Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/619

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Улсболд (томилолт),

шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт С-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208002650515 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Дундговь аймгийн ... сумын ... дүгээр баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дүгээр гудамж, ... тоотод түр оршин суух, урьд

-Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2004 оны 06 дугар сарын 20-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

-Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 74 дугаартай шүүгчийн захирамжаар эдлэх ялаас үлдсэн 1 жил 16 хоногийн ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

-Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан, С овогт С-ын М (РД:...)

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-ний өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ:

-эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр Ж.У-гийн нүүрэн тус газар цохих, үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна буланд зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

-улмаар салгахаар оролдсон өндөр настан Д.Б-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж түлхэж унаган, нүүрэн тус газар нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн шуу ясны далд хугарал, баруун ухархайн ар хананы зөрүүтэй хугарал, баруун нүдний алимны цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би найз бүсгүй У-гийн хамтаар гараад баярын юм цуглуулаад орж ирсэн. Тэгээд У-той харилцан бие биеэ хардаж хэрэлдэж байгаад би түүнийг үстэж байгаад нүүр, мөр хэсэгт нь баруун гараа  атгаж байгаад 2-3 удаа цохисон. Харин тухайн үед ээж Д.Б нь У-г өмөөрөөд бид хоёрын дундуур орж ирсэн. Тэгээд У-гийн ээж Б бид хоёрыг салгах гэж дундуур орж ирээд бид хоёр ноцолдож байх хугацаанд түлхэгдэж нойтон шалан дээр халтирсан байх гэж бодож байна. Тэгээд тэр унахдаа орны модон толгойг мөргөөд унасан. Би Быг зодож цохиогүй, ээж шигээ хүнийг арай зодож цохихгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас: “шүүгдэгч С.М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч С.М нь “...би У-г зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харин хохирогч гээд байгаа Д.Б-ыг санаатайгаар зодож цохисон зүйл байхгүй. Миний үйлдлээс шалтгаалан түлхэгдэж унаад бэртсэн байх” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Мд холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.М д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх зүйтэй байна. Учир нь,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж” гэсэн хүндрүүлэх  нөхцөл байдал нь  хохирогч өөрийгөө  хамгаалах чадваргүй байсан болохыг  гэмт этгээд ухамсарлан мэдсэн,  ашигласан байхыг шаардах ба хохирогч нь өндөр настай, өвчин эмгэгтэй,  хөгжлийн  бэрхшээлтэй,  мөн биеийн  хөгжлөөр  илтэд сул дорой,  эсвэл согтуурсан болон  бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянан чадваргүй  болсон байхыг ойлгоно.

Хохирогч Д.Б-ы хувьд 56 настай буюу өндөр настай гэдэг утгаар биеэ хамгаалах чадваргүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Үндэслэл нь өндөр настай хүн болгоныг биеэ хамгаалах чадваргүй гэж дүгнэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, биеэ хамгаалах чадваргүй байдал гэдэг нь хохирогч нь насны байдал, мансуурсан, согтуурсан байдлын улмаас гэмт этгээдээс ирж буй үйлдлийн эсрэг хариу арга хэмжээ авах, өөрийгөө хамгаалах ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй байсныг ойлгох ба энэ байдлыг гэмт этгээд нь мэдэж ухамсарлан хохирогчийн эсрэг үйлдэл хийсэн байхыг хэлнэ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хохирогч Д.Б- нь  өөрийн охин Ж.У-г шүүгдэгч С.Мэс салгах, дундуур нь орох, зохицуулах гэж оролдож байсан үйл баримт тогтоогдсон тул түүнийг биеэ хамгаалж чадахгүй хэмжээнд байсан гэж үзэхээргүй байна.

Харин хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэхэд,  шүүгдэгч С.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн найз бүсгүй Ж.У-г бусадтай хардан нүүрэн тус газар цохих, үсдэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэдгээрийг салгахаар оролдсон Д.Б-ыг түлхэж унаган, нүүрэн тус газар нь цохиж зодон эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

1. Хохирогч Ж.У-гийн: “...Миний бие 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз залуу С.М-ийн хамтаар ... зах дээр орж шинэ жилийн баярын ширээний идэж уух юм бэлдэж ирээд гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн .. дүгээр хороо ... тоот гэртээ байж байхад манай найз залуу С.М нь гэрээс гарсан,  түүний дараа 2 цагийн дараа шал согтуугаар эргэж орж ирсэн. Тэгээд намайг найзтайгаа утсаар ярьж байхад намайг хардаад уурлаад байсан ба улмаар намайг алгадаад үсэдсэн.  Тухайн үед манай ээж намайг өмөөрөөд салгах гэсэн боловч манай ээжийг түлхэж унагасан. Намайг  баруун гараараа зодож цохисон ба  манай аавын  бие засдаг байсан хувинтай  угаадсыг цацаад,  хувинг нь  миний толгойд угалж толгой хэсэгт зөндөө цохисон. Тэгээд би С.М-ийг аргадаж гэрээс гараад цагдаагийн байгууллагад хандсан. Надад ямар нэгэн эмчилгээг эмнэлгийн байгууллагаар хийлгэж байгаагүй. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1195 дугаартай:

“Ж.У-гийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний гадна булан, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.  Баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 дахь тал),

3. Хохирогч Д.Б-ы: “...С.М гэрээс гарчхаад ирье гэж гараад 2 цаг орчмын дараа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтайгаар орж ирээд манай охинтой хэрүүл маргаан хийж байгаад түүний үснээс нь зулгааж нүүр хэсэгт нь цохиод байсан. Тэгэхээр нь би охиноо өмөөрч түүнээс салгах гэсэн боловч намайг түлхэж унагаад миний нүүр хэсэгт 1-2 удаа цохисон. Тухайн үед манай охин руу тэр хувинтай угаадас цацаад байсан, түүний дараа нөгөөх хувингаа толгойд нь углаад байсан. Харин миний цээж хэсэгт  баруун гараараа түлхэж унагасан. Би  унахдаа  зүүн гараа тулаад унасан, түүний дараа миний дээрээс  нүүр хэсэгт 2-3 удаа цохисон юм. Миний бие тухайн үед гэмтлийн эмнэлэг дээр очиж нэг удаа гипс тавиулсан. Өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Миний бие эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байгаа ба 200,000 төгрөг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22, 24 дэх тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1192 дугаартай:

“...Д.Б-ы биед зүүн шуу ясны далд хугарал, баруун ухархайн ар хананы зөрүүтэй хугарал, баруун нүдний алимны цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн шуу ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун ухархайн ар хананы хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алимны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

5. Гэрч Ж.Н-ын: “...би нөхөр хүүхдийнхээ хамтаар 23 цаг өнгөрч байхад гэртээ ирчхээд нөхрийгөө “чи хойш байшин руу ороод нөгөө хэд юу хийж байна харчхаад ир” гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр төд удалгүй буцаж орж ирээд нөгөө хэд чинь зодоон болсон юм шиг байна, гэр орон нь эмх замбараагүй ээжийн нүд нь хөхөрчихсөн байна гэж хэлж байсан. Тэгээд би хойшоо байшин руу ороход манай ээж Д.Б-ы нүд нь хөхөрчихсөн, эгч У-гийн нүд нь хөхөрчихсөн байдалтай байсан ба гэр орон эмх замбараагүй шалаар угаадас асгарчихсан, ээжийн таяг нь хугарчихсан байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд би тухайн үед хүргэн ах М-ийг өөрийнхөө гэр лүү оруулж байгаад цагдаа дуудсан. С.М нь эхлээд би зодоогүй гэж байснаа төд удалгүй  би тэр хоёрыг  зодчихсон юм гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

6. Шүүгдэгч С.М-ийн яллагдагчаар өгсөн: “...Би У-гийн гэр лүү ганцаараа буцаж орсон ба тухайн үед У- нь өмнөх найз залуутайгаа утсаар ярьж байсан. Тэгээд У- намайг хаагуур янхандаж яваад ирж байгаа юм бэ гэхээр нь би түүнийг хэнтэйгээ утсаар яриад байгаа юм гээд харилцан бие биеэ хардаж хэрэлдэж байгаад тэр намайг өшиглөөд байсан. Тэгэхээр нь би түүнийг үстэж байгаад нүүр, мөр хэсэгт нь баруун гараа  атгаж байгаад 2-3 удаа цохисон. Тухайн үед ээж Д.Б- нь У-г өмөөрөөд бид хоёрын дундуур орж ирсэн. Тэр үед бид хоёрыг хэрэлдэж байх хугацаанд хувинтай угаадас асгарчихсан ба гэрийн шал тэр чигтээ нойтон байсан. Тэгтэл У-гийн ээж Б бид хоёрыг салгах гэж дундуур орж ирээд бид хоёр ноцолдож байх хугацаанд түлхэгдэж унасан.  Тэгээд тэр унахдаа орны модон толгойг мөргөөд унасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтаас үзвэл, шүүгдэгч С.М, хохирогч Ж.У- нар нь үерхдэг, бие биеийнхээрээ орж гардаг харилцаатай хүмүүс байх бөгөөд хэрэг гардаг тухайн өдөр шүүгдэгч С.М нь өөрийн найз бүсгүйг бусадтай утсаар ярж байхыг сонсоод хардан уурлаж, үсдэх, цохих зэргээр зодож биед нь халдсаны улмаас хохирогч Ж.У-гийн биед хөнгөн гэмтэл учирсан, хохирогч Д.Б- нь охин Ж.У-г найз залуу С.М нь зодож байхыг хараад салгах гэж оролдох явцад шүүгдэгч нь мөн түүнийг түлхэж унагаан нүүр хэсэгт хэд хэдэн удаагийн үйлдлээр цохиж гарыг нь хугалах, баруун нүдний ухархайн хугарал бүхий гэмтлүүдийг учруулсан буюу нэг цаг хугацаанд хоёр хүний эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч нарын зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, тухай нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн болно.

Шүүгдэгч С.М нь хүний биед халдвал гэмтэл учрах эрсдэлтэй гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа нэг цаг хугацаанд үл ялих зүйлээр шалтаглан хоёр хүний эрүүл мэндэд халдсан буюу хохирогч Ж.У-, Д.Б- нарыг цохиж зодсон шүүгдэгчийн энэхүү үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс шүүгдэгч С.М-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд: Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.У-гийн эрүүл мэндэд хөнгөн, хохирогч Д.Б-ы биед хүндэвтэр хохирол тус тус учирсан байх бөгөөд хохирогч нар нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй тул тэдгээрийн хохирол, хор уршигтай холбоотой зардлын асуудлыг энэ тогтоолын хамт шийдвэрлэх боломжгүй байна.

Харин хохирогч Ж.У-, Д.Б- нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мэс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, биечлэн эдлэх ялыг 640 цагаар тогтоож, түүний цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч “...прокурорын санал болгосон ялыг биелүүлнэ” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч С.М-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Иймээс шүүгдэгч С.М-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан байдал, хор уршгийн шинж чанар, төлсөн хохирол байхгүй, мөн шүүгдэгч С.М-ийн хувийн байдал  /өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан ч  дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, засраагүй байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 640 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 16 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. (16х8=128 цаг)

Иймээс шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон түүнд оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж (640-128=512), түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 512 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Харин шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч С.Мд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

  ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч С овогт С-ын М-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

-хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг тус тус журамлан шүүгдэгч С.Мд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 640 (зургаан зуун дөч) цагийн хугацаагаар тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-ийн цагдан хоригдсон 16 (арван зургаа) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагаар тооцон хасаж (640-128=512), түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 512 (таван зуун арван хоёр) цагийн хугацаагаар тогтоосугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч Ж.У-, Д.Б- нар нь өөрсдийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.Мэс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ