Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
Хэргийн индекс | 188/2022/0404/Э |
Дугаар | 2022/ШЦТ/409 |
Огноо | 2022-04-01 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | У.Анхжаргал, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/409
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганболор,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Х-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2208000000460 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ....-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, ........... боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, группт байдаг, Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар ............-т цахилгаанчин ажилтай, ам бүл ..., ..............-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, ................. .... дүгээр гудамж, .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж-ийн Х (РД:............).
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Х согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “А” нэртэй караокены гадна хохирогч Б.М-тай “чи ямар сонин юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж, толгой, нүүрэн тус газар нь мөргөж, автомашины речакны хугарсан хэсгээр цохиж улмаар биед баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ж.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 1 сая төгрөг өгсөн. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Эрүүгийн 2208000000460 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.М-ы: “2022 оны 02 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед ажлын газрын Х ахын гэрт манай ажлын хүмүүс очиж цай уусан. Тэгээд 0,75 литрийн нэг шил архи уугаад бид нар Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “А" нэртэй караокед орсон. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор караокед ороод унтаад өгсөн. Намайг Х “тооцоогоо хий” гээд сэрээхээр нь “би дуулаагүй, архи уугаагүй байж яахаараа тооцоо хийдэг юм бэ” гээд маргалдаад, тооцоо хийгээд караокеноос гараад үүдэнд машинаа асаагаад ...найзыгаа дуудчихсан, хүлээж байхад Х гарч ирээд “чи ямар сонин юм бэ” гээд миний хамар луу мөргөсөн. Бид хоёр барьцалдахад машины дохио өгдөг речак хугалчихсан. Хугарсан хэсгийг аваад миний толгой руу 3 удаа цохисон. Миний хамар хугарсан, хоёр зовхи хөхөрсөн. Би хохиролд 1,000,000 төгрөг авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.02.18-ны өдрийн 2915 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.М-ы биед баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэжээ (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
Гэрч Ц.А-ийн: “...Х-гийнд очиж дайлуулж байгаад караокед орж архи уусан. Х М-д “Миний хөгшин тооцоогоо төлчих, дараа нь хуваагаад төлнө” гэхэд М уурлаж “Би уугаагүй байж яахаараа төлдөг юм” гэсэн. Машинд сууж байхдаа маргалдаж М Х рүү “хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу хүнтэй харьцахгүй” гэж хэлээд маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
Шүүгдэгч Ж.Х-гийн яллагдагчаар өгсөн: “...Манай ажлын М, А, Э, О бид нар манай гэрт очиж архи уугаад караоке орсон. 21 цагийн үед гараад тамхи татаад зогсож байхад М ирээд “Би яахаараа тооцоо хийдэг юм” гэхээр нь “Чи юун сүртэй юм бэ? Дараа нь хуваагаад өгчихнө шүү дээ” гэхэд уурлаад “Чи дуугүй зайл, чам шиг тахир дутуу хөгжлийн бэрхшээлтэй хүн биш” гээд машиндаа суухаар нь уур хүрээд машиныхаа жолооч талын суудал дээр сууж байхад нүүр лүү нь гараараа хоёр удаа цохиод, нэг удаа мөргөсөн. М намайг заамдаад бид хоёр машины суудал дээр ноцолдож байхад дохионы речак нь хугарчихсан. Би буруу зүйл хийснээ ойлгож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал),
шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-63), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-46), Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт (хх-55), ....................-ийн “Ж.Х нь манай байгууллагад цахилгаанчнаар 2019.09.23-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-56), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-57), хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (хх-58), тэтгэврийн дэвтрийн хуулбар (хх-59-60), тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан лавлагаа (хх-61), эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа (хх-62), банкны дансны хуулга (хх-64-66), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-71, 72), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-73-74), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-75) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Х согтуурсан үедээ 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “А” нэртэй караокены гадна хохирогч Б.М-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, толгой, нүүр лүү мөргөж, автомашины речакны хугарсан хэсгээр цохиж биед баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.М-ы “...Бид нар архи уусан. Х гарч ирээд “чи ямар сонин юм бэ” гээд хамар луу хоёр удаа мөргөсөн. Бид хоёр барьцалдахад машины дохио өгдөг речакны хугархай хэсгийг аваад толгой руу 3 удаа цохисон...” гэх мэдуүлэг (хх-10), шүүх эмнэлгийн 2915 дугаар “1. Б.М-ы биед баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-22-23), гэрч Ц.Алтангэрэлийн “...Бид нар архи уусан. Тэр хоёр машиндаа маргалдаж зодолдсон...” гэх мэдүүлэг (хх-16), шүүгдэгч Ж.Х-гийн яллагдагчаар өгсөн “...нүүр лүү нь гараараа хоёр удаа цохиод, нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг (хх-44-45) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Х-гийн согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.М-ыг мөргөн, машины речакаар толгойд цохиж хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, дүрс оношилгооны төлбөр 130,000 төгрөг нэхэмжилсэн, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хүсэлт (хх-10, 72)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ж.Х согтуурсан үедээ, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “А” нэртэй караокены гадна хохирогч Б.М-тай “чи ямар сонин юм бэ” гэх шалтгаанаар маргалдаж, толгой, нүүрэн тус газар нь мөргөж, автомашины речакны хугарсан хэсгээр цохиж улмаар биед баруун, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, хамрын ясны хугарал гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,
шүүгдэгч “Улсын яллагчийн сонсгосон ялыг зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ж.Х “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хамт ажилладаг хүмүүс согтуурсан үедээ, караокегоор үйлчлүүлсний төлбөр төлөх асуудлаас шалтгаалан хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хохирогчийн толгой, нүүрэнд мөргөн, автомашины речакны хугарсан хэсгээр цохих үйлдлээр эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Хг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Х цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ийн Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х-г 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Х торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Х цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР