Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Б.Т, Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц х овогт Б-ын Т, Ж овогт Б-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2208000000757 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг гэх, Өвөрхангай аймгийн ... сум ... дүгээр баг ... гэх газар оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн ... дүгээр хороо, ... дугаар байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц х овогт Б-ын Т (РД:....),

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн ... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “...” ХХК-нд ажилладаг, амь бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Б-ийн Б (РД:...),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар нь бүлэглэн 2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-р хорооллын автобусны орчимд байх GS25 дэлгүүрийн гадна иргэн Э.Этэй маргалдаж, улмаар Б.Т нь гараараа Э.Эий нүүрэн тус газар 2-3 удаа цохиж, толгойн зүүн хэсгээр нь газарт савж унагаасан, харин Б.Б нь Э.Эий нүүрний баруун хэсэг рүү гараараа 1 удаа савж цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн чамархайн урд дээд хэсэгт няцарсан шарх, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, хөмсөг, нүдний гадна дээд хэсэг, зүүн мөрний ард зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал), хохирогч Э.Эий мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 13 дахь тал), гэрч Г.Т-ий мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4079 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 42-49 дэх тал), шүүгдэгч Б.Тийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 54 дэх тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 55 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 57-63 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал), түр оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 113 дахь тал), шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 73 дахь тал), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 76 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 77 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар (хавтаст хэргийн 78 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 79 дэх тал), түр оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 101 дэх тал), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 103 дахь тал), Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (хавтаст хэргийн 104-110 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 115 дахь тал), шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл), шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар нь бүлэглэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 08-ны шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-р хорооллын автобусны орчимд байх GS25 дэлгүүрийн гадна хохирогч Э.Этэй маргалдаж, шүүгдэгч Б.Т нь хохирогч Э.Эг “өөрийг нь цохилоо” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохиж, толгойн зүүн хэсгээр нь газар савж унагаасан, шүүдэгч Б.Б нь хохирогч Э.Эий нүүрний баруун хэсэг рүү нь гараараа 1 удаа савж цохин, тэдгээрийн үйлдлээс шалтгаалан хохирогч Э.Эий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь:

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

2. Хохирогч Э.Эий: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 21 цагийн орчим хуурай ах нар болох Т, М болон М ах бид дөрөв хамтдаа Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах GS25 дэлгүүрийн 3 давхарт байдаг пабд орж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд би бие засах гээд пабаас гараад нойл орж гар нүүрээ угаачхаад жоохон сэргэх санаатай гадаа тамхи татах гээд гарсан чинь үүдэнд үл таних сахалтай эрэгтэй хүнтэй яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна хэрэлдэж маргалдсан. Харин хамт байсан 1 үл таних эрэгтэй нь бид хоёрын дундуур ороод салгах гээд байсан. Тэгтэл надтай маргалдсан эрэгтэй хүн миний нүүрэн тус газар алгадахаар нь би зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь цохисон чинь намайг машин руу шахаад заамдаад байсан. Тэгээд тэр хүн намайг тавиад хамт явж байсан хүмүүс нь явъя, явъя гээд явах гэж байсан чинь анх надтай маргалдсан сахалтай эрэгтэй хүн нь над руу буцаж ирээд миний нүүрэн тус газар нэг удаа цохиод 21-ийн автобусны буудал тал руу яваад өгсөн. Тэр үед миний зүүн нүдний орчмоос хаанаас нь ч юм цус гараад эхэлсэн. Удалгүй манай ах Т гарч ирээд юу болсон талаар асуухаар нь би нөгөө хүмүүсийг зааж өгөөд Т ах ардаас нь явсан ба би байж байгаад ардаас нь очсон. Тэгээд би очоод намайг цохисон сахалтай эрэгтэй хүнтэй зууралдаж аваад нүүрэн тус газар нь 1-2 удаа цохиж байсан санагдаж байна. ...Б нь миний баруун шанаа орчим цохисон талаар би сайн санахгүй байна. Харин Т гэдэг хүн миний  нүүрэн тус газар цохисныг сайн санаж байна. Т гэдэг хүн намайг цохисны дараа миний нүүрнээс цус гарч эхэлсэн ба өвдөлт мэдэрсэн. Миний эмчилгээний зардалтай холбоотойгоор Т болон Б нар нь надад 3,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Тийм учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 13 дахь тал),

3. Гэрч Г.Т-ий: “...пабны тэкэн дээр сууж байсан залуу намайг дуудаад “танай дүү чинь золдолдоод уначихлаа” гэж хэлэхээр нь би ууж байсан шилтэй пивоо авч гараад харсан чинь Э дэлгүүрийн үүдэнд уначихсан, нүүр, толгойноос нь цус гарч байхаар нь “хэн зодов” гээд асуусан чинь “тэр хүмүүс намайг зодсон” гээд гараараа урагшаа автобусны буудал орчим алхаж байгаа хүмүүсийг заасан. Тэгээд би ардаас нь очоод “та нар яахаараа дүү зоддог юм” гээд 1 үл таних эрэгтэй хүнтэй барьцалдаж аваад байж байсан чинь ардаас дүү Э хүрч ирээд нөгөө залуутай нь барьцалдаж авсан, мөн надад хандаж “ахаа ингээд цус гоожоод байна, ахаа ийм болчихлоо” гэж хэлэхээр нь харсан чинь нүүр, толгойных нь зүүн хэсгээс нь их хэмжээний цус гоожсон байдалтай байсан. Тэгээд би нэг залуутай нь барьцалдаад байж байх үед Этэй барьцалдаж байсан эрэгтэй хүн газар хөмөрч унагаахдаа толгойны зүүн хэсгээр нь газар хүчтэй саваад унагачихсан чинь толгой, нүүрнээс нь цус их хэмжээгээр гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4079 дугаартай:

“Э.Эгийн биед тархи доргилт, зүүн чамархайн урд дээд хэсэгт няцарсан шарх, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, хөмсөг, нүдний гадна дээд хэсэг, зүүн мөрний ард зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт, зүүн чамархайн урд дээд хэсгийн няцарсан шарх, зүүн хөмсөг, нүдний дээд зовхины цус хуралт нь тус тусдаа хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

5. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 42-49 дэх тал),

6. Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн найз болох Б, хуурай ах П нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ...-р хорооллын орчимд байдаг пабд 22 цагийн орчим сууж архи ууж байгаад удалгүй гараад явсан ба ...-р хорооллын автобусны буудал орчимд байдаг GS25 сүлжээ дэлгүүрийн үүд орчим явж байтал өндөр туранхай, цагаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн согтчихсон, хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад нэг алгадсан чинь намайг зөрүүлээд нүүрэн тус газар цохихоор нь бид хоёр барьцалдаж авсан. Хамт байсан Б бид хоёрыг салгаж холдуулж байсан ба ард наалдаад байхаар нь баруун гараараа тэр хүний баруун шанаа орчим нь эргэж хараад цохичихсон. Тэгээд бид гурав тэндээс явахаар болоод урагшаа 21-ийн автобусны буудал руу явсан ба би буцаж очоод тэр хүний нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд урагшаа алхаад явж байтал ардаас тэр өндөр туранхай залуугийн ах нь гээд хүн хүрч ирээд Бтай барьцалдаад авсан ба ардаас нь нөгөө өндөр туранхай эрэгтэй залуугийн нүүр ам нь цус болчихсон байдалтай хүрч ирээд надтай барьцалдаад авахаар нь би гар, хувцаснаас нь барьж байгаад хөмрөөд газар толгойных нь зүүн хэсгээр унагасан. ...Э нь эмчилгээний зардалтай холбоотойгоор 3,000,000 төгрөг нэхэмжилснийг Б бид хоёр бүрэн барагдуулж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

7. Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...GS25 дэлгүүрийн үүдэнд өндөр туранхай, цагаан өнгийн куртиктэй залуу архи уучихсан байдалтай, Тийг хэл амаар доромжлоод өдөөд дайраад байхаар нь би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэгсэн чинь Т нүүр лүү нь зөөлхөн алгадсан чинь тэр хүн Тийн нүүр лүү нь цохиод нэг нэг рүүгээ дайраад байхаар нь би хоёр тийшээ болгоод холдуулсан чинь үл таних өндөр залуу миний ард ирж наалдаад орилоод байхаар нь би баруун гарынхаа шуугаараа баруун шанаа орчим нь цохисон. Тэгээд над руу бас дайраад байхаар нь би өөрөөсөө холдуулж түлхээд Т, П хоёрыг аваад цаашаагаа явах гэж байтал ардаас орилоод байхаар нь Т гараараа нүүрэн тус газар нь зүүн гараараа 1 удаа цохисон. Тэгээд бид гурав буудал тал руу алхаад явж байсан чинь ардаас нэг ах нь гээд өөр үл таних хүн хүрч ирээд надтай барьцалдаж аваад байж байтал ардаас үл таних өндөр эрэгтэй хүн (Э) нүүр ам нь цус болчихсон байдалтай хүрч ирээд Тийг заамдаж авахаар нь Т тэр хүнийг (Э) хөмөрч байгаад газар толгойных нь зүүн хэсгээр саваад газар унагаачихсан. Би тэр үед ах нь гээд хүнтэй (Т) барьцалдаж байгаад салсан ба нэг нэгийгээ зодож цохисон зүйл байхгүй. ...Э нь эмчилгээний зардалтай холбоотойгоор 3,000,000 төгрөг нэхэмжилснийг Т бид хоёр бүрэн барагдуулж өгсөн байгаа. Мөнгийг шилжүүлэхдээ миний худалдаа хөгжлийн банкны дансаар шилжүүлж өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 95-96 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эий биед “...тархи доргилт, зүүн чамархайн урд дээд хэсэгт няцарсан шарх, зүүн хөмсөг, нүдний дээд зовхинд цус хуралт, хөмсөг, нүдний гадна дээд хэсэг, зүүн мөрний ард зулгаралт...” бүхий хөнгөн гэмтэл учирсан нь шүүгдэгч Б.Тийн гараараа нүүр лүү нь цохих, газар савж унагаах зэрэг үйлдлээс болон шүүгдэгч Б.Бын  хохирогчийн толгой нүүр хэсэг рүү нь гараараа савж цохисноос тус тус үүссэн байх бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Т, Б.Б нар нь бүлэглэж хохирогч Э.Эий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.  

Хэргийн шүүгдэгч Б.Т, Б.Б нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Эий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Миний эмчилгээний зардалтай холбоотойгоор Т болон Б нар нь надад 3,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Тийм учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрах нь Б.Т, Б.Б нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, тэдгээрт оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг яллагдагч (шүүгдэгч) Б.Т, Б.Б нарт танилцуулсан байх ба тэдгээр нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн шүүдэгч нарын хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, орлоготойг илэрхийлсэн баримтууд тус тус авагдсан байх тул прокуророос гаргасан саналын хүрээнд шүүгдэгч тус бүрд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдгээрийн хувийн байдал, орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Т, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                          ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц х овогт Б-ын Т, Ж овогт Б-ийн Б нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Б.Б тус бүрд 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Б нарт оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Б.Б нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.    

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т, Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.АЛТАНЦЭЦЭГ