Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 000078

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төрийн банкны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1970 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Булган аймгийн Хангал суманд оршин суух, Н овогт Ё.Э

Хариуцагч: 1964 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 54 настай, эмэгтэй, Булган аймгийн Хангал суманд оршин суух, Б овогт Д.Бнарт холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, торгуулийн хүү, нийт 6 911 623,26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00036/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 1986 оны 07 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, Булган аймгийн Булган суманд оршин суух, Төрийн банкны Булган аймаг дахь салбарт тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Б овогт Ю.Днарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ё.Э, Д.Бнар нь Булган аймгийн Төрийн банкны Хялганат тооцооны төвөөс 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1217-79177 тоот зээлийн гэрээ байгуулан 11 260 000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 734 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 дах заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Төрийн банкны зүгээс зээлийн гэрээний 5.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хэвээр байна.

Иймд зээлдэгч Ё.Э, Д.Бнараас үндсэн зээлийн үлдэгдэл 6.196.079,84 төгрөг, зээлийн хүү 696.954,89 төгрөг, торгуулийн хүү 18 588,53 төгрөг, нийт 6.911.623,26 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ё.Э, Д.Бнар нь Булган аймгийн Төрийн банкны Хялганат тооцооны төвөөс 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1217-79177 тоот зээлийн гэрээ байгуулан 11.260.000 төгрөгийн зээлийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр өрхийн хэрэглээний зориулалтаар цалингийн зээл авсан. Зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 734 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3 дах заалтыг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй. Хариуцагч нарын гаргасан хариу тайлбартай танилцсан.  Хариуцагч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл өгч байсан боловч хариуцагч нар хаягт газраа байхгүй гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Одоо зээл, зээлийн хүү, торгууль бүгд 6 911 623 төгрөгийг богино хугацааны дотор төлүүлэх саналтай байна гэв.

Хариуцагч Ё.Э, Д.Бнар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цалингийн зээл авч хугацаа хэтрүүлсэн нь үнэн. Нийт 6 911 623 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг орлогынхоо тал хэсгээр  2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Төрийн банкны Булган аймаг дахь салбар нь Ё.Э, Д.Бнараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт 6 911 623.26 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ё.Э, Д.Бнар нь зээлийн үлдэгдэл төлбөр 6 911 623 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч богино хугацаанд зээлийг төлүүлэх хүсэлтэй тул эвлэрэх боломжгүй гэжээ.

Иргэн Ё.Э, Д.Бнар нь 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Булган аймгийн Төрийн банкны Хялганат тооцооны төвтэй 1217-79177 тоот гэрээ байгуулан  11.260.000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр өрхийн хэрэглээний зориулалтаар цалингаа барьцаалан зээл авч зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 6 911 623 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хурваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-5/ Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй харин зээлийг буцаан төлөх хугацаан дээр маргажээ. 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл төлөх хуваариас үзвэл зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлдэгч нар нь зээлээ төлөлгүй 734 хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 3.2.3-т “зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх” гэж заасныг зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч Ё.Э, Д.Бнараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү нийт  6 911 623 /зургаан сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж Төрийн банкны Булган салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ё.Э, Д.Бнараас зээл, зээлийн хүү, торгуулийн хүү 6911623 /зургаан сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулж Төрийн банкны Булган салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125815 /нэг зуун хорин таван мянга найман зуун арван таван/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 125815 /нэг зуун хорин таван мянга найман зуун арван таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН