Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2020/ШЦТ/214

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гэрэлтуяа,

улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

хохирогч М.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр, *******,*******, ******* настай, , боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, , тоотод оршин суух бүртгэлтэй боловч ,, тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт “найз ыг цохисон” гэх шалтгаанаар хохирогч М.*******ын нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйланд шарх, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Болсон үйл явдлын талаар хэлж ярих зүйл байхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлгүүд бүгд  үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч М.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 08 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө би хотоос нд байрлах амралтанд очсон. Тэгээд тэндээ байж байгаад манай 4 найз унтаад, үлдсэн 4 найз сэрүүн байж байхад гаднаас гэдэг найз маань орж ирээд сагсны талбай дээр манай хоёр найз зодуулаад байна, хэдүүлээ очоод салгаад авъя гэж хэлээд гэрээс гараад явсан. Тэгээд бид хоёр цаашаа явах гэж байх хооронд цаашаа сагсны талбай руу түрүүлээд орчихсон. Тэгээд бид хоёрыг орох гэсэн чинь сагсны талбайн үүдэнд хоёр залуу хашчихаад бид хоёрыг оруулахгүй байсан. Энэ дотор манай гурван найз байна, та хэд хоорондоо ингээд зодолдоод маргалдаад байна, найзуудыгаа аваад гаръя, битгий саад учруул гэсэн чинь бид нарыг үүдэнд хашчихаад оруулахгүй байсан. Тэгэхээр нь би нэг залууг нь орно гээд уурлаад түлхчихсэн юм. Тэгээд тэр сагсны шийдний дотор зодолдож байсан залуучууд тэр гэх залууг намайг түлхсэнийг хараад, бүгд над руу дайрсан. Тэр дунд намайг цохиулж, зодуулж байхад гэх хүн, манай эхнэр хоёр намайг татаж аваад цаашаа явж байсан. Би тэр гэдэг хүнийг шоу дээр хамгаалалтанд гарч байгаа цагдаа байна гэж бодоод болсон зүйлсээ хэлээд байж байсан чинь хойноос ******* гүйж ирээд цохичихоод цаашаа зугтаасан. Тэгээд миний эрүү, тархинд доргилт өгсөн. Би тухайн үедээ юу болоод байгааг ойлгохгүй, санахгүй, манарсан байдалтай байсан. ******* өөрийгөө гэртээ ороод унтсан гээд байх шиг байна. Бид нар тэр амралтын газар *******ыг бүх газраар хайсан, ерөөсөө гэр дотор унтаж байсан хүн байгаагүй. Тийм болохоор *******ыг тийм хэрэг хийчихээд өөрийгөө санаатайгаар нуун далдалсан гэж бодож байгаа” гэв.

 

            Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2020 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 03 цагийн үед хамт явсан найзууд маань амарцгаахаар болоод байж байтал гаднаас орж ирээд “манай найз хүнтэй маргалдаад зодуулаад байх шиг байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найз ы хамтаар гараад очтол шоу болж байсан сагсны талбай дээр хүмүүс хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. нь түрүүлээд талбай руу орчихсон бид хоёр талбай руу орох гэтэл оруулахгүй байсан. ...Тэр үед тэнд хамгаалалтад гарч байсан бололтой гэдэг цагдаагийн хувцас өмссөн залуу намайг татаад салгаад аваад талбайгаас гарч явтал араас нэг залуу гүйж ирээд эрүү рүү нэг удаа цохичихоод яваад өгсөн. Юугаар цохисныг бол би мэдэхгүй байна. Тэгээд цохичихоод зугтаагаад явсан. Миний эрүү хөдлөхгүй болчихоод амнаас цус 3 цаг орчим гарсан. Тэгээд тэр залууг хайж олж аваад өглөө нь цагдаа дуудсан. ...Эрүүнд учирсан гэмтлийг ******* гэх залуу учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

 

            Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... шөнө 03 цагийн үед унтахаар хэвтсэн зарим нь унтаж байсан юм. Тэгтэл гэх найз гэрт орж ирээд “намайг хүмүүс зодох гээд байна” гэж хэлтэл *******, нар нь гэрээс гарсан, гэрийн гадаа хүмүүс орилолдоод байсан тул би араас нь гарахад сагсны талбайн тэнд нөхөр *******ыг хүмүүс зодож байсан тул очоод гэх цагдаа байсанд нь хэлээд манай нөхрийг салгаад бид хэд цаашаагаа гэрийн зүг алхаад явж байтал араас нэг танихгүй залуу гүйж ирээд шууд *******ын гараас нь татаад эргүүлж харуулаад нүүрний эрүү хэсэг рүү нэг удаа шууд цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,           

 

            Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 08 дугаар сарын 22-ны орой манай найзууд амралтын газарт байна гээд би шөнө 01 цаг болж байхад Налайх дүүрэг 6 дугаар хороо Тэнгэрийн энержи гэх газарт очсон тэнд очиход шоу болж байсан тул би тэнд талбай дээр нь бүжиглэж байтал манай найз нь хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байсан тул би очоод салгаад болиулсан. Тэгээд би шууд найзууд байгаа гэрт нь очоод “ тэнд хүмүүстэй маргалдаад байна” гэж хэлсэн ******* нар нь гэрээс гараад талбайн энд очсон. Би шууд талбай руу ороод ыг хүмүүсээс салгаж байсан. Нэг хартал *******ыг нэг цагдаа дагуулаад явж байгаа харагдсан. Тэгээд дахиад хартал амнаас нь цус гарчихсан эрүү хөдлөхгүй шүд унасан гэж байсан. Хэнд зодуулсан гээд хайж байгаад олоход ******* гэдэг залуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,

           

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө 03 цаг болоод унтахаар зарим нь хэвтчихсэн, манай нөхөр Анхбаяр, Ундраа, Төрөө нар нь гэрт унтчихсан байсан. Би унтах гээд хэвтээд байж байтал гээд танил найз гаднаас ороод ирсэн юм. Орж ирээд намайг хүмүүс зодох гээд байна гэж хэлсэн. Тэгтэл , ******* нар гэрээс гарахаар нь араас нь эхнэр нь гарсан, би хувцасаа өмсөөд араас нь гараад шоу болж байсан талбай дээр очиход *******ыг хүмүүс тойрчихсон нэг цагдаа хувцастай залуу, эхнэр нар  нь хүмүүсээс холдуулж байсан. Би очоод бид дөрөв гэр рүүгээ явах гээд алхаж байтал гэнэт өндөр туранхай хар хувцастай залуу гүйж ирээд *******ын баруун гараас нь татаад баруун гараараа нүүрний эрүү орчим руу нь нэг удаа цохисон. Мөн хажууд нь явж байсан г хавсраад хальт цохисон тэр үед *******ын амнаас нь цус гарсан. Тэгээд тэр залуу буцаад зугтаагаад явчихсан, бид нар гэрт ороод нөгөө хүнээ хайж байгаад олоод өглөө цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

 

            Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэх залууг хүмүүс зодох гээд байхад нь салгаж тусалсан. Тэгээд салгаад аваад явж байхад ******* ирээд тэр залууг шанаа руу нь цохиход амнаас нь цус гарчихсан. *******ыг цохисны дараа “миний шүд хөдөлчихлөө ш дээ” гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч С.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Тэнгэрийн энержи амралтын газарт найзууд маань шоу зохион байгуулсан юм. Үүнд нь *******оос тавуулаа 13 цагийн орчимд ирсэн. Тэнд очоод гэр аваад хоол цай идэж уучихаад авчирсан архи, пивоо ууцгаасан. Тэгээд гадаа гарч бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад найз охин маань бие засах газар орно гээд явсан. Би хамт явчихаад эргээд иртэл хамт явсан найз бүжгийн талбай дээр танихгүй хүмүүстэй маргалдаад муудалцаад зууралдаад байсан. Тэгээд тэндээс салаад нөгөө шүд нь гэмтсэн гэх залуу ы гэдэс рүү нэг цохисон, тэгээд нь тэр залууг аваад цаашаагаа явж байхад нь би араас нь гүйж очоод баруун талын шанаа эрүү орчимд нь нэг удаа цохисон, тэгээд би шууд гэр рүү ороод унтсан, өглөө нь цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

           

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №9763 дугаар:

            “1. М.*******ын биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйланд шарх, баруун бугалга, бүсэлхийд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарана.

            5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч С.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 дугаар хуудас/, эд хөрөнгөтэй эсэх хураангүй лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, боловсролын үнэмлэхний тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 59-63, 71-72 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газарт “найз ыг цохисон” гэх шалтгаанаар хохирогч М.*******ын нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйланд шарх, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч С.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

            Хохирогч М.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр шоу дээр хамгаалалтад гарч байгаа цагдаа байна гэж бодоод болсон зүйлсээ хэлээд байж байсан чинь хойноос ******* гүйж ирээд цохичихоод цаашаа зугтаасан. Тэгээд миний эрүү, тархинд доргилт өгсөн. Би тухайн үедээ юу болоод байгааг ойлгохгүй, санахгүй, манарсан байдалтай байсан гэх мэдүүлэг,

 

            Гэрч С.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хэд цаашаагаа гэрийн зүгт алхаад явж байтал араас нэг танихгүй залуу гүйж ирээд шууд *******ын гараас нь татаад эргүүлж харуулаад нүүрний эрүү хэсэг рүү нэг удаа шууд цохисон” гэх мэдүүлэг,     

 

            Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Нэг хартал *******ыг нэг цагдаа дагуулаад явж байгаа харагдсан. Тэгээд дахиад хартал амнаас нь цус гарчихсан эрүү хөдлөхгүй шүд унасан гэж байсан. Хэнд зодуулсан гээд хайж байгаад олоход ******* гэдэг залуу байсан” гэх мэдүүлэг,

 

            Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би очоод бид дөрөв гэр рүүгээ явах гээд алхаж байтал гэнэт өндөр туранхай хар хувцастай залуу гүйж ирээд *******ын баруун гараас нь татаад баруун гараараа нүүрний эрүү орчим руу нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг,

 

            Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* гэх залууг хүмүүс зодох гээд байхад нь салгаж тусалсан. Тэгээд салгаад аваад явж байхад ******* ирээд тэр залууг шанаа руу нь цохиход амнаас нь цус гарчихсан. *******ыг цохисны дараа “миний шүд хөдөлчихлөө ш дээ” гэж байсан” гэх мэдүүлэг,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын *******-ний өдрийн шинжээчийн №9762 дугаар дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч М.*******ын эрүүл мэндэд учирсан “эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, буйланд шарх, тархи доргилт гэмтэл” нь түүнийг цохих үед үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч М.******* нь гэмтлийн улмаас эмчилгээ, оношлогоо, эм авсан зэрэг нийт 1.571.045 төгрөгийн баримтыг, мөн цаашид шүдний эмчилгээ хийлгэхэд 4.465.000 төгрөг нэхэмжилж, “Рояал смайл” шүдний эмнэлгийн тодорхойлолтыг хэрэгт ирүүлж, нийт 6.036.045 төгрөг нэхэмжилсэн байна.

 

            Шүүх дээрх баримтуудыг судлан үзээд эмчилгээ, оношлогоо, эм авсан нийт 1.571.045 төгрөгийг шүүгдэгч С.*******аас гаргуулж хохирогч М.*******од олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Харин хохирогч М.*******ын хэрэгт ирүүлсэн “Рояал смайл” шүдний эмнэлгийн үнийн санал гаргасан тодорхойлолтыг үндэслэн эмчилгээ хийлгэхэд гарах 4.465.000 төгрөгийг энэ тогтоолоор шүүх шийдвэрлэх боломжгүй, тухайн зардлыг гаргасан тохиолдолд нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч С.*******аас нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч С.*******ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “хохирлын мөнгийг бэлэн авчирсан, хохирол нөхөн төлөх үндэслэлээр 10 минутын завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирогч М.*******од бэлнээр 1.571.045 төгрөгийг хүлээлгэн өгч, гэм хорын зардлыг нөхөн төлсөн болох нь Мөнгө хүлээлцсэн баримтаар тогтоогдсон. Иймээс шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******од энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ад 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар ялаас чөлөөлж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэж, эсхүл торгуулийн ял буюу хамгийн боломжтой хөнгөн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гарган мэтгэлцэж, хохирогч М.*******оос “С.******* нь надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй, хохирлын мөнгийг гаргаж өгсөн хэдий ч энэ бол  өгөх ёстой л асуудал, иймд нийтэд тустай ажил хийлгэх нь зүйтэй” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Шүүгдэгч С.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, баримтаар нэхэмжилсэн хохирол бүрэн төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ял биелэгдэх боломж тогтоогдоогүй, хохирлын мөнгийг ааваасаа авсан/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт *******ын *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.******* нь цаашид гарах зардал болох 4.465.000 /дөрвөн сая дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөг нэхэмжилсэнийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ