Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2020/0785

 

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 16-ны өдөр                    Дугаар                       Улаанбаатар хот

           128/ШШ2020/0785

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: П.А.

Хариуцагч: Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э.

Гомдлын шаардлага: “...Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453051 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч П.А, гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Э, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч П.А шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... “Баргажин барааны тэмдгийг, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан” үндэслэлээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5 дахь заалт зөрчсөн гэж Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний дотор биелүүлэхийг даалгасан. “Шийтгэлийн хуудас”-ын 10 дугаарт “шийдвэрийг зөвшөөрвөл, шийдвэрийг хүлээн авснаас хойш гомдол гаргаж болохыг дурдсугай” гэжээ. Ямар хугацаанд гомдол гаргаж болох хугацааг тэмдэглээгүй байна Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар иргэн Б.Ө, Д.С, Ц.Т нарт барааны тэмдэг эзэмших гэрчилгээ олгосон байна. Уг  гэрчилгээ авсан талаар санаачлагчдад, бүтээгчдэд мэдэгдээгүй. “Барааны тэмдгийн гэрчилгээ”-тэй бүртгэгдсэн болохыг илэрхийлэх таних тэмдэг “Барааны тэмдгийн гэрчилгээ”-г “Наадам зохион байгуулах, үзэсгэлэн зохион байгуулах, спортын тоглоом болон эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, язгуур урлагийн тоглолт зохион байгуулах, сургалт зохион байгуулах, олон улсын наадам зохион байгуулах” зориулалтаар олгосон байна. Барга ястангуудын нийтээр тэмдэглэх наадмыг өмчлүүлж болох эсэх, наадам хийхийг хэн анх санаачилсан, анхны наадмыг хэн зохион байгуулсан, сүлд тугийг хэн санаачилсан зэргийг зөв тогтоож, зөв ойлголцолгүй, юуг үндэслэж дээрх 3 этгээдэд “Барааны тэмдэгтийн гэрчилгээ”-г олгосон болох нь ойлгомжгүй. “Баргажин наадам” нь Оросын Холбооны Улсын Буриад Улсын Багузин, Курумхан аймгийн баргууд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Шинэ барга баруун, зүүн хошуу, хуучин барга хошууны баргууд, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Гурванзагал, Төв аймгийн Сэргэлэн сумын болон бусад олон барга ястан ард иргэдийн уламжлалт зан заншлын арга хэмжээ юм. Энэ 3 хүн “Барааны тэмдгийн гэрчилгээ авахдаа МУЭ-ийн шагналт, зураач МУЭ-ийн дэд даргаар ажиллаж байсан П.Ц гуайн хун шувуун дүрст сүлд бэлэг тэмдэг, баргын “Алтан-Ембүү” наадам хийхийг анх санаачилсан иргэн, анхны наадмыг зохион байгуулсан Засаг дарга нарын оюуны өмчийн хамтын бүтээлийг ашиглан “Барааны тэмдгийн гэрчилгээ"-г нийт баргачуудын сэтгэл санаа болон холбогдох хуульд нийцэхгүй байна.

Хун шувууны дүрсийг Барааны тэмдгийн гэрчилгээ авахаас өмнө санаачлагчид болох өөр иргэд хэлэлцэж, зөвшилцөж гаргаж ирсэн дүрс юм. Монголын Урчуудын Эвлэлийн дэд даргаар ажиллаж байсан, Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач П.Ц дүрсийг зураглан гаргасан юм.

Анхны “Баргажин" нэр яаж бий болсон гэхээр миний бие 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын орлогч, нутгийн зөвлөлийн дарга Б.Ө уулзаж, барга ястны “Алтан-Ембүү” наадам хийлгэх санал тавихад энэ жил буриадын “Алтаргана” наадамтай тул баргын наадам хийхийг аймаг зөвшөөрөхгүй байх. 2007 онд наадам хийхээр санал гаргахаар тохиролцсон. Нэг жилийн дараа 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б.Ө дахин санал тавихад, Засаг даргад санал тавьж ажлын комисс байгуулдаг юм гэсэн. Түүний дараа ажлын комисс байгуулсан эсэх талаар санал асуухад байгуулаагүй байсан. Би Хөлөнбуйр сум явна ирээд яръя гэсэн. Яваад ирэхэд нь уулзахад “Алтан-Ембүү” наадмын талаар ярихад дэмжиж байна. Харин нэрийг нь “Алтан гол" гэж нэртэй наадам хийх боллоо гэж байсан. Хөлөнбуйр сумын Засаг даргаар Б.Батдорж томилогдсоны дараа 2007 оны 7 дугаар сарын сүүлчээр комиссын анхдугаар хурал болж анхдугаар наадам болон билэг тэмдэг, нэр, дараагийн наадмыг хаана хийх тухай ярилцсан. Ингээд наадам зохион байгуулах анхны хуралдаанаар “Баргажин” наадам гэж нэрлэхээр шийдвэрлэгдсэн.

“Баргажин-2007” Хөлөнбуйр суманд “Баргажин-2011" Гурванзагал суманд “Баргажин-2015” Оросын Холбооны Улсын Буриад улсад зохион байгуулагдсан. Энэ үед барааны тэмдгийн гэрчилгээ байгаагүй. “Баргажин-2018” наадам зохион байгуулах явцад төсвөөс өгөх санхүүжилтийг байгууллагын дансанд хийх болсон. Үүнээс болж яаралтай “Олон улсын баргажин наадам” НҮТББ байгуулсан. Энэ байгууллагын зорилго бол хөрөнгө мөнгийг данс бүртгэлтэй байлгах, олон түмний хандив, тусламж, төр засгаас өгсөн санхүүжилтийг зохистой хяналттай зарцуулах зорилготой санхүүгийн хариуцлага сахилга бат, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль дүрэмд нийцсэн хуулиар тавигдсан шаардлагын дагуу байгуулагдсан байгууллага юм.

Би энэ наадмыг зохион байгуулаагүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 28 дугаар тогтоолоор зохион байгуулагдсан. Энэ тогтоолд Ц.Т зохион байгуулах хорооны гишүүнээр ажиллаж байсан. Энэ тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/260 захирамжаар “Баргажин” олон улсын наадмыг зохион байгуулагчаар дэд хорооны гишүүд сонгогдож зохион байгуулсан. Энэ наадмыг зохион байгуулахад Ц.Т олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын асуудлыг хариуцаж дэд хорооны даргаар ажилласан. Би нарийн бичгийн дарга байсан учраас нийт зохион байгуулалтын ажилд хяналт тавих, зарлагын асуудлыг хариуцан ажилласан. “Олон улсын Баргажин их наадам”-ын барааны тэмдгийн ойролцоо утгыг ашигласан гэсэн учир нь энэ наадмыг зохион байгуулахад Ц.Т дарга өөрөө оролцчихоод тухайн үед барааны тэмдгийг би эзэмшдэг, зөвшөөрөл авч наадам зохион байгуулах ёстой гэж хэлээгүй. Тэгтэл наадам зохион байгуулаад дууссаны дараа барааны тэмдэг ашигласан гэж оюуны өмчид хандаж гомдол гаргасан. Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э 01 дүгээр сарын 12-ны өдөр гомдлыг хүлээн аваад 3 дугаар сарын 12-ны өдөр гомдлыг өөрчлүүлж шалгасан. Улсын байцаагчаар ажиллаж байсан Н аймгийн дарга болон холбогдох хүмүүстэй уулзаж шалгасан.  Мөн “Олон улсын Баргажин их наадам” НҮТББ-ын нэрийг ашигласан гэдэг асуудал байгаа. яагаад энэ нэрийг ашигласан бэ? гэхээр бүх мөнгийг бэлнээр авч болохгүй учраас төрийн бус байгууллагыг үүсгэхийг төрийн сан зөвлөсөн. Аймгийн Засаг даргын Тамгын газраас 10 сая төгрөг, 5 сая төгрөг, Боловсрол, шинжлэх ухааны яам 10 сая төгрөг өгсөн. Ингээд тогтоолыг үндэслэж “Олон улсын Баргажин их наадам” НҮТББ-ыг үүсгэн байгуулсан. Энэ наадмыг зохион байгуулахтай холбогдуулж данс мөнгийг төвлөрүүлэх, байгууллагуудад санал хүсэлт тавих асуудлыг би хариуцан ажиллаж байсан. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. “Алтаргана” наадмыг 60 сая төгрөгөөр зохион байгуулсан гэж Улаанбаатар хотоос мэдээлэл авсан. Төрийн бус байгууллагын дансаар 36,611,000 төгрөгийг зарлагдсан. Зарлагын асуудлыг би ганцаар шийдвэрлээгүй. Нэгдүгээр гарын үсгийг би зурсан. Хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч зурсан. Тиймээс би 300,000 төгрөгийн торгууль нь нэр өгсөн, наадам зохион байгуулсан асуудалтай холбоотой гэсэн. Нийт барга үндэстний баяр наадмыг зохион байгуулсны төлөө надад ийм торгууль ногдуулж байгаад гомдолтой байна. Улсын бүртгэлийн газарт 2-3 нэр өгч санал болгосон. Ингээд “Олон улсын Баргажин их наадам” НҮТББ-ыг байгуулах зөвшөөрөл авсан. Барааны тэмдгийн гэрчилгээг өмнө нь авсан талаар мэдээгүй байсан. Улсын байцаагчийн шийтгэлийн хуудсаар л мэдэж авсан. “Шийтгэлийн хуудас”-ын 10 дугаарт Шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш... гомдол гаргаж болохыг дурдсугай гээд ямар хугацаанд гомдол гаргаж болох хугацааг тэмдэглээгүй 300,000 төгрөгийн торгууль тавьсан. Хүчин төгөлдөр биш шийтгэлийн хуудсаар барааны нэрийг ашигласан нэрийн дор 300,000 төгрөгийг торгууль ногдуулж байгаад гомдолтой байна.

Миний хувьд Оюуны өмчийн сайт руу орж мэдээлэл авах чадваргүй. Манай хамт олон бүгдээрээ ярилцаад энэ барааны тэмдгийг ашиглахаар болсон. Хамт олны шийдвэрийн дагуу би ажилласан. Дангаараа бүх асуудлыг шийдвэрлээгүй. Барааны тэмдгийг ашигласны төлөө Ц.Т ямар нэгэн хохирол учраагүй. Тиймээс энэ торгуулийг би төлөх боломжгүй.

Иймд Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1453051 дугаартай “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Барааны тэмдгийг нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан захирал П.А зөвшөөрөлгүй ашигласан. Тиймээс барааны тэмдэг эзэмших эрхийг зөрчсөн гэсэн үндэслэлээр арга хэмжээ авсан байна. Яагаад энэ төрийн бус байгууллагыг байгуулах болсон бэ? гэдэгтэй хамааралтай. 2018 оны 5 дугаар сарын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр Засаг дарга н.Б ахлуулсан “Баргажин” наадмын зохион байгуулах хороо байгуулагдсан. Үүний үндсэн дээр дэмжлэг үзүүлэх тухай Засаг даргын захирамж гарсан. “Баргажин” наадмыг зохион байгуулах 8 хороотой байхаар зохион байгуулсан. Засаг даргын захирамж дээр санхүүгийн зарлага, хяналтын ажлыг зохион байгуулах дэд хорооны даргаар П.А ажиллуулахаар заасан. “Баргажин” наадмын зохион байгуулахад төсвөөс зарцуулагдаж байгаа учраас хөрөнгийн зарцуулалтыг тайлагнаж тайлан гаргах ёстой. Тиймээс албан ёсоор хяналт тавих зорилготой төрийн бус байгууллагыг байгуулах ёстой гэж төрийн сангаас чиглэл өгсөн. Төрийн бус байгууллага нь П.А хувийн байгууллага биш. Наадмын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилготой байгуулагдсан. П.А ганцаар хариуцлага хүлээх ёсгүй. П.Т өөрөө барааны тэмдгийн эзэмшигч юм бол энэ наадмыг зохион байгуулах нэгдүгээр хорооны даргаар ажилласан байж эзэмшигчийн эрхийн дагуу ашиглах талаар нэг ч мэдээлэл өгөөгүй. Оюуны өмчийн газар ч нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй. Өмнөх 3 наадамд хэрэглэсэн нэрийг л ашигласан. Тэрнээс барааны тэмдгийг мэдсээр байж санаатай ашигласан зүйл байхгүй. Бүхий л баримтууд, гэрчүүдийг асуусан атлаа гомдол гаргасан ганцхан тэр этгээдийн мэдээллийг үндэслэн энэ шийдвэрийг гаргасан. П.А хариуцлага хүлээх субъект биш. Зохион байгуулахаар шийдвэр гаргасан хорооны бүрэлдэхүүнүүд /аймгийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, н.Г /, аймгаас зохион байгуулагдсан дэмжлэг үзүүлэх комиссууд бүгд барааны тэмдэг гэж мэдэхгүйгээр хунгийн дүрс, “Баргажин” гэдэг үгийг ашигласан. Бүгд хэлэлцэж асуудлыг шийдвэрлэсэн. Энэ асуудалд Ц.Т өөрөө ч оролцсон. Хамтын шийдвэр гаргаснаараа бүгд буруутай бол ганцхан П.А биш, бүгдэд нь хариуцлага тооцох ёстой” гэв.

Хариуцагч Ч.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Т, Д.С нарын гаргасан гомдлын дагуу Хяналтын улсын байцаагч Н 2019 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу зөрчлийн хэрэг нээж, шалгасан бөгөөд иргэн Б.Ө, Д.С, Ц.Т нар нь Баргажин барааны тэмдгийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн анхдагч огноотойгоор эрхийн хамгаалалт хийлгэсэн байна. Цэнхэр дэвсгэр дээр баргажин гэдэг үгийг хуучин монгол бичгээр бичиж бичгийн дээр хун шувууг байрлуулсан байдаг. Шалгалтаар авагдсан нотлох баримт болон холбогдогч, хохирогч нарын мэдүүлгээр иргэн П.А нь барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийтгэл оногдуулсан.

“Баргажин” барааны тэмдэг, хүчин төгөлдөр барааны тэмдэг юм. Оюуны өмчийн бүртгэлийн санд байгаа. Барааны тэмдгийг буруу олгосон тухай асуудал ярьж байна. Оюуны өмчийн дэргэдэх маргаан шийдвэрлэх комисс болон шүүхэд гомдол гаргаж болно. Одоо хүчин төгөлдөр байгаа барааны тэмдэг ашигласан тухай асуудал яригдаж байгаа. Зөрчлийн хэрэгт байгаа материалд бүх гэрчүүд бүгд “Баргажин” барааны тэмдгийг ашигласнаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Медаль, аннонс гээд бүх зүйл дээр “Баргажин” гэдэг нэрийг ашигласан байдаг. Тэгэхээр ашигласан нь тодорхой.  Энэ нь эрхийн хамгаалалт хийсэн байгаа. Эрхийн хамгаалалт хийсэн хүчин төгөлдөр байгаа барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг хамгаалах нь улсын байцаагчийн үүрэг юм. Энэ үүргийн дагуу зөрчигдсөн эрхийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 300,000 төгрөг торгууль ногдуулсан. Барааны тэмдгийн эрхийн хамгаалалт байдаг талаар эрх эзэмшигч нар яагаад хэлээгүй нь миний оролцох асуудал биш. Төрийн бус байгууллагын нэгдүгээр гарын үсэг зурж байсан хүн нь П.А юм. Төрийн бус байгууллага дээр торгууль тавьсан бол 3,000,000 төгрөг торгууль ногдох байсан. Тийм болохоор нь арай бага 300,000 төгрөгийн торгууль гэж хувь хүн дээр акт тавьсан. Шийтгэлийн хуудасны 10 дугаарт хугацаа заагаагүй. Шүүхэд хэзээ хандах нь нээлттэй байдаг. Төрийн байгууллага заавал хугацаа тавихыг шаарддаггүй. Тиймээс хугацаа бичээгүй. Наадмыг нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага зохион байгуулсан, дарга нь П.А юм. Тиймээс П.А хариуцлагыг ногдуулсан. Надад нэг буруу бий. Түүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь төрийн бус байгууллагад 3 сая төгрөг биш, иргэн П.А 300,000 төгрөгийн торгууль ногдуулсан явдал юм. Гэрчүүдээс авсан мэдүүлэг, болон бусад холбогдох баримтууд хэргийн материалд байгаа. П.А “Баргажин” барааны тэмдгийг ашигласнаа хүлээн зөвшөөрдөг. Барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан нь үнэн. Эрх эзэмшигч барааны тэмдгийг зөвшөөрөх эсвэл хориглох эрхтэй. Гомдлыг зөвхөн эрх эзэмшигч гаргана. Гомдол гаргаагүй бол түүнийг зөвшөөрсөнд тооцдог. Эрх эзэмшигч гомдол гаргасан учраас бид шалгасан.

Иймд гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн П.А шүүхэд хандан “...Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453051 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухайгомдлыг гаргасан ба уг шаардлага бүхий гомдол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

Гомдол гаргагч иргэн П.А зүгээс “ ... барааны тэмдгийг дур мэдэн  ашигласан зүйл байхгүй ба ийнхүү намайг хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, зөрчилд оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлгүй” гэж маргасан бол хариуцагчийн зүгээс “... Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасныг зөрчиж, өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа барааны тэмдгийг олон улсын наадам зохион байгуулахдаа ашигласан гэж үзэж шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

          Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан түүний тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлд: тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4-т: “дараах төрлийн маргааныг анхан шатны шүүх 30 хоногийн дотор шийдвэрлэнэ”, 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.14, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т: “оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ..., 8.3, 8.4, 8.5 дугаар зүйл, 9.10 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг, ... 15.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил”, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т: “оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.14, ... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн маргааны зүйлд хамаарах хуулиудад зохицуулж өгснөөс гадна хариуцагч эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагааг явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

 Д.С, Ц.Т нарын зүгээс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн анхдагч огноотойгоор мэдүүлж, Оюуны өмчийн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/62 дугаар тушаалаар барааны тэмдгийг эзэмших онцгой эрхтэй болж гэрчилгээ авчээ. Уг барааны тэмдгийг буюу лого-г холбогдогч П.А ашигласан хэмээн оюуны өмчийн улсын байцаагч үзэж, зөрчлийн хэргийг үүсгэн шалгасан байна. Хариуцагчийн хариу тайлбарын агуулгаас үзэхэд, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан “барааны тэмдгийг албан бичиг, танилцуулга, бусад баримтад ашигласан бол” барааны тэмдгийг ашигласанд тооцно гэж хуульчилсан ба энэ тохиолдолд гомдол гаргагч /холбогдогч/-ийг “урилга, хөтөлбөр, зурагт хуудас, тамга тэмдэг зэрэгт ашигласан” гэж буруутгаж байна. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан этгээдүүдийн анхдагч огноотойгоор эрхийн хамгаалалт хийлгэсэн цэнхэр дэвсгэр дээр баргажин гэдэг үгийг хуучин монгол бичгээр бичиж, бичгийн дээр хун шувуу байрлуулсан байдаг энэхүү лого-г “Баргажин-IV” олон улсын наадмыг зохион байгуулахдаа эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “Олон Улсын Баргажин наадам” НҮТББ-ын албан хэвлэмэл хуудас, тамга тэмдэг дээр ашиглаж, улмаар зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга П.А гарын үсэг зурж байсан, энэ байдал нь зөрчлийн хэргийг шалгах явцад тодорхой болсон гэжээ.

Ийнхүү Зөрчлийн тухай хуульд харьяалуулан заасан зөрчилд тооцох, шийтгэл оногдуулах замаар шударга ёсыг тогтоохын тулд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.14-т заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяаллын дагуу гүйцэтгэх, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг тогтоох, 4.8 дугаар зүйлд зааснаар зөрчил гарсан байдлыг тодруулахаар холбогдогчоос мэдүүлэг авах, 4.13 дугаар зүйлд зааснаар тэмдэглэл үйлдэх, 2.4 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж шалган шийдвэрлэхдээ хариуцагч оюуны өмчийн улсын байцаагчаас хуулийг зөв тайлбарлаж хэрэгжүүлээгүй, гомдлын шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, Барга угсаатны уламжлалт урлаг соёлын санг баяжуулах, Барга зан үйлийн давтагдашгүй өвийг сэргээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн сурталчлах зорилгоор “Баргажин-IV” олон улсын наадмыг зохион байгуулахаар Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 29 дүгээр тогтоол гарч, уг тогтоолын хавсралтаар зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг батлахад нарийн бичгийн даргаар П.А /Монголын байгаль орчны Иргэний зөвлөлийн Дорнод салбар зөвлөлийн тэргүүн, Чойбалсан хот дахь Хөлөнбуйр сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгч/-ыг, хорооны бүрэлдэхүүнд барааны тэмдэг эзэмшигчийн нэг Ц.Т мөн оржээ. Энэхүү Тэргүүлэгчдийн тогтоолыг болон бусад хууль тогтоомжийг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын 2018 оны А/260 дугаар захирамж гарсан байх ба захирамжийн нэгдүгээр хавсралтаар олон улсын наадам зохион байгуулах дэд хороодыг, хоёрдугаар хавсралтаар төсвийг баталсан байна. П.А нь Засаг даргын захирамж ёсоор Санхүүгийн зарлага, хяналтын ажлыг зохион байгуулах дэд хорооны даргаар /зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга зөвшилцсөнөөр/ томилогдсон байгаа нь энэхүү шийдвэрүүдийн дагуу наадам зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, санхүү, хяналтын ажлыг хариуцсан зохион байгуулах хорооны дэд даргаар гомдол гаргагч ажилласан нь зөрчилд холбогдох үндэслэл болохгүй юм.

Нөгөө талаас маргаж буй лого бүхий барааны тэмдэг нь “Баргажин-IV” олон улсын наадмыг зохион байгуулах явцад уг наадмын хөтөлбөр, урилга зэрэг бичиг баримтууд ашигласан уг наадмыг зохион байгуулж явуулахын тулд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх санхүүгийн үйл ажиллагаатай холбоотойгоор нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг бий болгосон, тухайн байгууллагын хэвлэмэл хуудас, тамга тэмдэг дээр ашигласан гэдэг үйл баримт дээр гомдол гаргагч маргаагүй, харин иргэн буюу хуульд зааснаар хувь хүнийхээ тухайд холбогдох хуулийг зөрчөөгүй гэж маргасан нь үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтан болох улсын ахлах байцаагч барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх зөрчигдсөн, энэ тохиолдолд Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2: “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1: “барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг зөрчсөн нь ...хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснээр арга хэмжээ авах гарсан зөрчлийг таслан зогсоох нь зайлшгүй байна. Гэвч эрх бүхий улсын байцаагч барааны тэмдэг эзэмшигчийн эрхийг хэн зөрчсөн бэ гэх асуудалд хандахдаа хуульд заасан бага мөнгөн дүнтэй торгуулийн арга хэмжээ авч хуулийг хэрэгжүүлсэн нь буруу байна.

Иймд эрх бүхий албан тушаалтан /улсын байцаагч/ зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулахдаа  Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-д: “зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж зааснаар зөрчлийг үйлдсэн субъектийг зөв тодорхойлоогүй, үүгээрээ хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д: “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид нийцсэн байна” гэж зааснаар зөрчилд оногдуулсан шийтгэлийн арга хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохироогүй, зөрчлийн шинжид нийцээгүй, үүгээрээ шударга ёсны зарчмыг хангаж гарахгүйгээр шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус байна гэж шүүх үзлээ.

Маргаан бүхий шийтгэлийн хуудсыг бүрэн гүйцэд, маягтын дагуу бичээгүй гэх, өөрөөр хэлбэл хэзээ хэрхэн яаж гомдол гаргах талаар шийтгэлийн хуудастаа заагаагүй гэх гомдол гаргагчийн тайлбар үндэслэлтэй байгааг, үүнээс гадна гаргасан зөрчлийг “эрхийн хамгаалалтад байгаа барааны тэмдгийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашигласан” гэж тодорхойлсон атлаа Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай, энэ заалт нь эрх эзэмшигчийн шаардах эрх байгааг анхаараагүй, барааны тэмдгийг ашиглах талаар зохицуулсан мөн хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчсөн гэж шийтгэлийн хуудастаа бичээгүй байгааг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2, 1.3 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан иргэн П.А гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1453051 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оюуны өмчийн газраас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагч иргэн П.А олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б