Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 00123

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1975 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумандтоотод оршин суух Б овогт Т.У /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  1973 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хутаг-өндөр суманд оршин суух, Б  овогт Б.Г Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00054/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.У миний бие Б.Гтай 2004 онд танилцаж дотносон хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Б, 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр охин Г.Хнар төрсөн. Энэ үед Б.Г нь барилгын компанид мужааны ажил хийдэг байсан. Нөхөр Б.Г нь 2008 оны 10 дугаар сард Хутаг-Өндөр сумын Цагдаагийн купон барих барилгын ажлаар яваад тэндээ Мөнхтунгалаг гэдэг эмэгтэйтэй танилцаж тэрэнтэйгаа хамт амьдрах болсон. Охин Г.Халиунааг төрсний дараа Б.Г нь хоёр удаа ирсэн боловч хамт амьдардаг эмэгтэй араас нь ирж намайг дарамталдаг байсан. 2009 оноос хойш 2 хүүхдээ гэж нэг ч удаа ирээгүй. Б.Г бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Одоогоор миний бие хоёр хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Иймд Б.Гаас хоёр хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв..

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид 2004 оноос 2009 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд бид 2 хүүхэдтэй болсон. Би эрхэлсэн ажил төрөл, орон гэр байхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлж чадахгүй. Харин өөрийн боломжоор 2 хүүхэдээ харж хандаж байж чадна. Одоогоор би ээлжийн амралттай байгаа хүний оронд шатахуун түгээх станцад түгээгчээр ажиллаж байгаа. Сүүлд суусан эхнэрийнхээ гэрт амьдардаг. Машин унаа байхгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Б.Гт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.У, хариуцагч Б.Г нар нь 2004-2009 оны хооронд хамтран амьдарч байсан бөгөөд тэдний дундаас 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүү Г.Б, 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр охин Г.Хнар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 6-7/

Хариуцагч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, төлбөрийн чадваргүй, орон гэргүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэж маргаж  байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй,  нотлох баримтыг  хэрэгт ирүүлээгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн  52.1.1-д “тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг”, 52.1.2-т “эцэг, эх, хойт эцэг, хойт эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдийг” тус тус шүүхээр тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхөөр заасан байх бөгөөд хариуцагчийн маргаж байгаа шалтгаан нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Б, 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Г.Хнарыг эцэг Б.Гаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.У улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 2 хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс тооцон  50092 төгрөг+70200 төгрөг бүгд 120209 төгрөгийг гаргуулан Төрийн санд олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү Г.Б, 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдөр төрсөн охин Г.Хнарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Гаар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Уд даалгасугай.

        2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгасугай.

       4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.У нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 120209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөгийг гаргуулж Төрийн санд олгосугай.

       5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МЯГМАРСҮРЭН