Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар  2022/ШЦТ/401

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн,

шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Ц-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108029320266 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, .......... боловсролтой, мужаан мэргэжилтэй, “В” ХХК-д менежер ажилтай, ам бүл .., ..........-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .......  дугаар гудамж, ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-н Ц (РД:..........).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 27 дугаар гудамж, 151а тоот хашааны үүдэнд хохирогч Ц.Г-ийг “Гэрийн цонх хагалж, ээжийг минь айлгасан” гэх шалтгааны улмаас толгойн тус газарт нь гараараа цохиж, боож унаган хэвлий рүү дэвсэж, өшиглөн эрүүл мэндэд нь сэмж, чацархайн урагдал, хэвлийн хөндий цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл  бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин хэрэг төвөгт оролцохгүй байж чадна. Улсын яллагчийн саналын дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2108029320266 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Ц.Г-ийн: “...2021 оны 10 дугаар сарын 20-ны орой гэртээ харихад эхнэр ирээгүй. Маргааш нь эхнэрийн найз нөхдөөс асуусаар байгаад байгаа газар болох Ц гэх хүний гэрт очсон. Би эвээр ярилцаад салсан чинь тэр үед найз нөхдөөрөө ямар нэгэн асуудал байхгүй хоноод явсан, бид 2 үлдсэн гэж хэлсэн. Тэгээд дахин эхнэртэй уулзахгүй талаар надад хэлсэн. Дараа нь би гар утас руу нь залгасан чинь гар утсаа авахгүй, авахаараа хаана байгаагаа хэлэхгүй байхаар нь би гэрээс гараад дэлгүүр орж явсан чинь Г-ийн найз нь бэлэг барьсан явж таарсан. Би түүнийг дагаж явсаар хаана байгааг нь мэдээд байгаа газар нь очсон чинь “2 эмэгтэй найзтайгаа сууж байгаад очъё, чи нэг бол хариад хүлээж бай, эсвэл гадаа хүлээж бай” гэхээр нь хүлээж байсан. Нэг найз нь яваад өгөхөөр нь би нөгөө найзтай нь гурвуулаа караоке орсон. Би караокед нэг шил пиво уусан. 1 цагийн дараа эхнэр ариун цэврийн өрөө орохоор нь би араас нь бие засахаар орсон чинь надтай зөрөөд гарсан. Тэгээд би бие засчхаад өрөөнд орсон чинь эхнэр байхгүй, найз нь байсан. Найзаас нь асуусан чинь “орж ирээгүй” гэхээр нь тооцоо хийчхээд гараад Г- рүү залгасан чинь “гэрийн гадаа байна” гэж хэлсэн. Би гэрийн гадаа очоод залгасан чинь байхгүй байсан. “Найзынхаа гэрийн гадаа байна” гэхээр нь очсон чинь бас байхгүй байсан. Дахин залгасан чинь цаана нь эрэгтэй хүн дуугарч байгаад салгачихаар нь би нөгөө залуутай хамт байна гэж бодоод Цийн дугаар луу дугаараа нууцлаад залгасан чинь цаана нь манай эхнэр дуугарч байсан. Би “гэрт нь очоод ална шүү” гэсэн утгатай мессеж бичээд гэрт нь очсон. Нөгөө залуутайгаа байгаа гэж бодоод хашааны хаалгыг нүдсэн. Байшингийн гэрэл асаалттай, хаалгаа тайлахгүй байхаар нь би хашааны гаднаас байшин руу 2 чулуу шидсэн. Настай эмэгтэй гарч ирээд “юу болоод байгаа юм. Цонх хагалчихлаа” гэж хэлсэн. Би “танай хүүхэд чинь Даваа гэж мөн үү” гэж асуухад “мөн, юу болсон юм” гэхээр нь “танай хүүхэд 4 хүүхэдтэй хүний гэр бүлийг үймүүлээд яваад байна” гэж хэлсэн. Би хүүхэд рүүгээ “одоо яръя” гээд залгасан. Тэгээд нэг залуу ирээд “цонх хагалчихлаа” гээд ярьж байсан. Ээж нь хаалгаа хаагаад явахаар нь би ирж байгаа юм байна гэж бодоод хүлээж байхад удаагүй ирсэн. Ц хүрч ирээд үгийн зөрөөгүй толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод авахаар нь би түүний хувцаснаас зуурсан чинь дахин нүүр лүү цохиж боож унагаад дээрээс өшиглөөд, дэвсээд байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.11.19-ний өдрийн 11216 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ц.Г-ийн биед сэмж, чацархайн урагдал, хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Гэрч Ц.Г-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 01 цагийн үед дүү Г- олон удаа залгасан байсан. Тэгээд ярихад “би босч чадахгүй, хүнд зодуулчихлаа” гэж хэлсэн. Би гайхаад “чи хаана байгаа юм” гэж асуухад “Тахилтын 3 дугаар буудлын хажууд айлын гадаа” гэхээр нь “чи цагдаа дуудсан юм уу” гэхэд “үгүй” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дүү Г- машиндаа хэвтэж байсан. Удаагүй түргэн тусламжийн эмч ирээд үзлэг хийгээд Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн чинь дотуур шингэн алдаж байна гээд хагалгаанд оруулсан. Миний ойлгосноор Г-ийн эхнэр Г- тухайн тоот айлд байсан бөгөөд эхнэр нь бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай болсон юм байна. Эхнэрээ авахаар очоод маргалдсан байсан. Намайг харахад хамраас нь цус гарсан, хэвлийгээ дараад ёолоод байсан...” гэх мэдуүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

Гэрч Б.Г-ийн: “2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нөхөр ажлаасаа ирээд “наад залуугаасаа салчих, би бол 4 хүүхдээ бодоод чамаас салахгүй шүү, тэр залууг чинь 4 хүүхдийнхээ хойд эцэг болгож чадахгүй шүү” гэж хэлсэн. Маргааш нь би найзуудтайгаа төрсөн өдөр тэмдэглэхээр гарч пабд вино ууж байхад нөхөр залгаад байхаар нь авахгүй байсан чинь хүрч ирсэн. Намайг “хаашаа явах гэж байна хамт явна” гээд явахгүй байхаар нь нэг найзыгаа тэр газар үлдээгээд өөрөө ариун цэврийн өрөө орох гэж байгаа болоод гарч зугатаагаад Ц-тай уулзсан. Тахилтад байдаг найзынх нь гэрт дөнгөж ороод байж байхад Ц-гийн ээж залгаад “манай хашаанд хүн агсам тавиад байна” гэхээр нь бид нар очсон. Тэгтэл нөхөр Г- Ц-гийн хашааны гадаа зогсож байсан. Ц намайг “машинаас битгий буугаарай” гээд хашааны үүдэнд Г-тэй барьцалдсан. Ц Г-ийг цохиж зодоод байгаа бололтой байхад найз нь машинаас буугаад очихоор нь би буусан чинь нөхөр Г- газар унасан эвхрээд хэвтэж байсан бөгөөд ёолоод, орилоод байсан. Би худлаа орилоод байна гэж ойлгоод машинд нь суулгаж өгсөн. Тэгээд цагдаа нар хүрч ирээд Ц-г аваад явсан бөгөөд түргэн тусламжийн эмч үзсэн. Ц цохиж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал),

Гэрч М.У-ын: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр найз Ц залгаад “гараад ир” гэж хэлсэн. Г-тэй хамт явсан бөгөөд “Г-ийн төрсөн өдөр болоод байна” гэхээр нь “манай гэрт очих уу” гээд хамт явсан. Гэрийн гадаа зогсох үед Ц “гэрийн чинь гадаа очиж ална шүү” гэсэн мессеж Г-ийн нөхрөөс ирсэн талаар үзүүлсэн. Манай гэрт орох гэхэд Ц-гийн ээж залгаад “манай цонхыг хагалчихлаа, гадаа орилж, хашгираад байна” гэхээр нь шууд очсон. Нэг залуу Ц-гийн хашааны гадаа зогсож байсан. Ц машинаас буухдаа “та нар байж байгаарай” гээд бууж очоод барьцалдаж аваад цохилцоод байх шиг болохоор нь очиход нөгөө үл таних залуу газар унасан эвхрээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62-63 дахь тал),

Гэрч Б.Н-н: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ны орой 23 цаг өнгөрч байхад найз Ц залгаад “гараад ирээч” гэж хэлсэн. Найз У- болон найз хүүхэнтэйгээ хамт явж байсан. Ц надад найз хүүхний салсан нөхөр нь гэх эрэгтэй над руу ийм мессеж явуулаад байна гэж үзүүлсэн. Тэгэхэд “чамайг ална шүү” гэж бичсэн байсан. Түүнийг уншиж байхад ээж нь залгаад “гэрийн цонхыг хүн хагалаад айлгаад байна” гэсэн. Бид Ц-гийн гэрийн гадаа очсон. Тэгэхэд үл таних залуу хашааны үүдэнд зогсож байсан чинь Ц “та нар гарахгүй шүү” гээд буугаад нөгөө залуутай барьцалдаад авсан. Тэгээд зууралдан хар өнгийн машины араар орох үед бид нар буугаад очсон чинь нөгөө залуу нь унасан ёолоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

Шүүгдэгч Н.Ц-гийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 10 дугаар сард би Г-тэй гэртээ байж байтал Г-ийн нөхөр гэх хүн хашаа даваад орж ирсэн. Г-ийн нөхөр Г-т “би чамаас салахгүй” гэхэд Г- “би салмаар байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш Г- бид хоёр байнга уулзаж эхэлсэн, цуг амьдарч үзээгүй. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Г-ийн төрсөн өдөр болсон. 23 цаг өнгөрч байхад Г- залгаад “Би төрсөн өдрөө тэмдэглэж байна, Цамбагаравын тэндээс ирээд аваарай” гэж хэлсэн. Г-ийг байгаа газраас нь очиж аваад ...У-ын хашааны гадна ирж байтал миний утсанд 88199503 гэсэн дугаараас “Би чамайг ална. Өөр хэн байна, бүгдийг нь ална” гэсэн утгатай зурвас ирсэн. Би зурвасыг найз нартаа харуулж байтал ээж Нэргүй залгаад “Согтуу хүн хашаа давж орж ирээд хамаг цонх хагалаад хаалга нүдээд байна” гэхээр нь би Г-ийг байна гэж мэдээд өөрийн хашааны үүдэнд ирэхэд Г- зогсож байхаар нь уур маш их хүрээд хөл гараараа зодож цохисон. Г-ийг хаана нь хэрхэн, яаж цохисноо санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 168-170 дахь тал),

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 5 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 86 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 87 дахь тал), “В” ХХК-ийн “Манай компанид Н.Ц менежерийн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд нэг сарын үндсэн цалин 1,400,000 төгрөг” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 88 дахь тал), депозит дансны хуулга (хавтаст хэргийн 179 дэх тал), хохирогчийн “Эмчилгээний төлбөрт “Toyota Prius-30” маркын машиныг 17 сая төгрөгт тооцож хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 187 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай” санал (2 хуудас), хохиролд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн талаарх баримтуудыг (2 хуудас) тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ. 

 

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 27 дугаар гудамж, 151а тоот хашааны үүдэнд хохирогч Ц.Г-ийг “Гэрийн цонх хагалж, ээжийг минь айлгасан” гэх шалтгааны улмаас толгойн тус газарт нь гараараа цохиж, боож унаган хэвлий рүү дэвсэж, өшиглөн эрүүл мэндэд нь сэмж, чацархайн урагдал, хэвлийн хөндий цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Ц.Г-ийн “...Ц ирээд үгийн зөрөөгүй толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиод, нүүр лүү цохиж, боож унагаад дээрээс өшиглөөд, дэвсээд байсан...” гэх мэдүүлэг (хх-18-20), шүүх эмнэлгийн 11216 дугаар “1. Ц.Г-ийн биед сэмж, чацархайн урагдал хэвлийн хөндий дэх цусан хураа, хэвлийн хөндийг шалгах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-22-23), гэрч Б.Г-ийн “...Ц Г-ийг цохиж зодоод байгаа бололтой байсан. Г- газар унасан эвхрээд хэвтэж байсан бөгөөд ёолоод, орилоод байсан...” гэх мэдүүлэг (хх-57-59), гэрч М.У-ын “...Ц барьцалдаж аваад цохилцоод байх шиг болохоор нь буугаад очиход нөгөө үл таних залуу газар унасан эвхрээд хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-62-63), гэрч Б.Н-н “...Ц “та нар гарахгүй шүү” гэж хэлээд буугаад нөгөө залуутай барьцалдаад авсан. Нөгөө залуу нь унасан ёолоод хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (хх-66-67), шүүгдэгч Н.Ц-гийн “...би маш их ууралсан болохоор Г-ийг хаана нь хэрхэн яаж цохисноо санахгүй байгаа...” гэх мэдүүлэг (хх-168-170), гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлага лавлагааны хуудас (хх-5) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Ц-гийн хохирогч Ц.Г-ийг “Гэрийн цонх хагалж, ээжийг айлгасан” гэх шалтгаанаар толгой, нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, боон газарт унагаж өшиглөх, дэвсэх үйлдлээр хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Г-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын 2,119,218 төгрөгийн баримт гаргаж өгсөн, хохиролд 2,120,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Эмчилгээний төлбөрт тээврийн хэрэгсэл авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт (хх-187)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Ц нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 27-151 тоот хашааны үүдэнд хохирогч Ц.Г-ийг “Гэрийн цонх хагалж, ээжийг минь айлгасан” гэх шалтгааны улмаас хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар толгойн тус газарт нь гараараа цохиж, боож унаган хэвлийн тус газарт дэвсэж, өшиглөн эрүүл мэндэд нь сэмж, чацархайн урагдал хэвлийн хөндий цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 10,000,000 төгрөгөөр ял оногдуулж, уг торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргаагүй. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Ц “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, улмаар улсын яллагч, шүүгдэгч нар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр харилцан тохиролцсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (“Гэрийн цонх хагалж, ээжийг айлгасан” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн эрх, эрх чөлөөнд цохих, хоолой боох, өшиглөх, дэвсэх хэд хэдэн удаагийн үйлдлээр халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, 2,119,218 төгрөгийн хохирлын баримт гаргаж өгсөн, хохирол бүрэн төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-н Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-г 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР