Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам, Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, Хохирогчийн өмгөөлөгч: Д.Бунжаа, Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийшүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Бийн Б-д холбогдох 1935001550077 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1973 оны 01 сарын 15-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэжээлийн механикжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт тус аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 11-10 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй Б овогт Бийн Б /РД:ОО73011561 /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өглөө 02.00 цагийн орчим тус аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б баруун гарын 4, 5 дугаар хурууг хутгаар зүссэний улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

1. Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.Б баруун гарын 4, 5 дугаар хурууг хутгаар зүссэн болох нь

хохирогч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Би 2019 оны 4 дүгээр сарын 21-ний шөнө Тариалан сумын Бор хавцал гэх газраас найз Эгийн хамт замын машинаар Улаангомруу орж ирсэн ба замдаа 2 бид хоёр 2 том пиво хувааж уусан юм. Тэгээд Улаангом сумын 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 02 цагийн орчим ирсэн байх хашааны гадна буугаад хартал манай аавын гэрэл асаалттай байхаар нь би аавын гэрлүү яваад ортол ээж Б.Б нэлээн согтуу нэг танихгүй залууутай пиво уугаад сууж байсан. Би хамт явсан найз Эгээ газраар гудас дэвсэж өгөөд унтуулчихаад ээжид хандаж “таны хажууд байгаа ямар хүн бэ?” гэж асуухад миний найз гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр ахад “та шөнө орой болж байхад айлд байгаад байдаг одоо гэртээ харь, бид нар унтаж амармаар байна” гэхэд нөгөө ах надруу хандаж “чи хэн юм” гээд надруу үг хэлээд хэрүүл маргаан үүсгэхээр нь миний уур хүрээд нөгөө ахыг чирээд босгох гэтэл ээж босоод хоолны шкап тийш эргэж байх шиг байсан. Тэгтэл гэнэт ээж хоолны шкап дээрээс хар өнгийн иштэй хутга аваад баруун гараараа бариад надруу “гар чи гээд далайхаар нь би надруу далайж байсан хутганаас нь баруун гараараа бариад автал ээж хутгаа миний гарнаас, авахад миний баруун гарын ядам, чигчий 2 хурууны нугалаас хэсгээр хутганд зүсэгдэж цус гарсан ба би гараа бариад галын дээд талд байх хулдаасан дээр цусаа гоожуулсан юм. Тэгтэл ээж нөгөө залуутайгаа гараад явчихсан. Харин ээж бид хоёр маргалдаж байтал манай дүү Б сэрж ирээд намайг ээж хутгаар зүсэх үед айгаад цагдаад дуудлага өгсөн байсан. Миний гарнаас цус гарахаа больсон одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй өөрийн төрсөн ээжээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролын талаар гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,

гэрч Я.Эийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 17-10 тоот нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Би Улаанбаатар хотоос ирээд удаагүй байгаа, манай нөхөр хөдөө явсан учир хүүхдийн хамт садангийн ах болох Ц ахын гэрт хонохоор 2019.04.21-ний 19 цагийн орчимд ирэхэд Ц ах хөдөө явчихсан байсан. Намайг Ц ахын гэрт ороход Б, Б эгч хажууд нь нэг танихгүй залуу байсан ба Б эгч тэр ахтай пиво ууж байсан. Тэгээд би 20 цагийн үед хүүхэдтэйгээ унтахаар хэвтсэн, унтаж байгаад нэг сэрэхэд манай дүү Э газраар унтаж байсан. Харин Б ирчихсэн Б эгчтэй маргаад байсан. Тэгж байгаад дахиад унтчихсан. Тэгээд хүмүүс шуугиад Б уйлсан утсаар ярьж байхад би сэрж Ц.Б баруун гарнаас цус гарсан галын дээд талд цусаа гоожуулж суусан. Тэгээд би юу болсныг асуухад Б хэлэхдээ “Б ахыг ээж хутгаар гарыг зүссэн” гэж хэлсэн. Тэгээд би Б гарыг үзэхэд баруун гарынх нь ядам хуруу, чигчий хуруу нь зүсэгдсэн цус гарч байсан. Би боож өгнө гэхэд Б боолгоогүй юм. Тэгэхээр нь би хариу унтчихсан юм. Тухайн үед Б, Б эгч мөн Б эгчтэй хамт байсан ах гурав согтуу байсан. Б Б эгч юунаас болж маргаж хэрэлдэж байгаад гарыг нь зүссэнийг нь мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/, гэрч Ц.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... 2019 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр манай ээж нэг хүнтэй ярж байгаад гараад явсан тэгээд орой 18 цагийн орчим Б гэх зүс таних ахтай 2 том сав 2.5литрийн пиво авч ирэхээр нь би ээжээс ямар учиртай хүн дагуулж гэрт ирээд байгааг нь асуухад миний найз, чамд хамаагүй гэсэн. Тэгээд ээж нөгөө ахтай пиво ууж байтал Э гээд манай садангийн эгч хүрээд ирсэн. Тэгээд орой болоод Э эгч бид хоёр гэрийн голын орон дээр унтахаар хэвтсэн. Ээж нөгөө Б гэх ахтай пиво уугаад үлдсэн тэгж байтал би унтчихсан байсан. Шөнө 02 цагийн үед ах борхавцалаас ирээд манай гэр лүү орж ирэхээр нь би сэрсэн ба Этэй хамт ирээд Э нэлээд согтуу учир шууд хэвтээд өгсөн. Ах ээжтэй хамт архи ууж байсан Б гэх ахыг харь шөнө болчихлоо гэхэд нөгөө Б ах явахгүй байсан. Ээж Б гэх ахыг өмөөрөөд ахтай маргалдаж байсан. Ах ээжид хэлэхдээ “та шөнө орой болчихсон, аав гэртээ байхгүй байхад яагаад гэртээ танихгүй эрэгтэй хүн дагуулж ирээд архи уугаад байгаа юм, миний аавыг доромжиллоо” гээд нөгөө ахыг гар гээд хувцаснаас нь чирэх хооронд ээж цааш эргээд аяга таваг тавьдаг шкаф дээр байсан хар өнгийн бариултай хутга аваад ах руу баруун гартаа хутгаа барьж байгаад далайхад ах нөгөө хутганаас нь баруун гараараа барьтал ээж хутгатай гараа татаад ахын баруун гарыг зүсээд ахын гарнаас цус гараад галын дээд 3 талын хулдаасан дээр цусаа гоожуулж байтал ээж нөгөө ахтай хамт гараад явчихсан харин би айгаад цагдаад дуудлага өгсөн юм. Манай ээж даруухан, ажилсаг, нийтэч зантай бөгөөд муу зан гэвэл хурдан түргэн ууралчих гээд байдаг, тамхи, архи хэрэглэдэггүй хүн юм. Би ээжийгээ урд өмнө хэрэг төвөгт холбогдож байгааг хараагүй мэдэхгүй. Манай ээж Б, манай ах Б нар нь урд өмнө нь хоорондоо маргалдаж хэрэлдэж зодолдож байсан асуудал байхгүй энэ асуудал нь анхны удаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 27-р тал/,

гэрч Г.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны шөнө байх цагийг нь санахгүй байна би гэртээ 3 хүүхэдтэй унтаж байтал манай хөрш Б ганцаараа ороод ирсэн. Тэгэхээр нь би Баас ямар шалтгаанаар яаж явааг нь асуугаагүй, газраар унтаж байсан 3 хүүхдийн хөлд сууж байгаад үүр цайх үед гараад явчихсан юм.” гэх мэдүүлэг /ххийн 31-32-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-7 хуудас/, Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Прокурорын тогтоол (хутга 1 ширхэгийг хураан авсан) /хх-9-10-р тал/,

Хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх-11-р тал/,

Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай хүү Б надтай хамт пиво ууж байсан найзыг хөөгөөд байхаар нь хутга аваад айлгаж болиулах гэтэл хутганы ир хэсгээс бариад авахаар нь би хутгаа татаад автал гар нь зүсэгдсэн. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна.” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 297 дугаартай шинжээчийн “Ц.Б биед тухайн үед гэмтэл учирсан байна. Баруун гарын 4, 5 –р хурууны 2-р үенд дэээрх хэмжээний зүсэгдсэн шарх үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны хурц ир үзүүртэй багажийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Иргэн Ц.Б биед урьд нь бэртэл гэмтэл, архаг хууч өвчин байхгүй.

Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/-ээр хохирогч Ц.Б биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна. Шүүгдэгч Б.Б нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, Ц.Б баруун гарын хурууг хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, хутгаар зүссэн санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч Ц.Б 4, 5 дугаар хуруу зүсэгдсэн гэмтэл учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талмаргаагүй болно. 2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Бын хувийн байдлын талаар гэрч Д.Цийн мөрдөн 4 байцаалтад өгсөн: “ Би Улаангом сумын 10 баг Тээврийн хороо 11-10 тоот хашаанд эхнэр Б.Б, охин Б нарын хамт ам бүл гурвуулаа амьдардаг юм. Манай эхнэр Увс аймгийн Тэс суманд төрсөн ах дүү наймуулаа айлын 5 дахь хүүхэд юм. Манайх 2 хүүхэдтэй том нь Б бөгөөд манай хашаанд эхнэр хүүхдийн хамт тусдаа амьдардаг, харин бага охин Б гэртээ эхнэр бид хоёртой амьдардаг юм. Манай эхнэр Б даруухан, гэрийн ажилд сайн намайг хөдөө гадаа явах үед гэр орноо, даагаад үлддэг ажилсаг бөгөөд тамхи, архи хэрэглэдэггүй хүн юм. Би урд өмнө хэрэг төвөгт холбогдож байгааг хараагүй мэдэхгүй. Манай эхнэр Б, миний хүү Б нар нь урд өмнө нь хоорондоо маргалдаж хэрэлдэж зодолдож байсан асуудал байхгүй. Ийм асуудал болсонд би гайхаж байна, энэ асуудал болсны дараа сүүлд би мэдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,

гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Б нь манай бэр болоод 25-26 жил болж байна. Б.Б нь хувь хүний хувьд түргэн ууртай бөгөөд гэр орондоо голдуу байдагбусадтай тэгш харьцаатай эмэгтэй юм. Манайтай айл буугаад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хэрэлдэж маргалдаж зодолдож байсныг нь хараагүй.” /хх-ийн 29-30-р тал/ гэх мэдүүлэгүүд болон эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56-р тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

Хохирогч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн “Миний гарнаас цус гарахаа больсон одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй өөрийн төрсөн ээжээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролын талаар гаргаж өгөх баримт байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлгийг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж дүгнэв. Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1- 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 5 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шйитгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                       Б.ГАНСҮХ