| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 105/2019/0404/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2019-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 479
А.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Цэрэнжамц,
хохирогч С.Сэлэнгэ, түүний өмгөөлөгч О.Цэвэлмаа,
нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Б-д холбогдох эрүүгийн 1806093080376 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Боржигин овгийн А.Б-, 1997 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Баянзүрх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
А.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 7-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 25 дугаар гудамжны 687 тоотод буюу өөрийн гэртээ найз эмэгтэй гэх С.Сэлэнгэтэй маргалдан зүүн хацар луу нь алгадаж, үснээс нь чирч, жижиг өрөөнд байх орон дээр хэвтүүлэн цээжин дээр нь хоёр өвдгөөрөө дарж, зүүн шанаанд нь зөөлөн эдийн няцрал, цээжинд нь цус хуралт бүхий гэмтэл учруулсан,
мөн 2018 оны 11 дүгээр сарын 9-ний орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 25 дугаар гудамжны 687 тоотод буюу өөрийн гэртээ найз Чинзоригтой маргалдах явцад найз эмэгтэй С.Сэлэнгэ маргааныг таслан зогсоох гэж дундуур нь ортол нүүр лүү нь харж байгаад нүүр хэсэгт нь баруун гараараа цохиж, баруун хөл рүү нь өшиглөж, түлхэж унагаан тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал цус хуралт, зүүн шуу, баруун өвдөгний цус хуралт бүхий гэмтлийг үргэлжилсэн үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, А.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.Б-гаас 719.554 төгрөгийг гаргуулан хохирогч С.Сэлэнгэд олгож, А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Б- гаргасан давж заалдах гомдолдоо: “...миний бие найз охин гэх С.Сэлэнгэтэй 2 жилийн хугацаанд үерхсэн. Ихэвчлэн энэ хүн манай гэрт эсвэл өөр газар над дээр ирж уулздаг байсан. Бид хоёрын хооронд аливаа хэрүүл маргаан болоход түүний үндэслэлгүй хардалт нөхцөл байдлыг хүндрүүлдэг байсан. Гэвч би өөрийн алдаа дутагдлыг ойлгож, энэ хэргийн улмаас шүүхээр ял шийтгүүлж байгаадаа харамсаж байна. Шүүх хуралдаанаас хойш энэ хүнтэй үерхэж нөхөрлөхөө больсон. Иймд миний хувийн байдлыг харгалзан хохирлын дүнгээс хасаж, торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч А.Б-гийн өмгөөлөгч Д.Саранчимэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолд А.Б-гаас 719.554 төгрөг гаргуулахаар заасны зарим хэсгийг буюу 128.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин үлдэх 591.554 төгрөгийн хохирлыг тодорхойлсон баримтууд нь гарын үсэг, тамга тэмдэггүй, зориулалт нь тодорхой бус, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг хохирлыг хасаж тооцож өгнө үү. Мөн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, А.Б-д оногдуулсан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.
Хохирогч С.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Хохирогч С.Сэлэнгийн өмгөөлөгч О.Цэвэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч А.Б- хохирогч С.Сэлэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял оногдуулсан тул хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хохирлын баримтуудыг хуулийн дагуу бүрдүүлсэн, үнэлэх боломжтой тул хохирлын дүнгээс хасаж тооцох боломжгүй. Тодруулбал “Манал Оточ” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтад эмчлэгч эмчийн гарын үсэг, тамга дарагдсан байгаа. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгон, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Г.Цэрэнжамц тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 7, 9-ний өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз эмэгтэй гэх С.Сэлэнгэтэй маргалдах явцдаа түүнийг зодож, биед нь хөнгөн гэмтлүүд учруулсан болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүх түүнийг үргэлжилсэн үйлдлээр хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэсэн. А.Б-, С.Сэлэнгэ нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс биш болох нь тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогчийн буруутай ажиллагаа, хардалт нөлөөлсөн байж болзошгүй байдлыг харгалзан шүүгдэгчийг 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх уг саналын хүрээнд шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
А.Б- нь 2018 оны 11 дүгээр сарын 7, 9-ний өдрүүдэд өөрийн гэртээ бусадтай нийлэн архидан согтуурсан үедээ, найз эмэгтэй С.Сэлэнгэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн шанаа, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээж, баруун өвдөг, зүүн шууны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.
Хохирогч С.Сэлэнгэ нь “...2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр найз залуу Б-гийн гэрт 0,75 литрийн архи авч орсон. Дараа нь Шагдар ирээд хувааж уусан. Б-г урьдын хүүхэнтэйгээ уулзсан талаар муудалцаж хэрэлдэхэд ... миний зүүн талын шанаа руу хүчтэй цохиж, үснээс чирч, орон дээр хэвтүүлээд цээжин дээр хоёр өвдгөөрөө дарсан. Маргааш нь миний бие их өвдсөн. 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Шагдар, Б-, Чинзориг бид дөрөв хамтдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэр үед Б- нь Чинзоригтой маргалдаад байхаар нь би боль гэж хэлэхэд миний нүүр хэсэгт баруун гараараа цохиж, баруун хөл рүү өшиглөж түлхэж унагаасан...” /хх-ийн 8-19, 135/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:
гэрч Г.Шагдарын “...2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Б- уурлаж босч ирээд Сэлэнгийн зүүн шанаа хэсэгт 1 удаа хүчтэй цохисон. Тэгээд том өрөөний ор луу унагааж дээр нь гарч суугаад хоёр өвдгөөрөө цээж хэсэгт нь дарсан... маргааш нь Сэлэнгэ толгой өвдөөд байна гээд орноос босоогүй өдөржин хэвтсэн. 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгэ, Б- хоёр хоорондоо барилцаж аваад цохилцож байхаар нь Чинзориг бид хоёр очиж салгахад Сэлэнгийн уруул хавдсан цус гарсан, зүүн шанаа нь хавдартай хэвээрээ байсан...” /хх-ийн 109/ гэх,
гэрч С.Цогзолмаагийн “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний шөнө цагдаагийн хэлтэс дээр ирж дүү Сэлэнгээг авахад уруул хэсгээс нь цус гарсан, дух нь хавдсан, эгэм нь хөхөрсөн байдалтай байсан...” /хх-ийн 23-24/ гэх,
гэрч Ө.Энхболдын “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б-гийн гэрт очиход Сэлэнгийн завжнаас цус гарчихсан уйлаад сууж байсан...” /хх-37/ гэх,
гэрч С.Туулын “...2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Б-гийн гэрт очиход Сэлэнгийн баруун завж хэсгээс цус гарсан, үс нь хүнтэй ноцолдсон байдалтай байсан. Тэгэхээр нь асуухад Б- намайг зодсон гэж хэлсэн...” /хх-39/ гэх,
шүүгдэгч А.Б-гийн “...би орон дээр дээрээс нь дарж, хоёр бугуйгаар нь барьж дарсан...” /хх-ийн 134/ гэх мэдүүлгүүд,
хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 13468 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, уг дүгнэлттэй холбогдуулан тайлбар өгсөн шинжээч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 44-46/ зэргээр давхар нотлогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч А.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон бөгөөд үүнээс доогуур ял оногдуулж, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.
Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж, хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогч С.Сэлэнгийн гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, бодит хохирлын дүнг зөв тогтоосон байна.
Харин хохирогч С.Сэлэнгэ нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж дүгнэх үндэслэлгүй тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хохирлын хэмжээг багасгах талаар гаргасан шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 424 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН