Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/616

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108031100087 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д түгээлтийн жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг гэх, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт 2-20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б-ийн Н (РД:...)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С хорооллын гадна хохирогч Д.Э-ыг хүргэж өгөөд улмаар иргэн Д.Э-аас таксины төлбөрт 40,000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаад андуурч 400,000 төгрөг шилжүүлснийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Чулуун овооны тэндээс 1 хүн гар өргөхөөр нь аваад 21 дүгээр хороо О хороолол руу хүргэж өгсөн, тэр хүн архи уусан байсан. Тэгээд хүргэж өгөөд  40.000 төгрөг гарсан байна гэхэд таксины төлбөрийг дансаар шилжүүлнэ, дугаараа өг гэхээр нь хэлж өгсөн. Тэгээд мессежээ шалгалгүйгээр хөдлөөд гэртээ харьж амарсан. Маргааш нь утсаа шалгахад 400,000 төгрөг орж ирсэн байхаар нь эгчийгээ өгөх ёстой мөнгөө шилжүүлсэн юм байна гэж ойлгоод мөнгийг хэрэглээд дуусгасан. Хаан банкнаас над руу маргааш нь залгаагүй 2,3 хоногийн дараа ярьсан. Тухайн үед миний картад мөнгө байгаагүй тул буцааж өгч чадаагүй. Тэр хүнийг илүү мөнгө шилжүүлснийг мэдээгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.Н-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нямдорж “Хохирогч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас мөнгө илүү шилжүүлсэн, шүүгдэгч уг мөнгийг эгчээсээ орж ирсэн мөнгө гэж ойлгож хэрэглэсэн байдаг. Мөн хохирогч одоо хохирол төлбөргүй болсон гэсэн байна. Иймээс энэ нь тухайн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд эргэлзээ бүхий байна. Мөн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш ял халдаах гээд байгаа нь энэ хүний үйлдэлд тохирохгүй, өөрөө мөнгөө илүү шилжүүлчхээд шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах гээд байгаа нь үндэслэлгүй тул Б.Н-ыг цагаатгаж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”  гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Н-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүрэг, Ч овооны орчмоос гар өргөн суусан иргэн Д.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах С хорооллын орчимд буулгах үедээ таксины төлбөрт 40,000 төгрөг гарсныг хохирогчид хэлсэн байна.

Хохирогч Д.Э-ын хувьд тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явсан байх бөгөөд тэрбээр шүүгдэгчийн данс руу таксины төлбөрт 40,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад орон андуурч 400,000 төгрөг  шилжүүлснийг шүүгдэгч Б.Н нь илүү мөнгө орж ирснийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад 360,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон, энэ нь дараах нотлох баримтуудтай байна. Тухайлбал,

1. Хохирогч Д.Э-ын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 4 дэх тал),

2. Хохирогч Д.Э-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо болох ... гэдэг нэртэй газраас такси бариад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо С хорооллын 103 дугаар байрны үүдэнд ирсэн чинь таксины тооцоо 40,000 төгрөг болсон гэхээр нь би ... гэсэн Хаан банкны данс руу 40,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 400,000 төгрөг шилжүүлсэн. Би маргааш өглөө нь Номин худалдааны төв орж хүнс аваад гарсан чинь данс дахь үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь би 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө С хорооллын Хаан банк орж уулзахад алдаатай гүйлгээ хийсэн гээд Хаан банк тухайн таксины жолоочтой намайг яриулсан. Тухайн залуу “ахаа Хөдөө ирсэн байна, би 2-3 хоногийн дараа мөнгийг чинь өгье” гэсэн. Би 3 хоногийн дараа дахин Хаан банктай холбогдож үзсэн чинь 20-ны өдөр өгье гэсэн. Тэгээд 22-ны өдөр би Хаан банктай уулзахад одоо манай байгууллага ярьж өгөхгүй ээ, та цагдаагийн байгууллагад ханд гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандах болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

3. Хохирогч Д.Э-ын ... дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цаг 11 минутад Б.Нын ... дугаартай данс руу 400,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай” (хавтаст хэргийн 7 дахь тал),

4. Шүүгдэгч Б.Нын ... дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга: “2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ... дугаартай данснаас 20:11 цагт 400,000 төгрөг шилжин орж ирж, улмаар 21:56 минутад 4000 төгрөг, 22:19 минутад 36420 төгрөг, 22:28 минутад 7100 төгрөг, 17:39 минутад 23300 төгрөгийн зарлага буюу 70.820 төгрөгийн гүйлгээ хийгдсэн тухай” (хавтаст хэргийн 13 дахь тал),

5. О.Ц-гээс гаргасан: “...Даваа овогтой Эрдэнэбатын итгэмжлэн төлөөлж иргэн Б.Наас 360,000 төгрөг бэлэн авсан тул ямар нэг санал гомдол байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 25 дахь тал),

6. Шүүгдэгч Б.Нын яллагдагчаар өгсөн: “...Би ...Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Чулуун овооны тойрог дээр өөрийн эзэмшлийн Тоёота акуа ... УАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явж байгаад үл таних эрэгтэй хүнийг авсан. Тухайн хүн таксинд суугаад С хороолол руу явсан. С хороололд ирээд таксины мөнгө 40,000 төгрөг гарсан гэсэн чинь данс руу хийнэ гэж хэлэхээр нь би өөрийн Хаан банкны ... дугаарын дансыг өгөөд тооцоогоо аваад явсан. Тухайн залуу такси барихдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд: Хохирогч Д.Э- нь 2021 оны 09 дүгээр сарын 11-ний орой 20 цаг 11 минутын орчимд өөрийн ... дугаартай Хаан банкны депозит данснаас шүүгдэгч Б.Нын ... дугаартай Хаан банкны данс руу 400,000 төгрөг шилжүүлсэн нь хохирогч, шүүгдэгч нарын дансны хуулга, хохирогчийн өөрийнх нь өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байна. Улмаар хохирогч нь төлбөр тооцооны гүйлгээг андуурч хийснээ маргааш нь дэлгүүрт үйлчлүүлэх үедээ мэдсэн байх бөгөөд улмаар Хаан банк руу холбогдон “андуурч  илүү гүйлгээ хийсэн талаар” хэлж, банкаар дамжуулан шүүгдэгч Б.Н-тай холбогдож, илүү андуурагдаж орсон мөнгийг буцааж авах талаар ярьсан нь  хохирогч Д.Э- болон шүүгдэгч Б.Н нарын мэдүүлгээр нотлогдсон  байна.

Хэдийгээр шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би хохирогчийг илүү мөнгө төлснийг мэдээгүй, мессежээ шалгаагүй, гэртээ хариад шууд амарсан, маргааш нь картад 400,000 төгрөг орж ирсэн болохоор эгч шилжүүлсэн юм байх гэж ойлгосон” хэмээн мэдүүлсэн ч түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар үгүйсгэгдсэн болно. Учир нь,

Шүүгдэгч Б.Н-ын өөрийнх нь “хохирогчийг мөнгө шилжүүлэхээс өмнө миний картад тухайн үед ямар ч мөнгө байгаагүй, хохирогчоос мөнгө шилжүүлснийг шалгаагүй шууд гэртээ харьж амарсан гэсэн атлаа хохирогчоос мөнгө орж ирснээс хойш 21:56 минутад 4000 төгрөг, 22:19 минутад 36420 төгрөг, 22:28 минутад 7100 төгрөгийн гүйлгээг хийсэн нь дансны хуулгаар тогтоогдсон байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч Б.Н нь хохирогч Д.Э-аас мөнгө илүү шилжүүлэгдэн орж ирснийг тэр үедээ мэдсэн байх төдийгүй улмаар уг мөнгөнөөс зарцуулж эхэлсэн, зарцуулахдаа хохирогчийн шилжүүлэх ёстой байсан үнийн дүнгээс давсан дүнгээр гүйлгээ хийж зарлагдсан байдал нь түүний үйлдлийг нотлох ажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйл нь “...төлбөр тооцооны  алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан бол...” гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...энэ хуулийн тусгай ангийнд заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, 4 дэх хэсэгт “...бага хэмжээний хохирол гэж” гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг хэлэхээр заасан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл, шүүгдэгчийн Б.Н нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд буйг мэдсэн ч буцааж өгөхийн оронд завшсан, өөртөө захиран зарцуулсан, алдаатай гүйлгээгээс үүдэлтэйгээр бага хэмжээнээс дээш хохирол хохирогчид учирсан энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд гэмт этгээд нь  бусдын  өмчийг  өөрт олж авахын тулд аливаа байдлаар идэвхтэй үйлдэл хийсэн байхыг шаардахгүй бөгөөд хохирогчийн эд хөрөнгө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шүүгдэгчийн эзэмшил, өмчлөлд шилжиж, шүүгдэгч нь тухайн эд хөрөнгийг шунахайн сэдэлтийн улмаас завшсан, өөртөө захиран зарцуулсан, шамшигдуулсан үйлдлээр гэмт хэргийн шинж, бүрдэл хангагдана.

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Б.Ныг цагаатгах” тухай санал хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах байх ба шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ныг төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогчид 360.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-ад 360,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Б.Н нь уг хохирлыг барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгчийн учруулсан хохирлын хэмжээнээс давсан ял шийтгэлийг оногдуулах санал гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймээс шүүгдэгчийн үйлдлийн хэмжээ, хохирол хор уршигт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй тул шүүгдэгч Б.Н-ад 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Б.Ныг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзсанаас гадна хувийн байдлын хувьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, ... ХХК-нд түгээгчээр ажилладаг, ажил хөдөлмөр эрхэлж орлого олдог зэргийг тус бүр харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Ныг шүүх хуралдаанд ирээгүй шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгчийг албадан ирүүлсэн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийн биеэр ирсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Над оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ