000 төгрөгийг бэлнээр авчирч өгөөд наад мөнгөө өгөх юмандаа өгөөрэй гэж хэлээд явсан” гэх тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 15/259 дугаартай хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ, нэхэмжлэгч Г.Дгийн эрүүгийн хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн ХААН банкны 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 29/9370 дугаартай хүсэлт, Г.Дгээс хураан авсан 41423000 төгрөгийг ХААН банкны 5000000015 тоот түр дансанд тушаасан тухай орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Д нь 40 000 000 төгрөгийг аваагүй, хэлцэл хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь дээрх нотлох баримтуудаар няцаагдаж байна. /хх-ийн 4, 6-8/
Мөн хариуцагч Л.Д нь Ч.Шинэтуул 40 000 000 төгрөгийг авсан, тэрээр хариуцан төлнө гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч Г.Д, Ч.Шинэтуул нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлэх талаар харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Г.Дгийн хадгаламж барьцаалсан зээлийн хугацаа 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдөр дуусч түүний хадгаламжийн данснаас 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 45593641 төгрөгийг татаж, зээлийг төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, түүний хадгаламжийн дэвтрээр тогтоогджээ.
Талууд 40 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон атлаа Л.Д нь хугацаа хэтрүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 41 423 000 төгрөгийг Л.Долгорсүрэнд өгсөн боловч уг мөнгийг хураан авч ХААН банкны 5000000015 тоот түр дансанд тушааж Г.Дгийн хадгаламж барьцаалсан зээл төлөгдөхгүй нөхцөл байдал үүсч зээлийн хүүгийн төлбөр нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Л.Д нарын хооронд амаар хийгдсэн зээлийн гэрээний хугацааг хариуцагч Л.Д хэтрүүлж зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс нэхэмжлэгчид Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хохирол учирсан гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Л.Даас зээл, хүү 45 593 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дд олгох зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д заасныг баримтлан хариуцагч Л.Даас 45 593 600 /дөчин таван сая таван зуун ерэн гурван мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Дд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 385918 /гурван зуун наян таван мянга есөн зуун арван найман/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 385918 /гурван зуун наян таван мянга есөн зуун арван найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН