Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 480

 

П.Б-д холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Т.Мөнх-Амгалангийн бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр П.Б-д холбогдох эрүүгийн 1806056630462 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн П.Б-, 1978 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянхонгор аймагт оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй,

            П.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон үндэстний хоолны газар”-т үйлчлүүлж байсан иргэн С.Ганболдын эзэмшлийн Хаан банкны виза картыг текин дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Б- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Т.Мөнх-Амгалан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулна” гэж, 5 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заажээ. Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл шүүгдэгч П.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсэн боловч тухайн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар дурьдаагүй нь ойлгомжгүй байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнээ дэмжиж байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

П.Б- нь 2018 оны 7 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон үндэстний хоолны газар”-т үйлчлүүлж байсан иргэн С.Ганболдын эзэмшлийн Хаан банкны виза картыг лангуун дээрээс хулгайлж, улмаар уг картнаас 3.500.000 төгрөгийг гарган авч хувьдаа хэрэглэсэн гэмт хэргийн үйл баримт тогтоогдлоо.

Хохирогч С.Ганболд нь “...00 цагийн үед тус баарны эмэгтэйд Хаан банкны 5720510948 дугаартай дансны виза картаа өгч явуулаад тооцоо 5000 төгрөгийн зарлага хийгдсэн мессеж гар утсанд ирсэн. Дараа нь 02 цаг 01 минутад 3.500.000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн... би картаа хайгаад олоогүй. Би уусан байсан боловч мөнгөө алдсанаа санаж байна. Тэгээд үйлчилж байсан эгчид хэлээд шууд цагдаа дуудсан...” /хх-ийн 14-18/ гэж картаа алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, данснаас зарлага гарсан байдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ч.Уянгын “...Б- руу утсаар ярьж асуухад “Би картыг нь авчихсан юм” гэж хэлсэн...” /хх-ийн 19-21/ гэх,

яллагдагч П.Б-ын “...би тэнд салсан эхнэрээсээ архи авч уугаад байж байтал нэг залуу нилээн халамцуу тооцоогоо хийх гээд текин дээр картаа тавьчихаад нууц кодоо хэлчихээд буцаад ширээндээ суусан. Тэр үед текний ард хүн байхгүй, намайг карт авахыг хэн ч мэдээгүй учраас шууд яваад Сансрын тунелын тэнд байрлах Хаан банкны АТМ-аас 3.500.000 төгрөг авчихсан юм...” /хх-ийн 30-31/ гэх мэдүүлгүүд,

С.Ганболдын эзэмшлийн Хаан банкны 5720510948 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49/, П.Б-ын АТМ-аас гүйлгээ хийж байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-34/ зэргээр давхар нотлогдсон байна.

Дээр дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч П.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ.

Харин яллах дүгнэлтийн хавсралтад “...1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргав.” гэж тусгасан байх боловч мөрдөн шалгах ажиллагаагаар уг нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлээгүй тул үүнийг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсныг буруутгах үндэслэлгүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд олгосон.

Шүүхээс шүүгдэгч П.Б-ын хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч С.Ганболд түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсноо бичгээр илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Гэвч ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасан “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, ... санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ... ял оногдуулах тухай” хууль зүйн үр дагавар үүсгэх зохицуулалтыг тусгаагүй байх тул үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцүүлэн давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд энэ талаар бичсэн прокурор Т.Мөнх-Амгалангийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 51 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг П.Б-д сануулсугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН