Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2015/0374

 

2015 оны 8 сарын 13 өдөр

 

Дугаар 221/МА2015/0374

 

Улаанбаатар хот

 

 

 

Л.М-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Л.М , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Ө нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.М-ийн нэхэмжлэлтэй, БЗДНДХ т холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Цагдаагийн байгууллага болон Хууль сахиулахын их сургуульд нийтдээ 22 жил, үүнээс эргүүлийн тусгай тасаг, эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороо зэрэг нийгмийн хэв журам хамгаалах албанд цагдаа, эргүүлийн болон хэв журмын офицероор 15 гаруй жил ажилласан. Хамгийн сүүлд Хууль сахиулахын их сургуулийн Ерөнхий эрдмийн сургуулийн албаны бэлтгэлийн тэнхимийн ахлах багшийн албан тушаалд цагдаагийн дэд хурандаа цолтой ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгохоор Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Р.Чингисийн 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 6/322 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн...

 

Ажилласан жилээ тогтоолгож тэтгэвэр болон нэг удаагийн тэтгэмж авахаар БЗДНДХ т хандахад 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно. гэж заасан нь тухайн хуулийг батлагдахаас өмнөх харилцаанд хамаарах эсэх талаар тухайн эрх зүйн харилцаанд оролцогчид буюу миний бие болон БЗДНДХ-ийн удирдлагын хооронд маргаан үүссэн...

 

Хэд хэдэн удаа өргөдөл гаргаснаар буюу 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр БЗДНДХ т дахин өргөдөл гаргаж байж өөрийн зөрчигдөөд буй хууль ёсны эрх ашиг сонирхолтой холбоотой акт буюу БЗДНДХ-ийн даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/842 албан бичгийг гаргуулан, гардан авсан... Иймд, тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 142 дугаар бүхий албан бичиг буюу хууль бус шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгож, цэргийн байнгын тэтгэвэр тогтоож өгөхийг БЗДНДХ т даалгаж өгнө үү... 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19-842 тоот албан бичгийг хүчингүй болгож, ажилласан хугацааг хуульд зааснаар нэмэгдүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч БЗДНДХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хууль сахиулахын их сургуулийн захирлын Б/322 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 38.6 дахь хэсгийг үндэслээгүй, тушаалын 1, 2, 3, 4, 5 дахь заалтад Л.М-ийн цагдаагийн байгууллагад ажилласан 22 жилээс цагдаа, эргүүлийн офицероор ажилласан 15 жилийг 38.6 дахь хэсгийн дагуу нэг жилийг нэг жил гурван сараар нэмэгдүүлэн тооцсон талаар огт дурдаагүй байна. Гэтэл Л.М  нь уг тушаалаар цагдаа, эргүүлийн офицероор ажилласан 15 жилийг дээрх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэмэгдүүлэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн дагуу цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж үзэж байгаа нь эрх зүйн хувьд үндэслэлгүй...

 

Тэтгэврийг тооцож тогтоохгүй байгаа БЗДНДХ-ийн буруу биш, харин Л.М г хууль бусаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2014 оны Б/322 дугаар тушаал байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... Цагдаагийн албаны тухай хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хуучин хуулийг буцааж хэрэглэх үндэслэл байхгүй... Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг Л.М-ийн 1990-1994, 1997-2014 оныг хүртэлх хугацааны ажилласан жилд хэрэглэхгүй. Учир нь, Хууль өргөн мэдүүлэх журмын 12-т зааснаар шаардлагатай тохиолдолд буцаан хэрэглэх тохиолдлыг зааж өгөөгүй... Ажилласан хугацааг нэмэгдүүлэн тооцохгүй... гэжээ.

 

Гуравдагч этгээд ЦЕГ шүүхэд гаргасан тайлбартаа: ...Цагдаагийн албаны тухай хуулийг Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Цагдаагийн алба хаагчийн... эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцох зохицуулалтыг хуульчилсан. Дээрх заалт нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд байгаагүй зохицуулалт юм.

 

Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг буцаан хэрэглэх талаар Цагдаагийн албаны тухай, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тус тус хуульчлаагүй... ЦЕГ-ын дэд даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 3/69 дүгээр албан бичиг нь байгууллага хооронд тодорхой асуудлаар мэдээлэл солилцсон бөгөөд захирамжлалын шинжтэй эрх зүйн акт биш юм. ЦЕГ нь хууль тайлбарлах эрх бүхий субьект биш тул гуравдагч этгээдээр оролцуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1.2, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 1.1, 24 дүгээр зүйлийн 3, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн1, 8 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан цэргийн тэтгэвэр олгуулах агуулга бүхий нэхэмжлэгчид цэргийн албан хаагчийн тэтгэвэр олгох шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, БЗДНДХ-ийн даргын 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 19/842 дугаар бүхий албан бичгийг хүчингүй болгож, БЗДНДХ т нэхэмжлэгч Л.М д цэргийн албан хаагчийн тэтгэвэр олгох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Б.Ө нар давж заалдах гомдолдоо: ...Шийдвэрийн Үндэслэх, Тогтоох хэсгийг бүхэлд нь авч үзвэл иргэн хүссэн цагтаа тэтгэврээ тогтоолгох эрхтэй, Нийгмийн даатгалын байгууллага түүнийг үг дуугүй биелүүлэх үүрэгтэй, Хууль сахиулахын их сургууль Л.М-ийн тэтгэврийг тогтоо гэсэн байхад Нийгмийн даатгалын байгууллага үгүй гэх эрхгүй, энд боломжтой, боломжгүй гэж хууль, дүрэм ярих шаардлагагүй, тэтгэврийг нь тогтоох ёстой гэсэн агуулгаар шийдвэр гаргалаа. Шүүгч хараат бус нэрийн дор хуулиас гадуур, хувийн сонирхлоор илтэд хууль бус шийдвэр гаргаж байгаа юм бол бид хуулийн дор амьдарч, хууль хэрэгжүүлж ажиллаад яах юм бэ. Л.М-ийн хүсэлт, нэхэмжлэлийн дагуу шүүх хурлыг хоёр удаа хийсэн ба эхний шүүх хурлын явцад Г.Сшүүгчийн мэдлэг, ур чадвар сул, нэхэмжлэгч талд илтэд үйлчилж байгаа нь тодорхой байсан тул шүүгчээс татгалзсан хүсэлтийг илгээсэн болохыг уламжилж байна...

 

Нэг. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг /13 дахь хуудас/-т шүүгч НДСОТТТ хуулийн зорилт, ЦАХТТТ хуулийн зорилт, НДСОТТТ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.3, ЦАХТТТ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 заалтуудыг бичээд хооронд нь харьцуулсан бололтой, НДСОТТТ хуулиар Нийгмийн даатгалын байгууллага нь даатгуулагчид тэтгэврийг тогтоох, олгох асуудлыг зохицуулдаг харин ЦАХТТТ хуулиар цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох асуудлыг тэтгэвэр авагчийн алба хааж байсан этгээд буюу байгууллага шийдвэрлэдэг, энэ хоёр хуулийн зохицуулалт хоорондоо зөрүүтэй тул Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д заасны дагуу илүү нарийвчилсан хуулийн зохицуулалт болох ЦАХТТТ хуулийн зохицуулалтыг баримтлах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв гэжээ. /дээрх үндэслэл маш ойлгомжгүй бичигдсэнийг ойлгомжтой болгон бичсэн болно./

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д заасны дагуу Нийгмийн даатгалын байгууллага нь НДСОТТТ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан даатгуулагч иргэнд өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны тэтгэврийг, ЦАХТТТ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоож олгож байна. Даатгуулагч иргэн энгийн, цэргийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ НДСОТТТ хуулийн 24, 25 дугаар зүйлд заасны дагуу гаргана.

 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 163 дугаар тушаалаар Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам батлагджээ. Уг журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д НДСОТТТ хууль, НДСОҮОМШӨТТТТ хууль, ЦАХТТТ хуульд заасан нөхцөл, болзол, журмын дагуу тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянахад энэхүү журмыг баримтална, 1.2-д Энэхүү журмын зорилго нь тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийн бүрдлийг урьдчилан хангуулж, даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох эрх үүссэн үед нь тэтгэвэр, тэтгэмжийг хуульд заасан хугацаанд хөнгөн шуурхай тогтооход оршино. гэж заасан. ЦАХТТТ хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тэтгэврээ тогтоолгох цэргийн албан хаагчийн хүсэлтийг дээрх хуулийн зохицуулалтад хамааруулж ойлгоно.

 

Энгийн байгууллагад ажилласнаар тэтгэврээ тогтоолгох иргэний нас, ажилласан хугацаа, тэтгэврийг тооцох хувь, цэргийн байгууллагад ажилласнаар тэтгэврээ тогтоолгох цэргийн албан хаагчийн нас, ажилласан хугацаа, тэтгэврийг тооцох хувь зэрэг нь ялгаатай байдаг тул дээрх хоёр хуулийг хооронд нь харьцуулах шаардлагагүй. Хариуцагч талаас Л.М-ийн тэтгэвэр тогтоох асуудлыг НДСОТТТ хуулиар зохицуулна гэж хэлээгүй.

 

2. ЦАХТТТ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтыг шүүгч буруу тайлбарлаж байна. ЦАХТТТ хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоол, /Засгийн газрын 2008 оны 26 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/, мөн Засгийн газрын 2011 оны 9 дүгээр тогтоол мөрдөгдөж байна. Засгийн газрын дээрх журмуудыг хэрэгжүүлэх зорилгоор ЦАХТТТ хуулийн 1-д заасан байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээний үндсэн дээр цэргийн албан хаагчийн тэтгэврийг тогтоох, олгох ажлыг Нийгмийн даатгалын байгууллага хариуцан гүйцэтгэж байна.

 

Хоёр: Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг /15 дахь хуудас/-т Шүүгч ...УДШ-ийн 2009 оны 32 дугаар зүйлд ЦАХТТТ хуулийн 8 дугаар зүйлийг цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад тохиолдолд цэргийн албан хаагч өөрийн санаачилгаар тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж тайлбарласан. Энэ нь цэргийн албан хаагч өөрөө санаачилж тэтгэвэр тогтоолгохыг хүссэн хугацаандаа бичиг баримтаа бүрдүүлэн байгууллагадаа гарган өгч байгууллага нь хүсэлтийг нь хүлээн авч цэргийн албаны тэтгэвэр тогтоох шийдвэр гаргана. Үүнийг нь Нийгмийн даатгалын байгууллага хүлээн авч цэргийн алба хаасны тэтгэвэр олгох шийдвэр гаргана. /шүүгчийн энэ тайлбар маш ойлгомжгүй байсан учир агуулгаар нь ойлгож арай тодорхой болгож бичсэн болно/ гэж хууль, УДШ-ийн тайлбарыг буруу ойлгож өөрийн үзэмжээр тайлбар хийж байна.

 

Дээд шүүхийн тайлбар нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрх нь цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрснээс бусад тохиолдолд, тухайлбал, 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 2-д заасан нөхцөл, болзлыг хангавал цэргийн алба хаасны бүрэн болон хувь тэнцүүлэн тэтгэвэр тогтоолгох эрхээ өөрийн санаачилгаар эдэлнэ гэж заасан юм. Өөрийн санаачилгаар, хүссэн хугацаандаа гэснийг шүүгч хуульд заасан нөхцөл, болзлыг хангахгүйгээр иргэн хэдийд ч хүсэлтээ илэрхийлж болохоор тайлбарлаж байгаа нь маш харамсалтай. Иймээс Нийгмийн даатгалын байгууллага шүүгчийн хэлж байгаачлан цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох иргэний хүсэлт, байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээн авч ЦАХТТТ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2-т заасан нөхцөл, болзлыг хангасан эсэхийг үл харгалзан хянахгүйгээр тэтгэврийг тогтоон олгохгүй юм.

 

Гурав. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт шүүгч Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар Л.М-ийн цагдаагийн албанд ажилласан хугацааг нэмэгдүүлэх эсэх тал дээр хууль эрх зүйн тайлбар хийгээгүй гэж ойлгож байна. Энэ нь нэхэмжлэгчийн гол шаардлага байсан. Хариуцагч талаас Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь заалтыг буцаан хэрэглэхгүй, хууль батлагдсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөнө, Хуулийг хэрэглэх журмын тухай хуульд Цагдаагийн албаны тухай хууль батлагдахаас өмнө мөрдөж байсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд адил агуулгатай эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн, мөн Цагдаагийн ерөнхий газар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 38.6 дахь заалтаар Л.М-ийн өмнө нь цагдаагийн албанд ажилласан хугацаа нэмэгдэхгүй гэсэн тайлбаруудыг тус тус хийж байсан.

 

Дөрөв. Шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2/, НДСОТТТ хуулийн 1 дүгээр зүйлийн 1, 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.3, ЦАХТТТ хуулийн 1 дүгээр зүйл, 8 дугаар зүйлийн 8.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх заалтуудыг тус тус үндэслэж Л.М д цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож олгохыг БЗДНДХ т даалгаж байна. Эрхэм шүүгч хуулийн доторх нарийвчилсан заалтуудыг, тухайлбал, тэтгэвэрт гарах эрх үүсэх гэдэг заалтын утга, агуулгыг мэдэрч ойлгоогүйгээс маш хариуцлагагүй шийдвэр гаргалаа гэж үзэж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх маргааны үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч талаас Цагдаагийн байгууллагад эргүүлийн офицероор 15 жил, Хууль сахиулахын их сургуульд 7 жил, нийт 22 жил ажилласан. Хуулийн дагуу ажилласан жилээ нэмэгдүүлэн тооцуулж, нийт 26 жил 2 сар 10 хоног ажилласан учраас тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэж,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Л.М-ийн цэргийн байгууллагад ажилласан хугацаа нь 25 жил хүрэхгүй, 22 жил байна. Түүний 1990-1994, 1997-2007 оныг хүртэл ажилласан хугацаанд Цагдаагийн байгууллагын тухай хуулийг буцаан хэрэглэхгүй... гэж,

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-оос Эргүүл, харуулаар ажилласан жилд нэмэгдэл хоног тооцох заалт нь 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуульд байгаагүй зохицуулалт юм гэж тус тус тайлбар гарган, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилсэн Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д Цагдаагийн алба хаагчийн албадан саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон эргүүл, харуул, жижүүрээр ажилласан нэг жилийг нэг жил гурван сараар тооцно. гэсэн хуулийн үйлчлэлд нэхэмжлэгч Л.М  хамаарагдах эсэх талаар маргаж байна.

 

Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн байна. Ийнхүү хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнээс хойш 4 сарын дараа өөрөөр хэлбэл, 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Л.М  нь Хууль сахиулах их сургуулийн захирлын Б/322 дугаар тушаалаар Ерөнхий эрдмийн сургуулийн Албаны бэлтгэлийн тэнхимийн ахлах багшийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тэтгэврээ тогтоолгохоор БЗДНДХ т хандсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар цэргийн алба хаагчдад тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг тусгайлан зохицуулахдаа нийгмийн аюулгүй байдлыг хамгаалах хүнд үүрэг гүйцэтгэдэг цэргийн хөдөлмөрийн онцлог байдлаас шалтгаалж, цэргийн алба хаагчдыг алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй ч цэргийн алба хаасан хугацаанд хүрсэн бол өөрийнх нь хүсэлтээр цэргийн тэтгэвэрт гаргадаг тул анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг баримталсан нь буруу биш юм.

 

Нэхэмжлэгч Л.М-ийн 1990-1993 онд Цагдаагийн газрын Сэргийлэн хамгаалах гарнизоны Эргүүлийн тасагт сэргийлэгч, 1994-1997 онд Эргүүл хамгаалалтын 0801 дүгээр хороонд цагдаа, 1997-1999 онд тус хороонд салааны захирагчаар ажилласан албан тушаалууд нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Цагдаагийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар эргүүл, харуул, жижүүр гэдэгт хамаарагдах ба энэ төрөл, чиглэлийн ажил гэж дүгнэн, үүний дагуу дээрх ажилласан 15 жилийн хугацааг нэг жил, гурван сараар тооцож нэмэгдүүлэн олгох нь зүйтэй байна.

 

Ийнхүү нэхэмжлэгчид Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Цэргийн албан хаагч эрэгтэй нь 25-аас доошгүй жил алба хаасан бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.

 

Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагын 1993 онд батлагдаж, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх үед хүчингүй болсон байсан Цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу цэргийн албан хаагчийн тэтгэвэр тогтоох нь үндэслэлтэй гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

 

Учир нь, нэхэмжлэгч 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шинэчлэн батлагдсан Цагдаагийн албаны тухай хууль үйлчилж эхлэхээс өмнө тэтгэвэр тогтоолгоод авч байсан, эсхүл авч байгаа бол түүнд энэ хуулийн дагуу тэтгэврийг нөхөн тогтоох эсхүл дахин шинэчлэн тогтоох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтад зөв дүгнэлт хийсэн боловч талуудын гол маргаж байгаа хууль хэрэглээний маргаан-д дүгнэлт өгөөгүй, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хариуцагч ЦЕГ-ын даргад холбогдуулан гэж бичиглэлийн алдаа гаргажээ. Гэвч эдгээр нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэв.

 

Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.   Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 328 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсгийг баримтлан давж заалдах шатны шүүх захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

 

                                    ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

                                    ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 Р