Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар  2022/ШЦТ/408

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогчийн өмгөөлөгч Д.Жаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Н.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203000000042 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, ........... боловсролтой, техникийн программист мэргэжилтэй, .......... хөдөлмөр эрхэлдэг гэх, .......... дүүргийн .... дугаар хороо, ...... дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл ...., ...........-ийн хамт ...... дүүргийн .... дүгээр хороо, ........ хотхон, ... дугаар байр, .... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн Г (РД:.............).

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянхошууны замд буюу Жанцан төвөөс тойрог явах замд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 20 минутын орчимд “Тоёота Приус-40” маркын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч П.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 17 цаг 25 минутын үед Баянхошууны тойрог замаас Жанцан өгсөх замд явж байсан. Энэ үед харанхуй байсан. Зүүн гар талаас 2 хүүхдээ дагуулсан эмэгтэй гүйгээд гарч ирсэн. Би хараад зогсох арга хэмжээ авсан. Хоёр хүүхэд нь амжаад гарсан. Эмэгтэй машины хамар дээгүүр унасан, буугаад очиход хамраас нь цус гарсан байдалтай байсан. Би хохирогчид анхны тусламж үзүүлсэн. Тэр үед том хүүхэд нь “Эмээ таныг гарцаар гаръя гээд байхад” гээд уйлаад байсан. Түргэн тусламж ирээд хохирогчийг аваад явсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийж, надад “А, Б цэг тавь” гэхээр нь би тавьсан. Миний машинд явсан 14 настай, аутизм өвчтэй хүү маань гэнэт олон цагдаа хараад, айж сандраад замын голоор гүйсэн. А цэгийг буруу тэмдэглэсэн байсан учраас би тухайн үед гарын үсэг зураагүй. Тэр үед хохирогч байхгүй байхад мөргүүлсэн цэгийг яаж тогтоож байгааг би гайхсан. Миний урд 40-50 метрийн зайд 2 дугаар эгнээнд машин явж байсан. Хөдөлгөөн гайгүй байсан. Харин эсрэг урсгалд машинууд байнгын явж байсан. Явган хүний гарцын зураас байсан. Гэрэл дохио ажиллагаанд ороогүй байсан. Гарцыг 20-30 метр зайд харсан. Би мөргөсөн учраас гэмтэл учирсан. Хохиролд 1,700,000 төгрөг төлсөн. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Эрүүгийн 2203000000042 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Д-гийн: “2021 оны 12 дугаар сарын 10-ны орой 17 цаг өнгөрч байхад зээ охин Ариунзул (12 настай), Энэрэл (3 настай) нарын хамт харих гээд би Энэрэлийг хөтлөөд, Ариунзул дагаад явж байсан. Баянхошууны Жанцан төвөөс тойрог явах 4 эгнээ засмал замаар хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарсан. Бид 3 зам хөндлөн гарч байтал баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан машин баруун урд хэсгээр намайг мөргөсөн. Тухайн үед замын хөдөлгөөн багатай байсан болохоор гарцаар гаралгүй, гарцгүй газраар гарчихсан. Намайг мөргөсөн машин нэлээд зайтай явж байсан учир амжчих байх гэж бодоод алхаж байтал тэр машин тулаад ирэхээр нь хөтөлж явсан хүүхдээ замын урд хэсэг рүү түлхээд өөрөө холдож амжилгүй мөргүүлсэн. Жолоочийн зүгээс хэрэгтэй зүйлсийг авч өгсөн. Гомдол санал гээд байх зүйл байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

Өвчний түүхээр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2021.12.17-ны өдрийн 503 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. П.Д-гийн биед баруун талын суудал ясны доод салаа, зүүн тойг яс, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, ахар сүүлний Со2-р нугалмын мултрал, нүүр, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2021.12.29-ний өдрийн 19 дүгээр магадлагааны дүгнэлтэд: “1.“Тоёота Приус 40” маркын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч П.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна. гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хавтаст хэргийн 53-54 дэх тал), 

Шүүгдэгч Н.Гийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Уулзвар дөнгөж өнгөрөөд явж байтал 2 хүүхэд хөтөлсөн эмэгтэй замын зүүн гар талаас гүйгээд гараад ирсэн. Ойролцоогоор 10 орчим метрийн зайнаас миний явж байсан урсгалын 2 дугаар эгнээнээс гүйгээд 1 дүгээр эгнээ рүү орж байгааг харсан даруйд машинаа зогсоох арга хэмжээ авсан. 2 хүүхдээ замын баруун хэсэг рүү түлхэж холдуулаад өөрөө замаас гарч амжилгүй миний өөдөөс харж зогсоод машины баруун урд хэсгээр мөргүүлсэн. Копутан дээр биеэрээ гарч ирээд машин зогсонгуут цаашаа унасан. Тэр эмэгтэй зам дээр хамраас нь цус гарсан сууж байсан. 10 орчим насны том хүүхэд нь “Эмээ таныг гарцаар гаръя гээд хэлээд байхад чинь” гээд уйлаад байсан. Би ямар нэгэн Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бөгөөд явган зорчигчийг харсан даруйдаа зогсоох бүх арга хэмжээгээ авсан. Хэмжилт хийж байсан цагдаа нар тухайн үед машиныг хараад ямар ч сэв зураас гараагүй байна, бараг тоосгы нь арчаад л өнгөрсөн байна гэж ярьцгааж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал),     

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-3-11), дуудлага лавлагааны хуудас (хх-12), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-13), “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт (хх-42-48), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-79), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-83), үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-75), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-76), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-77), жолоочийн лавлагаа (хх-78), хохирлын баримтууд (хх-80-82), хохирогчийн өвчний түүх (хх-85-92), дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-110-111) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт (1 хуудас), хохирлын баримт (3 хуудас) зэргийг тус тус уншиж,

хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн ослын газрын үзлэгийн явцад хийсэн гэх бичлэг бүхий компакт дискийг дэлгэцээр үзэн тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Г нь “Тоёота приус” маркын тээврийн хэрэгслийг жолоодон 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байгаад явган зорчигч Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Нэгдүгээрт тухайн зорчих хэсэг чөлөөтэй, 4 эгнээ зорчих хэсэгтэй. Явган зорчигчийн хувьд ганцаараа биш 12 настай, 3 настай хүүхдийн хамт замаар явж байсан. Зорчих эгнээ бол нэг эгнээндээ гурваас доошгүй метрийн зайтай, нийт 12 метр өргөн зам байгаа. Үүнээс явган зорчигч 11 метрийг туулчихсан байсан. Явган зорчигч өөр тээврийн хэрэгсэлгүй, зорчих хэсэг чөлөөтэй байсныг мэдүүлдэг. Замын гэрэлтүүлэг бүрэн дүүрэн биш, эвдэрсэн хэсэг байсан. Харанхуй байсан. Явган зорчигч гарцаар гараагүй боловч тухайн зам гарцтай зам байсан. Гарц руу ойртсон жолооч хурдаа хасаж аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэтэл шүүгдэгч хурдаа хасаагүй. А, Б цэг дээр маргаад байдаг. Хохирогчийн мэдүүлэгт би машины хамар дээгүүр даваад, машинд түрэгдээд хойшоо унасан гэж мэдүүлдэг, энэ нь зургаар тогтоогддог. Үнэхээр машин тулаад зогссон бол хохирогч хамаг биеэрээ урагшаа унахгүй. Мөргөлтийн хүчээр шидэгдээд унахдаа нүдний ухархай, суудал яс хугарсан. Энэ нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдсон байхад гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл байхгүй. 7 метрийн зайд хоёрдугаар эгнээнээс гартаа хүүхэд хөтөлсөн хүн явж байхад зогсоод өнгөрөөчих боломжтой нөхцөл байдал байсан. Явган зорчигч гарцаар гарах үүргээ биелүүлээгүй нь жолоочийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд баримт гаргаж өгөөгүй. Эмчилгээний зардлыг жолооч талаас гаргаад явж байгаа гэж мэдүүлэг өгсөн. Төлөгдсөн хохирол 1,633,800 төгрөгийг хохирогчид эмчилгээ болон бусад зардал болгож төлж барагдуулсан. Шинээр хохирогчийн өмгөөлөгчөөс 95,000 төгрөгийн баримт мөн өмгөөлөгчийн үйлчилгээ авсан зардлын баримтыг нэгтгээд 1,095,000 төгрөгийн баримт ирүүлж байна. Өмгөөлөгчийн хөлсийг зарим шүүхүүд гаргаад, зарим нь гаргахгүй шийдвэрлээд байгаа. Энэ хэргийн тухайд хохирогч өөрөө хуралд ирэх боломжгүй хэмжээний гэмтэлтэй байгаа тул өмгөөлөгчийн зардал болон 95,000 төгрөг, нийт 1,095,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогчид олгуулах саналтай байна. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар хэсэгт заасан харанхуй гэдгийг байгалийн үзэгдлийн үүднээс ярина. Тухайн үед харанхуй болсон байсан. Тэгвэл тийм гэрэл гэгээтэй байхад явган зорчигч нарыг харахгүй өнгөрсөн юм бэ. Шүүгдэгчийн анхаарал зорчих хэсэг дээр байгаагүй юм байна гэж үзэхээр байна. Хоёрдугаар эгнээнд 40-50 метрийн зайтай зорчиж явсан тээврийн хэрэгслийн араар явган зорчигч гарч ирж байгааг харсан. Харсаар байгаад очиж мөргөж байгаа үйл явц дүрэм зөрчөөд байна. Мөргөхгүйгээр л зогсох байсан. Харсаар байгаад очоод мөргөсөн үйлдлийг аюул, саад ослоос зайлуулж, арга хэмжээ авсан гэж үзэхгүй. Аюул ослын наана бүрэн зогсолт хийсэн байхыг шаардаж байгаа заалт...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч Г өөрөө гэм буруугүй гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болон Гэрч: -ийн асуултад хариулж байгаа байдлаас шүүгдэгч гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирогч Д 2 алхаад замын нөгөө талд гарах боломжтой, 1 метр 10 см-ийн хэмжээнд зогсож байсан гэдэг. Зам тээврийн ослын бүдүүвч зурагт заагдаад байгаа А, Б цэгийг зөв тогтоосон гэж хэлмээр байна. Хохирогч тухайн машинд мөргүүлээд 4-5 метр газар унахдаа биедээ зулгаралт авсныг хэлэх нь зүйтэй. Шүүгдэгч “...мөргөөд хохирогч миний машины урд өнхрөөд унасан...” гэж тайлбарлаад байгаа. Машинд мөргүүлж шидэгдсэний улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан. Хохирогч Д “...тухайн үед эмчилгээний зардлыг асуудалгүй өгдөг байсан. Эрүүгийн хэрэг үүсээд яллагдагчаар татагдсанаасаа хойш төлөхөөс эрс татгалзах болсон...” гэж хэлдэг. Д-гийн өвчин нь сайн эдгэж өгөхгүй, зовуурьтай байгаа. Гомдолтой байгаа талаар минь шүүхэд дамжуулж хэлээрэй гэж хэлсэн. Өнөөдрийн хуралдаанд 1,095,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Хохирогч цаашид рашаан сувилалд явна. Энэ баримтаа бүрдүүлээд иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгаж өгөхийг хүсэж байна...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Нэгдүгээрт “Чи мөргөсөн, чиний машинд хүрсэн” гээд байгаа. Зогсоох арга хэмжээг бодит байдлаар аваад, авсны улмаас хохирогч бага бэртэл авсан. Хэрвээ тэгээгүй бол 2 хүүхэд машинд дайруулах боломжтой байсан. Г буруутай талаар хууль ярих болохоос онол ярихгүй. Хохирогч замын хажуугаас гарцгүй газраар гараад ирсэн. Гарц өнгөрөөд хохирогч угтаад гүйж ирсэн. Гарцын наана хурдаа хасах ёстой байсан гээд ярих юм. Техникийн шинжээч хэргийн газрын үзлэгээр гэрэлтүүлэгтэй, зам нь тэгш, тоормосны мөр байхгүй гээд зурсан байсан. Тоормосны мөр байхгүй учир зогсоох арга хэмжээ аваагүй гэж дүгнэх гэж байгаа бол тэрийгээ тодорхой бичих хэрэгтэй. Явган зорчигч буруутай ч Гийг зогсоох арга хэмжээ аваагүй гэж буруутгаад байгаа. Зогсоох арга хэмжээ авч явсаар байгаад, машин ч зогсоод хохирогч мөргөгдөөд байна. Ийм эргэлзээтэй нөхцөл байдал байгаа учраас гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Явган зорчигч, жолооч хоёрын аль нэг нь буруутай байх ёстой. Хохирлын хувьд 2 хүн хоёулаа буруутай байна. Хохирлоо 50, 50 хувиар хариуцдаг. Явган зорчигчийн буруутай үйлдлийг бид өөр дээрээ нааж байх ёстой юу? Сүүлд бичлэг үзэхэд харанхуй зүйл байхгүй байгаа. Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасныг манантай, тас харанхуй гэрэлтүүлэггүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан энэ нөхцөл байдалд хэрэглэнэ гэж ойлгож байгаа. Миний үйлчлүүлэгч би тэр хүнийг харсан. Хараад зогсоох арга хэмжээ авсан. Зогсоох арга хэмжээгээ аваад явсаар байгаад эцсийн цэг дээр явган зорчигч машин хоёр уулзаад, уулзахдаа хохирогч түрэгдээд зогссон. Тулаад зогсоход хохирогч хамар дээгүүр даваад машины дээр байсан тортгийг арчаад хойш унасан. Настай эмэгтэй хүн хойш унахад бэртэнэ шүү дээ. Гэм буруугийнхаа асуудлыг бүрэн тогтоогоогүй байж гэм буруутайд тооцно гэдэг чинь буруу байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймээс магадалгаа дахин гаргуулъя, шинжээчийн дүгнэлт дахин гаргуулъя гээд байгаа. Иймд хавтаст хэргийн хүрээнд, өнөөдөр судалсан нотлох баримтын хүрээнд Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ял шийтгэл оногдуулж, гэм буруутайд тооцох үндэслэл байхгүй байх тул цагаатгаж өгнө үү. Миний үйлчлүүлэгч үнэн шударгыг нь тогтоогоод өгөөч гэсэн. Түүнээс гэм буруугаас зугтаах гэсэн зүйл байхгүй...” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанар шүүгдэгч Н.Г нь Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Баянхошууны замд буюу Жанцан төвөөс тойрог явах замд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд “Toyota Prius-40” маркын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч П.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Д-гийн “...зам хөндлөн гараад явж байтал баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан машин баруун урд хэсгээр намайг мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-16-17), шүүх эмнэлгийн 503 дугаар “1. П.Д-гийн биед баруун талын суудал ясны доод салаа, зүүн тойг яс, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, ахар сүүлний Со2-р нугалмын мултрал, нүүр, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-33-34), мөрдөгчийн 19 дүгээр “1.“Тоёота Приус 40” маркын **-** *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч П.Д- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна” гэх магадлагаа (хх-53-54), хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-11) зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Г-ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа харанхуй үед өөрийн үзэгдэх хүрээнд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүй, хөдөлгөөнд аюул, саад учирсан тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч хохирогч П.Д-г мөргөсөн болгоомжгүй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй, улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн 2 хүүхдээ дагуулаад гарч байсан эмэгтэйг тодорхой зайнаас харсан, 4 эгнээтэй, эсрэг урсгалтай замын өөрийн зорчиж явсан чиглэлийн замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл жолоодон явсан, харанхуй болсон байсан, явган зорчигч 13,70м өргөнтэй, 4 эгнээтэй зорчих хэсгийн 3 эгнээг бүрэн өнгөрч, 4 дэх эгнээг өнгөрөх явцад тээврийн хэрэгслийн баруун урд хэсгээр мөргүүлэн газар унаж, хамраас нь цус гарсан зэрэг нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогджээ. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдагдсан Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан заалт нь тээврийн хэрэгслийн жолооч өөрийн үзэгдэх хүрээнд өөрөөр хэлбэл явган зорчигчийг харсан даруйд (10 орчим метрийн зайнаас харсан гэх, хохирогч “тээврийн хэрэгсэл нэлээд зайтай байхаар нь амжчих байх гээд гарсан” гэх) тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг зохицуулсан заалт бөгөөд харанхуй үед, гэрэлтүүлэгтэй зам боловч үзэгдэлт хангалтгүй тохиолдолд тухайн орчиндоо таарсан хурдыг тааруулан явахыг үүрэг болгосон хэм хэмжээ юм. Түүнчлэн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан заалт нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан боловч зогсолгүй явсаар зам тээврийн осол гаргахаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт болно. Тухайлбал хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн (явган зорчигч тээврийн хэрэгслийн зорчин явсан урсгалын замын голд явж байгааг 10 орчим метрийн зайнаас харсан) үед зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад 40 км/цагийн хурдтай явсан тээврийн хэрэгслийг зогсоож чадалгүй явуулсаар явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг зогсоох арга хэмжээг бүрэн, уг заалтад заасны дагуу хууль ёсоор авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн “Хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун талын суудал ясны доод санаал, зүүн тойг ясны хугарал, өвдөгний зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэн шидэгдэж унаснаас үүссэн. Тээврийн хэрэгсэл, явган зорчигч хэн аль нь тулаад зогссон үед ийм хэмжээний гэмтэл учрахгүй” гэх гэм буруугийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ хэргийн үйл баримтыг тогтоосон хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн “...машин баруун урд хэсгээр намайг мөргөсөн” гэх мэдүүлэг (хх-16), шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн “...тэр эмэгтэй 2 хүүхдээ замын баруун хэсэг рүү түлхэж холдуулаад өөрөөс замаас гарч амжилгүй миний өөдөөс харж зогсоод машины баруун урд хэсгээр мөргүүлсэн. Копутан дээр биеэрээ гарч ирээд машин зогсонгуут цаашаа унасан...” гэх мэдүүлэг (хх-68) зэргээр давхар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Явган зорчигчийг мөргөсөн гэх А цэгийг буруу тогтоосон” гэх дүгнэлт үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн болно.                     

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчид 1,633,800 төгрөгийн эмчилгээний болон бусад зардалд төлсөн, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс “Эмчилгээний зардал 95,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 1,095,000 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжилснээс 95,000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн тул шүүгдэгч Н.Гийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн “өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хохирогч сайн дурын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдэлж, өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарахгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар заасан, уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журмаар тусгайлан заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгоно. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6 дахь хэсэгт “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч”-ийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан.

2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор хохирогчийг “амжиргааны түвшин доогуур” гэж тодорхойлжээ. Амжиргааны түвшин доогуур гэх ойлголт нь Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолд заасан “...төлбөрийн чадваргүй...” гэх ойлголтод хамаарах эсэх нь эргэлзээ бүхий байгааг тэмдэглэж байна.

Хохирогчийн учирсан гэмтэл, хор уршиг бүрэн арилаагүй байгаа тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т зааснаар хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлснийг тэмдэглэж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.Гийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай агийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх талын нөхцөл байдалгүй үйлдсэн болох нь тогтоогдсон. Тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна...” гэж,

Хохирогчийн өмгөөлөгч “Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх нь ёс зүйн хувьд тохиромжгүй байна. Миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа талаараа илэрхийлсэн. Өмгөөлөгчид төлсөн зардлыг шүүхээс хангах болов уу гэж найдаж байсан боловч шүүхээс хангахгүй гэж шийдсэн тул үйлчлүүлэгчдээ тайлбарлаж хэлнэ. Шүүгдэгчийн хохироосон хохирогч маань одоо болтол эдгээгүй байгаа. Шүүгдэгч Г та хохирогчийн биеийг асуугаад хохирогчийг эргээд очоорой гэж шүүгдэгчид хэлье...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Зам тээврийн ослыг хүн санаатай үйлддэггүй. Г цагдаа дуудаад хэрэг болсон газартаа байж байгаад хэмжүүлээд, өнөөдрийн байдлаар эмчилгээний зардлыг төлсөн байгаа. Иймд миний үйлчлүүлэгчид 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа өөрийн үзэгдэх хүрээнд харанхуй үед хурдаа тохируулан яваагүй, аюул саад учирсныг мэдсэн даруйд хурдаа хасах, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг бүрэн, зохих ёсоор аваагүйн улмаас гарцтай замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч буй явган зорчигч хохирогчийг мөргөж гэмтэл учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, баримтаар тогтоогдсон хохирол бүрэн төлөгдсөн, гэмтэл бүрэн эдгэрээгүй байгаа, хохирогч “Гомдолтой, цаашид гарах хохирлоо нэхэмжилнэ” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ар гэрийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэж байна гэж шүүх дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Гийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тодорхой орлого олдог)-ийг үндэслэн шүүгдэгч Н.Гийг 800,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, жолоочийн В ангиллын 157780 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Н-ийн Гэрч: -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 800,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, жолоочийн В ангиллын 157780 дугаар үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Г-т буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Хохирогчийн “өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР