Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00164

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: К Бны Булган салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1981 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Булган суманд оршин суух, Л овогт М.Э холбогдох,

Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7 320 086,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00152/И индекстэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч, 1969 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Булган суманд  оршин суух,  К Бны Булган салбарын захирал ажилтай, И овогт О. Ө хариуцагч М.Эрдэнэсайхан, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К Бны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк нь М.Эрдэнэсайхантай 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 344 тоот зээлийн гэрээ байгуулан 7 300 000 төгрөгийг жилийн 1.55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар олгосон боловч зээлээ төлөөгүй. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч өнөөдрийг хүртэл хугацаанд зээлээс 2288383 төгрөг, хүү 1617929 төгрөг нийт 3906313 төгрөгийг төлж, үлдэх зээл 5011616 төгрөг, зээлийн хүү 1923725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384745 төгрөг, нийт 7320086 төгрөгийг төлөөгүй байна. Иймд дээрх төлбөрийг төлүүлж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өнь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Энь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 7.300.000 төгрөгийг сарын 1.55 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай ахуйн хэрэглээний зориулалтаар авсан.  Өнөөдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа 700 гаруй хоног хэтэрч, зээл төлөгдөөгүй байна. Зээлийн үлдэгдэл 5011616 төгрөг, зээлийн хүү 1923725 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 384745 төгрөг нийт 7320086 төгрөг болсон. Манай банк М.Эрдэнэсайханд 2 жилийн хугацаа сунгаж зээлээ төлөх боломж олгосон. Хугацааны хувьд тохиролцох боломжгүй. Эхнэр нь өөр банкнаас өндөр хэмжээний зээл авсан хэдий ч энэ зээлийг төлөх санаачилга гаргаагүй. Иймд хариуцагчтай эвлэрэх боломжгүй учир төлбөрийг төлүүлж манай банкыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч М.Эшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие дээрхи зээлийг К Бны Булган салбараас авсан нь үнэн. К Бнаас нэхэмжилсэн зээлийн мөнгөн дүн дээр ямар нэг маргаан байхгүй, төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Ажлаасаа гараад төлөх боломжгүй болчихоод байгаа. Надад хугацаа өгвөл 2018 оны 05 дугаар сарын 5-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувааж төлж барагдуулах боломжтой байна. Надад хугацаа өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

К Бны Булган салбар нь М.Эаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 7 320 086,80 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М.Энь зээлийн үлдэгдэл төлбөр 7 320 086,80 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч богино хугацаанд зээлийг төлүүлэх хүсэлтэй тул эвлэрэх боломжгүй гэжээ.

Иргэн М.Энь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр К Бны Булган салбараас №344 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан  7 300 000 төгрөгийг сарын 1.55%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр төлөх нөхцөлтэйгөөр өрхийн хэрэглээний зориулалтаар цалингаа барьцаалан зээл авч зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7 320 086,80 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, цалингийн зээлийн гэрээ, зээлийг эргэн төлөх хурваарь зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 4-5/ Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй харин зээлийг буцаан төлөх хугацаан дээр маргажээ. 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заажээ.

Хавтаст хэргийн 4-5 дугаарт авагдсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн зээлийн гэрээ, зээл төлөх хуваариас үзвэл зээлийн гэрээний хугацаа 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байгуулагдсан байх бөгөөд зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваариа зөрчин зээлээ төлөлгүй 700 гаруй хоног хугацаа хэтрүүлэн зээлийн гэрээний 2.6-д “зээлийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлөх” гэж заасныг удаа дараа зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээлдүүлэгч тал гэрээний 5.1.1-д зааснаар гэрээг цуцалж зээлийн төлбөрийг бүхэлд нь төлүүлэхээр шаардсан байна.

Иймд хариуцагч М.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт  7 320 086 /долоон сая гурван зуун хорин мянга наян зургаа/ төгрөг, 80 /ная/ мөнгийг гаргуулж К Бны Булган салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан М.Эаас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 7 320 086 /долоон сая гурван зуун хорин мянга наян зургаа/ төгрөг, 80 /ная/ мөнгийг гаргуулж К Бны Булган салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132071 /нэг зуун гучин хоёр мянга далан нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.Эаас 132071 /нэг зуун гучин хоёр мянга далан нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.МЯГМАРСҮРЭН